| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0957/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1099 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1099
2024 10 15 2024/ШЦТ/1099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч М.Сүхчулуун,
хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Б.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д д холбогдох эрүүгийн 2406 00000 1070 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Д , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,******* гадна талд хохирогч Д.Б тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа цохих, түлхэж газарт унагах, биеийн жингээр бие дээр нь дарах зэргээр бие махбод, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, өвчүү ясны зөрүүтэй хугарал, зүүн 4, 7 дугаар хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би өмнөх шүүх хурал дээр болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Б.Д гийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед дүүргийн засаг даргын захирамжийн дагуу их цэвэрлэгээний улирал эхэлсэн байсан. 5 дугаар байрны оршин суугчдын гаргасан саналыг хүлээн зөвшөөрч, хогийн савыг нь хуучин байсан байрт нь тавих үед энэ асуудал үүсэн. Би энэ хүний биед хүнд хохирол учруулах хэмжээний цохиж, зодоогүй. Би энэ хүнээс уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулсан” гэх мэдүүлэг (2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч Д.Б ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр өгсөн. Би архи огт амсдаггүй. Айраг ч уудаггүй. Би өмнө нь архи уудаг байсан. Сүүлийн 12-15 жил архи амсаагүй. Архи амсдаггүй хүнийг тэгж худлаа ярьж байгаад гомдолтой байна. Бас намайг өөрийг нь өшиглөсөн, хутга барьсан гэж худлаа мэдүүлэг өгч байна. Энэ энэ асуудал дээр гомдолтой байна” гэх мэдүүлэг (2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед манай байрны гадаа буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны хажууд манай байртай тулгаад экскаватороор шороог нь ухаад газар тэгшлээд байхаар нь би очоод манай байрыг хариуцсан хэсгийн ахлагч О-аас “та нар чинь энэ хогийн саваа холдуулна гэчхээд яагаад ойртуулаад байгаа юм бэ” гэсэн чинь “нөгөө талд нь байрлуулъя гэхээр хүмүүс дургүйцээд байна” гэхээр нь “та нар хашааг нь буулгаад ухаж байна гэдэг чинь айлын хашаанд орж ирээд газрыг нь ухаж байгаагаас ялгаа юу байна” гээд яриад байж байтал хажуу талаас өөрийгөө хэсгийн ахлагч Д гэх эрэгтэй над руу хандаж “та нар нохой шиг амьдарч байгаа муу лалрууд энэ хавийг чинь гоё болгох гэж байна” гэж над руу хашхичаад эхлэхээр нь би “чи яагаад над руу хашхичаад байгаа юм бэ” гэсэн чинь хашхичиж байгаад над руу ойртоод ирэхээр би гараараа цээж рүү нь түлхсэн чинь миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон чинь би бага зэрэг манараад доош тонгойсон чинь хүзүүнээс сугандаа хавчуулж байгаад дээш өргөж хөшөөд хажуу тийшээ мушгиж газар унагаад дээр гарч суугаад босгохгүй хоолой боож хэсэг байж байгаад миний амьсгаа давчдаад ирсэн чинь царай хараад “үхлээ шүү дээ чи” гээд босож ирээд гэр лүүгээ орж хувцсаа сольчхоод байрныхаа залууг гуйгаад цагдаа дээр ирсэн. Толгой дүүрээд амьсгалж чадахгүй, өвдөг, гар хэсэг шалбарсан, зүүн завжнаас бага зэрэг цус гарсан өөр ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байна. Уг гэмтлүүдийг Д учруулсан...
...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд өвчүүний зөрүүтэй хугарал, 2 хавирганы хугаралтай гэсэн онош гарч тус хариуг Шүүх шинжилгээний ерөнхий газарт үзүүлж дүгнэлтээ гаргуулсан. Одоо тухайн гэмтлээс болж үүссэн такси үйлчилгээ, хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгч чадахгүй болсны улмаас хүн хөлсөлсөн. Тухайн асуудлаас болж куртик халтар болж хими цэвэрлэгээнд өгсөн баримт, эм тариа эмчилгээний зардалд зарцуулсан баримтуудыг хавсралтаар гаргаж өгч байна. Миний хүзүүгээр баруун гараа оруулж боогоод дээш нь татаад байсан тэгээд хэсэг хугацаанд манарсан нэг мэдсэн чинь дээшээ хараад хэвтчихсэн. Миний дээр Д нь баруун өвдгөөрөө цээжин дунд хэсэгт өвдөглөсөн зүүн гараараа хоолойн дээр бага зэрэг шахаж барьсан байдалтай баруун гараараа цохих гэж зангаж байсан гэхдээ цохиогүй. Энэ үед л уг гэмтлүүд үүссэн гэж бодож байна. Тэр үедээ нээх өвдөлт өгөхгүй байсан боловч цагдаагийн хэлтэст ирэхэд бага багаар нэмэгдсээр их өвчин цээж хэсгээр орсон. Миний сэтгэл санаа маш хүнд байсан, мөн үр хүүхдүүдийн сэтгэл санаа хэцүү байсан. Би хүүхдүүдээ байнга өөрөө сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг байсан. Мөн хувцас хунараа гараараа угааж өгдөг байсан энэ зүйлүүдээ бие өвдсөний улмаас хийж чадахгүйд хүрч хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 71 дүгээр хуудас),
Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч ажилтай уг ажилд томилогдоод 03 жил гаруй болж байна. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга*******ийн шийдвэрээр тус хорооны 1 дүгээр хэсгийн 3, 5 дугаар байрны хогийн цэгийг нэгтгэх зорилгоор 14 дүгээр хэсгийн ахлагч ажилтай Д , 19 дүгээр хорооны жижүүр А нарын хамт 1 дүгээр хэсгийн 5 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд нь байрлуулах ажлыг хийгээд байж байтал 5 дугаар байрны оршин суугч Б гэх иргэн гарч ирээд “манай байрны гадаа хогийн сав байрлуулах гэлээ” гээд хэрүүл маргаан үүсгээд Б нь Д-ийн цээж рүү 1 удаа гараараа цохисон чинь Д зөрүүлээд Б-ийн баруун хацар хэсэг рүү 1 удаа гараараа түлхэж газар унагаад цагдаа ирэхийг хүлээнэ гээд хэсэг хугацаанд дээр нь хөдөлгөөнгүй дарж хэвтсэн энэ хооронд би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 0 дугаараас “Ажил үүрэг гүйцэтгэж байхад иргэнээс хэрүүл гараад зодоон үүсгэж байна.” гэсэн утгатай дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд Д нь Б-ийн дээр нь хоёр гарыг нь цээжин дээр нь дараад нэлээн хэсэг хугацаа болсон ба цагдаа ирэхгүй байхаар нь Б өөрөө “больё, больё, хэрүүл уруулаа больё” гэхээр нь Д нь Б-ийг босгоход Б нь босож ирээд зүүн талын хавирга хэсэгтээ дараад “хавирга хугарчихлаа” гэж байсан ба бид гурав 89 дүгээр дэлгүүрийн үүдэнд ярилцаж сууж байгаад Б нь “бид 2 ойлголцчихлоо цагдаагаар яах вэ, гадуураа куртик өмсчхөөд ирье даараад байна” гэж хэлэзд гэр лүүгээ орсон уу яасан алга болчихсон тэгэхээр нь би тэр хоёрыг учраа олчихлоо гэж бодоод 102 дугаар луу залгаж “дуудлагаа цуцлуулъя” гээд ярьж байсан утас тасарчихсан тэгээд удалгүй “таны дуудлагын дагуу цагдаагаас ярьж байна” гэхээр нь “маргалдаж байсан хүмүүс хоорондоо ярилцаад учраа олчихлоо” гэж хэлээд луудлагаа цуцлуулсан. Тэгээд Д бид хоёр Б-ийг ирэх юм байх гэж бодоод 89 дүгээр дэлгүүрийн гадаа хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь хороо 1 луу орж хэсэг хүлээж байгаад гэр гэр лүүгээ харьсан. Тухайн үед маргаан болоод дууссаны дараа Б нь “зүүн талын хавирга хугарчихлаа” гэж ярьж байсан би хавирга хугарах хэмжээнд зодолдсон гэж бодоогүй баашилж байна даа гэж бодсон. Тухайн асуудал болсны маргаашаас буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д нь “Б-ийн цохисон хэсэгт гээд цээжин дээрээ дараад хөндүүртэй байна, зовуурьтай байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Д , О нарын хамт тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хойд талын хогийн савыг 3 дугаар байрны зүүн хойд буланд шилжүүлэн байршуулах ажлыг хийгээд байж байсан чинь 5 дугаар байрны оршин суугчид эсэргүүцэж хэл ам хийж байгаад явцгаасан. Тэгсэн чинь 5 дугаар байрны оршин суугч Б гэх хүн гарч ирээд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай “энд хогийн сав тавиулахгүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд хэсгийн ахлагч Д-тэй маргалдаж хэрэлдэж байгаад Д-ийн нүүр цээж хэсэг рүү хоёр удаа алгадах шиг болсон ба би жаахан зайд зогсож байсан. Тэгсэн чинь Д нь Б-ийн нүүр хэсэгт нэг удаа алгадаад хоёр гарын ханцуйн дээрээс нь доош дараад байсан. Тэр үед Б нь Д-ийн хөл рүү ганц нэг өшиглөх хөдөлгөөн хийж байсан оновчтой цохисон эсэхийг мэдэхгүй. Д нь үргэлжпүүлээд Б-ийн хоёр ханцуйн дээрээс нь атгаад доош нь хөдөлгөхгүй дараад боржур дээр суулгаад хэсэг хугацаа болохоор нь гайгүй болчих байлгүй гэж бодоод ажлаа хийж байгаад нэг харахад тэр боржур дээр тамхи татаад сууж байсан. Тэгээд би хороо руугаа орсон. Тэрнээс хойш зодоон болоогүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4969 дугаар “... Д.Б ийн биед өвчүү ясны зөрүүтэй хугарал, зүүн 4,7-р хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Өвчүү ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь Гэмтлмийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 684 дугаар “... Дашнямын Б-ийн сэтгэцэд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд идэрч F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэг оношлогдож байна. ... гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),
Шүүгдэгч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай уг ажилд томилогдоод 02 жил гаруй хугацаа болж байна. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын томилгоогоор 1 дүгээр хэсгийн ойр орчмыг цэвэрхэн болгох зорилгоор 1 дүгээр хэсгийн ахлагч Х.О , 19 дүгээр хорооны жижүүр А нарын хамт 1 дүгээр хэсгиин 5 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах хогийн савны байрлалыг 1 дүгээр хэсгийн 3 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь байрлуулах ажпыг хийгээд байж байтал 5 дугаар байрны оршин суугчид гарч ирээд эсэргүүцэл үзүүлээд “та нар энд тавих гэлээ наадах чинь цонхоор хог үнэртээд байна” гээд байсан ба бид нар нийтийн эзэмшлийн талбай дээр буюу 3 дугаар байрны зүүн хойд талд тус хогийн савыг байрлуулсан. Тэгээд 5 дугаар байрны оршин суугчид явчихсаны дараа тус байрны оршин суугч Б гэх иргэн гарч ирээд “наана чинь хогийн сав байрлуулахгүй, хүүхдийн талбайд байрлуул” гээд кранаар өргөсөн хогийн савны доор зогсоод холдохгүй байхаар нь би тэр хүнд хандаж “эндээс холд танд ерөөсөө хамаагүй газар” гэсэн чинь над руу хэрүүл маргаан үүсгээд бид маргалдаад зүүн гараараа миний эрүүний баруун хэсэг болон баруун эгэм хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо хөл алдаад буцаж ирэхдээ тэр хүний нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа алгадаад баруун гараараа хүзүү хэсэгт нь түлхсэн чинь дахиад над руу дайраад ирэхээр нь би биеэ холдуулаад зүүн гараараа толгой, гар хоёрыг нь зэрэгцүүлээд сугандаа хавчуулаад тэврээд авсан чинь доогуураа миний баруун хөлийн шилбэ рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь хорооны жижүүр Аваажаргал, 3 дугаар байрны оршин суугч Б хоёр бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь Б эргэж ирээд миний нүүр хэсэг рүү шүлсээрээ нулимахаар нь би хоёр гараараа түүний хоёр гараас нь доош дугтрахад Б яг боржуур дээр сууж таарсан. Тэгээд буцаж босож ирэх гэхээр нь би хоёр гараараа түүний хоёр гарыг нь бариад хөдөлгөөнгүй хэсэг байж байгаад гарыг нь тавиад хажуу талд нь боржур дээр суугаад тамхи татаад нэлээн тайвширч ярилцаад сууж байгаад Б нь даараад байна гэртээ орж зузаан куртик өмсчхөөд ирье” гээд явсан ба би тэр хооронд ажлаа хийгээд хогийн саваа байрлуулаад байж байтал 10-д минутын дараа Б нь над дээр ирээд халааснаасаа хутга гаргаж ирээд надад харуулаад “энүүгээр би чамайг нэг удаа хатгачихъя” гэхээр нь би Б хандаж “та хутга гаргаж ирж байгаа бол хоёулаа цагдаагаар нь шийдүүлье, цагдаа ирж байгаа” гэсэн чинь Б яваад өгсөн. Би 19 дүгээр хорооны байр луу ороод 20-30 минут сууж байгаад гарч ирэхэд гадаа хүмүүс байхгүй байсан тул гэр лүүгээ шууд харьсан. Тухайн үед Б-ийг хөдөлгөөгүй шахаад сууж байхад Б нь амьсгаадаад байна гэж хэлж байсан ба нэлээн амьсгаа өндөртэй байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тухайн асуудал болсны дараа би гэртээ очоод /унтах гээд хувцсаа тайлсан чинь баруун хөлийн шилбэ хэсэгт шалбарсан байсан. Тэр өдрөөс хойш маргааш нь ажил дээрээ ирэхэд миний зүүн хөхний доод хэсгээр хатгуулсан тэгэхээр нь би зүрхээр хатгуулж өвдөж байна даа гэж бодсон тэгтэл зүүн хөхний доод хэсэгт дарах үед хөндүүртэй болсон байсан. Б-ийн амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан боловч биеэ удирдах чадвартай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
Дугаарлагдаагүй: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-д 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн: “...бичлэгийг VLC видео тоглуулагчаар тоглуулахад 39 секундын бичлэг байх ба бичлэг эхлэхэд ногоон өнгийн цамцтай, хар саарал өнгийн саравчтай малгайтай, хөх өнгийн өмдтэй /цаашид Б.Д /, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай /цаашид Д.Б / нар хоорондоо:
Б.Д ... өмчлөлд авсан газар уу чиний ...
Д.Б ... энэ миний өмчлөөд авчихсан газар уу тэгвэл ...
Б.Д ... наадах чинь хар зам тавиал аятайхан болгочихоод байгаа юм ...
Д.Б ... аятайхан болгочихоод тэгээд хашгич байгаад өмчилчихдөг юм гэсэн ...
Б.Д ... гадны архичид оруулахгүй гэж оршин суугчид нь ийм юм болгож байгаа юм уу ...
Д.Б ... битгий хуц архичид нь зүгээр яваад ороод ирдэг юм явган яваад ордог юм битгий хуцаарай чи ...
Б.Д ... хуучин ямар газар байсныг та нар мэдэж байгаа, архидалт янханы газар байсан юм энэ чинь ...
Д.Б ... харин тэгээд хэний мөнгөөр хийсэн юм тэгвэл, төсвийн мөнгөөр...
Б.Д ... чиний мөнгөөр хийгээгүй улсын мөнгөөр хийсэн юм ...
Д.Б ... улсын мөнгө чинь миний мөнгө гэсэн үг нус минь ээ ... гэж хэлээд зүүн гараараа Б.Д гийн цээжний баруун хэсэгт түлхэх ба Б.Д нь зүүн гараараа Д.Б ийн нүүр хэсэгт 1 удаа баруун гараараа 1 удаа цохих үед Д.Б нь арагшлаад буцаж ирэх үед барьцалдаад Б.Д нь Д.Б ийн толгойг цээж хэсгээр дарж баруун гараар зүүн суган доогуур гаргаж бариад зогсож байгаад урагш түрж бичлэгээс гарах ба нэг эмэгтэй хүн /цаашид О/ цагдаа дуудчих уу гэж хэлж байгаа нь бичигдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Б ийн Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтас 3 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 71-79 дүгээр хуудас),
Б.Д гийн хохирол барагдуулсан баримт (хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Б.Д г Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар томилсон тухай үнэмлэх (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),
Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 54-59, 61-65 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 157 дугаар хуудас), Эрүүл мэндийн даатгалын санд мөнгө тушаасан баримтын хуулбар 2 хуудас зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,******* гадна талд хохирогч Д.Б тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа цохих, түлхэж газарт унагах, биеийн жингээр бие дээр нь дарах зэргээр бие махбод, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, өвчүү ясны зөрүүтэй хугарал,зүүн 4, 7 дугаар хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 0 хэсгийн ахлагч ажилтай, харин хохирогч Д.Б нь Баянзүрх дүүргийн 0 байрны оршин суугч.
Хэрэг учрал болсон гэх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Г.Ш-ийн өгсөн Баянзүрх дүүргийн 0 хороо, 0-0 дугаар байрны гадна тал дахь хогийн цэгийг нэгтгэх үүрэг даалгаврын дагуу хэсгийн ахлагч Б.Д нь Х.О , Х.А-ын хамтаар уг өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 хороо, 0-0 дугаар байрны гадна ажил гүйцэтгэж байх явцад оршин суугч Д.Б гарч ирээд “хогийн сав тавиулахгүй” гэж маргаан үүсгэж, хогийн савыг шилжүүлэн тавих үед хааж зогсож үйл ажиллагаанд саад учруулсан.
Улмаар оршин суугч Д.Б нь хэсгийн ахлагч Б.Д холдуулах гэхэд маргалдаж, цээжний баруун хэсэгт зүүн гараараа түлхэн халдаж дайрсан байх ба хэсгийн ахлагч Б.Д зөрүүлээд зүүн гараараа Д.Б ийн нүүр хэсэгт нэг удаа, баруун гараараа нэг удаа цохиж, Д.Б , Б.Д нар барьцалдаж, Б.Д нь Д.Б ийг дарж унаган хөдөлгөөнийг нь хязгаарлаж, хэсэг хугацааны дараа Д.Б нь Б.Д д ханаж “больё, больё, хэрүүл уруулаа больё” гэснээр түүнийг босгосон үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Б өд Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4969 дугаар дүгнэлтээр “Өвчүү ясны зөрүүтэй хугарал зүүн 4,7-р хавирганы цуурал, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдож, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Дээрх үйл баримт нь гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч ажилтай уг ажилд томилогдоод 03 жил гаруй болж байна. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга Ш шийдвэрээр тус хорооны 1 дүгээр хэсгийн 3, 5 дугаар байрны хогийн цэгийг нэгтгэх зорилгоор 14 дүгээр хэсгийн ахлагч ажилтай Д , 19 дүгээр хорооны жижүүр Аваасүрэн нарын хамт 1 дүгээр хэсгийн 5 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд нь байрлуулах ажлыг хийгээд байж байтал 5 дугаар байрны оршин суугч Б гэх иргэн гарч ирээд “манай байрны гадаа хогийн сав байрлуулах гэлээ” гээд хэрүүл маргаан үүсгээд Б нь Д-ийн цээж рүү 1 удаа гараараа цохисон чинь Д зөрүүлээд Б-ийн баруун хацар хэсэг рүү 1 удаа гараараа түлхэж газар унагаад цагдаа ирэхийг хүлээнэ гээд хэсэг хугацаанд дээр нь хөдөлгөөнгүй дарж хэвтсэн энэ хооронд би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд******* дугаараас “Ажил үүрэг гүйцэтгэж байхад иргэнээс хэрүүл гараад зодоон үүсгэж байна.” гэсэн утгатай дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд Д нь Б-ийн дээр нь хоёр гарыг нь цээжин дээр нь дараад нэлээн хэсэг хугацаа болсон ба цагдаа ирэхгүй байхаар нь Б өөрөө “больё, больё, хэрүүл уруулаа больё” гэхээр нь Д нь Б-ийг босгоход Б нь босож ирээд зүүн талын хавирга хэсэгтээ дараад “хавирга хугарчихлаа” гэж байсан ба бид гурав 89 дүгээр дэлгүүрийн үүдэнд ярилцаж сууж байгаад Б нь “бид 2 ойлголцчихлоо цагдаагаар яах вэ, гадуураа куртик өмсчхөөд ирье даараад байна” гэж хэлэзд гэр лүүгээ орсон уу яасан алга болчихсон тэгэхээр нь би тэр хоёрыг учраа олчихлоо гэж бодоод 102 дугаар луу залгаж “дуудлагаа цуцлуулъя” гээд ярьж байсан утас тасарчихсан тэгээд удалгүй “таны дуудлагын дагуу цагдаагаас ярьж байна” гэхээр нь “маргалдаж байсан хүмүүс хоорондоо ярилцаад учраа олчихлоо” гэж хэлээд луудлагаа цуцлуулсан. Тэгээд Д бид хоёр Б-ийг ирэх юм байх гэж бодоод 89 дүгээр дэлгүүрийн гадаа хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь хороо 1 луу орж хэсэг хүлээж байгаад гэр гэр лүүгээ харьсан. Тухайн үед маргаан болоод дууссаны дараа Б нь “зүүн талын хавирга хугарчихлаа” гэж ярьж байсан би хавирга хугарах хэмжээнд зодолдсон гэж бодоогүй баашилж байна даа гэж бодсон. Тухайн асуудал болсны маргаашаас буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д нь “Б-ийн цохисон хэсэгт гээд цээжин дээрээ дараад хөндүүртэй байна, зовуурьтай байна” гэж хэлж байсан.” гэж,
Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Д , О нарын хамт тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хойд талын хогийн савыг 3 дугаар байрны зүүн хойд буланд шилжүүлэн байршуулах ажлыг хийгээд байж байсан чинь 5 дугаар байрны оршин суугчид эсэргүүцэж хэл ам хийж байгаад явцгаасан. Тэгсэн чинь 5 дугаар байрны оршин суугч Б гэх хүн гарч ирээд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай “энд хогийн сав тавиулахгүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд хэсгийн ахлагч Д-тэй маргалдаж хэрэлдэж байгаад Д-ийн нүүр цээж хэсэг рүү хоёр удаа алгадах шиг болсон ба би жаахан зайд зогсож байсан. Тэгсэн чинь Д нь Б-ийн нүүр хэсэгт нэг удаа алгадаад хоёр гарын ханцуйн дээрээс нь доош дараад байсан. Тэр үед Б нь Д-ийн хөл рүү ганц нэг өшиглөх хөдөлгөөн хийж байсан оновчтой цохисон эсэхийг мэдэхгүй. Д нь үргэлжпүүлээд Б-ийн хоёр ханцуйн дээрээс нь атгаад доош нь хөдөлгөхгүй дараад боржур дээр суулгаад хэсэг хугацаа болохоор нь гайгүй болчих байлгүй гэж бодоод ажлаа хийж байгаад нэг харахад тэр боржур дээр тамхи татаад сууж байсан. Тэгээд би хороо руугаа орсон. Тэрнээс хойш зодоон болоогүй гэж бодож байна.” гэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-д 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн: “...Д.Б ... улсын мөнгө чинь миний мөнгө гэсэн үг нус минь ээ ... гэж хэлээд зүүн гараараа Б.Д гийн цээжний баруун хэсэгт түлхэх ба Б.Д нь зүүн гараараа Д.Б ийн нүүр хэсэгт 1 удаа баруун гараараа 1 удаа цохих үед Д.Б нь арагшлаад буцаж ирэх үед барьцалдаад Б.Д нь Д.Б ийн толгойг цээж хэсгээр дарж баруун гараар зүүн суган доогуур гаргаж бариад зогсож байгаад урагш түрж бичлэгээс гарах ба нэг эмэгтэй хүн /цаашид О/ цагдаа дуудчих уу гэж хэлж байгаа нь бичигдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Д г Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан.
Бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгаргасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдлийг аргагүй хамгаалалт гэдэг.[1]
Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй ижил хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл.[2]
Аргагүй хамгаалалтын агуулга нь аргагүй хамгаалалт хийж өөрийгөө хамгаалах жам ёсны эрх ба аргагүй хамгаалалтын хэм хэмжээний мөн чанар нь иргэдийг гэмт явдалтай хийх тэмцэлд татан оролцуулахад бус, харин аргагүй хамгаалалтын эрхийг амьдралд хэрэгжүүлэх иргэдийн субьектив эрх бөгөөд үйлдэгдэж буй нийгэмд аюултай халдлагуудаас үүсэж бий болдог ба амьд явах, эрх чөлөөтэй байх эрхийг хангах жинхэнэ баталгааг бий болгоход оршино.[3]
Халдлага үйлдсэн этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон[4].
Аргагүй хамгаалалт хууль ёсны байхад гэмт халдлага нийгэмд аюултай байх, бодитой байх, хамгаалалт зөвхөн довтлогч руу чиглэсэн байх, хамгаалалт цаг үеэ олсон байх зэрэг нөхцөлүүд хангагдсан байж хууль ёсны аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үздэг.
Тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Д нь ажил үүргээ хэрэгжүүлэх явцад хохирогч Д.Б өд зохих ёсны шаардлага тавьж, уг үйл ажиллагааг хэвийн явуулах, түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор уг газраас холдуулах гэсэн боловч хохирогч хэрүүл маргаан үүсгэж, дайрч давшилж улмаар шүүгдэгчийн цээжин тус газарт түлхэж довтолсон байх бөгөөд уг хохирогчийн үйлдэл нь нийгэмд аюултай ба бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч нь хэрүүл маргаан үүсгэж, шүүгдэгч Б.Д лүү дайрч довтолж буюу түлхэн дайрахад зөрүүлээд зүүн баруун гараараа хохирогчийн нүүр хэсэгт нэг нэг удаа цохиж, үргэлжлүүлэн хоорондоо барьцалдаж, хохирогчийн дайрах үйлдэл зогсоогүй бөгөөд уг довтолгооны зогсоохоор түүнийг унаж дарах явцад гэмтэл учруулсан байгаа нь хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед довтолгооны дуусаагүй байхад уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж буюу уг халдлагыг зогсоосон байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Д гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэгт тооцохгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д д холбогдох эрүүгийн 2406 00000 1070 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Д.Б ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 1070 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Д.Б ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1]Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.283,
[2] УДШ-ийн 2007.03.27 өдрийн Зөвлөмж https://legalinfo.mn/mn/detail/11166
[3] Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.284,
[4] Л.О-д холбогдох 201419000281 эрүүгийн хэрэг, УДШ, (Эрүүгийн хэргийн танхим), 2019.09.25-ын №436 тогтоол, https://shuukh.mn/single_case/1813?daterange=2019-01-01%20-%202023-05-30&id=3&court_cat=2&bb=1