Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/977

 

 

 

 

 

 

  2024         09          10                                      2024/ШЦТ/977

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх /томилолтоор/,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Х Нд холбогдох эрүүгийн 2406037981798 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.....................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ................................... тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Бтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хөл, гар, толгой, нуруу хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бын өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сард нөхөр Н /................/-с албан ёсоор салсан юм. Тэрнээс хойш миний салсан нөхөр Н миний ажилд тусалдаг юм. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 16 цагийн үед ..............................................од байрлах гэрт Н намайг зодсон. Тухайн үед Н бид хоёр гэр бүлийн маргаантай асуудлаас болж ам зөрсөн. Н намайг урьд өмнө намайг 3-4 удаа зодож байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм. Н миний зүүн хөл рүү олон удаа цохисон, бас миний нуруу хэсэгт хатуу зүйлээр 1-2 удаа цохисон юм. Одоо миний бие хөндүүрлэн өвдөж байна. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Тухайн үед Н бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. ...Н бол миний салсан нөхөр юм. Одоо Н ................ гэх дугаартай, мөн .................. гэх регистрийн дугаартай. ...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7769 дугаартай: “Г.Бын биед тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ..................................... тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Бтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хөл, гар, толгой, нуруу хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар тодорхой хуульчилсан. Одоогийн байдлаар Х.Н болон Г.Б нар нь гэр бүлээ салгуулсан ч гэсэн тухайн хуулийн үйлчлэлд хамаарч явж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хуульчилсан. Мөн зүйл ангийн 2 дахь хэсэгт 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Х.Нын үйлдсэн гэмт үйлдэл нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх, 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “Өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Нын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Х.Нын үйлдэл нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл байгаа. Х.Нын үйлдэл прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийн шүүхэд шилжүүлсэн. Уг яллах дүгнэлтийг Х.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Х.Н нь өөрийн үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн хавтаст хэргийн 28 дугаар талд хохирогч нь 317.720 төгрөгийн эмчилгээтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 30 дугаар талд  авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтыг шинжлэн судалсан. Хавтаст хэргийн 40 дүгээр талд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдэг асуудлаас дүгнэн үзэх юм бол миний үйлчлүүлэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.          

          Шүүгдэгч Х.Н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч  нь маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ................................... тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Бтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хөл, гар, толгой, нуруу хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бын өгсөн: “...тусалдаг юм. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44 дүгээр байр 1-13 тоотод байрлах гэрт Н намайг зодсон. Тухайн үед Н бид хоёр гэр бүлийн маргаантай асуудлаас болж ам зөрсөн. Н намайг урьд өмнө нь намайг 3-4 удаа зодож байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм. Н миний зүүн хөл рүү олон удаа өшиглөн, миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон, бас хоёр гар луу олон удаа цохисон, бас миний нуруу хэсэгт хатуу зүйлээр 1-2 удаа цохисон юм. Одоо миний бие хөндүүрлэн өвдөж байна. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед Н бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Н бол миний салсан нөхөр юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, 

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7769 дугаартай: “Г.Бын биед тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, өшиглөх, унах үйлчлэлээр 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т "гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан. дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна." гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч Х.Н нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ................................... тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох салсан эхнэр Г.Бтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хөл, гар, толгой, нуруу хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Г.Бын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, баруун 7-р хавирганы далд хугарал, зүүн тавхайд язарсан шарх, зүүн тавхай, 2 гарын тохой, шуу, бугуй, дух, нуруу, зүүн бугалганд цус хуралт, дээд зүүн 3-р шүдний хугарал, зүүн тавхай, 2 бугуй, баруун гарын эрхий хуруу, дух, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг үйлдлийг үйлдэхдээ шүүгдэгч Х.Н нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирогчид зориуд хохирол, хор уршиг хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн байна.

Мөн шүүгдэгч Х.Нын хууль бус үйлдлээс хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол шууд учирсан байх ба түүний гэмт үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийн  хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Нын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Н нь хохирогч Г.Бд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн 317.720 төгрөгийг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 30 дахь тал/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Түүний гэм буруугийн тал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч Г.Бд шүүгдэгч Х.Н нь 320.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй тул эдлэх ялд нь оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна. ” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “Улсын яллагчийн санал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /амжиргааны түвшин өндөр/ /хавтаст хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Х.Нын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн ажил, цалин орлого, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Нд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Д овогт Хийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Нд мэдэгдсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН