Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00664

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2022/00664 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Б..ын М...,

 

Хариуцагч:... тоотод байрлах, регистр ..., Б..ХХК,

 

Хариуцагч:...тоотод оршин суух, регистр ... Б... овогт А...ийн Г...,

 

Нэхэмжлэлийн шаардлага:А.Г...аас 623 460 285 төгрөг, Б..ХХК-аас 1 726 218 705 төгрөг гаргуулах,

 

Б..ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага:624 328 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З..., өмгөөлөгч Т.Д..., хариуцагч А.Г..., хариуцагч Б..ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэг, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б..., Д.Д..., шинжээч Д.М..., З.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М... нь А.Г...аас 623 460 285 төгрөг, Б..ХХК-иас 1 726 218 705 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 107 тоот дүгнэлтээр Б.М... нь Б..ХХК-д нийт 1 926 218 705 төгрөгийн хөрөнгө оруулалтыг, А.Г...ад 63 460 285 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулсан болох нь тогтоогдсон.Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, энэ гэрээнд Б.М... А тал, Б..ХХК Б тал бөгөөд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Б.... уурхайд гэрээний А тал буюу нэхэмжлэгч Б.М... уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хөрөнгийг гаргаж, санхүүжүүлнэ, гэрээний 3.2.1-т А тал буюу нэхэмжлэгч Б.М... оруулсан хөрөнгө оруулалтаа 100 хувь буцааж мөнгөн хэлбэрээр авна, 3.2.2-т олборлолтын цэг байршлаас А тал 60 хувь, Б тал Б..ХХК 40 хувийг авах нөхцөлийг тохирч, үүний дагуу Б.М... 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Б..ХХК-д 1 726 218 705 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.Шинжээчийн дүгнэлтээр 1 926 000 000 төгрөг гэж гарсан боловч 200 000 000 төгрөг нь компани худалдаж авахад зарцуулагдсан тул уг мөнгийг хариуцагч А.Г...аас нэхэмжилж, үлдэх 1 726 218 705 төгрөгийг Б..ХХК-иас гаргуулна.

 

А.Г...аас зээлийн 60 000 000 төгрөг, Б..ХХК-ийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн 500 000 000 төгрөг, хөрөнгө оруулалтын 63 462 285 төгрөг нийт 623 460 285 төгрөгийг А.Г...аас гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б..ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа:Б..ХХК-ийг худалдан авах хэлцлийг С.Д...тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийж, Б..ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот шийдвэрийн нэгдүгээр хавсралтаар Б..ХХК-ийн дүрмийг баталж, А.Г...ыг захирлаар томилж, эрхийг шилжүүлсэн байхад Б..ХХК, Б.М... нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч А.Г..., өмгөөлөгч нар тайлбартаа:500 000 000 төгрөгийг Б..ХХК-ийн анхны эзэн Д...д өгсөн, би 2015 оны 01 дүгээр сард 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, 20 000 000 төгрөг, 35 000 000 төгрөгийг мэдэхгүй, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн компанийн 500 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б..ХХК нь нэхэмжлэгч Б.М...ээс 624 328 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

 

А.Г..., Б.М... нар 2015 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б..ХХК-ийг Д...гаас 500 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор компанийн эрхийг шилжүүлж авч, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Б.... уурхайд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 10,093 килограмм алт олборлосон. Тухайн үед эхнэр нөхрийн харилцаатай байсан тул нууц үгийг нь өөрсдөө мэддэг сейфтэй, 2 түлхүүрийг нэг нэгээр нь эзэмшдэг байсан ба сейф дотор байсан алтыг Б.М... нь А.Г...ад мэдэгдэлгүйгээр аваад явсан, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7 килограмм гаруй алтыг Монгол банканд тушааж, үлдэгдэл 3 килограмм 857 грамм алтыг Б.М... өөртөө үлдээж, компанид буцааж өгөөгүй тул алтны үнэ болох 555 000 000 төгрөгийг гаргуулна.

 

Б.М... А.Г... нар олборлосон алтны улмаас маргалдаж, А.Г...ын эзгүйд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр уурхай дээрх компанийн эд хөрөнгө болох 2015 оны жилийн эцсийн тайлан, үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн 941 000 000 төгрөгийн эд хөрөнгөөс 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдаж авсан 33 250 000 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг гэр, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан нэг бүрийн үнэ 3 500 000 төгрөгийн 8 ханатай гэр, 1 800 000 төгрөгийн үнэтэй камин зуух, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худалдаж авсан 8 ханатай 8 500 000 төгрөгийн үнэ бүхий гэр, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөгөөр худалдаж авсан оффисын контейнер, 5 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан нэг бүрийн 180 000 төгрөгийн үнэтэй 360 000 төгрөгөөр худалдаж авсан 2 ширхэг ДДИШ кабелийн антен, 4 дүгээр сарын 24-ний өдөр 3 500 000 төгрөгөөр захиалгаар хийлгэсэн 20 ширхэг ор, 2015 оны 10 дугаар сард 1 070 000 төгрөгөөр худалдаж авсан 8 ханатай гэр дээвэр, туурга, гэр тус бүрд байсан зуух, түлээний хайрцаг зэрэг нийт 990 000 төгрөгийн эд хөрөнгө буюу бүгд үнэ 69 309 000 төгрөгийн эд зүйлсийг Б.М... ачиж авч явсан, эдгээрийн үнэ 69 309 000 төгрөгийг Б.М...ээс гаргуулна гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

Б..ХХК-ийн нийт олборлосон 10,093 килограмм гэх алтнаас 832.4 грамм гарч байна.Өөрсдөө хэдэн килограмм алт олборлож, тушааснаа мэдээгүй байж Б.М... авсан гэж яриад байгаа үндэслэлгүй, 3,857.3 килограмм алтыг Б.М... авч яваагүй.Хэрэгт авагдсан уурхайтай холбоотой бүхий л баримтыг Б.М... гаргаж өгсөн, нэхэмжлээд байгаа уурхайн эд хөрөнгийг Б.М... өөрийн хөрөнгөөр авсан тул өөрөө эдгээр эд хөрөнгийг аваад явсан.Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч А.Г... нь Б..ХХК-ийн уурхайд хөрөнгө оруулаад, ийм хэмжээний эд хөрөнгийг авсан гэх үйл баримт байхгүй.Б.М... өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эд хөрөнгүүдээ авсан, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс:Нэгдүгээр хавтаст хэрэгт-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар, Б..ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын MV-016867 дугаар тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, Б..ХХК-ийн дүрмийн хуулбар, Баянгол дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулсан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичгийн хариу, Б..ХХК-аас Монгол банканд алт худалдсан баримтуудын хуулбар, мемориалын ордерууд, нэхэмжлэх, гулдмай хүлээн авсан баримтууд, С.Д..., А.Г... нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн Эрх шилжүүлэх гэрээ, Б..ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хөөрөгний тодорхойлолт, шинжилгээний дүн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 056 дугаар дүгнэлт, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, А.Г...ын Хас банкин дахь дансны хуулгууд, Хаан банкин дахь дансны хуулгууд, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.М...ыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, С.Б..., Г.О..., Ч.У... нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Монголын санхүүгийн групп ББСБ-аас Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар яллагдагч А.Г...ад холбогдох эрүүгийн хэргийн талаарх яллах дүгнэлт, хавсралт, О... ХХК, Б..ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ, алт олборлолтын журнал, ажиллагсдын цалингийн тооцооны хүснэгт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэрчээр Ч.Э..., С.Д..., А.Г... нарыг байцаасан тэмдэглэл, Б.М...ийн Б..ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын тооцооны баримтууд, Б.М...ийн Б..ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ,

 

Хоёрдугаар хавтаст хэрэгт-Б..ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, Б.М...ийн Хаан банкин дахь дансны хуулгууд, Б..ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт баримтууд,

 

Нэг хавтас бүхий 146 хуудастай, санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд өгсөн.

 

Хариуцагчаас:Хоёрдугаар хавтаст хэрэгт-Б..ХХК-иас Шүүхийн ерөнхий зөвлөлд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гомдол, хариу, Б..ХХК-иас Авилгатай тэмцэх газарт 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гаргасан гомдол, хариу, Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдол, хариу, Нийслэлийн Прокурорын газарт 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан гомдол, Б.М...ийн орлогын жагсаалт, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.М..., А.Г... нарыг асуусан тэмдэглэл, хохирогч Б.М...ийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл, Э.Г..., М.О..., Д.Г..., А.Х... нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Хаан банкин дахь Ч.Э..., О.Б... нарын дансны хуулга, 466 хуудас санхүүгийн баримтын тайлбар тооцоо, Б..ХХК-ийн 2015 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан, санхүүгийн байдлын тайлан,

 

Гуравдугаар хавтаст хэрэгт-Б..ХХК-ийн Голомт банкин дахь дансны хуулга, Б.М... 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эд хогшил авч явсан гэх зургууд, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Б.М...ийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Б..ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын кассын орлого, зарлагын тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэл, 2015 оны 8, 10, 12 дугаар сарын цалин бодсон хүснэгт, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.М...ийг хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, Т.З..., Т.О... нарыг гэрчээр, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.М...ийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр А.Г...ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Б..ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын татварын тайлан, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангууд /54-81/, Эрүүгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Б.М...ийг асуусан тэмдэглэлүүд, Булган аймгийн Цагдаагийн газарт Б.М...ийн өгсөн тайлбар, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст А.Г...ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Б.Б..., Д.Г..., Н.А..., Н.Э.., Ө.У..., А.Р..., Ч.Л... нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын .. тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж, Д... ХХК-ийн бараа материалын тооцоо, үнэт металл хайлсан тухай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот акт, алт олборлолтын гар тэмдэглэл, Б.М...ийн худалдаа хөгжлийн банкин дахь, Төрийн банкин дахь, Д... ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь, Б.Э...гийн Хаан банкин дахь дансны хуулгууд /101-147/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай ... дугаар тогтоол, гомдлын хариу, Б..ХХК-иас .... сумын засаг даргад 3 га газар эзэмшүүлэх хүсэлт, .... сумын засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ, Г.... ХХК, Д.... ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, А.... ХХК-тай байгуулсан барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, Д....ХХК-д шилжүүлсэн мөнгөний баримт, бараа материал худалдан авсан баримтууд, .... аймгийн Цагдаагийн газарт Б.М..., А.Г..., А.Г..., Ч.Л... нарыг асуусан тэмдэглэл, Б..ХХК-ийн хөрөнгийг буулган ачиж байгаа зураг, үндсэн хөрөнгийн жагсаалт, кемпэд худалдан авсан эд зүйлсийн баримтууд /215- 4хх-28/

 

Дөрөвдүгээр хавтаст хэрэгт- Алт олборлолтын дэвтрийн гар түүвэр, жагсаалт, Б..ХХК-ийн 2018-2019 оны санхүүгийн тайлан, 2015 оны 4 дүгээр улирлын балансын кассын тайлан, 40 тоннын чингэлэг худалдан авсан баримт, кемпэд эд зүйлс худалдан авсан баримт, А.Г...ын Б.С...тай байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, Б..ХХК-ийн Хас банкин дахь дансны хуулгууд,

 

Тавдугаар хавтаст хэрэгт-Б..ХХК-ийн 2015 оны тайлан, мөнгөн хөрөнгийн журнал, 2017, 2018, 2019 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангуудыг шүүхэд өгсөн.

 

Шүүхийн журмаар Хаан банкин дахь Б.М..., О.Б..., Ч.Э... нарын дансны хуулга /2хх 211-214/, гэрчээр Ч.Э..., О.Б..., П.Б... нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /3хх 22-28/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архиваас ирсэн баримтууд /3хх 35-53/, Хаан банкны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар шинжээчийн дүгнэлт, /5хх 229-250, 6хх 1/ бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М...ийн хариуцагч А.Г...аас 623 460 285 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 565 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 58 460 285 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Б.М...ийн хариуцагч Б..ХХК-иас 1 726 218 705 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 136 182 640 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1 590 036 065 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3.Хариуцагч Б..ХХК-ийн нэхэмжлэгч Б.М...ээс 624 328 205 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн 60 000 000 төгрөг, Б..ХХК-ийг худалдан авахад 500 000 000 төгрөг, хөрөнгө оруулалтын 63 460 285 төгрөг нийт 623 460 285 төгрөгийг хариуцагч А.Г...аас, хөрөнгө оруулалтын 1 726 218 705 төгрөгийг хариуцагч Б..ХХК-иас гаргуулна гэв.

 

Хариуцагч А.Г... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: 500,000,000 төгрөгийг С.Д...д өгсөн, би 2015 оны 01 дүгээр сард 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, 20 000 000 төгрөг, 35 000 000 төгрөгийг мэдэхгүй, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б..ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Б.М... 1 726 218 705 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэхэмжлэлийн дүнгээс зарим хэсгийг зөвшөөрнө гэв.

 

Хариуцагч Б..ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ-Б.М... нь алтны үнэ 55 019 200 төгрөг, уурхайгаас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр авч явсан эд зүйлсийн үнэ 69 309 00 төгрөг нийт 624 328 205 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг-Б..ХХК-иас алт авч яваагүй, өөрийн хөрөнгөөр авсан эд зүйлсийг уурхайгаас авсан гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1.Хариуцагч А.Г... нь С.Д...гаас Б..ХХК-ийг худалдан авах зорилгоор Б.М...ээс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 300 000 000 төгрөг нийт 500 000 төгрөгийг авсан, 2014 оны 8 сард 35 000 000 төгрөг, 2014 оны 9 сард 20 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 8-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн А.Г...ын мэдүүлэг, эрүүгийн хэрэгт өгсөн гэрч С.Д...н мэдүүлэг, хохирогч Б.М...ийн мэдүүлэг, гэрч С.Б...гийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан А.Г...ын тайлбараар нотлогдож байх тул Б.М..., А.Г... нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

А.Г... нь 500 000 000 төгрөгийг С.Д...д өгсөн, Б..ХХК-ийг худалдан авах хэлцлийг С.Д...тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан, Б..ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот шийдвэрээр Б..ХХК-ийн дүрмийг баталж, А.Г...ыг захирлаар томилсон болох нь хариуцагч А.Г..., түүний өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Б..ХХК-ийн үүсгэн байгуулагч 1, гишүүдийн тоо 1, А.Г...ыг захирлаар томилж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхад Б.М... нь зээлийн 500 000 000 төгрөгийг, бусад зээлийн 60 000 000 төгрөгийн хамт А.Г...аас шаардах эрхтэй байна.

 

Харин Б.М... нь А.Г...тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй, улмаар тэд тодорхой хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан гэж хариуцагч А.Г... тайлбарлаж байна.

 

А.Г...ад хөрөнгө оруулсан гэх 63 460 285 төгрөгөөс баримтаар тогтоогдсон 2015 оны 1 дүгээр сарын 5 000 000 төгрөгийг гаргуулан, үлдсэн 58 460 285 төгрөгийн хэмжээнд А.Г...ад хөрөнгө оруулсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул А.Г...аас 565 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 58 460 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Б.М... нь Б..ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцсон байна./1хх 193-194/

 

Гэрээгээр Б.М... нь ... аймгийн ... сумын нутагт байрлах Б.... уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулахад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ, Б.М... нь 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хөрөнгө оруулалтыг 100 хувь бүрэн хариуцан хийнэ гэж тохирсон бөгөөд талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд Б.М... Б..ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Б.М...ээс Б..ХХК-д 1 726 218 705 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэжээ.

 

Нэг хавтас, 466 хуудас бүхий санхүүгийн анхан шатны баримтуудаас үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 41 503 000 төгрөг, 19 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 21 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 360 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 360 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 160 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 500 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 171 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 97 600 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1 578 740 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 443 850 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 508 850 төгрөг нийт 136 036 640 төгрөгийг Б.М... төлсөн байна.

 

Энэхүү мөнгөн дүнд кассын зарлагын ордер бичигдсэн бөгөөд байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаагүй боловч уг зарлагын баримтыг үндэслэн мөнгөн гүйлгээ хийгдсэн банкны орлогын мэдүүлэгтэй байх тул хангах үндэстэй гэж үзэв.

 

Харин бусад санхүүгийн анхан шатны баримтуудад кассын зарлагын ордер бичигдсэн боловч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаагүй, худалдсан болон худалдан авсан байгууллагын нэр бичигдээгүй, засвартай, гарын үсэг нь уншигдахгүй зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байна.

 

Түүнээс гадна санхүүгийн анхан шатны баримт болох кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, зарлагын баримтуудад бичигдсэн дүнгээр мөнгөн гүйлгээ хийгдсэн баримт, банкны орлогын мэдүүлэг авагдаагүй буюу дэмжих баримтгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Б..ХХК-иас 136 182 640 төгрөгийг гаргуулан Б.М...т олгож, үлдсэн 1 590 036 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Б.М... нь Б..ХХК-ийн олборлосон алтнаас 3.857.3 кг алт болон 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 69 309 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Б.М... нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Б..ХХК-иас 69 309 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө авсан болохыг зөвхөн хэрэгт авагдсан гэрэл зургуудаар нотлогдож байна гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр баримтыг хариуцагч нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан болох нь тогтоогдохгүй байна./3хх 8-14, 4хх 17-28 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

 

Нөгөө талаар Б..ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын үндсэн хөрөнгийн бүртгэлд 8 төрлөөр барилга, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер бусад хэрэгсэл, бусад үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, тусгай зөвшөөрөл гэж бичигдсэн байна./3хх-39, 58/

 

Харин нэхэмжлэгчээс шаардаж байгаа 69 309 000 төгрөгийн үнэ бүхий монгол гэр, гэрийн туурга, дээвэр, камин зуух, оффисын контейнер, ДДИШ кабелийн антен, ор, гэр дээвэр, туурга, зуух, түлээний хайрцаг зэрэг эд хөрөнгүүд Б..ХХК-ийн хөрөнгө болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Иймд Б.М...ээс 624 328 205 төгрөг гаргуулах тухай Б..ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.М...ийн төлсөн 12 153 407 төгрөг, Б..ХХК-ийн төлсөн 3 000 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Г...аас 2 982 950 төгрөг, Б..ХХК-иас 838 663 төгрөгийг тус тус гаргуулан Б.М...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан А.Г...аас 565 000 000 /таван зуун жаран таван сая/ төгрөгийг гаргуулан Б.М...т олгож, үлдсэн 58 460 285 /тавин найман сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан Б..ХХК-иас 136 182 640 /нэг зуун гучин зургаан сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулан Б.М...т олгож, үлдсэн 1 590 036 068 /нэг тэрбум таван зуун ерэн сая гучин зургаан мянга жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Б.М...ээс 624 328 205 /зургаан зуун хорин дөрвөн сая гурван зуун хорин найман мянга хоёр зуун таван/ төгрөг гаргуулахыг хүссэн Б..ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.М...ийн төлсөн 12 153 407 төгрөг, Б..ХХК-ийн төлсөн 3 000 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Г...аас 2 982 950 төгрөг, Б..ХХК-иас 838 663 төгрөгийг тус тус гаргуулан Б.М...т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН