| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2021/04248/и |
| Дугаар | 184/ШШ2022/01035 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2022/01035
2022 03 30 184/ШШ2022/01035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.С
Хариуцагч: “О” ХХК
Хариуцагч: Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: тээвэрлэлтийн гэрээний үүрэг, хөлс 16,768,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12–р сарын 15–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал.
Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, хариуцагч Х.Н нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.С нь “О” ХХК, Х.Н нарт холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 16,768,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* миний бие нь 2017-2019 онуудад О ХХК болон түүний захирал Н-тай хамтран ажиллаж, О ХХК-ийн зуурмагний үйлдвэрт элс хайрганы тээвэрлэлтийг тухайн үед өөрийн өмчлөлийн 21-42 УНН улсын дугаартай Sinotruck үйлдвэрийн хово /howo/ маркийн ачааны машинаар элс хайрганы тээвэрлэлт хийсэн.
О ХХК нь эхэндээ цаг тухайд нь тээвэрлэлтийн хөлсөө өгөөд явдаг байсан. Сүүлдээ тээвэрлэлт хийсэн мөнгөө өгөхгүй, намайг мөнгөө авъя гэхээр өгнө гэж явсаар өдийг хүрлээ.
2017 оноос 2019 онуудад элс хайрганы тээвэрлэлтийг тооцоолоход 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нийт 16,768,900 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд тээвэрлэлтийн хөлс болох 16,768,900 төгрөгийг О ХХК болон түүний захирал ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.Н миний бие нэхэмжлэгч П.Сийг ажил хэргийн шугамаар таньдаг ба хувь хүнийхээ өмнөөс ямар нэгэн хэлцэл хийж гэр орондоо эсвэл хувьдаа элс хайрга гэх мэт зүйлсийг авч байгаагүй. Харин “О” ХХК-ний захиралын хувьд харилцаж компанид тээвэр хийлгэхээр тохиролцож байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс “О” ХХК-д захирал хийдэг нь иргэний хэргийн хариуцагч болох үндэслэл болохгүй тул надад хариуцах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгч П.Стэй хамтран ажиллах хэлцэлтэй байсан бөгөөд уг хэлцэл нь тодорхой үнийн дүнд буюу 20,000,000 төгрөгт хүрхэд түүнд таарсан бартер өгөх эсвэл явсан тээврийг орон сууцны үнэнд хүрхэд орон сууц өгөх гэсэн хэлцэлтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч манайд тээвэр хийж байгаад шалтгаангүйгээр больсон бөгөөд бид тухайн үед өөр тээвэрлэгч хайж нилээн хэдэн удаа ажил цалгардаж компани хохирсон. Мөн нэхэмжлэгчийн хойшид тээвэр хийхгүй нь нэгэнт тодорхой болход тооцоо нийлсэн ба тооцоо нь 16,768,900 төгрөг болсон ба энэхүү төлбөр нь анх тохиролцсон хэлцэлийн үнэнд хүрэхгүй гэрээний дагуу бартерт дүйцхүйц авто машин өгөхөөр болж үнийн дүн илүү гарах эсвэл дутвал хэн алиндаа зөрүү өгөх боломжийг нээлттэй орхисон. Манай компани бусад харилцагчаас бартерт орж ирсэн авто машинуудыг хэд хэдэн удаа санал болгож байсан бөгөөд за авъя эсхүл эргээд холбогдоё гэх мэтээр хүлээлт үүсгээд алга болж холбоо барьдаггүй байсан ба хүлээж хүлээж өөр хэн нэгэнд санал болгож шилжүүлдэг байсан. Бид үүргийн гүйцэтгэлд анхнаасаа мөнгө өгөхөөр тохиролцоогүй бөгөөд бартер буюу эд хөрөнгөө өгөх боломжтой ба мөнгөн дүнгээр нэхэмжлэж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2021 оны дамп тээврийн баримт /хавтаст хэргийн 3 дугаар тал/, элс хайрганы тээврийн тооцоо /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/
Хариуцагчаас “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 15 дугаар тал/, “О” ХХК-ийн шинэчилсэн дүрэм /хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Х.Нод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч “О” ХХК-аас гэрээний үүрэгт 16,768,900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: О ХХК-ийн зуурмагний үйлдвэрт элс хайрганы тээвэрлэлтийг тухайн үед өөрийн өмчлөлийн 21-42 УНН улсын дугаартай Sinotruck үйлдвэрийн хово /howo/ маркийн ачааны машинаар элс хайрганы тээвэрлэлт хийсэн. 2017 оноос 2019 онуудад элс хайрганы тээвэрлэлтийг тооцоолоход 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нийт 16,768,900 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид үүргийн гүйцэтгэлд анхнаасаа мөнгө өгөхөөр тохиролцоогүй бөгөөд бартер буюу эд хөрөнгөө өгөх боломжтой ба мөнгөн дүнгээр нэхэмжлэж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны тооцоо нийлсэн баримт /хавтаст хэргийн 3 дугаар тал/, элс хайрганы тээврийн тооцоо /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 15 дугаар тал/, “О” ХХК-ийн шинэчилсэн дүрэм /хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2017-2019 оны хооронд төгрөгийг тээвэрлэлт хийсэн, ..үнэ болсон, 2019 оны 10-р сарын 19-ний өдөр 27 ...төгрөгийг үлдэгдэлтэй тооцоо хийсэн, үүнээс хойш 2021 оны 3 дугаар сард 108 мкз зуурмаг авсан, 2021 оны 10-р сарын 19-нд төлбөрөөс 10,576,000 төгрөгийг хасч үлдэгдэл тооцоо 16,768,900 төгрөгийг П.Ст төлөхөөр тооцоо нийлжээ.[C1]
Талуудын маргааны зүйл нь хувь хүнээр бус хуулийн этгээдээр тээвэрлэлт хийх хэлцэл хийсэн, бэлнээр бус арилжаагаар төлбөр төлөх талаар маргаж байна.
Харин талууд “О” ХХК-тай гэрээ байгуулагдсан, дуусгавар болсон, тээвэрлэгч ачааг хүргэсэн байдал, гэрээрний үүргээ биелүүлсэн эсэх, тээвэрлэлт хийсэн тээврийн хэрэгслийн тоо, улсын дугаар, марк, тээвэрлэсэн ачааны хэмжээ, тээврийн үнэ, падаан буюу баримтын дугаар, түлшний үнэ, тээвэрлэлтийн талаар хэлцэл хийсэн зэрэгт маргаагүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар талууд амаар хэлцэл хийж болно. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчийн хооронд 2017 оноос Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэрээ байгуулагдсан, гэрээгээр элс хайрганы тээвэрлэлт хийхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч тээвэрлэлт хийх үүрэг, хариуцагч тохирох үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.
тээвэрлэгч буюу Нэхэмжлэгч П.С нь ачааг тогтоосон газар хүргэх үүргээ биелүүлсэн,
Тээвэрлүүлэгч буюу Хариуцагч “О” ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээс зарим хэсгийг биелүүлүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч П.Сийн хүсэлтээр хариуцагч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “О” ХХК-аас 16,768,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Ст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,795 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 241,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Х.Нод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч П.С татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН