Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Б.Бүжинлхам

          Хохирогч Б.Э-, Д.Б-

          Шүүгдэгч Б.М-, Т.Ц-

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 155 дугаар зүйлийн 155.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-, Т.Ц- нарт холбогдох эрүүгийн 201714000099 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр О аймаг Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт О аймаг Б сум Ш багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд нь 7 удаагийн ял шийтгэлтэй, Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн гэх И овогт Б-ийн М- РД/хх0000000/,

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0 оны 0-р сарын 0-ний өдөр О аймаг Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, О аймаг Б сум Ш багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Б- овогт Т-ын Ц- РД/хх00000000/,

 

Шүүгдэгч Б.М- нь давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот Б.Э-ын гэрт нэвтэрч 32 инчийн Panasonic /панасоник/ маркын ЛСД зурагт хулгайлж 400.000 төгрөгний хохирол, 2017 оны 02 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0 тоот Б.О-гийн гэрт нэвтэрч Lenovo /линово/ маркын зөөврийн компьютер, 50 килограмм хонь, ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж 1.233.297 төгрөгний хохирол, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот Д.Б-ийн байшингийн вакум цонхийг эвдэн орж 32 инчийн ЛСД зурагт, алтантүрүү нэртэй нэг шил архи зэрэг эд зүйл хулгайлж 494.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Б.М-, Т.Ц- нар нь бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 0-0 тоот Ж.М-ийн гэрт нэвтэрч 32 инчийн TCL /ТСЛ/ маркын ЛСД зурагт хулгайлж 359.000 төгрөгний хохирол, 2017 оны 02 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот П.У-ийн гэрт нэвтэрч Toshiba /тошиба/ маркын 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг гар утас, үсний индүү зэрэг эд зүйл хулгайлж 540.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Т.Ц- нь 2017 оны 02 сарын 08-ны өдөр Б.М-гийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот Б.О-гийн гэрээс хулгайлсан Lenovo /ливоно/ маркын зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүй зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          -Шүүгдэгч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Архи уусан байх үедээ айлаас хулгай хийсэн нь үнэн. У-ийн зурагтыг бид 2 хамт явж авсан нь үнэн. Гэхдээ би зурагтыг зарсан мөнгөнөөс нь аваагүй. Ц- 5.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Би дангаараа 4 үйлдэлтэй. Маргах зүйлгүй. Надад дутагдах зүйл байдаггүй. Өөрийн буруугаас архи уухаар хулгай хийчихдэг. Цагдан хоригдож байхдаа ойлгосон. Дахин ийм үйлдэл хийхгүй. О-, Э-, Б-, М- эдгээр айлуудад би ганцаараа орсон. Гэхдээ М-ийнд орохын өмнө энэ айлаас ганц шил архины мөнгө босгоё гэж ярилцаад би орсон. Ц- цааш нь яваад хашааны гадаа зогсож байсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, энэ тухай хоригдож байхдаа ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлнө гэсэн мэдүүлэг,

 

          -Шүүгдэгч Т.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. М-ийнд орьё гэж бид 2 ярилцаагүй. Гэхдээ М-г энэ айл руу орох гэж байна гэдгийг мэдээд хашааны гадаа зогссон. Хохиролд М-ид 300.000 төгрөг, А-д 87.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

 

          -Хохирогч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай гэрт хулгай орсон. Манай зурагт алдагдсан байсан. Одоо зурагтаа буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

 

          -Хохирогч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай байшингийн цонхыг хагалж ороод 32 инчийн ЛСД зурагт, Алтантүрүү нэртэй нэг шил архи зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Одоо эд зүйлээ буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 сарын 22-ны өдрийн 07 цаг 30 минутын үед гэрээсээ гарч явсан. Нөхөр 8 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. ...өдөр 11 цаг 40 минутын үед ирээд байшиндаа орох гэсэн чинь байшингийн гадна хаалганы цоожны доод талын хавтасыг гадагшаа татсан байсан. ...цоож ямар нэгэн байдлаар хөшигдөөгүй зүгээр онгойсон. Ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд ...Леново маркын нөүтбүүк цүнхний хамт алга болсон байхаар нь дуудлага өгсөн. ...хөлдөөгч дээрхи эд зүйл хөдөлсөн байхаар нь онгойлгоод үзсэн чинь мах алга болсон байсан. ...зөөврийн компьютрийн цэнэглэгч нь ажил дээр байгаа. ...хөлдөөгч дүүрэн шахуу мах байсан. Цагаан сарын бууз хийх гээд нэг бүтэн ямааны мах, нэг бүтэн хонины мах байсан гэсэн мэдүүлэг /хх 119-121 ху/,

 

-Хохирогч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим хичээлийн дундуур хашаа байшингаа эргэж очсон чинь зүгээр байсан. Маргааш өдөр нь буюу 2017 оны 01 сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим очсон чинь манай байшингийн хаалгыг эвдэж хулгай ороод байшингийн хойморт хананд бэхэлсэн байсан 32 инчийн ТСL маркын зурагтыг хулгайч аваад явсан байсан. ...2016 оны намар 399.000 төгрөгөөр авч байсан. ...Хулгайд алдагдсан эд зүйлээ авмаар байна гэсэн мэдүүлэг /хх 163 ху/,

 

-Хохирогч П.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 05-ны өдөр аав, ээж бид гурав Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самар түүхээр явсан. ...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн хаалга хаалттай байсан хойморт байсан Тоshiba маркын 32 инчийн хар өнгийн зурагт, үсний индүү хувцасны шүүгээнд байсан Sку маркын точтой гар утас, Cамсунг маркын хар өнгийн точтой гар утаснууд алга болсон байсан. ...хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. ...Алдагдсан эд зүйлс бүрэн ажиллагаатай эд зүйлс байсан. Манай зурагт зүгээр ажилладаг байсан гэсэн мэдүүлэг /хх 186-187 ху/,

 

-Иргэний нэхэмжпэгч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөүтбүүк худалдаж авсан 87.000 төгрөгөө буруутай хүнээс гаргуулан авмаар байна гэсэн мэдүүлэг /хх 125 ху/,

-Иргэний нэхэмжлэгч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би зурагт худалдан авсан 50.000 төгрөгөө гаргуулан авмаар байна гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

-Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орой гэртээ байж байхад 19 цагийн орчим О- ах танихгүй хоёр залуугийн хамт орж ирээд ...15.000 төгрөг дутаад байна зээлээч гэсэн. ...би тэр хүмүүсээс наад зурагт чинь хулгайн эд зүйл биш биз гэж асуухад биш гээд байсан. ...О- ах зурагтыг худалдаж аваад манай гэрт үлдээсэн. ...хар өнгөтэй 32 инчийн Раnаsоnic маркын зурагт байсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

 

-Гэрч М.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 31-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь М- гэрт ганцаараа архи уусан халамцуу байдалтай орж ирээд гарах уу гээд хамт гарсан. ...манай гэрээс наана жалганы зүүн талын гудамжны баруун талын захын хашаа байна уу 2 дахь хашаа руу орсон. М- би найзынхаа гэр лүү ороод ирье гээд орсон. Би орохгүй гадаа хүлээж байя гээд хашааны гадна хүлээгээд зогсож байсан. М- нэг зурагт тэврээд гараад ирсэн. Тэр зурагтыг нь тэвэрч яваад ...зам дээр очоод такси авсан. М- нөгөө зурагтаа хотын төв рүү явж ломбарданд тавина гэсэн. Тэгж байснаа бичиг баримт байхгүй юм байна шүү гээд таксины жолоочид хямд авах уу гэсэн. ...М- авчих гээд нэлээн гуйгаад ...жолооч мөнгө байхгүй гэсэн. ...жолооч Дэнжид нэг айлд очоод зурагтыг худалдаж авсан. ...Би түүнээс юун зурагт юм бэ гэхэд найзаасаа авч байгаа юм гэж хэлсэн. ...Би М-г хулгай хийж байна гэдгийг мэдээгүй, найзынхаа гэрт ороод ирье гээд орсон гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

-Гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сонор хайрхан худалдааны төвд гар утасны лангуу түрээслэн ажилладаг. 2017 оны 02 сарын 22-ны өдөр байна уу 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь өдөр 15-16 цагийн хооронд хоёр залуу нөүтбүүк зарна гээд яваад байсан. ...над дээр ирээд авах уу гэхээр нь шалгаж үзсэн чинь зүгээр хэвийн ажиллагаатай нөүтбүүк байсан. ...100.000 төгрөгөөр зарна мөнгөний хэрэг болоод хямд зарж байгаа гэсэн. ...Тэгээд ярилцаж байгаад 87.000 төгрөгөөр худалдаж авсан. lenova маркын нөүтбүүк байсан, цэнэглэгч байгаагүй, арван жилийн хүүхдүүдийн зураг байсан гэсэн мэдүүлэг /хх 123 ху/,

 

-Гэрч Н.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эхнэрийн ажлаас тавьж өгсөн Ленова маркын нөүтбүүк, хөлдөөгчинд байсан нэг хонь, нэг ямааны мах алга болсон...бүтэн хонь... бүтэн ямааны мах байсан гэсэн мэдүүлэг /хх 126 ху/,

-Гэрч Г.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...23 цагийн орчим гэртээ ирсэн. ...цонхны салхивчны шил хагарсан байсан. ...зурагт, архи алга болсон байсан. ...нөхөр өөрийнхөө төрсөн ах болох Н- гэж айл руу явсан. Н- ах манай гудамжинд амьдардаг. Б- Н- ахын гэр лүү явж ирээд Н- ахтай танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Алтантүрүү нэртэй архи уугаад сууж байна. Тэр хүмүүсийг шалгуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд удаагүй байхад цагдаагийн хүмүүс ирээд нөгөө хүмүүсийг шалгаж зурагтыг минь гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 86 ху/,

 

-Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 сарын 27-ны өдрийн буюу цагаан сарын шинийн нэгний орой гэртээ ганцаараа байж байсан чинь миний найз Пүүжээ гэж хүн Маржангул гэдэг казак эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тэгээд шинэлж байгаад Пүүжээ гэртээ хариад ирье гээд гараад явсан. Маржангул бид хоёрыг манай гэрт байж байхад зүс таних Заяа гэж залуу гаднаас ганцаараа согтуу 0,75 граммын Алтантүрүү нэртэй архи барьж орж ирсэн. Заяа орж ирээд архи задлах гэсэн. Би түүнд архи уухгүй шүү гэж хэлээд байж байхад дүү Б- орж ирээд гарсан. Түүний араас цагдаа нар орж ирээд Заяаг аваад явсан. Б- манай гэрт хулгай орсон байна шүү дээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 88 ху/,

 

-Гэрч З.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Заяа гэдэг залуу Н-гийн гэрт орж ирэхдээ нэг шил 0,75 граммын Алтантүрүү нэртэй архи авч орж ирсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 89 ху/,

-Гэрч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 27-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Өнөөдөр таны дагуулж орж ирсэн залуу өөрөөсөө өндөр нуруутай 40 орчим насны эрэгтэй хүний хамт ирээд өөрийнхөө бичиг баримтын лавлагааг үзүүлээд мөнгөний хэрэг байна. Миний өөрийн зурагт байгаа юм гэж хэлээд 32 инчийн ТСL маркын ЛСД зурагт 150.000 төгрөгний барьцаанд тавьсан. Маргааш өдрийн өглөө нөгөө зурагт барьцаанд тавьсан залуу ирээд эгчээ би наад зурагтыг чинь авч чадахгүй боллоо. Нэмж 40.000 төгрөг аваад таньд зарж болох уу гээд гуйгаад байхаар нь нэмж 40.000 төгрөг өгөөд зурагтыг авсан. Тэр зурагтыг нь цагаан сарын өмнө танихгүй хүнд 210.000 төгрөгөөр борлуулсан гэсэн мэдүүлэг /хх 165 ху/,

 

-Гэрч Н.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...У-ь гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээд зурагт, үсний индүү, аав, ээж хоёрынхоо гар утас зэрэг зүйл алга болсон байна гэсэн. ...тэр зурагтыг 2016 онд авч байсан. ...ажилладаг зурагт байсан гэсэн мэдүүлэг /хх 188 ху/,

 

-Гэрч А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...У-ийн гэрт Тошиба маркын зурагт байдаг байсан. Тэр зурагт ажилладаг байсан. ...У-ь бид хоёр тэр зурагтанд флаш дискээр кино зөөж үздэг байсан гэсэн мэдүүлэг /хх 189 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд гутлын мөрний зураг №10-т байх гутлын өсгий хэсгийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Зураг №9, 10-т байх гутлын мөрүүд нь нэг гутлын мөр байна.

2. Шинжлэгдэж буй гутлын мөр нь шинжилгээнд ирүүлсэн гутлын улны зүүн өсгий хээтэй хээний хэлбэр, хэмжээ, элэгдэл зэрэг шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт /хх 47 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг 2, 3 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр Гарын хээний Папилон санд бүртгэлтай хүмүүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх 137 ху/

 

         -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4, 77, 78, 111 ху/

         -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5, 42, 48-50, 59, 79, 112, 113, 2хх 12, 15-16, 20 ху/

         -Хохирлын үнэлгээ /1хх 37, 92, 130, 168, 195 ху/

         -Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 56, 107, 149 ху/

         -Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 57-58, 10-11, 2хх 13-14, 17-19 ху/

         -Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх 83, 2хх 26-27 ху/

                    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 203, 214 ху/

                    -Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 22 ху/

          -Б.М-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 53-54, 104, 105, 142-147, 176-177, 250, 2хх 1 ху/

          -Т.Ц-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 173-175, 2хх 7-9 ху/

          -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаартай тогтоол /1хх 208-209 ху/

          -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаартай тогтоол /1хх 243-244 ху/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

         Шүүгдэгч Б.М- нь давтан үйлдлээр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот Б.Э-ын гэрт нэвтэрч 32 инчийн Panasonic /панасоник/ маркын ЛСД зурагт хулгайлж 400.000 төгрөгний хохирол, 2017 оны 02 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот Б.О-гийн гэрт нэвтэрч Lenovo /линово/ маркын зөөврийн компьютер, 50 килограмм хонь, ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж 1.233.297 төгрөгний хохирол, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот Д.Б-ийн байшингийн вакум цонхийг эвдэн орж 32 инчийн ЛСД зурагт, алтантүрүү нэртэй нэг шил архи зэрэг эд зүйл хулгайлж 494.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Б.М-, Т.Ц- нар нь бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Р багийн 0-0 тоот Ж.М-ийн гэрт нэвтэрч 32 инчийн TCL /ТСЛ/ маркын ЛСД зурагт хулгайлж 359.000 төгрөгний хохирол, 2017 оны 02 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Б багийн 0-0 тоот П.У-ийн гэрт нэвтэрч Toshiba /тошиба/ маркын 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг гар утас, үсний индүү зэрэг эд зүйл хулгайлж 540.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Т.Ц- нь 2017 оны 02 сарын 08-ны өдөр Б.М-гийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоот Б.О-гийн гэрээс хулгайлсан Lenovo /ливоно/ маркын зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүй зарж борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Э-, Д.Б- нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.О-ийн “...Ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд ...леново маркын нөүтбүүк цүнхний хамт алга болсон байхаар нь дуудлага өгсөн...хөлдөөгч дээрх эд зүйл хөдөлсөн байхаар нь онгойлгоод үзсэн чинь мах алга болсон байсан” гэсэн /хх 121 ху/, хохирогч Д.М-ийн “...Маргааш өдөр нь буюу 2017 оны 01 сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим...очсон чинь манай байшингийн хаалгыг эвдэж хулгай ороод байшингийн хойморт хананд бэхэлсэн байсан 32 инчийн ТСL маркын зурагтыг хулгайч аваад явсан байсан” гэсэн  /хх 163 ху/, хохирогч П.У-ийн “...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн хаалга хаалттай байсан хойморт байсан Тоshiba маркын 32 инчийн хар өнгийн зурагт ... үсний индүү хувцасны шүүгээнд байсан sку маркын точтой гар утас, самсунг маркын хар өнгийн точтой гар утаснууд алга болсон байсан...” гэсэн /хх 186-187 ху/ мэдүүлгүүд, гэрч С.О- /хх 8 ху/, Ц.Э- /хх 32 ху/, М.Эрдэнэтөгс /хх 33 ху/, гэрч Н.А- /хх 123 ху/, Н.Лхагва-Очир /хх 126 ху/, Г.Баяраа /хх 86 ху/, Д.Н- /хх 88 ху/, З.М- /хх 89/ ху, А.А- /хх165 ху/, Н.О-, А- нарын өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /1хх 37, 92, 130, 168, 195 ху/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 56, 107, 149 ху/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 22 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц- “...М-ийнд орьё гэж бид 2 ярилцаагүй. Гэхдээ М-г энэ айл руу орох гэж байна гэдгийг мэдээд хашааны гадаа зогссон” гэж мэдүүлж байх боловч дээрхи мэдүүлэг нь шүүгдэгч Б.М-гийн “...М-ийнд орохын өмнө энэ айлаас ганц шил архины мөнгө босгоё гэж ярилцаад би орсон. Ц- цааш нь яваад хашааны гадаа зогсож байсан” гэсэн, гэрч А.А-гийн “...өөрөөсөө өндөр нуруутай 40 орчим насны эрэгтэй хүний хамт ирээд өөрийнхөө бичиг баримтын лавлагааг үзүүлээд мөнгөний хэрэг байна. Миний өөрийн зурагт байгаа юм гэж хэлээд 32 инчийн ТСL маркын ЛСД зурагт 150.000 төгрөгний барьцаанд тавьсан. Маргааш өдрийн өглөө нөгөө зурагт барьцаанд тавьсан залуу ирээд эгчээ би наад зурагтыг чинь авч чадахгүй боллоо. Нэмж 40.000 төгрөг аваад таньд зарж болох уу гээд гуйгаад байхаар нь нэмж 40.000 төгрөг өгөөд зурагтыг авсан” гэсэн /хх 165 ху/ мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул шүүгдэгч Т.Ц-ийг Б.М-тай бүлэглэн хохирогч Ж.М-ийн гэрээс эд зүйлийг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 155 дугаар зүйлийн 155.1.т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.М-г ганцаараа болон бусадтай бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Ц-ийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэм хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.        

 

          Шүүгдэгч Б.М- урьд нь 7 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд үүнээс Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ял, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, мөн шүүгдэгч Т.Ц- нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь хэрэгт авагдсан 114, 157 тоот шийтгэх тогтоолууд, хяналт тогтоох тухай тогтоол,  ялтны тухай мэдээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3.т зааснаар ялтайд тооцов.

 

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ болон ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э-д 400.000 төгрөг, Б.О-д 1.233.297 төгрөг, Д.Б-ид 494.000 төгрөг, Ж.М-ид 359.000 төгрөг, П.У-ьд 540.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О-д 50.000 төгрөг, Н.А-д 87.000 төгрөгний хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Э-, Д.Б-, иргэний нэхэмжлэгч Н.А-, Ж.М- нарын хохирол бүрэн төлөгдсөн байна. Харин төлөгдөөгүй хохирол болох хохирогч П.У-ийн нэхэмжилсэн 540.000 төгрөг, Б.О-гийн нэхэмжилсэн махны үнэ 187.000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 30.000 төгрөг, нийт 217.500 төгрөгийг шүүгдэгч нараар тэнцүү хуваан төлүүлэх, иргэний нэхэмжлэгч С.О-ийн 50.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-гаас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Б.М-гаас 428.750 төгрөг гаргуулж хохирогч О-д 108.750 төгрөг, П.У-ьд 270.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О-д 50.000 төгрөг, шүүгдэгч Т.Ц-аас 378.750 төгрөг гаргуулж хохирогч Б.О-д 108.750 төгрөг, П.У-ьд 270.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.М- нийт 86 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                              

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И овогт Б-ийн М-г ганцаараа болон бусадтай бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Т-ын Ц-ийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Б.М-г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Ц-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1.д зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 3 /гурав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.д зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1.д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын баривчлах ялыг багтааж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас заримыг нь буюу 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Т.Ц-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.М-гийн цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.М-гаас 428.750 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Ц баг 0-0 тоотод оршин суух РД:/000000000/ Б.О-д 108.750 /нэг зуун найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг 0-0 тоотод оршин суух РД:/000000/ П.У-ьд 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух РД:/00000000/ С.О-д 50.000 /тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Т.Ц-аас 378.750 /гурван зуун далан найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг 0-0 тоотод оршин суух РД:/0000000/ П.У-ьд 270.000 төгрөг /хоёр зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Ц баг 0-0 тоотод оршин суух РД:/00000000/ Б.О-д 108.750 /нэг зуун найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус олгосугай.

 

          7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц- нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Э-, Д.Б-, Ж.М-, иргэний нэхэмжлэгч Н.А- нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Ц-ид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.БАЙГАЛМАА