Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00019

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... байрны ... тоотод оршин суух, ... овогт Ц-ийн Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, өөрийн байр, ДЦС-4-ТӨХК /РД: .../-т холбогдох,

 

Үндэслэлгүйгээр суутгасан 4,054,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Б нь 1990 онд ДЦС-4-ТӨХК-ийн Трубин цехийн засварчнаар ажилд орж тасралтгүй 30 жил 04 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Ц.Б-ыг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 40,544,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн. Хариуцагчаас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Ц.Б-ын харилцах дансанд мөнгийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар станцийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн ... дүүргийн Татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр ДЦС-4-ТӨХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч ДЦС-4-ТӨХК-өөс үндэслэлгүйгээр суутгасан 4,054,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ДЦС-4-ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ц.Б нь ДЦС-4-ТӨХК-д нийт 30 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/470 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Ц.Б-ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 40,544,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон суутгаж, ... дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн, уг мөнгө манай байгууллагад байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч, танилцаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ДЦС-4-ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр суутгасан 4,054,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Ц.Б-т олговол зохих тэтгэмжээс 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,054,400 төгрөгийг суутгаж, татварын байгууллага руу шилжүүлсэн. Уг мөнгө одоо манай байгууллагад байхгүй, татварын албанд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд,

 

Нэхэмжлэгч Ц.Б нь 1990 онд ДЦС-4-ТӨХК-ийн Трубин цехэд засварчнаар ажилд ороод тасралтгүй 30 жил ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/470 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Б-т 36,700,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгчид олгосон удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хариуцагч ДЦС-4-ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс 10 хувийг Хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас 4,054,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас 4,054,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЦС-4-ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 79,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР