Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00283

 
 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ..., ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ны Н /РД: .../,

 

Хариуцагч:... дүүргийн ... хороо, ... тоот хаягт оршин суух, ... овогт Э-ийн Ч /РД: .../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Э.Ч-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид 2009 онд танилцаад 2013 оноос үерхээд, манай ээжийнд хамтран амьдарч байгаад том хүү Ч.Т 2014 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн. 2015 оны 03 дугаар сараас тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 24-нд охин Ч.Э маань төрсөн. Бид 2016 оны 10 дугаар сараас эхлэн маргалдаж муудалцаж тэр үедээ ч гэсэн салах тухайгаа ярьж байсан. Хоёр дахь хүүхэд маань бидэнд ирсэн байсан учраас энэ удаа боломж олгоё гэж ярилцаж тохироод ерөнхийдөө үргэлжлүүлж амьдарч байгаад Э.Ч нь удаа дараа мөрийтэй тоглож өр зээлэнд орсон тул 2018 оны 08 дугаар сараас 2 тийшээ болон тусдаа амьдарч эхлэсэн. Том хүү Ч.Т маань ... сургуулийн 2 дугаар ангид сурч байгаа, бага охин Ч.Э цэцэрлэгийн насны боловч улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй тул ахтайгаа цуг ... байрны ... тоотод байрлах ... өдөр өнжүүлэхэд явж байгаа. Энэ өдөр өнжүүлэхийн 1 сарын төлбөр нь 1 хүүхэд 300,000 төгрөг, 2 хүүхэд нийлээд сарын 600,000 төгрөгийн төлбөрийг төлдөг. Хичээлийн хэрэгсэл болон бусад зардлуудын үнэ өссөний улмаас өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлөхөд хэцүү байна. Манай 2 хүүхэд тухайн өдөр өнжүүлэхэд 2 дахь жилдээ явж байгаа бөгөөд энэ хугацааны төлбөрийг би өөрөө төлсөн ба энэ төлбөрийг нэхэмжлэхгүй, харин цаашид өдөр өнжүүлэхийн төлбөрийг миний бие төлөхөд хүндрэлтэй байна. Иймд хүү Ч.Т, охин Ч.Э нарыг эх Б.Н миний асрамжинд үлдээж, эцэг Э.Ч-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн 2 хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Ч-ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... Би хоёр хүүхдүүдийнхээ тэтгэлгийг өгнө, хүүхдүүддээ өдөр өнжүүлэхийн мөнгийг харамлахгүй өгнө. Одоохондоо боломж нь болохгүй байна. Ирэх 4, 5 дугаар сараас гайгүй болоод ирэхээрээ өгнө. Би нэхэмжлэлд нь хариу тайлбар гаргаагүй. Би хүүхдүүдээсээ мөнгө харамлаагүй учраас бичгээр хариу тайлбар өгөөгүй юм. Яагаад гэвэл би аав хүн учраас эрхээ хязгаарлуулахгүй, 2 хүүхдүүдтэйгээ би 7 хоногт тогтмол уулзмаар байна. Би 2 хүүхдээ 100 төгрөг ээжээс нь авалгүй харж болно. Яагаад гэвэл миний ээж, аав байдаг. Би 2 ажил давхар хийдэг. Өдөрт би 20 цаг ажиллаж байгаа. Би найзаасаа мөнгө аваад юм хийсэн. Тэр нь нэг ч ажиллаагүй байж байгаад шатчихсан учраас мөнгөний асуудалтай байгаа. Одоо өгөх ямар ч боломж байхгүй. Би тоглоомонд ороод маш их өрөнд ороод явдаг байсан. Одоо тоглохоо болиод жил гаран болж байна. Засаръя гэж үнэн сэтгэлээсээ шийдсэн. Найзуудаасаа зээл аваад ажиллаад би дампуураад өрөнд орчихоод байгаа юм. Түүнээс биш би боломжгүй мөнгө төгрөг өгөхгүй гэж байгаа биш. Би Н-аас Шүүх хурлаар ороод яах вэ гээд гуйж хэлсэн. Тэгсэн чи надад хэзээ өгөх юм гэхээр нь за за тэгвэл шүүх хурлаар орьё гэсэн. Хүүхдүүдтэйгээ тогтмол уулзмаар байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ... дүүргийн ... хорооны засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, НЕБЛ ... дүгээр сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 90 тоот тодорхойлолт, 1116006335, 1107003367 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Хаан банк ХХК дахь Б-ийн эзэмшдэг 530005641* тоот дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Э.Ч-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх сар бүр хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрт 600,000 төгрөг гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Ч нь удаа дараа мөрийтэй тоглож өр зээлэнд орсон тул 2018 оны 08 дугаар сараас 2 тийшээ болон тусдаа амьдарч эхлэсэн. Том хүү Ч.Т маань ... сургуулийн 2 дугаар ангид сурч байгаа, бага охин Ч.Э цэцэрлэгийн насны боловч улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй тул ахтайгаа цуг ... хорооллын ... байрны ... тоотод байрлах ... өдөр өнжүүлэхэд явж байгаа. Энэ өдөр өнжүүлэхийн 1 сарын төлбөр нь 1 хүүхэд 300,000 төгрөг, 2 хүүхэд нийлээд сарын 600,000 төгрөгийн төлбөрийг төлдөг. Хичээлийн хэрэгсэл болон бусад зардлуудын үнэ өссөний улмаас өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлөхөд хэцүү байна. Манай 2 хүүхэд тухайн өдөр өнжүүлэхэд 2 дахь жилдээ явж байгаа бөгөөд энэ хугацааны төлбөрийг би өөрөө төлсөн ба энэ төлбөрийг нэхэмжлэхгүй, харин цаашид өдөр өнжүүлэхийн төлбөрийг миний бие төлөхөд хүндрэлтэй байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах хэсгийг зөвшөөрсөн, өдөр өнжүүлэхийн төлбөрийг өр зээлээсээ бүрэн гарч дуусаагүй байгаа тул яг одоо өгөх боломжгүй байна гэх тайлбарыг гаргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 1116006335, 1107003367 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүний их эмч М.Б тодорхойлолт, НЕБЛ ... сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр албан бичиг, ... дүүргийн ... хорооны засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/627 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчид 2009 онд танилцаж, хамтран амьдарч, том хүү Ч.Т 2014 оны 08 дугаар сарын 14-нд, бага охин Ч.Э 2017 оны 07 дугаар сарын 24-нд тус тус төрсөн. Зохигчид 2018 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, том хүү Ч.Т ... сургуулийн 2 дугаар ангид сурч байгаа ба дүү Ч.Э-ийн хамт ... өдөр өнжүүлэхэд хамрагдаж байгаа.

 

5. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар хүү Ч.Т, охин Ч.Э нарыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээж, эцэг Э.Ч-аар хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг гаргуулах гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулахад ... 2 хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг би ганцаараа 2 жил төлсөн, өмнө төлсөн төлбөрийг нэхэмжлэхгүй, харин цаашид гарах төлбөрийг гаргуулна гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагчаас хүүхдийн сургалтын төлбөр шаардаж болох боловч өөрийн төлсөн зардлыг бус ирээдүйд гарах зардлыг урьдчилан гаргуулах боломжгүй юм.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн хүү Ч.Т, 2017 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн охин Ч.Э нарыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн хүү Ч.Т, 2017 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн охин Ч.Э нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Э.Ч-аас гаргуулан олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 2 хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР