| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02469/И |
| Дугаар | 102/ШШ2022/00166 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2022/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... тоот хаягт оршин суух, ... овогт Д-ийн Ц /РД: .../,
Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ны Б /РД: .../,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10,533,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.А.
(Хариуцагч Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,533,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.Ц миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Б-гийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай, сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сард би Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаснаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/029** дугаар шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацааны түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг, цахилгаан, дулаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,073,894 төгрөг, нийт 7,766,924 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн боловч тэрээр уг төлбөрийг одоо хүртэл төлөхгүй байрыг суллаж өгөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжийг олгохгүй байх тул хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлж, 2020 оны 08 дугаар сарын 25-наас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт/1 сарын 450,000 төгрөгөөр тооцох/ 5,400,000 төгрөг, 2020 оны 10, 11, 12 дугаар сарын орон сууцны ашиглалтын зардалд 79,700 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 163,350 төгрөг, нийт 5,643,050 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: Хариуцагч Б.Б нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй алга болсон ба бид үл хөдлөх эд хөрөнгөө ашиглахын тулд хүнд хөлс төлж Б.Б-ийн эд хогшлыг зөөсөн, мөн байрны дотор талд барьсан 4 тал бүхий 8 см-ын зузаантай давсан хана буулгах, буулгалтаас гарсан хог хаягдлыг зөөх, гоёлын тааз буулгах, шинээр дахин тааз угсрах, байрны дотор бүрэн засвар хийх зардалд 3,450,000 төгрөг, бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бидэнд огт олгоогүй тул энэ хугацааны төлбөрт 1 сарын түрээсийн төлбөрийг 450,000 төгрөгөөр тооцож 6,750,000 төгрөг, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 79,700 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 254,100 төгрөг, нийт 10,833,500 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж өгнө үү.
Тухайн орон сууцанд агаар сэлгэгч 2 ширхэг, суурин компьютер 2 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, жижиг дифузер 6 ширхэг, зөөлөн сандал 2 ширхэг, эвхдэг сандал 7 ширхэг, өндөр сандал 1 ширхэг, гэр интернетийн цагаан төхөөрөмж 2 ширхэг, кассын машин 1 ширхэг, халаагч тень 1 ширхэг, хүүхдийн сандал 2 ширхэг, хүүхдийн ширээ 1 ширхэг, тоглоом, номын босоо тавиур 1 ширхэг, газын плитка 1 ширхэг зэргийг хадгалж байгаа болно гэв.
2. Хариуцагч Б.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ... дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт, 11075100** тоот гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 625200019* тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, ... дүүргийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 325 дугаар тэмдэглэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 5,400,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 79,700 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 163,350 төгрөг, нийт 5,643,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, мөнгөн төлбөрийн шаардлагаа түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг, ашиглалтын зардалд 79,700 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 254,100 төгрөг, засварын зардалд 3,450,000 төгрөг, нийт 10,833,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмэгдүүлжээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Ц миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Б-ийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай, сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хариуцагч Б.Б нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй алга болсон ба бид үл хөдлөх эд хөрөнгөө ашиглахын тулд хүн хөлсөлж Б.Б-ийн эд хогшлыг зөөсөн, мөн байрны дотор талд барьсан 4 тал бүхий 8 см-ын зузаантай давсан хана буулгах, буулгалтаас гарсан хог хаягдлыг зөөх, гоёлын тааз буулгах, шинээр дахин тааз угсрах, байрны дотор бүрэн засвар хийх зардалд 3,450,000 төгрөг, бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бидэнд огт олгоогүй тул энэ хугацааны төлбөрт 1 сарын түрээсийн төлбөрийг 450,000 төгрөгөөр тооцож 6,750,000 төгрөг, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 79,700 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 254,100 төгрөг, нийт 10,833,500 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж өгнө үү.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээ, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/029** дугаар шийдвэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Б-той ... дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, 77 дугаар байрны А/1 тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай, сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/029** дугаар шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацааны түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг, цахилгаан, дулаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,073,894 төгрөг, нийт 7,766,924 төгрөгийг хариуцагч Б.-оос гаргуулж нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэжээ.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн мэт боловч мөн хуулийн 318.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., мөн 318 дугаар зүйлийн 318.4.-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар зохигчид түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч Б.Бг түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, тээвэр, засварын зардлыг төлөлгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч нь ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид түрээслүүлж, улмаар хариуцагч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөөгүй ба 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 6,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөлгүйгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түрээсийн гэрээгээр тогтоогдсон. Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, засвар, тээвэрлэлтийн зардалд төлсөн төлбөрөө шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Ц нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 79,700 төгрөгийг төлсөн болох нь Д.Ц-ийн Хаан банкин дахь 50321037** тоот дансны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулгаар, мөн 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 254,100 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 28941252*, 28492823* дугаартай баримтуудаар, мөн хариуцагч Б.Бгийн тухайн үл хөдлөх эд хөрөнгө дотор үлдээсэн эд хогшлыг зөөх, мөн байрны дотор талд барьсан 4 тал бүхий 8 см-ын зузаантай давсан хана буулгах, буулгалтаас гарсан хог хаягдлыг зөөх, гоёлын тааз буулгах, шинээр дахин тааз угсрах, байрны дотор бүрэн засвар хийх зардалд 3,450,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны, 2021 оны 12 дугаар сарын 07-ны, 2021 оны 12 дугаар сарын 08-ны, 2021 оны 12 дугаар сарын 10-ны, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 630,000 төгрөгийн үнэ бүхий босоо лэд, мөн өдөр 260,000 төгрөгийн үнэ бүхий буу, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 381,000 төгрөгийн үнэ бүхий одтой эмульс, буу, өнхрүүш, иш, наалт, будаг худалдан авсан зарлагын баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.Б-оос 10,533,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгохоор шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгч Д.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 175,439 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгоос 10,533,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 175,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР