| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0520/Э/220/2024/0859 |
| Дугаар | 2024/ШЦТ/637 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/637
2024 06 24 2024/ШЦТ/637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Б.А ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О , тэдний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,
Шүүгдэгч М.Д , түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д д холбогдох эрүүгийн 23030043504** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, ***аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, охины хамт, ** аймгийн ** сумын * дугаар баг *** тоот хаягт байнга оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот ** дүүргийн * дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Д РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 26 минутын орчимд Сүхбаатар дүүргийн * дугаар хороо *** Braap Moto3 маркийн *** улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж, Б.А ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.М гийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч М.Д нь: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 26 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо *** Braap Moto3 маркийн *** улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж, Б.А ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.М гийн амь нас хохирсон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
102 тусгай дугаарын утсад ирсэн дуудлага, лавлагааны хуудас /1-р ХХ-ийн 5-р хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 06-09, 15-18-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р ХХ-ийн 191-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаа буюу хүний биеэс биологийн дээж авсныг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р ХХ-ийн 193-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаа буюу хяналтын камерын бичлэгийг хураан авсныг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р ХХ-ийн 196-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.М нь миний төрсөн охин байгаа юм. М.М нь 2000 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн айлын 2 дахь хүүхэд дээрээ 1 ахтай. 10 жилээ 2006 онд ** дугаар сургуульд орж 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд ***-ийн орчин үеийн эстрад дуулаачийн ангид элсэн ороод 2021 онд дуучин мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа урлаг спортын олон амжилт гаргаж байсан. Маш гоё дуулдаг байсан. Сургуулиа төгсөөд Налайх дүүргийн ***ордонд дуучин, дууны багшийн албан тушаалд ажилд орсон. Ажилд ороод 70 орчим урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулж оролцож байсан. 50 гаруй шавьтай. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотод тоглолтоо хийчихээд ирсэн байсан. Мөн Авьяаслаг Монголчууд шоунд оролцох гээд шалгалт өгөөд тэнцээд дараагийн шатандаа бэлтгэл хийж байсан юмн. Урлагийн мэдрэмж өндөр авьяаслаг хүүхэд байсан. Тухайн зам тээврийн ослын талаар бол би мэдэхгүй байна би тухай үед цуг байгаагүй. Маш их үгээр хэлж зүйрлэшгүйгээр маш их гомдолтой байна. Манай гэр бүлийн сэтгэлийн нар минь л байсан хүүхэд би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 27-р хуудас/,
Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн осол болсон өдөр найз охин М.М гийн хамт УИД орчихоод буцаад *** тийшээ алхаж байгаад замын хойд талд байдаг эмээгийн гэр лүү орох гээд урдаас хойд зүг рүү явсан юм. Зам хөндлөн гарах үед 2 машин зам тавьж өгөхөөр нь явган хүний гарцаар гараад замын голд ирэх үед бид 2-н зүүн талаас ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. Тэгээд би замын хойд урсгалын 1-р эгнээ орчимд газарт хэвтэж байсан. Намайг тойроод хүмүүс нүдээ аньж болохгүй шүү гээд сэргээх гээд байсан. Тухайн үед мотоциклийн жолооч хажуу талын насилк дээр хэвтээд толгойгоо барьж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хөл хугарсан байна гэээд байсан. Тэгээд би ухаан алдчихсан юу болсныг хэсэг хугацаанд санахгүй байна. Ослын улмаас надад бага тархины цус харвалт, хэл хазгай зүүн талруугаа, хоолойн зүүн талын хөвч гэмтснээс болоод хоолойн зүүн талын хөвч гэмтснээс болоод хоолой сөөнгө болсон, баруун хөлний гуя хэсгийн өвдөгний яс, зүүн хөлний шилбэ хэсгээр хугарсан гэмтэл үүссэн. Осол болох үед намайг эхэлж мөргөсөн болов уу гэж бодож байна. Ослын дараа би хөдөлж чадахгүй байсан учраас найз охин М.М г ямар байдалтай байсан талаар харж чадаагүй. Би маш их гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 30-31-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмтлийн улмаас хохирогч Б.А нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.963.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Д гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 56-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*** улсын дугаартай мотоцикль нь миний нэр дээр байдаг боловч би 2022 оны 6 дугаар сарын дунд үеэр би зарчихсан юм. Худалдаж авсан хүнийг би танихгүй тухайн үед манай нөхөр худалдаж авч байгаа хүнд хүргэж өгсөн байсан. Би мотоциклоо зарчихсан *** гэх хүнийг танихгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн мотоциклийг би зарчихсан учраас одоо миний мотоцикль биш...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 52-р хуудас/,
Иргэний хариуцагч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ослын талаар мэдэхгүй байна тухайн үед би байгаагүй... Тухайн мотоцикль нь миний нэр дээр байдаг юм. Би 2022 оны 06 дугаар сард тухайн мотоциклийг танихгүй хүнд зарчихсан юм. Тухайн үед манай нөхөр авах хүнд нь хүргэж өгсөн. Би тэр *** гэх хүнийг танихгүй. Тухайн үед би ямар хүн жолоодож явсан эсэх талаар би мэдэхгүй байна. Би бусдад учирсан гэм хор, хохирлыг төлж барагдуулахгүй, буруутай этгээд нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 59-р хуудас/,
Гэрч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар орой 20 цаг 40 минутын орчимд 5-лаа 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр найз Ц, Б, Б, О нартай уулзсан тэгээд тэндээсээ хөдлөөд спортын төв ордны урд талаас найз П-г аваад МУИС-ийн урд байрлах *** нэртэй РС тоглоомын газар орж тоглох гээд Тоёота королла маркийн *** байхаа тэгж санаж байна тээврийн хэрэгсэлтэй ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад би найз Б-н машины жолоочийн эсрэг талын арын суудалд суугаад гэрэл дохио гараад чигээрээ явж байхад автобусны зогсоол хэсэг рүү зогсох гээд удаан явж байхад гэнэт машин тоормос гишгээд зогссон. Тэр үетэй зэрэгцээд би арын цонхоо налаад явж байхад гэнэт мотоцикльтой хүн гэнэт ороод ирсэн би хүрч ирээд яг мөргөх нь гэж бодоод бостол хажуу талаар буюу машины зүүн талаар зөрөөд явсан тэгээд бид нар бүгдээрээ буухад машины урд талын доогуур хормой хэсгийн доогуур нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Машины баруун хойд талд нөгөө зөрсөн цагаан өнгийн мотоцикль нь газар уначихсан жолоодож явсан жолооч нь мотоциклоос хойд тал руугаа газарт хэвтэж байсан. Тэгээд цаана байсан хүмүүс нь орилоод наад хүнээ босгооч гээд орилоод байсан. Тэгээд манай найз Б машины урд хэвтэж байсан эмэгтэй хүнийг гаргахын тулд машинаа жоохон ухраасан. Тэгээд нөгөө хүнээ босгох гэтэл хажуугаар зөрсөн машины жолооч битгий хүр, хөдөлгөж болохгүй шүү гэж байсан. Тэгээд удалгүй 103 ирээд үзсэн тэгээд тэр машины урд байсан эмэгтэйг аваад явсан. Дараа нь дахиад нэг 103-ын машин ирсэн тэгээд нэг эрэгтэйг нь нөгөө цагаан мотоциклийн жолооч хоёрыг аваад явсан...” /1-р ХХ-ийн 34-р тал/,
Гэр Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрээчээ 21 цагийн орчим гараад Багшийн дээд дээр очоод Б, О, Ц, У, Б нартай уулзсан. Тэгээд найз нартай РС тоглох зорилгоор Б машинтай байсан учир машинд суугаад явсан. Бусад нь ард сууж байсан. Жолооч нь хамгаалах бүс зүүсэн байсан бөгөөд миний бодлоор 30-40 км цагийн хурдтай явж байсан. Бид хэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад урд сууж явсан хоёр хүүе хүн мөргөлөө гээд л тас гээд явсан яг тухайн үед болсон зүйлийг би хараагүй. Тэгээд машинаас буугаад харахад ертөнцийн зүгээр зүүн хойд талд нэг залуу газарт ёо ёо гээд хэвтэж байсан. Машины зүүн урд мотоцикль онхолдсон байсан бөгөөд мотоциклийн жолооч нь машины зүүн тал руу газарт хэвтэж байсан. Машины урд гупер доогуур нэг хүн орсон байсан тэгээд машиныг жоохон ухраасан хэн ухраасан гэдгийг би мэдэхгүй. Тухайн машины доор байсан хүн огт дугарахгүй байсан. Тэгсэн нэг хүн хүрч ирээд хүзүүн дээр нь дарж үзээд жоохон цохилттой байна хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэн ирээд түрүүлээд тухайн эмэгтэйг аваад явсан. Ардаас нь дахин түргэн ирээд мөргүүлсэн залууг мотоциклийн залуутай хамт аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 38-р хуудас/,
Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тоглоомын газарт 20 цаг 30 минутын үед очих үед тэр газар очсон. Тэгээд тэндээ тоглох боломжгүй нэг найз маань ирээгүй байсан учир бид нар буцаж гараад МУИС-ийн урд байрлах *** нэртэй тоглоомын газарт очиж тоглох гээд бид нар Б ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй би хойд талын суудал дээр суугаад хөдлөөд явсан. Харин номын сангийн урд талын явган хүний гарц дээр 2 явган хүн гарцаар гарч байхыг бид нар харсан. Тэгээд эсрэг талаас нь мотоцикльтой хүн хүрч ирээд тэр 2 хүнийг мөргөөд мөргөлтийн хүчинд шидэгдээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урд ороод ирсэн. Бид нар тээврийн хэрэгсэл дотроо ярилцахдаа хүн урд талд ороод ирчихлээ гээд бүгд тээврийн хэрэгслээс буугаад харахад цагаан хувцастай эмэгтэй хүн зүүн талын урд гуперны доод талд биеийнхээ бүсэлхийнй хэсгээрээ орчихсон байсан учир тээврийн хэрэгслээ хойш нь ухрах үйлдэл хийгээд зогссон. Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй 10-20 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Манай найз болох Б нь жолоодож явсан. Намайг тээврийн хэрэгслээс буугаад харахад эмэгтэй хүн тээврийн хэрэгслийн зүүн урд гуперны доор орчихсон байсан учир тухайн тээврийн хэрэгслийг хойш нь ухрах үйлдэл хийлгүүлээд хойш нь ухраасан ийм юм болсон...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 40-р хуудас/,
Гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 21-ний шөнө би найз болох Б, Ц, У, Б нарын хамт 11 дүгээр хороололд байрлах ***худалдааны төвийн үүдэнд уулсан. Намайг яваад очих үед найзууд маань ирчихсэн байсан. Тэгээд бид нар МУИС-ийн урд байрлах ***нэртэй цахим тоглоомын төв рүү явж хамтдаа тоглоё гэж хэлэхэд бид зөвшөөрөөд за тэгье гээд Б нь Аксио Королла маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад явж байсан. Тэгээд МУИС-ийн номын сангийн урд явж байхад хоёр явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан ба эсрэг талын хөдөлгөөнөөс мотоцикльтой хүн хүрч ирээд тэр 2 хүнийг мөргөөд унагаахыг харсан. Тэгээд 2 хүн хүчтэй шидэгдэхийг харсан яг мөргөсөн эсэхийг сайн хараагүй. Би тээврийн хэрэгслийн урд талаас бууж ирээд харахад Аксио королла маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер хэсэгт нэг хүн орчихсон байхаар нь машиныг нь ухраа гэж хэлээд хойш нь ухраагаад цагдаагийн байгууллага дуудсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй 10 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би мөргөсөн эсэх талаар сайн мэдэхгүй байна. Намайг тээврийн хэрэгслээс буугаад харахад эмэгтэй хүн тээврийн хэрэгслийн зүүн талын урд гуперны доор орчихсон байсан учир тухайн тээврийн хэрэгслийг ухарах үйлдэл хийлгүүлээд хойш нь ухраасан ийм юм болсон...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-р хуудас/,
Гэрч Ё.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тээврийн хэрэгслийг Б жолоодоод урд суудалд Одонбаатар, хойд талын суудлын зүүн захад У, Ц, Б нартай суугаад 21 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд Хятад улсын элчин сайдын яамны баруун урд уулзварыг нэвтрээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 20-25 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгэхэд МУИС-ийн номын сангийн урд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй эрэгтэй, эмэгтэй 2 явган зорчигч зам хөндлөн гарч байгаа харагдсан ба эсрэг хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч байсан явган зорчигч нарт зам тавьж өгөөд зогссон. Тэр үед манай машин явган хүний гарцад 10 орчим метрийн зайд ирж байсан. Тэгтэл баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан мотоцикль маш хурдтай ирээд зорчих хэсгийн гол хэсэгт явган хүний гарц дээр 2 явган зорчигчийг хоёуланг нь мөргөчихсөн. Мөргүүлснээс болж мөргүүлсэн 2 хүн манай машины чиглэлд шидэгдсэн ба Б тоормос гишгээд зогстол нэг эмэгтэй нь манай машины урд буфер доогуур орчихсон. Нөгөө эрэгтэй нь машины баруун гар талд замын хашлаганы дэргэд унасан. Мотоцикль машины зүүн талаар зөрөөд онхолдсон. Тэр эмэгтэйн дээгүүр Б гараагүй яг зүүн урд дугуйнд тулаад зогссон байсан. Тэр мотоцикль маш их хурдтай ирж 2 явган зорчигчийг мөргөсөн ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан байх тэгээд найз Ц эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 43-р хуудас/,
Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд МУИС-2-ийн зүүн гэрлэн дохиогоор зүүн гар тийшээ эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байхад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гарч байгааг хараад би хурдаа хасаад явж байхад эсрэг урсгалаас мотоцикльтой хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд урсгал сөрж ирээд нөгөө зам гарч байсан 2 хүнийг мөргөхөд мөргүүлсэн хүмүүс яах ийхийн зуургүй миний урдаас ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгээд машинаасаа буугаад машиныхаа урд талаар тойроод харсан чинь миний машины зүүн урд талын буфер доор нэг эмэгтэй доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь буцаж гүйгээд машинаа хойшоо ухрааж зогсоод машинаасаа бууж ирээд 8868**** гэсэн дугаараас цагдаа, түргэн дуудлага өгсөн. Тэр үед миний машины баруун хойд талд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд замын хашлага тулаад зам гарч байсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Цаад талд нь ойролцоогоор 5-10 метрийн цаана мотоциклийн жолооч хэвтэж байсан. Замын гол буюу жолоочийнхоо харалдаа мотоцикль нь уначихсан байсан. Тэгээд түргэн иртэл тэр хавьд явж байсан нэг эрэгтэй хүн ирээд эмэгтэй хүний хүзүүн дээр дараад ямар ч байсан амьсгалж байна гэж байсан. Удалгүй түргэн ирээд эмэгтэй хүнийг аваад явсан. Дараа нь дахиад 1 түргэний машин ирээд явган зорчигч эрэгтэй болон мотоциклийн жолоочийг аваад явсан. Удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Тухай 2 явган зорчигч мотоциклд мөргүүлээд мөргүүлсэн хүчиндээ хүчтэй шидэгдэж миний урд хэсэгрүү ороод ирэхээр нь би тэр дороо тоормос гишгээд зогссон. Аймар хурдан болж өнгөрсөн. Автомашин зүүн урд дугуйнд нэг юм цохих шиг болоод л миний машин зогссон. Учир нь би тэр 2 хүнийг цаанаас зам гараад явж байгааг нь харсан учраас зам тавьж өгөх гээд хурдаа хасаад явж байсан учраас тормос гишгээд тэр доороо зогссон...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 35-36-р тал/,
Шинжээч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олон удаагийн үйлчлэлээр гэдэгт мөргөгдөх, мөргөгдөөд шидэгдэх, шидэгдээд газарт унахдаа цохигдох, нидрэгдэх, шүргэгдэх зэрэг үйлчлэлийг ойлгож болно. Амь хохирогчид үүссэн гэмтлүүд мотоцикльд мөргөгдсний улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 144-145-р тал/,
Яллагдагч М.Д н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн осол болсон өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн худалдаж авсан /2023 оны 03 дугаар сарын сүүлээр/ Motor Braap 3 маркийн **** улсын дугаартай мотоциклийг жолоодон 25 дугаар эмийн сангийн тэндээс гараад Жуков орох гээдявж байх замд МУИС-ийн төв номын сангийн урд замаар ертөнцийн зүгээр баруун зүүн зүгт чиглэн замын зорчих хэсгийн урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугам дээгүүр явж байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол би одоо санахгүй байна. Тэгээд явж байхад нэг мэдэхэд би брожур дээр хэвтэж байснаа санаж байгаа юм. Тэгээд сүүлд хагалгаанд орсны дараа эмнэлэгт ухаан орсон юм. Тэгээд осолд орсон гэдгээ мэдсэн юм. Би тэр хүмүүсийг зам хөндлөн гарч байхыг хараагүй. Тухайн үед зам түгжрэлтэй байсан болохоор би найз охин руугаа яарч явсан юм. Учир нь би аав болсон гэдгээ сонсоод найз охинтойгоо уулзах гээд явж байсан. Зам түгжрэлтэй байсан болохоор би замын голоор үргэлжилсэн цагаан шугам дээгүүр явсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан. ...Ослын улмаас миний зүүн нүдний ухархай цөмөрсөн, бөөрөнд цус хурсан, тархинд цус хурсан, хамар зүүнээс баруун тийш муруйсан, духны зузаан хальс цөмөрсөн гэмтэл учирсан.. Би хохирогч Б.А од эмчилгээндээ зарцуулаарай гэж ойролцоогоор 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Амь хохирогчийн талд бол хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би цаашид ажил хийж мөнгө олж байгаад хохирогчид учирсан хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 190-191-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1735 дугаартай: “...1. Талийгаачийн цогцсын шинжилгээгээр гавлын орой зүүн чамархай яснаас гавлын суурийн дунд, арын хонхор луу салаалсан шугаман хугарал, хуйх, ясны хальсны цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, уушигны холбоос эдийн цус хуралт, баруун дунд чөмөг ясны ил хугарал, өвчүү яс, баруун 1-р хавирга, зүүн 5,6-р хавирга, зүүн шуу, аарцаг ясны далд хугарал, нүүрний шарх, зулгаралт, цус хуралт, мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай шинэ гэмтэл байна. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач гавал тархи, цээж мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй болно. 6.Талийгаачийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Талийгаач нь АВ 4-р бүлгийн цустай байна...” гэх цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1-р ХХ-ийн 62-66-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8125 дугаартай: “...1.Б.А ын биед баруун талын умдаг ясны урд салаа зөрөөгүй хугарал, баруун дунд чөмөгт яс сэлтэрсэн зөрөөтэй хугарал, баруун зүүн тохой зулгарсан шарх, зүүн өвдөгт шалбарсан шарх, зүүн өвдөгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 80-81-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2923 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн “*** 20 эр VI/21” гэж хаягласан СО71739*** гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцнэ. 2.3 Шинжилгээнд ирүүлсэн “*** 20 эр VI/21” гэж хаягласан агууламж илрээгүй Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох спиртийн шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 89-90-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2510 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан футболканд үүссэн 20х13мм, шар өмдөнд үүссэн 15х10мм, 20х15мм, 9х5мм, 5х5мм, 30х20мм, 5х5мм, 10х5мм, 25х20мм, 110х90мм, 35х10мм хэмжээтэй гэмтлүүд нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, цагаан футболканд үүссэн 10 мм, шар өмдөнд үүссэн 20 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 105-106-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3258 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн D11_202306212125*** гэсэн нэртэй хяналтын камерын төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэж байна. 2. D11_20230621212545 гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх Braap Moto3 *** гэх тээврийн хэрэгсэл нь А-Б цэгийн хоорондох 30.9 метр зайг 79.4 км цагийн хурдтайгаар дүрслэгдэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 135-136-р тал/,
Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 606 дугаартай: “Braap Moto3 маркийн *** улсын дугаартай мотоциклийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг /1-р ХХ-ийн 120-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн “...УРА7009 Braap Moto3, Ш, М ЧЙ86121604, ***, 8***...” гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р ХХ-ийн 16-р хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ий 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-023/8000 дугаартай: “...Acer брэндийн i5 нөүтбүүкний 14 инчийн дэлгэц 550.000 төгрөг, iPhone 11 Pro Max гар утас 1.400.000 төгрөг, Realme 11 Pro гар утас 600.000 төгрөг, нийт үнэ 2.550.000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 158-163-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13/5907, 13/5909, 13/5910 дугаартай албан бичгүүд /1-р ХХ-ийн 123, 126, 129-р хуудсууд/,
Хохирогч Б.А ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р ХХ-ийн 203-р хуудас/,
Эд зүйл буюу амь хохирогч М.М гийн өмсөж явсан хувцас, эд зүйлс, гар утас зэргийг хууль ёсны төлөөлөгч С.О д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р ХХ-ийн 17-18, 20-р хуудас/,
Эд зүйл буюу гар утас, нөүтбүүк зэргийг хохирогч Б.А од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р ХХ-ийн 19-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О гийн гаргаж өгсөн оршуулгын зардалд зарцуулсан 10.984.000 төгрөгийн мөнгөн дүнгийн хүснэгт /1-р ХХ-ийн 201-202-р хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04/3038 дугаартай албан бичиг, хавсралт /1-р ХХ-ийн 249-250-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23-1/2027 дугаартай: “...М-ын *** /РД:*** /-н мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна...” гэх албан бичиг /1-р ХХ-ийн 245-р хуудас/,
Хохирогч Б.А оос гаргаж өгсөн хохирлын баримтуудад тулгуурлан гаргасан мөрдөгчийн магадлагаа /1-р ХХ-ийн 174-176-р хуудас/,
Мөнхнасангийн М.М гийн нас барсны гэрчилгээ /2-р ХХ-ийн 2-р хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч С.О гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р ХХ-ийн 197-209-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 1057 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1-р ХХ-ийн 170-173-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаартай: “...Урьд гаргасан 1285 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Б.А ын биед тархины хоёр тал бөмбөлөг, бага тархи, дунд тархинд голомтлог цус хуралт, дууны хөвчийн саажилт, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун умдаг ясны урд салааны зөрүүгүй хугарал, хоёр тохойд зулгаралт, зулайн хуйханд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дууны хөвчийн саажилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 1.4.19.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-ийн 104-109-р хуудас/,
Шинжээч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн толгойн компьютер томографф шинжилгээний дискийг дүрс оношлогооны эмчээр уншуулахад хамар орчмын зөөлөн эдийн хэвийн, хамрын хөндийн салст хэвийн хамар яс хэвийн, таславч баруун тал муруй /хуучин/ гэж дүгнэсэн. Тухайн хамрын таславчийн муруйлт нь зам тээврийн ослоос үүссэн гэмтэлтэй шалтгаан хамааралгүй байна. Хамрын таславч нь өөрөө мөгөөрслөг эд учир төрөлхийн болон үйл ажиллагаатай холбоотойгоор /хамар болон хамрын хөндийд үүсэж болох өвчин, эмгэг, өөрчлөлт таславч муруй байж болно. Хамрын ясанд ямар нэгэн хугарал үүсэхгүйгээр таславч /гэмтлийн үед/ дангаараа муруйх боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 112-113-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 308 дугаартай хохирогч Б.А ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт /2-р ХХ-ийн 146-148-р хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгдэгч М.Д н эрүүл мэндийн байдлын талаар дүгнэлт /2-р ХХ-ийн 165-170-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна. Хохирол, төлбөрийг төлж барагдуулна...” гэснийг
Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэснийг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би нэг хүү, нэг охинтой байсан. Бидэнд тохиолдсон энэ аймшигтай зүйлээс болж бидэнд учирсан сэтгэлийн шарх одоо ч эдгэж амжаагүй байна. Миний охин бол маш авъяаслаг, сэргэлэн цовоо охин байсан. Маш хариуцлагагүй хүнээс болж миний энхрий охин нас барсан. Энэ хүмүүс надтай нэг ч удаа уулзаж, утсаар ч ярьж байгаагүй. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирол зэргийг гаргуулан авах хүсэлтэй. Нийт 102 сая төгрөг нэхэмжилж байна...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч М.Д нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Б.А нь эмчилгээний зардалд 21.571.444 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.235.796 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь оршуулгын зардлын зөрүү 6.339.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.А од 9.500.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О д 13.500.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь шаардлага хангасан байх тул гаргаж өгсөн нотлох баримтуудыг нь үнэлж, хохирогч Б.А од 20.848.016 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О д 6.339.000 төгрөгийг тус тус шүүгдэгч М.Д гаас гаргуулж шийдвэрлэлээ. Дээрх хохирол, төлбөрүүдийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчээс өрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирол, төлбөрт төлснийг нь хасаж тооцсон болно.
Шүүгдэгч М.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О д олгохоор шийдвэрлэсэн 6.339.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж дээрх хугацаанд төлж барагдуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О д төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хохирогч нь эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалаар 3.963.000 төгрөгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх 3.963.000 төгрөгийг шүүгдэгч М.Д гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд олгож шийдвэрлэв.
Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.
Тодруулбал: Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байна.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн “эрүүл мэнд,” гэсний дараа “сэтгэцэд” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “зардал болон” гэсний дараа “энэ хуулийн 508.5-д зааснаас бусад” ; гэж тус тус нэмсүгэй гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай, 230.2.”Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийн дугаарыг “511.6” гэж өөрчилсүгэй.” гэж мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх тул хохирогч болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих цаг хугацаанаас өмнөх үйлдэл учир гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч М.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Д д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг нь эдэлж дууссаны дараа тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Д н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч М.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497.1, 505.1, 513.1-т зааснаар шүүгдэгч М.Д гаас 3.963.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд, 20.848.016 төгрөг гаргуулж хохирогч Б.А од тус тус олгосугай.
6. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч М.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС