| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/03831/И |
| Дугаар | 102/ШШ2022/00349 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/00349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт Г-ийн Ц /РД: .../-д холбогдох,
Зуучлалын гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ... ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Г.Ц-той 2021.051 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж түүний өмчлөлийн Б дүүргийн ... хороо, ... байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг худалдах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Уг орон сууцыг гэрээний дагуу бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээдэд 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулж өгсөн. Тухайн орон сууцыг худалдан борлуулах ажиллагааг манай компанийн ажилтан, агент Э.Н хариуцан ажиллаж байсан бөгөөд худалдан авагчийг олж, тухайн орон сууцыг биечлэн үзүүлж танилцуулсан үеэс эхлээд зуучлуулагч Г.Ц нь манай агентын олж ирсэн худалдан авагчтай цаагуураа хуйвалдан тохиролцож мөнгөө авчихаад бидэнд зуучлалын хөлсийг төлөхөөс зайлсхийх болсон. Гэрээгээр Б дүүргийн ...хороо, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг худалдахад зуучлуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч ... ХХК нь Б дүүргийн ... хороо, ... байрны ... тоот орон сууцны зуучлалын төлбөрийг нэхэмжилж байгаа. Учир нь хариуцагч Г.Ц нь манай агенттай гэрээ байгуулах үедээ байрны гэрчилгээгээ үзүүлээгүй, хаягаа буруу хэлсэн байна. Иймд хариуцагч Г.Ц-оос зуучлалын гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... Миний бие нь Г.Цт холбогдох ... ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч ... ХХК нь иргэн Г.Цтой үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан бөгөөд хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ болно. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Ц болон Ц.У нарын өмчлөлд байсан ба тухайн компани нь хөгшин хүнийг далимдуулан гэрээ байгуулсан, Ц.Утай гэрээ байгуулаагүй. Мөн гэрээгээр Б дүүргийн ...хороо, ...хороолол, ... байрны ... тоот орон сууцыг худалдахад зуучлуулахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч ... ХХК нь гэрээгээр тохиролцоогүй буюу Б дүүргийн ... хороо, ... байрны ... тоот орон сууцны зуучлалын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн манай эхнэр Ц.У нь өөрийн фэйсбүүк хаяг болох ... гэх хаягаар цахим орчинд зарлал тавьж байр авах хүнээ олсон ба бид өөрсдөө Б дүүргийн ...хороо, ... байрны ... тоот орон сууцаа бусдад худалдсан гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2021.051 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХАГ-01/2 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2022/00654 дүгээр захирамжаар улсын бүртгэлийн байгууллагаас Б дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан, мөн хүсэлтээр ... гэх фэйсбүүк чатанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл, 5 хуудас фото зургийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Г.Цт холбогдуулан Б дүүргийн ... хороо, ... байрны ... тоот орон сууцыг бусдад худалдан борлуулахад зуучилсны хөлсөнд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.
2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ... ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Г.Цтой 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2021.051 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж түүний өмчлөлийн Бдүүргийн ... хороо, ... байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг худалдах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Уг орон сууцыг гэрээний дагуу бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээдэд 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулж өгсөн. зуучлуулагч Г.Ц нь манай агентийн олж ирсэн худалдан авагчтай цаагуураа тохиролцон мөнгөө авчихаад бидэнд зуучлалын хөлсийг төлөхөөс зайлсхийх болсон гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Ц болон Ц.У нарын өмчлөлд байсан ба тухайн компани нь хөгшин хүнийг далимдуулан гэрээ байгуулсан, Ц.Утай гэрээ байгуулаагүй. Мөн гэрээгээр Б дүүргийн ...хороо, ...хороолол, ... байрны ... тоот орон сууцыг худалдахад зуучлуулахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч ... ХХК нь гэрээгээр тохиролцоогүй буюу Б дүүргийн ... хороо, ... байрны ... тоот орон сууцны зуучлалын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн манай эхнэр Ц.У нь өөрийн фэйсбүүк хаяг болох ... гэх хаягаар цахим орчинд зарлал тавьж байр авах хүнээ олсон ба бид өөрсдөө Б дүүргийн ...хороо, ... байрны ... тоот орон сууцаа бусдад худалдсан гэжээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2021.051 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХАГ-01/2 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэгч ... ХХК-г төлөөлж Э.Н, хариуцагч Г.Ц нар нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2021.051 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж Б дүүргийн ...хороо, ...хороолол, ... байрны ... тоот 2 өрөө орон сууцыг гуравдагч этгээдэд 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучлах, зуучлуулагч нь гэрээний хөлсөнд 2,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6. Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаангүй байна.
7. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, ашгнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон орон сууцыг худалдан борлуулахад зуучилсан ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй боловч гэрээгээр тохиролцоогүй ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй юм. Өөрөөр хэлбэл зохигчид гэрээгээр Б дүүргийн ...хороо, ...хороолол, ... байрны ... тоот орон сууцыг худалдахад зуучлах-зуучлуулахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч ... ХХК нь гэрээгээр тохиролцоогүй буюу Бдүүргийн ... хороо, ... байрны ... тоот орон сууцны зуучлалын төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Г.Ц биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Цоос зуучлалын гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР