| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0414/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/419 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/419
2024 10 14 2024/ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өд холбогдох эрүүгийн 2425003230510 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д.Ө /РД:ЙЮ75092610/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн нутаг дэвсгэрт, үйл ажиллагаа явуулдаг Соёл амралтын хүрээлэнд урьд хамтран амьдрагч Ц.Эийн ажиллуулдаг хуушуурын газарт хохирогч Д.Лтэй “хүүхэд доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь "нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун нүдний салст, баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард дээд уруул, хоёр талын завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Өгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна.Хүүхдүүдээ өмгөөлж л маргасан гэх мэдүүлэг,
- Эрүүгийн 2425003230510 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Д.Лийн мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Цэцэрлэгт хүрээлэнд хамтран амьдрагч Э хуушуурын газрын дотор талд сууж байсан чинь Э нөхөр болох Ө нь ирээд намайг хойноос татаж чирээд хаалгаар гараад миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үедээ тэрүүхэндээ харилцан зодоон болсон. Ингээд миний бие цагдаад гомдол гаргана гэсэн чинь Ө нь би ч гэсэн гомдол гаргана гэж хэлээд цагдаагийн газар луу ирсэн юм. Ө нь Э та хоёр хүүхдүүдийг маань доромжиллоо гэх мэт зүйл яриад уурлаад байсан. Тэр үед би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. надад ямар нэгэн гомдол байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санаанд учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаартай...Д.Өгийн биед хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт../хх-ийн 14-15-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Бын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 526 дугаартай ...Д.Лийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард, дээд уруул, хоёр талын завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард, дээд уруул, хоёр талийн завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 20-22-р тал/
-Шүүгдэгч Д.Өгийн яллагдагчаар мэдүүлсэн... 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл амралтын хүрээлэнд хуушуурын газар ажлуулдаг, урьд өмнө хамтран амьдардаг байсан эхнэр болох Э хуушуурын газарт очиж хүүхдүүдийнхээ талаар юм ярих гээд очсон чинь миний эхнэртэй эр эмийн харилцаа тогтоож миний гэр бүлийг салгасан Л байж байсан. Намайг очихоос 20 гаран хоногийн өмнө хүүхдүүд над руу залгаад ааваа Л ах бид нарыг хэл амаар доромжлоод хүмүүсээр зодуулна гээд их олон удаа дарамтлаад байна гэж ярьж байсан. Ингээд би хэдий гэр бүлээсээ салсан ч гэсэн хүүхдүүдийг минь дарамтлаад байхаар нь уул нь хэл амаараа учраа олъё гэж бодсон боловч учраа олохгүй бид хоёр маргалдаж байгаад хоорондоо нэг нэгнээ цохиж, зууралдаж эхэлсэн. Энэ үед болохоор эхнэр Э салгасан. Тэгээд бид хоёр өөрсдөө цагдаагийн байгууллагаар учраа олъё гээд ирсэн... Харилцан нүүр хэсэг рүү цохилцсон. Яг аль хэсэгт хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 34-35 дахь тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт Соёл амралтын хүрээлэнд урьд хамтран амьдрагч, хүүхдүүдийнх нь эх Ц.Эийн ажиллуулдаг хуушуурын газарт хохирогч Д.Лтэй “хүүхэд доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун нүдний салст, баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард дээд уруул, хоёр талын завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Д.Өгийн үйлдлийн улмаас Д.Лийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Лийн мэдүүлсэн... 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Цэцэрлэгт хүрээлэнд хамтран амьдрагч Э хуушуурын газрын дотор талд сууж байсан чинь Э нөхөр болох Ө нь ирээд намайг хойноос татаж чирээд хаалгаар гараад миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үедээ тэрүүхэндээ харилцан зодоон болсон....гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 526 дугаартай ...Д.Лийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард, дээд уруул, хоёр талын завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард, дээд уруул, хоёр талийн завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Өгийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн нутаг дэвсгэрт Соёл амралтын хүрээлэнд урьд хамтран амьдрагч Ц.Эийн ажиллуулдаг хушуурын газарт хохирогч Д.Лтэй “хүүхэд доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, улмаар харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь "нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун нүдний салст, баруун нүдний зовхи, дух, баруун чихний ард дээд уруул, хоёр талын завжинд цус хуралт, нэг шүдний ганхалт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна,маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагч: 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: өөр саналгүй гэж тус тус санал гаргасан.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Л нь цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Дн Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ