Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/00149

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... тоот хаягт оршин суух, ... овогт С-ын Э /РД: .../,

 

Хариуцагч: ... дүүргийн ... хороо, өөрийн байр, ДЦС-4 ТӨХК /РД: .../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр суутгасан 2,700,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч ДЦС-4-ТӨХК-д холбогдуулан Хүн амын орлогын албан татварт үндэслэлгүйгээр суутгасан 2,700,8000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие С.Э нь тус станцад ажиллаж байгаад 60 нас хүрч 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 35 жил 2 сар ажилласан жил тутмыг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1 удаагийн мөнгөн тэтгэмж 27,008,000 төгрөгийг олгох, мөн гэнэт халагдсаны тэтгэмж 7,651,917 төгрөгийг нэмж, нийт 34,659,917 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Дээрх тэтгэмжийг мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхдээ 1 удаагийн тэтгэмж болох 27,008,000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2,700,800 төгрөгийг суутган үлдээж, 31,959,117 төгрөгийг Хаанд банкин дахь 5622200... тоот данс руу шилжүүлсэн. Дээрх орлого нь Хүн амын орлогын албан татварын хуулиар татвар ногдох орлогоос чөлөөлөгдөж байна. Иймд үндэслэлгүйгээр суутгасан 2,700,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа ... Иргэн С.Э нь тус станцад 35 жил 2 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу С.Э-ад эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1 удаагийн мөнгөн тэтгэмжид 27,800,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ тэтгэмжээс хүн амын орлогын албан татварт 10 хувь буюу 2,700,8000 төгрөгийг суутгаж ... дүүргийн Татварын хэлтсийн данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцахгүй, татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах нь зүйтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ДЦС-4-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дүгээр тушаал, Хаан бакны 5622200... тоот дансны хуулгыг, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 000175545 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ДЦС-4-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дүгээр тушаал, хавсралт, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 35 жил 2 сар ажилласан жил тутмыг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1 удаагийн мөнгөн тэтгэмжид олгосон 27,008,000 төгрөг нь Хүн амын орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар ногдох орлого биш, гэтэл хариуцагч байгууллага нь дээрх орлогоос 10 хувьтай тэнцэх хэмжээний 2,700,800 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... хариуцагч ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 35 жил 2 сар ажилласан жил тутмыг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 1 удаагийн мөнгөн тэтгэмжид олгосон 27,008,000 төгрөгөөс нь Хүн амын орлогын албан татварт 2,700,800 төгрөгийг суутгаж татварын байгууллага руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийг шаардлагыг манай байгууллага биш ... дүүргийн Татварын хэлтэс хариуцах ёстой. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ДЦС-4-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дүгээр тушаал, Хаан бакны 5622200... тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд, авто аж ахуйн жолооч С.Э нь тус станцад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсанажлаас халсантай холбогдуулан ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Э-д 27,008,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг Хувь хүний орлогын албан татварт суутган авсан.

 

5. Зохигчид нэг удаагийн тэтгэмжид 27,008,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, үүнээс 2,700,8000 төгрөгийг суутгасан талаар маргаангүй байна.

 

6. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөх-өөр заасан. Хариуцагч ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг Хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. гэж зааснаар нэхэмжлэгч нь дутуу олгосон тэтгэмжийг шаардах эрхтэй байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас 2,700,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эад олгохоор шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,163 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас 2,7000,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,163 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР