| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/02678/И |
| Дугаар | 102/ШШ2022/03058 |
| Огноо | 2022-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/03058
| 2022 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/03058 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД: ***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Хариуцагчийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч *** ХХК нь *** ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амаар гэрээ байгуулж *** улсын дугаартай Мицубиши пажеро загварын автомашиныг 4,000,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч нь ... машины үнэ 2,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сар өгсөн, харин үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 10-нд багтаан төлж дуусгая гэсэн. Худалдан авагч нь Өмнө-говь аймагт байдаг манай кемпийг түрээслэж байсан учир амласан хугацаандаа өгчих байх гээд манайх зөвшөөрсөн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл худалдаж авсан автомашиныхаа төлбөрийг төлөөгүй. Мөн түрээсийн төлбөрөө ч төлөөгүй байсаар манай кемпээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөр кемп худалдаж авахаар боллоо гээд хамаг юмаа аваад нүүж явсан. Амласан хугацаандаа төлбөрөө төлөхгүй болохоор манайхаас холбогдож төлбөрөө төлөхийг шаардсан боловч хэд хоногийн хугацаа өгөөч, мөнгө орж ирэх гээд байна даруйхан төлж барагдуулна гэж хугацаа авч хойшлуулсаар өнөөдрийг хүртэл худалдаж авсан автомашиныхаа төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Сүүлийн үед утсаа авахгүй больсон. Иймд хариуцагч *** ХХК-иас тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 2,000,000 төгрөг, гэрээ болон Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4-д заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулж *** амны урд байрлах кемпийн зориулалттай байрыг нэг сарын түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр тооцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг эхний 2 сар төлөөд түүнээс хойш төлөхөө больсон. 2021 оны 02 дугаар сард хагас дутуу төлбөрөөсөө хийсэн байдаг. Гэрээний дагуу төлбөрүүдээ төлөхгүй байсан учир манай компанийн зүгээс түрээсийн гэрээний төлбөрөө төлөхийг удаа дараа байнга шаарддаг байсан, удахгүй өгнө, дараа 7 хоногт, эсвэл маргааш нөгөөдөр өгнө гэж явсаар 2021 оны 04 дүгээр сард Энэ сардаа багтаад танай төлбөрүүдийг төлж барагдуулаад, тооцоогоо хийж кемпийг хүлээлгэж өгье гэсэн. Манай тал зөвшөөрсөн, кемпийг манайд хүлээлгэж өгсөн боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. Манай захирал Баатартай холбогдож ... 7 хонгийн хугацаа өгөөч зээл бүтэж байгаа ирэх 7 хоногт танай төлбөрүүдийг бүгдийг нь төлж дуусгана гэж яриад явсан байдаг. Хэлсэн хугацаандаа төлбөрөө төлөхгүй болохоор нь *** ХХК-ны захирал Нямхүү болон гэрээний албаны *** тай холбогдож төлбөрөө төлөхийг шаарддаг байсан. Сүүлдээ утсаа авахгүй алга болж өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийн үлдэгдлээсээ нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг *** гэх хүн барьж ирсэн ба өөрийгөө тус компанийн гэрээний ажилтан гэж танилцуулсан, гэрчилгээ, тамгатай байсан тул гэрээ хийсэн. Гэрээний дагаа 5,000,000 төгрөгийг *** захирлын дансаас манай компани руу шилжүүлсэн байдаг. *** ХХК-ийн *** гэх хүн гэрээ хийгээд урьдчилгаа мөнгийг нь өгөөд дараагийнх нь төлөлтийг өгөөгүй явсан тул *** ХХК хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч *** " ХХК-иас 3 сарын буюу 2021 оны 02, 03, 04 дүгээр саруудын түрээсийн үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн 2 шаардлагын бүх үнийн дүн 39,000,000 төгрөг болно гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудтай танилцлаа. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээнд *** гэх хүн гарын үсэг зурсан байна. Манай компанид *** гэх хүн ажилладаггүй, *** ХХК-г манай нөхөр 1999 онд үүсгэн байгуулсан, нөхөр маань өвчний учир нас барсан тул би компанийн захирлаар 2005 оноос хойш ажиллаж байгаа. Мөн гэрээнд Гэрээний алба гэх тэмдэг дарагдсан байна. Манай компанид ийм тэмдэг байдаггүй. Нэхэмжлэгч *** ХХК-тай *** ХХК нь огт гэрээний харилцаанд орж байгаагүй. Машиныг бид мэдэхгүй, манай компанийн нэр дээр шилжиж ирээгүй. Тэр *** гэх хүн над руу 5,000,000 төгрөг өгөөд, тэр данс руу шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь би шилжүүлж өгсөн. *** гэх хүнийг бид танихгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, *** иргэний үнэмлэхний хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шаардлага хангуулан гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн кемп түрээсийн гэрээ, ажилчин, алба хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгөийн ашиглалтын бүртгэл, Хаан банк ХХК дахь *** гийн эзэмшлийн *** тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан.
4. Хариуцагч *** ХХК нь хариу тайлбараа бичгээр гаргасан, мөн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмээ нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг, мөн *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй, түүхчилсэн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар цуглуулсан.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК нь *** ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амаар гэрээ байгуулж *** улсын дугаартай Мицубиши пажеро загварын автомашиныг 4,000,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч нь ... машины үнэ 2,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сар өгсөн, харин үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 10-нд багтаан төлж дуусгая гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл худалдаж авсан автомашиныхаа төлбөрийг төлөөгүй. Мөн нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулж *** дүгээр амны урд байрлах кемпийн зориулалттай байрыг нэг сарын түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр тооцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг эхний 2 сар төлөөд түүнээс хойш төлөхөө больсон гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээнд *** гэх хүн гарын үсэг зурсан байна. Манай компанид *** гэх хүн ажилладаггүй, *** ХХК-г манай нөхөр 1999 онд үүсгэн байгуулсан, нөхөр маань өвчний учир нас барсан тул би компанийн захирлаар 2005 оноос хойш ажиллаж байгаа. Мөн гэрээнд Гэрээний алба гэх тэмдэг дарагдсан байна. Манай компанид ийм тэмдэг байдаггүй. Нэхэмжлэгч *** ХХК-тай *** ХХК нь огт гэрээний харилцаанд орж байгаагүй. Машиныг бид мэдэхгүй, манай компанийн нэр дээр шилжиж ирээгүй. Тэр *** гэх хүн над руу 5,000,000 төгрөг өгөөд, тэр данс руу шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь би шилжүүлж өгсөн. *** гэх хүнийг бид танихгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн кемп түрээсийн гэрээнд түрээслэгч буюу энэ иргэний хэргийн хариуцагч *** ХХК-ийг төлөөлж Н.*** гарын үсэг зурсан, мөн гэрээний алба гэх тэмдэг дарджээ. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** 5 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр 2006 онд *** бүртгэгдсэн байх бөгөөд дээрх гэрээнүүдийг байгуулах үед Н.*** нь тус компанийг аливаа хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд байжээ. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ. Шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч *** нь ...Н.*** гэх хүнийг танихгүй, манай компанид ажилладаггүй, худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг манай компани байгуулаагүй гэх татгалзсан хариу гаргасан болно. Иймд зохигчдын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, Кемп түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч *** ХХК-иас гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *** ХХК-иас гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР