Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00657

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт Б-ын Э /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт С-ийн Н /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дураар хууль бусаар нэвтэрч, орц гарцын зориулалтаар газар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Э миний бие ... дүүрэг ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот хаягт байрлах 1863933123317** нэгж талбарын дугаартай 244 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205002380 дугаартай газрыг хууль ёсоор өмчилдөг. Гэтэл манайхтай хил залгаа орших иргэн С.Н нь миний зөвшөөрөлгүйгээр манай газарт хууль бусаар нэвтэрч, миний өмчлөлийн газрыг орц, гарцны зориулалтаар ашиглаж миний өмчлөх эрхийг зөрчсөөр байгаа билээ. С.Н нь манайх энэ газар дээр 20 гаруй жил амьдарч байгаа гээд миний өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрч, ашигласан үйлдлээ зогсоохгүй өдий хүрч байна. Би н.А-аас газар авахад тэр надад энэ манай газар энэ хүүхэн угаасаа үгүйсгээд байдаг гэж хэлсэн. Манай хашааны зүүн талаар авто зам тавих гээд газар чөлөөлөөд байгаа ба явган хүний зам гаргана гээд газраас авах гээд байгаа юм. Авто зам төсөл дээр ажиллаж байгаа н.А гэдэг хүүхэн танай газрын хажуугаас заавал авна, яагаад гэвэл явган зам тавих боломжгүй байна, танай энэ газрын урд талын нарийн хэсэг чинь танай кадастр дээр байдаг юм байна гээд би хэмжилт хийлгэсэн гэж хэлсэн. Манай газар бол одоо С.Нийн орц, гарцын зориулалтаар ашиглаад байгаа нарийн хэсэг нь ороод 244 м/кв болж байгаа, энэ орохгүй бол 152 м/к болоод байгаа. Миний нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээ 244 м/к талбай бүхий газар гэж байгаа. Тэгэхээр би газраа бүтэн ашиглаж чадахгүй, тал газраа С.Нт орц, гарцаар ашиглуулж хохирч байгаа юм. Иймд хариуцагчийн миний өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрч, орц, гарцны зориулалтаар газар ашиглаж буй үйлдлээ зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Нийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Эын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. С.Н миний бие Б.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь, 2002 оны үед манайх анх газар авахдаа л гадаа хаалганы орц, гарцтай байсан, одоо ч тэр орц, гарцаараа орж гарч байгаа. Айлын хаалга орц, гарц бөглөөгүй. Миний бие нь нөхөр Р.А, охин А.Ц, охин А.Л нарын хамт 2004 онд ... дүүрэг ... хороо, ...гийн ... гудамжны ... тоотод 572 м/кв талбай бүхий газрыг ... дүүргийн Газрын албанд хууль ёсоор өргөдөл өгч кадастрын зураг хийлгэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар хууль ёсны өмчлөгч болсон. Энэ талаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Ингээд бид 2015 онд ярилцаж байгаад уг газрын хууль ёсны өмчлөгчөөр манай нөхөр Р.Аийг үлдээж, бусад өмчлөгч болох С.Н миний бие, охин А.Ц, А.Л нар нь хасагдсан. Бид тус газар дээр 17 жил амьдарч байна. Манай гэр бүл Б.Эын өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй, орц, гарцны зориулалттайгаар хил зөрчсөн үйлдэл бол байхгүй. Харин Б.Э нь Д.Б гэдэг хүнээс газар худалдаж авсан байдаг. Уг Д.Б гэдэг хүн нь 2004 онд 152 м/кв газарт кадастрын зураг хийлгэсэн байсан боловч Б.Эд зарахдаа тухайн газрын хэмжээг 244 м/кв болгож бүхий газрын гэрчилгээг хууль бусаар авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны ... сарын 01-ний өдрийн 000566978 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар хавсаргажээ.

 

3.2. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбарын хамт 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000195145 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000312839 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргасан.

 

3.3. Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/01321 дүгээр захирамжаар ... дүүргийн Газрын албанаас 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Бийн өмчилж байсан газрын байршлын газрын зураг, Р.Аийн өмчилж байгаа ... дүүргийн ... хороо, ...гийн ... гудамж, ... тоот хаягт байрлах газрын кадастрын зургийг нотлох баримтаар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/02465 дугаар захирамжаар ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлалтай 572 м.кв талбай бүхий газрын, ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлалтай 244 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн түүхчилсэн лавлагаа, тухайн газрыг өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, 2006 оны ... сарын 30-ны өдрийн 000050293 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр, кадастрын зураг, 00047962, 000312839 дүгээр гэрчилгээнүүдийг нотлох баримтаар цуглуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Нт холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дураар хууль бусаар нэвтэрч, орц гарцын зориулалтаар газар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие Б.Э нь ... дүүрэг ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот хаягт байрлах 1863933123317** нэгж талбарын дугаартай 244 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2205002380 дугаартай газрыг хууль ёсоор өмчилдөг. Гэтэл манайхтай хил залгаа орших иргэн С.Н нь миний зөвшөөрөлгүйгээр манай газарт хууль бусаар нэвтэрч, миний өмчлөлийн газрыг орц, гарцны зориулалтаар ашиглаж миний өмчлөх эрхийг зөрчсөөр байгаа билээ. Манай газар бол одоо С.Нийн орц, гарцын зориулалтаар ашиглаад байгаа нарийн хэсэг нь ороод 244 м/кв болж байгаа, энэ орохгүй бол 152 м/к болоод байгаа. Миний нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээ 244 м/к талбай бүхий газар гэж байгаа. Тэгэхээр би газраа бүтэн ашиглаж чадахгүй, тал газраа С.Нт орц, гарцаар ашиглуулж хохирч байгаа юм гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд:. 2002 оны үед манайх анх газар авахдаа л гадаа хаалганы орц, гарцтай байсан, одоо ч тэр орц, гарцаараа орж гарч байгаа. Айлын хаалга орц, гарц бөглөөгүй. Миний бие нь нөхөр Р.А, охин А.Ц, охин А.Л нарын хамт 2004 онд ... дүүрэг ... хороо, ...гийн ... гудамжны ... тоотод 572 м/кв талбай бүхий газрыг ... дүүргийн Газрын албанд хууль ёсоор өргөдөл өгч кадастрын зураг хийлгэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар хууль ёсны өмчлөгч болсон. Энэ талаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Бид тус газар дээр 17 жил амьдарч байна. Манай гэр бүл Б.Эын өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй, орц, гарцны зориулалттайгаар хил зөрчсөн үйлдэл бол байхгүй. Харин Б.Э нь Д.Б гэдэг хүнээс газар худалдаж авсан байдаг. Уг Д.Б гэдэг хүн нь 2004 онд 152 м/кв талбай бүхий газарт кадастрын зураг хийлгэсэн байсан боловч Б.Эд зарахдаа тухайн газрын хэмжээг 244 м/кв болгож бүхий газрын гэрчилгээг хууль бусаар авсан байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр, Д.Бийн өмчилж байгаа ... дүүргийн ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот 244 м/к талбай бүхий газрын байрлалын кадастрын зураг, дээрх газрыг хууль ёсны өмчлөгч тул өмчлөгчөөр 2006 оны ... сарын 30-ны өдөр бүртгэж Д.Б, Д.О нарт олгосон 000050293 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны ... сарын 01-ний өдрийн Б.Эын өмчлөлд дээрх хаягт байрлах газрыг бүртгэсэн 000566978 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, ... дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот албан бичгээр ... дүүргийн ... дүүргийн ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот хаягт байрлах 244 м/к талбай бүхий газрын өмчлөгчөөр 2006 оны ... сарын 30-ны өдөр Д.Б, Д.О нар бүртгэгдсэн, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Н.М өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.А өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Т өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2021 оны ... сарын 01-ний өдөр өв залгамжлалаар Б.Э өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч /... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн/ Ч.Пгийн өгсөн ... Бид тухайн газарт цэг тавиагүй. Яагаад гэвэл анхны цэг, тэмдэг дээр орц, гарц ямар байсан яг тэр цэгээрээ л байгаа. Энэ хүн тухайн үедээ анхаараагүй юм уу, Ц.А, Д.Б гэдэг хүмүүсийн хэн нь алдаа гаргасан юм мэдэхгүй өмчлөлийн гэрчилгээ нь 244 м м/кв гээд гарчихсан. Нийслэлийн засаг даргын захирамжаар болохоор 152 м/кв талбай бүхий газрыг олгосон. Яг нэг гэрчилгээ нэг захирамжтай. Нэг захирамжаар 2 өөр гэрчилгээ бичигдэхгүй. Д.Б гэдэг хүн төрийн албаны албан бичгийг засварласан уу, яасан мэдэхгүй, хамгийн гол нь Б.Э гэдэг хүний буруу биш. Б.Э гуайн хашааны газар нь 152 м/кв талбайтай, орц, гарц гээд маргаад байгаа тэр нарийхан хэсгийн газрыг нь оруулбал 244 м/кв талбайтай болоод байгаа юм гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч Б.Эын өмчлөлд бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот хаягт байрлах 244 м/к талбай бүхий газарт тухайн маргаан бүхий С.Нийн орц, гарцын зориулалтаар ашиглаж байга гэх газар хамаарч байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч С.Н биш байна. Учир нь,

 

... дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот албан бичиг, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000312839 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч Б.Эын өмчлөх эрхийг зөрчиж буй үйлдэл гаргаж байгаа гэх ... дүүргийн ... хороо, ...гийн ... гудамжны ... тоот хаягт байрлах газрын өмчлөгчөөр Р.А гэх иргэн бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилснаар нэхэмжлэгч Б.Э нь шаардах эрхтэй боловч түүний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь С.Н биш тул нэхэмжлэгчийн тус шүүхэд хариуцагч С.Нт холбогдуулан гаргасан ... миний өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрч орц, гарцын зориулалтаар газар газар ашиглаж буй хил зөрчсөн үйлдлээ зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эын хариуцагч С.Нт холбогдуулан гаргасан ... миний өмчлөлийн газарт хууль бусаар нэвтэрч орц, гарцын зориулалтаар газар ашиглаж буй хил зөрчсөн үйлдлээ зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР