Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00165

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... төвд байрлах, ... ХХК /РД: .../,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Х-ын Л /РД: .../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 5,160,000 төгрөг, алданги 2,580,000 төгрөг, нийт 7,740,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ц.Н, хариуцагч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ц.Н нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ... ХХК нь Х.Л-тэй 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1/1-Г-3-17 дугаар бүхий талбайн түрээсийн гэрээг 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаатайгаар байгуулж, манай талаас МД-112 салбарт 40 м.кв талбайг ашиглуулах, нөгөө талаас сарын 1,200,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл түрээслэгчийн үйл ажиллагааг тогтворжих хугацаа гэж үзэн түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сараас 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон. Х.Л нь 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарыг хүртэл нийт 6,360,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний 8.1.7-д түрээсийн төлбөрийг 3 сар болон түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох, дэнчинг түрээсийн төлбөрт суутган авах, гэрээг дангаар цуцлах гэж заасан тул дэнчин болох 1,200,000 төгрөгийг суутган үлдэгдэл нь 5,160,000 төгрөг болж байна.

 

Мөн гэрээний 11.2-д Түрээсийн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох-оор тохиролцсоны дагуу алданги 3,316,000 төгрөг байхаар боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2,580,000 төгрөгийн алданги тооцож нэхэмжилж байна. Х.Л 2021 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, өөрийнх нь үйл ажиллагааны тоног төхөөрөмж, эд зүйл нь түрээсийн талбайд байсаар байсан. Тэрээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талбайн түрээсийн төлбөрийг хөнгөвчлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн нь цар тахалтай холбоотойгоор түрээсийн төлбөрийг багасгах агуулгатай байсан. Бидний зүгээс хариуцагчийн ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн. Иймд Х.Л-ээс түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,160,000 төгрөг, алданги 2,580,000 төгрөг, нийт 7,740,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.Л-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх гэрээ байгуулагдах үед Ковид-19 цар тахал гарч байсан. Би гэрээний талаар тухайн компанийн менежер н.О гэдэг хүнтэй чухалчилж ярьсан. Гэрээн дээр ковид-19 цар тахал гараад бүх нийтээрээ тэг зогсолт хийсэн тохиолдолд түрээслэхгүй биздээ гэдгийг анхнаасаа тохиролцож орсон. Гэрээний 2.1.3-т Давагдашгүй хүчин зүйл гээд биднээс шалтгаалахгүй зүйл байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг харахад тэг зогсолтын мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас цар тахалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол бидний зүгээс гэрээний дагуу өдөр бүр орой 21:00 цаг хүртэл ажиллах ёстой байсан бөгөөд энэ нөхцөл байдлыг хангаж өгөөгүй. Мөн уг гэрээн дээр биднийг халуун хүйтэн цэвэр ус, дулаанаар хангаж өгөх ёстой байсан. Улмаар 02 дугаар сарын дундуур цар тахалаас болоод байнгын тэг зогсолт хийсэн болохоор талбай дээр салбар хариуцаад манай 2 найз ажиллаж байсан. Салбарын захиралд нь цар тахалаас болоод байнга хаагдаж байгаа учир ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн. Манай зүгээс цар тахалын тэг зогсолтоос болоод ажиллах боломжгүй байсан учраас хугацааг сунгаж, төлбөрийг багасгаж өгнө үү гэдэг хүсэлтээ утсаар болон мэйл хаягаар хүргүүлсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. Намайг сарын дараа залгахад ирж уулз гэж хэлсэн бөгөөд би эмнэлэгт хэвтэж байгаа гэдгээ тухайн үед нь хэлж байсан. Очиж уулзах гэсэн боловч нялх хүүхэдтэй учраас цар тахалын үед очихыг хүсээгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дандаа хоёроос гурван удаагийн тэг зогсолт хийгдсэн хугацааны түрээсийн төлбөр байна. Тухайн үед Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос түргэн хоолны үйлчилгээг заалаар үйлчлүүлэхийг хориглосон байсан. Улмаар наадмын дараа буюу 07 дугаар сараас заалаар үйлчлүүлэх, түгээлтийн эрхийг олгосон. Үнэндээ ажиллах бололцоо байгаагүй, 06 дугаар сард хөдөө явж ирээд нэхэмжлэгч талтай холбогдон очиж уулзаад больж байгаа гэдгээ албан ёсоор хэлсэн. Төлбөр тооцоо хийх болсон чинь ... ХХК-ийн ... хорооллын салбарын хуучин захирал нь ... хорооллын салбар луу шилжсэн байсан. Би 7 хоног хөөцөлдөж байгаад төв салбарын нягтлан бодогчтой уулзаж түрээсийнхээ тооцоог Улсын онцгой комиссоос тэг зогсолт хийсэн хугацаатай тулгахад танайх ажиллаагүйн бол төлбөр авахгүй гээд тус компанийн 1 дүгээр хорооллын салбар луу залгаж эднийх тооцоогүй юм байна гэж хэлсэн. Би бараа, тоног төхөөрөмжөө барьцаанд өгсөн байсан. Гэтэл төв салбарын нягтлан бодогч нь барьцаанд үлдээсэн зүйлээ аваад барьцаа мөнгөө хүсэлтээ өгөөд аваарай гэж надад хэлсэн. Үүний дагуу 08 дугаар сарын эхээр нягтлан бодогчтой нь уулзаад 2 удаа очиж бүх тоног төхөөрөмжөө 2 хувааж авсан. Манай 2 найз хариуцан ажиллуулж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг төлөөд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын онцгой комиссын шийдвэрээр тэг зогсолт хийсэн. Тус компанийн ерөнхий нягтлан бодогч нь танай 2 удаагийн илүү төлөлт буюу 2,440,000 төгрөгөө гарах хүртэл чинь Улсын онцгой комиссын суутгалд суутгаад өгье, барьцаагаа л манайх авъя гэж ярилцсан. Цар тахалын үе буюу ажиллах боломжгүй байсан үеийн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/1-Г-3-17 дугаар бүхий талбайн түрээсийн гэрээ, түрээсийн талбай хүлээлцэх акт, план зураг, хариуцагч Х.Л-ийн иргэний үнэмлэхний хуулбар, гал тогооны схем зураг,бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийн жагсаалт, ажиллах цагийн хуваарь, Болор эгшиг ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/03 тоот албан бичиг, түрээсийн төлбөрийн төлөлт /хүснэгт/, хариуцагчаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг төлсөн, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,309,090.91 төгрөг төлсөн, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,200,000 төгрөг төлсөн гэх сугалааны баримтууд, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Х.Л-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,160,000 төгрөг, алданги 2,580,000 төгрөг, нийт 7,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ... ХХК нь Х.Л-тэй 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1/1-Г-3-17 дугаар бүхий талбайн түрээсийн гэрээг 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаатайгаар байгуулж, манай талаас МД-112 салбарт 40 м.кв талбайг ашиглуулах, нөгөө талаас сарын 1,200,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл түрээслэгчийн үйл ажиллагааг тогтворжих хугацаа гэж үзэн, түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сараас 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон. Х.Л нь 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарыг хүртэл нийт 6,360,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүнээс дэнчин болох 1,200,000 төгрөгийг суутган үлдэгдэл нь 5,160,000 төгрөг болж байнаИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 2,580,000 төгрөг, нийт 7,740,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн гэрээний явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тэг зогсолт зарласны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн гэрээгээр бид түрээсийн талбайд өдөр бүр оройн 22.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах талаар тохиролцсон боловч 21.00 цаг хүртэл ажиллуулж байсан. Мөн гэрээгээр ус, дулаан, цахилгаанаар ... ХХК нь манайхыг хангах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/1-Г-3-17 дугаар бүхий талбайн түрээсийн гэрээ, төлбөрийн хүснэгтээр зохигчид ... дүүргийн ... хороо, ... хороолол, худалдааны төвд байрлах 40 м/к тайлбайг сарын 1,200,000 төгрөгөөр 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 1 жилийн хугацаагаар түрээслэх, түрээсийн зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу барьцаанд 1,200,000 төгрөг, түрээсийн төлбөрт хариуцагч Х.Л 2020 оны 06 дугаар сард 1,600,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 2,640,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 1,200,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 1,400,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөг төлсөн.

 

5. Зохигчид түрээсийн гэрээ байгуулагдсан болон түрээсийн зүйлийг түрээслүүлэгчээс түрээслэгчид хүлээлгэн өгсөн, буцаан хүлээлгэж өгөөгүй, түрээсийн энхний 3 сарын төлбөрийг /1 сар/ 800,000 төгрөгөөр тооцсон, дараагийн сараас 1,200,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон талаар маргаангүй байна.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

7. Зохигчид түрээсийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулж, эхний 3 сар буюу 2020 оны 06, 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сараас эхлэн 1 сарын төлбөрийг 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон ба хариуцагч Х.Л нь дээрх хугацааны түрээсийн төлбөрт 13,200,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 6,840,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,360,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүнээс дэнчин болох 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч суутгаж тооцсон нь гэрээний 8.1.7-д түрээсийн төлбөрийг 3 сар болон түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох, дэнчинг түрээсийн төлбөрт суутган авах, гэрээг дангаар цуцлах гэж заасантай нийцэж байх тул хариуцагч Х.Л-ээс түрээсийн гэрээний үүрэгт 5,160,000 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 2,580,000 төгрөг, нийт 7,740,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Х.Л-ээс 7,740,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР