Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/00425

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... тоот хаягт байрлах, ... овогт С-ын С /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ийн М /РД: .../-д холбогдох,

 

Хүүхдийн сургалтын төлбөрт 4,452,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.С миний бие 2003 онд Б.Мтай танилцаж, 2007 оноос 2015 оны хооронд хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 онд хүү М.М төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, миний бие нь хүү М.Мгийн хууль ёсны асран хамгаалагч болсон. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах болон гарсан зардлыг хариуцуулах гэж заасныг үндэслэн нэхэмжпэл гаргаж байна. Миний хүү М 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн... ЕБСд суралцаж эхэлсэн. 2019-2020 оны бүтэн жилийн төлбөр 2,000,000 төгрөг ба миний бие 2019 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг бэлнээр, мөн 2019 оны 11 дүгээр сард 500,000 бэлнээр, 2020 оны 04 дүгээр сард 500,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн. Мөн 2020-2021 оны бүтэн жилийн төлбөр 1,400,000 төгрөг ба 2020 оны 09 дүгээр сард 700,000 төгрөг дансаар, мөн 2020 оны 10 дугаар сард 700,000 төгрөгийг дансаар, 2021-2022 оны бүтэн жилийн төлбөр 1,785,000 төгрөг ба урьдчилгаа 500,000 төгрөгийг сургуулийн данс болох Хаан банкны 59202934** дансанд шилжүүлж, үлдэгдэл 1,285,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-нд төлсөн. Ингээд 2019-2022 онд дээрх төлбөрийг миний бие цалингийн зээл болон хамаатан саднаас зээлж төлж барагдуулсан. Мөн хүү М.М нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ...йн математик, англи хэлний хосолсон сургалтанд хамрагдахаар 1 жилийн гэрээ хийж сургалтын төлбөр болох 3,720,000 төгрөгийг 100 хувь төлж сургалтанд хамрагдаж байна. Энэхүү гэрээний төлбөрийг С.С миний төрсөн эгч С.Сгийн нөхөр болох Б.М өөрийн данснаас сургалтын төвийн 57530511** /Хаан банк/ дансанд шилжүүлсэн ба миний бие буцааж төлөх нөхцөлтэйгөөр хүргэн ахаас зээлсэн болно. Миний бие төрийн албанд ажилладаг бөгөөд хувийн нэмэлт орлогүй. Иймд 2019 оноос 2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт ... сургуульд төлсөн 5,185,000 төгрөг, мөн ... сургалтын төвд төлсөн 3,720,000 төгрөг, нийт 8,905,000 төгрөгийн 50 хувь болон 4,452,500 төгрөгийг хариуцагч Б.Мгаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Мы шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь С.Сээс 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан ба өнөөдрийг хүртэл хүүхдийн тэтгэлэгээ цал алдалгүй төлж байгаа. 2021 оны 12 дугаар сард С.Сийн гаргасан 4,452,500 төгрөгийг төлж чадахгүй ба амьжиргааны түвшингээс их хэмжээний төлбөр тул хэргийг шүүх хурлаар хэлэлцүүлэх саналтай. Б.М нь ... ХХК-ийн бөөний худалдааны менежерээр ажилладаг, сард 1,265,000 төгрөгийн цалинтай, түүний эхнэр Д.Ж нь мөн компанид маркетингийн менежер ажилтай ба 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл эдний гэр бүлд орлого олж байгаа хүн нь ганцхан Б.М бөгөөд сарын цалингаараа хүүхдийн тэтгэлэг, байрны лизинг төлдөг, үлдсэн хэсгээр нь амьжиргаагаа залгуулдаг. Одоогийн байдлаар хүүхдийн сургалтын төлбөрт ийм хэмжээний төлбөр төлөх боломжгүй байгаа юм. Хүү М.М нь ерөнхий боловсролын ... сургуульд сурч байсан, мөн төлбөртэй сургууль, сургалт руу шилжүүлэх талаараа харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах болон гарсан зардлыг хариуцуулах гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх зүйлд заасан сургуульд орсон гэх мэт гэх ойлголт нь хүүхэд шинээр сургуульд орсон байхыг ойлгох бөгөөд хүү М.М нь сургуульд сурч байгаад өөр сургууль руу шилжсэн тул хуулийн дээрх ойлголтод хамрахгүй юм гэв.

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, хүү М.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХХК-ийн 3400040640** тоот дансны хуулга, ... ХХК-ийн эцэг эхчүүдтэй байгуулах бүтэн жилийн сургалтын 2021 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн гэрээ, ... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/01 тоот тодорхойлолт, ... сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21/156 тоот тодорхойлолт, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01455 дугаа шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч нь тус шүүхэд хариу тайлбар, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/72 дугаар албан бичиг, ... ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/09, 02//10 дугаар албан бичиг, охин М.Цгийн 1107510197 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төрийн банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 513230 дугаар тодорхойлолт, мөн 300909790 дугаартай баримт, Хас банк ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 187000927* дугаартай барьцаат зээлийн гэрээ, хавсралт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.3. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2022/01104 дүгээр захирамжаар Хаан банк ХХК-иас Б.Мын 5081038499 тоот дансны хуулга, ... ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22/007 тоот тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот гэрээ, эцэг эх, асран хамгаалагчийн төлбөр хуваан төлөх өргөдөл, ... ХХК-ийн эцэг эхчүүдтэй байгуулах бүтэн жилийн сургалтын 2019, 2020, 2021 оны гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн кассын орлогын ордер, нэхэмжлэгч С.Сээс Төрийн банк ХХК дахь 34000406400* тоот дансны хуулгыг тус тус шүүхийн журмаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Мд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 4,452,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. С.С миний бие 2003 онд Б.Мтай танилцаж, 2007 оноос 2015 оны хооронд хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 онд хүү М.М төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, миний бие нь хүү М.Мгийн хууль ёсны асран хамгаалагч болсон. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах болон гарсан зардлыг хариуцуулах гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, татгалзлын үндэслэлээ ... бид гэрлэлтээ цуцлуулж шүүхийн шийдвэрийн дагуу би сар бүр хүүхэддээ тэтгэлэг төлж байгаа. Одоо би өөр гэр бүлтэй болсон, эхнэр маань жирэмсэний амралттай, би сард 1,265,000 төгрөгийн цалинтай, цалингаараа хүүхдийн тэтгэлэг, байрны лизинг төлдөг, үлдсэн хэсгээр нь амьжиргаагаа залгуулдагГэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах болон гарсан зардлыг хариуцуулах гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх зүйлд заасан сургуульд орсон гэх мэт гэх ойлголт нь хүүхэд шинээр сургуульд орсон байхыг ойлгох бөгөөд хүү М.М нь сургуульд сурч байгаад өөр сургууль руу шилжсэн тул хуулийн дээрх ойлголтод хамрахгүй юм гэж тайлбарлажээ.

 

4. Хэрэгт авагдаж болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 0229607 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны 102/ШШ2018/01455 дугаар шийдвэр, Нийслэлийн ерөнхий боловсролын ... сургууль, С.С нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эцэг эхтэй байгуулах хамтын гэрээ, ... ХХК, С.С нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Эцэг эхтэй байгуулах бүтэн жилийн сургалтын гэрээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.С, хариуцагч Б.М нар нь 2003 онд танилцаж, 2008 онд хүү М.М төрсөн, зан харилцааны тааламжгүй байдлын улмаас гэрлэлтээ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цуцлуулсан бөгөөд үүнээс хойш хүү М.М эх С.Сийн асрамжинд байгаа. Одоо хүү М.М Нийслэлийн ерөнхий боловсролын ... сургуулийн 8а бүлэгт суралцдаг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн ...-д суралцаж байна. Нэхэмжлэгч С.С нь хүү М.Мгийн ... сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр бэлнээр, 500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр тус тус төлсөн болох нь кассын орлогын ордероор, 500,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн болох нь Төрийн банк ХХК дахь 3499001831010002 тоот дансны хуулгаар, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 1,400,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн нь Төрийн банк ХХК дахь 3499001831010002 тоот дансны хуулгаар, үлдэх 700,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нь Төрийн банк ХХК дахь 34990018310100** тоот дансны хуулгаар, 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 1785,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нь Хаан банк ХХК дахь 5920293493 тоот дансны хуулгаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үлдэх 1,285,000 төгрөгийг төлсөн нь Хаан банк ХХК дахь 592029349* тоот дансны хуулгаар, мөн ...-ийн математик, англи хэл-ний сургалтын төлбөрт 3,720,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн болох нь Хаан банк ХХК дахь 575305113* тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах болон гарсан зардлыг хариуцуулах гэж зааснаар хүү М.Мгийн сургуулийн төлбөр, сургалтын төлбөрт нэхэмжлэгч С.Сийн төлсөн 8,905,000 төгрөгийн 50 хувь буюу 4,452,500 төгрөгийг хариуцагч Б.Мгаас гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгох нь зүйтэй. Учир нь гэрлэлтээ цуцлуулсан эцэг эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас 4,452,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР