Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Тарва, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сульчин бэсүд овогт Байгальмаагийн Тарвад холбогдох эрүүгийн 201726030207 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 24-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Сульчин бэсүд овогт Байгальмаагийн Тарва /РД:ДЛ91031616/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Тарва нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оддын хотхоны 39б дүгээр байрны 1 тооотод оршин суух хохирогч С.Мөнхсүхийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан 13.250.000 төгрөгний хохирол /үлэмж хэмжээ/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Тарва: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч С.Мөнхсүхийн: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны 39-б дүгээр байрны 1 тоот гэрээсээ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 07:00 цагийн үед гарсан юм. Ингээд орой 23:00 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод дотогш ортол манай гэр дотор чимээ гараад хүн байх шиг санагдахаар нь гэрлээ асаагаад том өрөө рүүгээ орсон чинь нэг залуу 2 нөтбүүк гартаа барьчихсан 1 давхарын тагтны хаалганы дэргэд нуугдаад байж байхаар нь барьж аваад чи манай гэрт юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн юм. Тэр залууг хартал манай СӨХ-д ажилладаг залуу байсан юм. Тэгэхээр нь тэр залууг барьж аваад 2 нөтбүүкээ аваад халаасыг нь нэгжиж үзэхэд алтан бугуйвч, 1 хос ээмэг, мөнгөн 5 ширхэг зэрэг эд зүйл гарч ирсэн. Мөн гарандаа эхнэрийн маань 8 ширхэг бөгжийг хуруундаа зүүчихсэн гадуур нь бээлийгээ өмсчихсөн байсан. Тэгсэн надаас тэр залуу би ингэж хулгай хийдэггүй хүн юм аа. Мөнгө төгрөгний асуудалд ороод анх удаа ийм буруу юм хийчихлээ уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэр үед нь гар утас нь дуугараад байхаар нь “хэн залгаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “эхнэр залгаад байна” гэж хэлэхээр нь би “эхнэрийгээ дуудаад ир” гэж хэлсэн юм. Тэгээд би танихгүй залууг гэрээсээ гаргаад орцныхоо гадаа хүлээж байсан юм. Тэгээд эхнэрт нь болсон асуудлыг тайлбарлаж өгсөн юм. Тэгээд тэр залууг эхнэрт нь өгөөд явуулсан юм. Дараа нь нь би цагдаад дуудлага өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батсайханы “...2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр би ээлж хүлээлцэж авах үед хулгай гарсан байна гэж байсан. Манайд ажилладаг Тарва гэдэг залуу айлын цонхоор орсон байна гэж СӨХ-ийн дарга Лхагвасүрэн хэлсэн. Хулгай хийж байхад нь эзэн нь гаднаас орж ирээд үйлдэл дээрээ баригдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

-2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-18 дугаар хуудас/

-2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

-2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 25 дугаар хуудас/,

            -2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч С.Мөнхсүхийн гомдол саналгүй гэсэн хүсэлт, /хх-ийн 72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тарва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Тарва нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 22:00 цаг өнгөрч байхад архи уучихсан халамцуудаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны 39б байрны 01 тоот орон сууцны гадна талын тагт хагас онгойчихсон байхаар нь дотогшоо орсон чинь дотор талын том өрөө рүү ордог тагтных нь том хаалгыг гараараа хүчтэй түлхсэн чинь онгойчихсон юм. Тэгсэн тагтны дотор талын түгжээ нь модон рамнаасаа мултарч эвдэрсэн юм. Тэгээд дотогш орж жижиг өрөөнд байсан шүүгээг нь ухаж ээмэг, бөгж, нөтбүүк, I pad, мөнгөн шагай, гэх мэт эд зүйлүүдийг аваад орж ирсэн тагтаар гарах гэж байхад байрны эзэн нь болох хүн гэнэт орж ирээд гэрлээ асаасан юм. Тэгэхэд нь хохирогч руу шууд яваад очсон юм. Тэгээд би тэр үед уучлалт гуйж хулгайлж авсан эд зүйлсээ тэр үед нь өгсөн юм. Намайг гэрийн эзэн нь яв яв гэхээр нь гэр лүүгээ явсан. Тэгсэн удалгүй цагдаа нар намайг айлд хулгай хийсэн гээд барьж аваад цагдаагийн газар дээр авчирсан. Ийм л асуудал болсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /65 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчилийн бүртгэл /хх-ийн 55-61 дүгээр хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тарваг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тарваг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Тарва нь хохирогчийн орон байранд нэвтэрч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас баригдан /хохирогч С.Мөнхсүх нь гэртээ орж ирснээр/ гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байх тул төгссөн завдалт гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тарва нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оддын хотхоны 39б дүгээр байрны 1 тооотод оршин суух хохирогч С.Мөнхсүхийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайн 13.250.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Мөнхсүхийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дугаар хуудас/, гэрч Ц.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-18 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 25 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Тарва нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Тарвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.Мөнхсүхээс: “...Алдсан эд зүйлс байхгүй тул миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг /хх-ийн 72 дугаар хуудас/, гаргаж нотариатаар баталгаажуулсан байх тул Б.Тарваг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, Б.Тарва нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүхээс Б.Тарвад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.