| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/00397/И |
| Дугаар | 001/ХТ2026/00137 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2026/00137
“ГСШТ” ААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.03-ны өдрийн 191/ШШ2025/11294 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 210/МА2026/00520 дугаар магадлалтай,
“ГСШТ” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй
“ОТ” ХХК-д холбогдох,
Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлс 407,959,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГСШТ” ААТҮГ нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлс 407,959,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.03-ны өдрийн 191/ШШ2025/11294 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ОТ” ХХК-иас Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлс 407,959,635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГСШТ” ААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,268,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ОТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,197,748 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 210/МА2026/00520 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.03-ны өдрийн 191/ШШ2025/11294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус гэснийг Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ОТ” ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,197,749 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж буй тул хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд Улсын дээд шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байна.
4.1. Магадлалын хянавал хэсэгт: “... Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцахаар заасан. ... “Хамтран ажиллах гэрээ” нь 2022.04.28-ны өдөр 6айгуулагдсан тул үнэ мөрдөгдөж эхлээгүй байх үеийн магадлан шинжилгээний хөлсийг нэхэмжлэх эрхгүй...”, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.4 дэх хэсэгт ... заасны дагуу “ОТ” ХХК нь ГТЛид магадлан шинжилгээ хийлгүүлэхээр зэсийн баяжмалын дээжийг хүргүүлж, ГТЛи нь уг дээжид магадлан шинжилгээ хийх лабораторийг сонгож гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлсэн харилцаа үүссэн байна.” гэж тус тус хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд Гаалийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсгийг хэрэглэхдээ гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн байх нөхцөлийг үл харгалзан зөвхөн мэдүүлэгч төлбөрийг хариуцна гэсэн бол анхан шатны шүүх гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлсэн харилцаа үүссэн гэдэг.
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт “Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна" гэж заасан. Энэхүү зохицуулалтаар нэгдүгээрт, гэрээ байгуулах, хоёрдугаарт, гэрээ байгуулагдсан тохиолдолд төлбөрийг мэдүүлэгч төлөхөөр тусгасан.
Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээ байгуулж магадлан шинжилгээ хийлгэсний үндсэн дээр шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцах хуулийн зохицуулалттай байхад гэрээ байгуулсан эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн мэдүүлэгч төлбөр төлөхөөр зохицуулсан байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл “ГТЛ” ААТҮГ болон ГТЛийн хооронд 2022.04.28-ны өдөр 22/04 ША-ГТЛ/22-06 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсанаар нэхэмжлэгчийн 2021.12.31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаалын дагуу нэмэгдсэн үнээр хариуцагч нь магадлан шинжилгээний төлбөр төлөх үүрэг үүсэхээр байхад нэмэгдсэн үнээр гэрээ байгуулаагүй цаг хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Магадлалын хянавал хэсэгт: “ГТЛ” ААТҮГ-н захирлын 2021.12.21-ний өдрийн А/166 тоот тушаалын 3-т экспертиз шинжилгээний үнийг 2022.01.03-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг даалгасан, нэхэмжлэгч нь хариуцагчид шинжилгээ хийсэн үнийн нэхэмжлэхийг тухай бүрд нь нэмэгдсэн үнийн дүнгээр явуулж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон" гэжээ.
Гэтэл хэрэгт “ГТЛ” ААТҮГ-ын захирлын 2021.12.21-ний өдрийн А/166 тоот тушаал нотлох баримтаар байхгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
Харин хэрэгт “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар тушаал авагдсан. Тус тушаалын 4-т “Шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчдэд шуурхай мэдээлж, 2022 оны гэрээнд тусгахыг ерөнхий инженер Б.Мт үүрэг болгосугай" гэж заасны дагуу “ГТЛ” ААТҮГ болон ГТЛи хооронд 2022.04.28-ны өдрийн 22/04 ША-ГТЛ/22-06 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан байдаг. Тодруулбал “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар тушаал нь ГЕГтай гэрээ байгуулснаар буюу 2022.04.28-ны өдрөөс эхлэн магадлан шинжилгээний нэмэгдсэн үнэ мөрдөгдөж эхэлсэн байдаг.
Хариуцагч 2022.01.03-ны өдрөөс 2022.03.25-ны өдрийн хооронд шинжлүүлсэн 197 дээжийн магадлан шинжилгээний ажлын хөлсийг А/116 тоот тушаалыг дагуу төлөх үндэслэлгүй тул 2022.04.28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнээс өмнө мөрдөгдөж байсан ГЕГ болон “ГТЛ” ААТҮГ-ын хооронд байгуулагдсан 2017.02.01-ний өдөр ГТО/17-01 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 197 дээжийн ажлын хөлс болох 179,925,795 төгрөгийг төлсөн байхад хоёр шатны шүүх нэмэгдсэн төлбөрөөр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Магадлалын хянавал хэсэгт: “Өөрөөр хэлбэл хариуцагч нь татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлдээ, “ГТЛ” ААТҮГ-ын захирлын 2021.12.31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай" А/116 дугаар тушаалаар шинжилгээ хийх нэгж үнэ өөрчлөгдсөнийг мэдээгүй гэх боловч дээрх тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий цаг хугацаанд хамаарах шинжилгээ хийсэн тухай бүрдээ буюу магадлан шинжилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид илгээж байсан төлбөрийн дүн бүхий албан бичгийг хүргүүлж байсан байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ.
Нэхэмжлэгч “ГСШТ” ААТҮГ нь хариуцагч “ОТ” ХХК-ийн зэсийн баяжмалд магадлан шинжилгээ хийх үнийг 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар тушаалаар батлахдаа хариуцагч байгууллагад аливаа байдлаар мэдэгдэж санал аваагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байхад батлагдсанаас хойш 2, 3 сарын дараа ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхээс мэдсэн гэж үзээд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал тушаалыг мэдсэн эсэх нь үйл баримтын гол хэсэг биш бөгөөд харин 2021.12.31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаал нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанаар тухайн тушаалыг мөрдөж эхлэхээр байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00585 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “ГСШТ” ТӨААТҮГ нэхэмжлэлийн үндэслэлээ “...Гаалийн ерөнхий газрын ГТЛт ирсэн “ОТ” ХХК-ийн Зэсийн баяжмал гэж мэдүүлсэн бараануудаас дээж авч 2022.01.01-ний өдрөөс 2022.03.27-ны өдрийг хүртэл ирүүлсэн 197 дээжид шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Гаалийн магадлан шинжилгээ хийлгүүлсэн 197 дээжийн төлбөр 587,885,430 төгрөгийн 179,925,795 төгрөгийг 2022.05.17-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 407,959,635 төгрөгийг төлөөгүй. “ГТЛ” ТӨҮГ нь Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар тушаалаар үнийг баталсан. Тушаалд яаралтайгаар гүйцэтгэх ажлын үнийн дүнг 30 хувиар нэмэгдүүлэн тооцно гэж заасан. 197 дээжийг яаралтайгаар шинжилж хариуг тухай бүрт илгээсэн.” гэжээ
7. Хариуцагч “ОТ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “... “ОТ” ХХК тухайн үед мөрдөгдөж байсан үнэ тарифаар тооцон төлбөрийг бүрэн барагдуулсан. ... Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх заалтад зааснаар ГТЛи нь хариуцагч “ОТ” ХХК-аас зэсийн баяжмалын дээжид магадлан шинжилгээ хийлгүүлэхээр 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд албан бичгээр 197 дээжийг ГСШТ ТӨААТҮГ-д хүргүүлж шинжлүүлсэн. Магадлан шинжилгээний ажлын хөлс нь ГЕГ болон ГТЛ ТӨҮГ-ын хооронд 2017.02.01-ний өдөр байгуулагдсан ПО/17-01 тоот Хамтран ажиллах гэрээнд үндэслэдэг, дээжийн төлбөр болох 179,925,795 төгрөгийг төлсөн.
ГСШТ ТӨААТҮГ нэхэмжлэлийн үндэслэлдээ магадлан шинжилгээний ажлын төлбөрийг Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар тушаалыг заасан боловч тус тушаалын 4 дэх заалтад Шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчдэд шуурхай мэдээлж 2022 оны гэрээнд тусгахыг Ерөнхий инженер Б.Мт үүрэг болгосон байна.
2022 оны гэрээ болох ГТЛ болон ГТЛийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь 2022.04.28-ны өдөр 22/04 ША-ГТЛ/22-06 дугаартайгаар байгуулагдсан, шинжилгээний үнэ нь ГЕГтай байгуулсан гэрээнд тусгагдсанаар буюу 2022.04.28-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн, үнэ мөрдөгдөж эхлээгүй байх үе буюу 2022.01.01-ний өдрөөс 2022.03.27-ны өдрийн хооронд шинжилгээ хийлгүүлсэн зэсийн баяжмалын магадлан шинжилгээний 197 дээжийн ажлын төлбөрийг А/116 тоот тушаалыг үндэслэн “ОТ” ХХК-аас нэхэмжлэх эрхгүй байна” гэж тайлбарлажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “…нэхэмжлэгч нь 2022.01.03-2022.03.25-ны өдрийг хүртэл хугацаанд 197 дээжид шинжилгээ хийж гүйцэтгэсэн. “ГТЛ” ТӨҮГ-ын захирлын 2021.12.31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай” А/116 дугаар тушаалаар шинжилгээ хийх үнийг шинэчлэн баталж, нэгж үнэ 2,712,900 төгрөг болгож, 2022.01.03-ны өдрөөс үйлчлэхээр болсон байна.” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид шинжилгээ хийсэн үнийн нэхэмжлэлийг тухай бүрд нь нэмэгдсэн үнийн дүнгээр явуулж байсан болох нь баримтаар тогтоогдож байна. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримталсан байгааг хасна. …” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
10. Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.
11. Хоёр шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоосон.
11.2. “ОТ” ХХК 2022.05.17-ны өдөр шинжилгээний төлбөрт 179,925,795 төгрөгийг төлсөн.
11.3. “ГТЛ” ТӨҮГ болон “ГТЛ”-ийн хооронд 2022.04.28-ны өдөр 22/04 ША-ГТЛ/22-06 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан.
11.4. Монгол Улсын Засгийн газрын 2022.08.24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор “ГТЛ” ТӨҮГ болон “ГСТ” ТӨҮГ-ыг нэгтгэн “ГСШТ” ТӨААТҮГ болгон өөрчилсөн.
11.5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.24-ний өдрийн 128/ШШ2023/0464 дугаар шийдвэрээр “ОТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ГСШТ” ТӨҮГ-ын захиралд холбогдох “ГТЛ” ТӨҮГ-ын захирлын 2021.12.31-ний өдрийн А/116 дугаар Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ баталсан тушаалыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.31-ний өдрийн 221/МА2023/0569 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.
12. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
“ГТЛи” болон “ГТЛ” ТӨҮГ нь 2017.02.01-ний өдөр ГТЛ/17-01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан, гэрээний 5.1-д зааснаар хугацааг 3 жил гэж тохиролцсон тул гэрээний хугацаа 2020.02.01-ний өдөр дуусгавар болжээ.
Энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээнд хамаарах бөгөөд мөн хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.” гэх агуулгын хүрээнд хариуцагч маргасан.
Уг гэрээний хугацаа дууссаны дараа “ГТЛ” ТӨҮГ /хуучин нэрээр/-ын захирлын 2021.12.31-ний өдрийн “Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах” тухай А/116 дугаар тушаалаар шинжилгээ хийх үнийг шинэчлэн баталсан, тушаал баталсан эрх бүхий этгээдэд Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 9-д “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох” эрх олгогдсон, тушаал хүчинтэй талаарх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тушаалд шинжилгээний үнийг 2022.01.03-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан.
13. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд шинжилгээний үнийг тодорхой хугацаанд үйлчлэх агуулга бүхий гэрээ бичгээр байгуулаагүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас шинжилгээ хийх үед тогтоосон үнийг баримталж үйлчилгээ авах харилцаанд орж байсан гэж үзэх үндэстэй. Хариуцагчийн хувьд дээжид шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг өөрөө чөлөөтэй сонгох боломжгүй байсан тул нэхэмжлэгчийн гэрээ байгуулж, сонгосон байгууллагатай харилцаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Нэгэнт гэрээний чөлөөт байдлын зарчим бүрэн үйлчлэхгүй, хариуцагчийн гэрээ байгуулах этгээдээ өөрөө сонгох эрх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдсан байх тул өөрийн оролцоогүй, нэг тал болж чадахгүй, “ГТЛи” болон “ГТЛ” ТӨҮГ-ын хооронд үүссэн гэрээний үйлчлэлийг түүнд заасан хугацаанд хамааруулан хэрэглэхийг шаардах эрх хариуцагчид байхгүй.
Гэвч “ГТЛи” болон “ГТЛ” ТӨҮГ-ын хооронд байгуулсан гэрээний хугацаа “ГТЛ” ТӨҮГ-ын шинжилгээний үнэд өөрчлөлт орохоос өмнө дуусгавар болсон байна.
Иймд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу “ГТЛи” болон “ГТЛ” ТӨҮГ-ын хооронд 2017.02.01-ний өдөр байгуулсан №ГТЛ/17-01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний үнээр шинжилгээ хийхийг шаардах эрхгүй.
14. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч “ОТ” ХХК-д 2022/01, 2022/02, 2022/03, 2022/04 тоот нэхэмжлэхийг сар бүр илгээсэн, 2022.03.30-ны өдрийн 277 тоот албан бичгээр төлбөр барагдуулах талаар, 2022.04.05-ны өдрийн 304 тоот албан бичгээр “Төлбөр барагдуулах асуудлаар уулзалт зохион байгуулах” тухай, 2022.05.30-ны өдрийн 444 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба шинжилгээний төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэж давж заалдах шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.
Иймд нэхэмжлэгч байгууллагын А/116 дугаар тушаалаар батлагдсан үнийн дүнг хариуцагч төлөх үүрэгтэй гэж хариуцагчаас шинжилгээний үнийн зөрүүд төлөөгүй 407,959,635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
15. Харин анхан шатны шүүх талуудын маргаанд хамаарахгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх зөв залруулсан байна.
16. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00520 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ОТ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.13-ны өдөр 2,197,749 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН