Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2022/0015

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           06            07                                          123/ШШ2022/0015

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК /РД:5090202/, “АС” ХХК /РД:5619556/,

Хариуцагч: Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”, “АС” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдохТөв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч “АС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,  нэхэмжлэгч “АС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн өмгөөлөгч О.Ц, хариуцагч Төв аймгийн Бсумын Засаг дарга С.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Л.М, гэрч Х.У, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргаас Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулж, тус сумын хөшөөт багийн нутагт байрлах 1000 га газрын дуудлага худалдааны ялагчаар "Эм И Ар" ХХК нь шалгарч, худалдааны гэрээ байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/119 дугаар захирамжаар дээрх газрыг "Эм И Ар" ХХК-д эзэмшүүлэхээр болсон. "Эм И Ар" ХХК-иас дээрх газрыг манайх 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Хөшөөт багийн нутагт байрлах 12, 13, 14, 15, 16 дугаар польноос 1000 га газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, манай байгууллагын зүгээс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хүсэлт гаргасны дагуу тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны хурлын шийдвэрээр хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосготын 1,2,3,4,5,8 дугаар польноос 497 га, Хөшөөт багийн нутагт байрлах хар ямаатын хөндийн 134 дугаар польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар тус тус 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын байршлыг өөрчлүүлэх тухай сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар захирамж гарч, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/122 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Манай байгууллагын хувьд дээрх газрыг тасралтгүй 5 жил зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах хугацаандаа холбогдох санхүү, татварын тайлан болон газрын төлбөр, тооцоог цаг тухайд нь бүрэн төлж ирсэн бөгөөд Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаар захирамжаар "үр тарианы зориулалттай" 1000 га газрын эзэмших эрхийг “АС” ХХК-д шилжүүлэн өгсөн. Гэтэл Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд манай байгууллагын хууль ёсны дагуу олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/30 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Бсумын Засаг даргынхаа гаргасан хууль бус захирамжийг хамгаалж, 2021 оны А/163 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэх хариу өгсөн тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Төв аймгийн Бсумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2015 оны А/163 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33, 38 дугаар зүйлд заасныг баримталсан тухайд: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохион байгуулах” гэх хуулийн хүрээнд Бсумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тус газрыг шилжүүлэн олгох тухайн шийдвэрийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасны үндэслэн дээрх газрыг шилжүүлэн олгосон. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “Засаг дарга нь газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр хурлаас гаргасан: шийдвэрийг хэрэгжүүлж ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” мөн хуулийн 29 2, 31.1.3, Газрын тухай хуулийн 38.4-д заасны дагуу доорх 1000 газрын байршлыг өөрчлүүлэх тухай Сумын Засаг даргын 2015 оны А/128 дугаар захирамж гарч шийдвэрлэсэн. Сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжид газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангаагүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулаагүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар эрх олгогдоогүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон, дуудлага Худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 байгууллага хуульд үндэслэх зарчмыг баримтална, мөн хуулийн 40 дүгээр ayan 40.3 дахь заалтад захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн шаардлагуудыг Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн А/163 дугаар захирамж хангаагүй байна.

 Төв аймгийн Бсумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Хөшөөт багийн нутаг, Цавхангай 3 дугаар хороололд байрлах 2 га газрыг үйлдвэр үйлчилгээний /Үтрэмийн талбай, гурилын үйлдвэр, оффисын байр/ зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшихээр болсон тухайд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил газраа зориулалтын дагуу ашиглалгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Манай байгууллагын хувьд өөрийн эзэмшил газраа тасралтгүй жил болгон зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, татвар хураамжаа төлж байсан бөгөөд 2019 оноос эхлэн  Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 гэх цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй нөхцөл үүссэн. Энэ асуудал нь газар эзэмших гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр шалтгаалсан асуудал Төв аймгийн Бсумын Засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжуудыг гаргахдаа захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байсан этгээдийг тодорхойлно" гэж заасны дагуу захирамжуудын талаар манай байгууллага болон "АС" ХХК-д огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангахгүй шийдвэр гаргаж хууль зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны  байгууллага, албан тушаалтан, эсхүл шуух уг хууль бус шийдвэрийг  хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Төв аймгийн БСумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “АС” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Төв аймгийн Бсумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Тоосгоны ногооны талбай” гэх газрыг “К” ХХК-иас Үр тариа, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 1000 га газрыг тус сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаар захирамжаар 40 жилийн хугацаатай эзэмшихээр шилжүүлэн авсан. Гэвч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамж гарч, сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128  дугаар захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан манай байгууллагын зүгээс Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, тус газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/542 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр 2021 оны А/163 дугаар захирамжаар 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгосноор “К” ХХК-д анх газар эзэмшүүлсэн 2015 оны А/122 дугаар захирамж сэргэх бөгөөд тухайн эзэмшүүлсэн газрын танай компани баталгаажуулан авах боломжтой гэх хариу, мөн Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/614 тоот албан бичгээр 2021 оны А/163 дугаар захирамж гарснаар сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь зүйлд заасан илт хууль бус захиргааны акт байна гэх шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “К” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/122 дугаар захирамжаар “Тоосгот баг”-ийн нутагт байрлах дээрх 1000 га газар эзэмших эрхийг шилжүүлсэн авсан байна. Тухайн үед “К” ХХК нь 1000 га газраа талбайн хэмжилт хийлгэн хүлээж авах үед газрын хэмжээ нь хүрэлцээгүйгээс гадна тухайн сум орон нутгийн иргэд эсэргүүцэж, бослого гаргасан байдаг. Ингээд 1000 га газрыг бүрэн олгох боломжгүй болж 500 га газар дутсан, тухайн үед “К” ХХК-ийн зүгээс сумын удирдлагад болон холбогдох хүмүүст нь хүсэлт гаргасны дагуу олгох боломжгүй байсан 500 га газрын байршлыг өөрчлөх тухай сумын иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн дагуу тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр “Тоосготын ногооны талбайгаас” байршлыг өөрчлөн “Хөшөөт багийн нутагт байрлах хар ямаатын хөндийн” 134 дүгээр польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын байршлыг өөрчлүүлэх тухай сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар захирамж гарсан байна. Мөн “К” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 20 сая төгрөгийг сум орон нутагт хандивлаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар хураамжийг төлж, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж дээрх газрыг манай байгууллагад шилжүүлсэн өгсөн. Манай байгууллагын эзэмшиж байгаа 1000 га газрын 503 га газрыг Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамж гаргаж хүчингүй болгоод байна. Дээрх 1000 га газрыг “К” ХХК нь анх эзэмшиж ирсэн үеэс эхлэн тухайн газар нь газрын үр шим муу, хөрс агрохимийн лабораторийн шинжилгээнд тэнцэхгүй, тухайн газарт үр тариа, төмс хүнсний ногооны гарц муу ургадаг байсан. Манай байгууллагын зүгээс “К” ХХК-тай байнгын хамтын ажиллагаатай байсан ба технологийн горимыг сайжруулах чиглэлээр байнга хамтран ажилладаг байсан. Мөн дээрх 1000 га газарт “К” ХХК болон манай байгууллагын зүгээс олон жил их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч, үр шимийг өнөөдрийг хүртэл бодитоор хүртэж чадаагүй байтал дээрх хууль бус захирамж гаргаж байгаад маш их гомдолтой байна. Төв аймгийн Бсумын Засаг даргын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох ёстой ба 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа нөхцөлд тэрхүү захирамжаар анх олгосон газрыг хожим шилжүүлэн авсан манай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан захирамж хэрхэн өөрчлөгдсөн талаар бидэнд хуульд зааснаар мэдэгдээгүй байдаг. Бидэнд өгсөн хариугаар танайд олгосон 1000 га талбай бүхий захирамж хүчинтэй байгаа гэсэн хэдий ч бид “Тоосготын ногооны талбай” болон “Хөшөөт багийн нутагт байрлах хар ямаатын хөндийн” тариан талбайд өөрт ногдох хэсэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж газрын гарцыг сайжруулах агрохимийн технологийн сайжруулалтыг хийж хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй өнөөдрийн байдлаар 2015 оны А/122 дугаар захирамжид заасан газарт 1000 га талбайг гүйцээж авах ямар ч боломжгүй юм. Бсумын Засаг даргын орлогч Д.Батболд нь манай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа эсэх талаар бидэнд огт мэдэгдэлгүй, сонсох ажиллагаа болон оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангахгүй захирамж гаргаж манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Манай байгууллагын хувьд дээрх 1000 га газрыг хуулийн хүрээнд “К” ХХК-иас шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл хөрсний чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага анх 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр А/122 дугаар захирамжаар Хөшөөт багийн нутагт байрлах 1000 га газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд шилжүүлэн авсан. Тухайн үед 1000 га газрыг хэмжилт хийж хүлээн авахад тухайн газрын талбай хүрэлцэхгүй байсан. Мөн сум орон нутгийн иргэдийн бослого, тэмцэл гарч байсан. Тухайн газарт газрын үр шим, хөрс агрохимийн лабораторийн шинжилгээнд тэнцэхгүй, газар тариалан хийх, төмс, хүнсний ногоо тарих, тариа тарих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. 122 дугаар захирамжтай холбоотой манай дээр олгох ёстой 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 03 дугаар тогтоол буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар манай төлөвлөгөөгөөр 1000 га газар батлагдсан. Манайд олгох ёстой 1000 га газраас 500 га газар дутсан. Тухайн үед иргэдийн өвөлжөө, хаваржаа орчихсон иргэдийн бослого, тэмцэл гарч байсан. Тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэрчүүд бүгд мэдэж байгаа. Учир нь манайх нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1000 га газрыг дуудлага худалгаагаар шалгарсан компаниас нь Газрын тухай хуульд заасны дагуу шилжүүлж авсан. Үүнийхээ дагуу дуудлага худалдааны гэрээг сум орон нутагтай хийсэн. Мөн  төлбөр мөнгийг нь төлсөн. 500 га буцсантай холбоотой “К” ХХК-ийн зүгээс сум орон нутгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад тухайн манай газарт 500 га газар дутсантай холбоотой эрх ашиг хөндөгдөж байна. Манай үлдэгдэл 500 га газрыг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолоор хэлэлцээд газрыг шилжүүлж авсан “К” ХХК хуулийн хүрээнд байна. Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шилжүүлж олгох нь үндэслэлтэй байна гэж үзсэн. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/128 дугаартай захирамж гарч Төв аймгийн Бсумын Хөшөөт багийн Хар ямаат гэх 134 дүгээр польноос 503 га газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарсан. Энэ Засаг даргын захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Дээрх газар эзэмшихтэй холбоотой “К” ХХК-ийн зүгээс 2015-2020 он хүртэл шударгаар эзэмшиж ашиглаж ирсэн. Энэ хүрээнд өөрсдийн татвар, хуурам зэрэг бүх зүйлийг төлж байсан. Энэ хугацаанд өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Саяны гарган өгсөн баримттай холбоотой 2016 оны агрохимийн шинжилгээнд тэнцээгүй байгаа талбай ургац муутай, ургац огт аваагүй. Ингээд аргаа бараад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А/183 дугаартай захирамжийн хүрээнд манай байгууллага газар эзэмших эрхийг “АС” ХХК-д Газрын тухай хуульд заасны дагуу шилжүүлсэн. Гэтэл Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамж гарсан. Яагаад энэ захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна гэхээр энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар мөн хуулийн 21.3.2-т зааснаас бусад буюу тухайн газар нь аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдсан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон газар байх юм бол тухайн аймгийн саналыг авдаг. Энэ эрхийн хүрээнд хууль бусаар хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. 31.2-т зааснаар тухайн газар эзэмшүүлж болохоор заагдсан байх ёстой, заагдаагүй газрыг олгосон гэж хуулийн үндэслэлийг гаргаж байгаа. Энэ газар нь тухайн Иргэдийн Нийтийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тухайн төлөвлөгөөнд орчихсон газрыг Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд олгожээ. Энэ асуудал нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Дараагийн асуудал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс тухайн газартай холбоотой асуудлаар хүсэлт гаргавал Засаг дарга хуульд зааснаар 15 хоногийн дотор авч шийдвэр гаргана эсвэл шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй болно. Засаг дарга Газрын тухай хуульд зааснаар өөрийн эрх хэмжээнд “К” ХХК-иас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас энэ хүсэлтийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А/128 дугаар захирамж гарсан нь хуульд нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарчээ гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл А/163 дугаар захирамж нь үндэслэл бүхий захирамж гарсан. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/157 дугаар захирамжаар Хөшөөт багийн 3 дугаар хороололд байрлах 2 га газрыг үйлдвэр үйлчилгээ, үтрэмийн талбай, офиссын зориулалттай газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшихээр манай байгууллага авсан.  2016 оны 06 дугаар сард авснаас хойш бид нар хашаалсан. Бүх зүйлээ бариад тохижуулсан, хийсэн. Тор татаж чадаагүй. Үүн дээр хөрөнгө оруулалт оруулаад үйл ажиллагаагаа явуулсан. Гэхдээ бид нар газар эзэмших гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр давагдашгүй нөхцөл байдал болсон. Одоо Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар 2 жилийн хугацаанд ашиглаагүй гээд байгаа. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Засаг дарга өөрөө захирамж гаргаад иргэн, аж ахуй нэгж байгууллагыг тухай газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочхоод өөрөө араас нь захирамж гаргаж байгаа нь хууль бус үйлдэл. Тухайн үед өөрсдөө захирамж гарган ажлын хэсэг байгуулчхаад янз бүрийн асуудал үүсгэдэг, тээврийн хэрэгслийг лацдаад ломбоддог. Аргаа бараад тэр 2 газар байгаа хөрөнгүүдээ хаяад явсан. Энд аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийж байгаа, сум орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгоё, бага ч гэсэн улсын төсөвт хөрөнгө оруулчихъя гээд зүтгэж байгаа байгууллага. Захирамжийг гарахтай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл болон 43 дугаар зүйлд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Учир нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа субъектэд захиргааны байгууллага албан тушаалтан, төр түүнийг төлөөлж байгаа эрх бүхий субъектүүд мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцах ёстой. Сая Засаг дарга С.Б ярихдаа 2021 онд 07 дугаар сард Ж.Чулуунбат захирал бид хоёрыг ирсэн гэж байна. Очсон нь үнэн. Тэр өдөр очиход танай 1000 га газрыг цуцална гэсэн. Бид нар яагаад ийм асуудал ярьж байгаа юм бэ? Ийм асуудал ярьж болохгүй гээд санал солилцоод явсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаартай захирамжийг хүчингүй болгочихсон. Манай компанийн биш “АС” ХХК-ийн газрын захирамжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой “АС” ХХК-ийн зүгээс Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/623 тоот чиглэл хүргүүлэх тухай хууль зөрчиж байгаа тул энэ үйлдлээ зогсоо гэсэн утга бүхий албан тоот байгаа. Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/160 дугаар захирамжаар 07 дугаар сарын 30-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг өөрийн захирамжаар хүчингүй болгочихсон. Ингээд асуудал дуусаж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл 10 дугаар сарын 29-ний өдөр манай газрыг цуцалсан асуудлыг хамгийн сүүлд 11 дүгээр сарын 02-ны өдрийн шуудангаар мэдсэн. Бидний зүгээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй яасан юм бэ гэхэд Газрын даамал нь манай Засаг дарга Ж.Чулуунбат захирал та хоёрыг дуудаад уулзсан гэсэн. Гэтэл тухайн асуудал дээр танай газрыг цуцална гэхээр нь цуцлагдах нь ойлгомжтой юм байна. Яах вэ гээд байж байтал манай газрыг бус “АС” ХХК-ийн газрыг цуцалсан байсан. Тэгэхээр нь “К” ХХК-ийн зүгээс манай газрыг цуцлахгүй юм байна. “АС” ХХК-тай газрын маргаантай асуудал явах юм байна. Өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны А/183 дугаартай захирамжаар бодит эрх ашиг нь хөндөгдөж байгаа эрх бүхий субъект нь “АС” ХХК юм байна гэж үзсэн. Гэтэл 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаартай захирамжаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс холбогдох урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа буюу аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын хууль бус захирамжийг хамгаалж хүчингүй болгох боломжгүй байна гэх хариуг манай байгууллагын зүгээс авсан. Иймд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан гэжээ.

Нэхэмжлэгч “АС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК-ийн авсан гэх газрыг тогтоолгохоор тухайн үед байсан сумын 2 дарга сумын төвөөс 42 км газарт байрлах Тоосготын 1000 га газарт н.Ганбаа, н.Эрдэнэцогт, Ж.Чулуунбат захирал бид нар очсон. 500 га газар хэмжээгээрээ орчихсон. Бусад нь айлуудын өвөлжөө, хаваржаа орсон газар байсан. Газар тариалангийн цаг эхэлсэн байсан. Бид 500 га газрыг хагалах гэж байтал тэнд байсан айлууд дайрч эсэргүүцсэн. Орой нь нутгийн иргэдийг цуглуулж байгаад ярилцсан. Сумын засаг даргын зөв бодлогоор дуудлага худалдаагаар аваад тариалан тарих гээд малчид гантай, зудтай байна. Бид нар тариа тарих гэж байна. Иш хаягдал зэргийг нийгмийн хариуцлагын хүрээнд тусламжаар болон хямдралтай үнээр өгнө гээд ойлголцоод 500 га газарт ажиллаж эхэлсэн. Нөгөө 500 га газар нь байхгүй байна гээд сумын Засаг даргад хэлсэн ба шийдэж өгнө гэж хэлсэн. Манайх ажлынхаа хөлсөнд “К” ХХК-иас газрыг шилжүүлж авсан. Манай газрыг яагаад цуцалж байгаа  юм бэ? Манай “АС” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Та газар тариаланг дэмжих ёстой байсан гэжээ.

Нэхэмжлэгч “АС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 тоот захирамж хүчингүй болгох тухай захирамж үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших шийдвэр гаргасан нь утга найруулгын илт алдаа бүхий захирамж гаргасан байна гээд өмнөх Засаг даргынхаа захирамжийг хүчингүй болгочихсон. Дуудлага худалдаа явагдсан, төлбөр мөнгөө шилжүүлсэн, авсан дуудлага худалдаагаар авсан газар эзэмших этгээд бусдад газраа шилжүүлэх эрхтэй, “Кмека” ХХК-иас зохих 500 га газрыг шилжүүлж авсан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Захирамж дээр дуудлага худалдаа, Газрын тухай хууль зөрчсөн гээд байгаа. Ямар нотлох баримтаар зөрчсөн нь хэргийн материалаас харагдахгүй. Төв аймгийн Бсумын Засаг даргын  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/163 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Захирамжаар гаргасныхаа дараа мэдэгддэг нь ямар учиртай вэ.  Хууль бус шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Бсумын Засаг дарга С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас халиагүй. Газрын тухай хуульд 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй бол, эсвэл газрын төлбөрөө төлөөгүй бол гэсэн 2 үндэслэлээр газрыг цуцалдаг. Үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь Газрын тухай хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа. 2015 онд “Эм И Ар” ХХК-ийн дуудлагаа худалдааны материал энд байна. Энэ дуудлага худалдаа дэнчингийн мөнгөө төлөөд хүчин төгөлдөр болсон. “Эм И Ар” ХХК-иас эрх шилжээд “К” ХХК-д очсон. Үүн дээр би ямар нэг эрх ашгийг хөндөөгүй. Хөшөөтөд байрлалтай 134 дүгээр полийг та нар авахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар оруулаад, дуудлага худалдаанд “АС” ХХК болон “К” ХХК ороогүй байж ялагч болоод гэрчилгээ бичигдээд авсан нь хууль бус юм. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 05-ны 04 дүгээр Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр бид нар газраа авсан. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд газар олгодоггүй. Иргэдийн Төлөөлөгчдийн том хуралдаанаар газрын асуудал шийддэг. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Бсумын ямар газрыг дуудлага худалдаагаар оруулах вэ гэдгийг баталчихсан. Тэр дуудлага худалдаанд та нарын маргаад байгаа бидний цуцалсан 500 га газар ороогүй байсан. Ороогүй байж байгаад танайх хүсэлтээ өгөөд 05 дугаар сарын 05-ны өдөр Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоол гараад 05 дугаар сарын 07-нд Засаг дарга А/128 дугаар захирамж гаргаад танайд олгосон. Дуудлага худалдаанаас 18 хоногийн дараа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад 04 дүгээр тогтоол гаргаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэж яриад байна. Засаг дарга Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх эрхтэй хүн хурал болоогүй байхад өмнө нь захирамж, эрх зүйн акт үйлдээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, цуцлах шаардлагатай байна гэж байна. Үүн дээр би ганцаараа Газрын даамалтайгаа дур мэдэн яриад байсан асуудал байхгүй. Үүн дээр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, аймгийн Газрын алба, Хуулийн хэлтэс, давхар бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг манай суманд ирж ажиллаач гэж хүсэлт тавьсан. Тэрний үндсэн дээр ажлын хэсэг ирээд дүгнэлт гаргасан. Хар ямаатын 134 дүгээр поль эзэмшиж байгаа ажиллагаа бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт болоогүй юм байна. Ялагч болоогүй гэдэг үндэслэлийг гаргасан. Би тэрийг үндэслэж шийдвэр гаргасан. Миний шийдвэр утга найруулгын алдаатай байна гэдэг үндэслэлээр захирамжаа хүчингүй болгосон. Тухайн үед би жирэмсэн байсан. 163 дугаар захирамж гарахад манай Засаг даргын орлогч миний ажлыг хийж байсан ба энэ шийдвэрийг гаргасан. Сонсох ажиллагаа явуулсан. Би байгаагүй тул ямар сонсох ажиллагаа явуулсныг мэдэхгүй. Газрын даамал, Засаг даргын орлогчдоо сонсох ажиллагаа заавал хийгээрэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульдаа нийцүүлж шийдвэрээ гаргаарай гээд ажил хүлээлцэхдээ хэлж байсан. Лац тавьсан асуудлаар “К” ХКК-ийн гаргасан гомдлоор Цагдаагийн байгууллагаар яваад эцэстээ аймгийн Засаг дарга дээр ирж лац тавих эрх бүхий этгээдээр лац тавиулаагүй гэх үндэслэлээр над дээр сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед танай 2 компанийг ирж уулзаач ээ, энэ газраа яаж авсан бэ? Учраа олъё гэхэд танайхаас хүн ирж уулзаагүй. Ирж уулзаагүй байж газраа хагалаад, техник ажиллуулаад ирэхээр нь аргаа барж газраа хамгаалах гэсэндээ лацадсан. Танайхан лацыг тавиулаад үйл ажиллагаагаа явуулаад тариалалтаа хийгээд үр ашгаа хүртээд явсан. Үүн дээр танайх хохироод байсан юм бол байхгүй. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй газар ашиглаад төр хохироод байна шүү дээ. 2 га газар дээр хашаа, сэндвичэн барилга бариад, үтрэм явуулах гээд байсныг би мэдэхгүй юм байна. Би Бсумаас аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдож байна. Би сумандаа байдаггүй ч гэсэн ирж, очоод явж байдаг, тэнд юу болж байгаа талаар мэдээлэл авч байдаг. Үйл ажиллагаа явуулсан гэдгээ яаж нотлох гээд байгаа үнэхээр мэдэхгүй байна. 2 жил үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн. Одоо ч очиход тэр газар эзгүй зэлүүд үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаартай захирамж болоод 2 га газрыг цуцалсан 107 дугаартай захирамжуудыг дараах үндэслэлээс хүлээн зөвшөөрөхгүй байна. “К” ХХК-д Тоосготын 1000 га газрыг “Эм И Ар” ХХК-иас шилжүүлсэн гэж байна. 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу газрын байршлыг өөрчилсөн асуудал байгаа. Ингэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх заалтыг баримталсан. 503 га газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан газар эзэмшүүлэхдээ тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлнэ гэх заалт байгаа. Газар дээр дуудлага худалдаа явуулахдаа нэр бүхий иргэн, аж ахуй нэгжүүд орсон байдаг. Эхний дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар 700 сая хүрсэн байдаг. Ялагч байгуулсан иргэн Ганхуяг хэлэхдээ надад гаднаас шахалт ирсэн учраас үнэ хөөрөгдсөн. Би энэ газрыг авахгүй гэсэн байдаг. Ингээд энэ дуудлага худалдаа хүчингүй болсон. 2 дахь дуудлага худалдаагаар “Тэмүүжин хүнс” ХХК ялалт байгуулсан. 63 сая төгрөг орчим болсон учраас сумын Засаг даргын тамгын газраас энэ газар дээр 2 өөр үнэ хэлсэн тул газрыг олгох боломжгүй, эргээд хариу мэдэгдэнэ гээд өнгөрсөн. Гэтэл Засаг даргын 128 дугаартай захирамжаар 122 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байсан Тоосготын 12-16 дугаартай талбайд эзэмшүүлсэн газрыг байршлыг өөрчлөөд Тоосготын 1, 2, 3, 4, 5, 8 дугаар талбай дээр 497 га газар, 503 га газрыг 134 дүгээр талбай буюу одоо дуудлага худалдаа явагдсан 543 га газар дээр эзэмшүүлэхээр болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч манайх газраа хэмжээд авах гэтэл газрын хэмжээ хүрээгүй, үржил шимгүй, малчид, ард иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан гэж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэхийг зөвлөж байна гэсэн өгүүлбэр байгаа. Гэтэл Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан Отгон-Эрдэнэ гэж хүн 128 дугаартай захирамжийн байршлыг өөрчлүүлээд Газрын тухай хуулийг буруу хэрэглээд шийдвэр гаргасан асуудал байгаа. 163 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт хуулийг буруу хэрэглэсэн, утга агуулгын илэрхий алдаатай учраас 503 га газрыг эзэмшүүлсэн 128 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Сонсох ажиллагаа дээр хариуцагч, өмгөөлөгч нар тайлбар хэлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй. 2 га газрын хувьд тус бүр 2 гэрчилгээтэй 1 га, 1 га газар. Энд үйлдвэр үйлчилгээ, офиссын барилга барина гэж эзэмшиж авсан. Энэ газарт үйл ажиллагаа явуулаагүй байна гэдгийг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлээд хавтаст хэрэгт өгчихсөн.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байгаа учраас 107 дугаартай Цав хангайд эзэмшиж байгаа 2 га газрыг хүчингүй болгосон

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 163 дугаар захирамжаар 128 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Гэхдээ “К” ХХК нь 183 дугаартай захирамжаар манай эрх ашиг хөндөөд байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 183 дугаар захирамжаар өөрсдийнхөө эзэмшлийн 1000 га газрыг “АС” ХХК-д шилжүүлчихсэн. “К” ХХК-д 1000 га газар байхгүй. Танай эрх ашиг хөндөгдөөгүй. 163 дугаар захирамжаар манай эрх ашиг хөндөгдөөд байна гээд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. 163 дугаар захирамжийг гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож байгаа. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т ямар ямар газрыг иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлэх вэ гэдгийг заачихсан байгаа. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг заавал дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ гэсэн хуулийн заалттай. Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 03 дугаартай тогтоолоор 2015 оны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөнд Хөшөөтөд 1000 га газар эзэмшүүлнэ л гэсэн төлөвлөгөө байгаа. Түүнээс Хар ямаатад 503 га газар, 1,2 дугаар Тоосготод 497 га газар эзэмшүүлнэ гэсэн төлөвлөгөө тусгагдаагүй. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй Отгон-Эрдэнэ дарга “К” ХХК-д газрыг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр 163 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа. 107 дугаар захирамж дээр газрыг үйлдвэр, үйлчилгээ офиссын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. “К” ХХК эзэмшсэнээсээ хойш нэг ч удаа газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг сонсоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлоод байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт, С.Б даргын хэлж байгаа тайлбараар сумын Газрын даамал Гэрэлхүү гэх хүн Ж.Чулуунбат захирал руу утсаар ярьж мэдэгдсэн. Танай газрыг хүчингүй болгох гэж байгаа тул танайх хүсэлтээ өг гэдэг байдлаар хэлсэн. Нэгэнт сум шийдвэрээ гаргаж байгаа газрын 2 жилийн хугацаанд ашиглаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэгэнт сум орон нутаг шийдвэрээ гаргаж байгаа учраас одоо яах вэ дээ, бидэнд яриад байх зүйл байхгүй гэсэн утгатай ярианы бичлэг сидид авагдсан, тэмдэглэлээр хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Сонсох ажиллагааг хийсэн. Өөрсдөө ирж оролцоогүй.  “К” ХХК-ийн 163 дугаар захирамж дээр Ц.Б, Ж.Чулуунбат захирал нар С.Б даргатай өөрсдөө ирээд уулзаад асуудлаа ярилцсан. Энэ нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр хавтаст хэрэгт авагдсан. 163 дугаар захирамжаар К” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй. Гэтэл К” ХХК нь бидний эрх ашгийг хөндлөө гээд дээд шатны Засаг даргад гомдол гаргаад, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. 107 дугаар захирамжтай холбоотой дээд шатны Засаг даргад гомдол гаргаагүй. Үүнтэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. 2 захиргааны акт гаргаж байгаа бол тус тусдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. 107 дугаар захирамж дээр сонсох ажиллагаа огт хийгдээгүй. “АС” ХХК мөн 163 дугаар захирамж дээр сонсох ажиллагаа хийгээгүй. К” ХХК, “АС” ХХК тус тусдаа хуулийн этгээд. Хоёулаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээд Төв аймгийн Засаг даргад гомдлоо гаргаад, түүнээс хариу аваад явах ёстой байтал гомдол гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гэрч Б.О шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: “К” ХХК руу шилжүүлсэн 500 га газар, “Эм И Ар” ХХК дээр дуудлага худалдаад зохион байгуулсан 1000 га газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариулснаар том хурлаар баталсан. Энэ хурлын тэмдэглэл байгаа. Энэ асуудлаар намар Авлигатай тэмцэх газар дээр шалгагдсан. Холбоотой бүх материал байсан. Мэдүүлэг бас өгсөн. 500 га газрыг яагаад шилжүүлэх болсон бэ гэхээр эхний 1000 га газар дуудлага худалдаагаар ороод 166 сая төгрөг хүрч иргэдэд нээлттэй зохион байгуулагдсан. Тухайн үед аймгийн Газрын албанаас хамгийн шударга зохион байгуулсан дуудлага худалдаа гэж байсан. Дараагийн дуудлага худалдаа бол “К” ХХК руу шилжүүлсэн 500 га газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орчихсон байсан тул дуудлага худалдаа болсон. Үүн дээр оролцож байсан хүмүүс хууль бус үйлдэл гаргаж дуудлага худалдаа хүчингүй болсон. Тухайн 500 га газар нь төлөвлөгөөнд орчихсон байж байсан. “К” ХХК 1000 га газраа аваад үйл ажиллагаагаа эхлээд байж байтал Хөшөөт буюу газар авсан нутгийн иргэдтэй үл ойлголцсон. Эдний компани танай нутгийн иргэдийг Цагдаагийн байгууллагад өгье. Танайх иргэдтэйгээ ойлголцож газраа олгосон байх ёстой гээд Цагдаагийн байгууллагад өргөдөл биччихсэн орж ирж байсан. Нутгийн иргэдтэй бид нар очиж уулзахад энд 1000 га газар өгөх юм бол малчдад хэцүү байна. Ямар гаргалгаа байна гээд нөгөө үлдсэн 500 га газрын дуудлага худалдааг мэдэж байсан болохоор энэ 500 га газрыг шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг надад өгснийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариад шийдвэрлэсний үндсэн дээр “К” ХХК 1000 га газраас 500 га-г үлдээж, 500 га газрыг нь төлөвлөгөөнд орсон, дуудлага худалдаагаар хэн нэгэнд олгогдоогүй байсан 500 га талбайд шилжүүлж өгсөн. Энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр 1500 га газрыг дуудлага худалдаанд оруулж эзэмшүүлэх байсан боловч эхний 1000 га газар нь хэмжээндээ хүрэхгүй, тус газарт олон айл өрхийн өвөлжөө, хаваржаа давхцаж, маргаан гарсан учраас 1000 га гэж дуудлага худалдаагаар олгогдсон газрын 500 га газрыг тэнд нь үлдээж, үлдэх 500 га газрыг нь дуудлага худалдаагаар олгох байсан 500 га талбайдаа шилжүүлэн өгч, иргэд аж ахуйн нэгжийн маргааныг шийдвэрлэсэн. Ингэхдээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зохих зөвшөөрлийг авч, эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэжээ.

Гэрч Х.У шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: 2008-2020 он хүртэл тухайн сумынхаа Иргэдийн Хурлын даргаар ажилласан. Маргаан бүхий 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаартай захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосныг би мэдэхгүй. Уг захирамж яаж гарсныг би яаж мэдэхгүй байх вэ дээ. Өөрөө төлөвлөгөөг нь батлаад малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болоод газар тариалангийн маргаантай 6000 га газартай зүйл байсан. Бид нар цуцлаад, Хурлын төлөвлөгөөнд суугдаагүй гээд шүүхийн шийдвэр гарсан байсан. Малчид тариа, ногоо таримаар байна. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулна гээд Тоосготод Байгальмаа гэх хүний 1000 га газар цуцлагдсан байсан. Тэр газрын талыг давуу эрхэд өгөөд, талыг нь дуудлага худалдаанд оруулсан. Нийтдээ тэр жил 1500 га газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар оруулъя гэдэг шийдвэр сумын Иргэдийн Хурлаас гарсан. Газар тариалангийн ажил эхэлчих вий гээд сонинд зар нь сар орчим байршаад бид хөрөнгө оруулаад сум орноо хөгжүүлье, тохижилт үйлчилгээ хийе гээд бүх асуудлаа Хурлаар оруулж шийдэж байсан. Тухайн үеийн 1000 га газрын суурь үнэ 50 сая төгрөг байсан. 50 саяас дуудаад 166 сая хүрээд манайд 83 сая төгрөг нь хөрөнгө оруулагдаад үлдсэн. Энэ “К” ХХК эрх шилжүүлж авсныхаа дараахан тал газраа хагалахад, тэндхийн олон айлууд 1000 га газар том байна гээд маргаан гарсан. Тухайн үед Газрын даамал н.Энхчимэг гээд хүн мэргэжлийн бус цэгээ зааж мэдэхгүй байсан. Тракторын жолооч, тэнд ажиллаж байсан хүмүүсийг Газрын даамалтай явуулж байж цэгээ заасан. Газрын даамал айлуудын худаг, өвөлжөө орохгүй юм байна гэж байсан боловч газар дээрээ айл орох байтугай хэтрээд байсан. Тоосгот үржил шим муутай, дэмий хагалаад тарихгүй хаячихвал малчдадаа ч муу нөлөөтэй юм байна гэдэг асуудал тавигдсан. Төв аймгийн хэмжээнд газар тариалан дээр ийм юм болж байгаагүй юм байна лээ. Эхлээд 1000 га газраа дуудаад “К” ХХК аваад, дараа нь 7 хоногийн дараа 500 га газраа дуудлага худалдаагаар дуудаад 65 сая төгрөг болсон. 65 сая хүргэсэн хүн нь үржил шим муутай газраа авахгүй болилоо гэсэн албан ёсны бичиг хүргүүлсэн. Дуудлага худалдаа их будилаантай болсон. 500 га газрыг дуудлага худалдаагаар 10 гаруй хүн ирчихсэн байсан. Дуудлага худалдаанд оролцох гээд хүмүүс очиход 5 сая төгрөг өгье. 45 сая төгрөгөөс битгий илүү гаргаарай гэсэн. Дуудлага худалдаа нь тарахгүй, юу болоод байгаа юм бэ гэтэл 700 сая болсон гэсэн. Болд гэх хүнийг дуудаад та 700 саяар авах гэж байгаа юм уу гэхэд 5 сая төгрөг өгье 45 сая битгий хүргээрэй гэхээр нь би дургүй хүрээд 700 сая хүртэл тултал дуудчихлаа гэсэн. Сонин хэвлэл дээр зарлаж байхад яаж ингэж болох вэ өргөдлөө бичээд өг, төрийн ажил үймүүлж болохгүй гээд эргэж ороод 65 сая төгрөг болсон. 65 саяар хүн авах болоод гэрээ байгуулах гэтэл “Тэмүүжин хүнс” ХХК нь Канад эзэнтэй, эзэнтэйгээ ярьж байгаа эргэж ирнэ гэчхээд авахаа болилоо гэсэн. Албан тоотоор манайд хариу өг гээд атрын газар, үржил шим муутай гэсэн хариу өг гэсэн. Тэгж байтал “К” ХХК газраа хагалаад, айлын худаг, өвөлжөө ороод, малчид нь хагалуулахгүй гээд бөөн асуудал үүссэн. Засаг дарга ажлын хэсэг очиж үзээд үнэхээр олон айлын өвөлжөө орох юм байна. 1000 га газар үнэхээр том юм байна. Иргэдийн Хурал шийдвэрлэсэн газар тул Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд дуудлага худалдаанд ороод газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод батлагдчихсан учраас 1500 га газартаа зохион байгуулаад өгчихөд болох юм байна, гэхэд Засаг дарга газрын маргаан олон жил үргэлжлээд дараа дараагийн удирдлага сонгоход хэцүү байдаг тул Тэргүүлэгчдийн хурлаар оруулж өгнө үү гэсэн албан тоотыг манайд өгсөн. Тэргүүлэгчдийн хурлаар оруулаад “К” ХХК-ийн 1000 га газрын ойролцоо 4000 га газар байна. Тэнд хүмүүс үтрэм барих юм байна. Хамтраад хий гэсэн. Тухайн үед хурал дээр өөртөө байгаа материалыг татаад авчирсан. Хурал дээр 500 га газраар хуваагаад өгье гэсэн. “К” ХХК бол 500 га газраа хаясан. Малчид бол 500 га газар биш 1000 га газраа хаячихлаа гэж байсан. Аймгаас кадастр дуудаж хийлгэхэд 497 га газар хассан байсан. Маргаантай газрыг шийдвэрлэх нь Засаг даргын бүрэн эрхэд байгаа. Үтрэмтэй ойр газар өгч байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа. Энэний гүйлтийн замыг янзлаад өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Гүйлтийн зам судалд үзэхэд 60 сая төгрөг болох юм байна гэсэн. Бид судалд үзэхэд 20 сая төгрөг болоод Засаг дарга гэрээ хийгээд эдний компани нийгмийн хариуцлагын хүрээнд 20 сая төгрөг санхүүд өгөөд санхүүгийн тайлан тооцоо гараад гүйлтийн замаа тавьсан. “АС” ХХК-д газраа шилжүүлсэн асуудлыг бол мэдэхгүй. Компани хоорондоо гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад ирсэн бол Засаг дарга шилжүүлэх үүрэгтэй юм байна гэж харж байгаа. 500 га гээд байгаа нь одоо 543 га мөн. Хашсан газрыг кадастр хийгээд үзэхэд 497 га байгаад 503 га газрыг шилжүүлсэн. Батлахдаа 500 га газраар баталсан. 2-3 га газрын зөрүү гараад байгаа. 500 га гэж байснаас 503 гэсэн тоо би сонсоогүй. Тэндээс 3 га дутуу учраас тийш ээ нь оруулчихсан юм болов уу гэж бодож байгаа. Уг газар Хөшөөтийн газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаа. Би Хурлын дарга хийж байхдаа хурлын шийдвэр, тэмдэглэлийг бүгдийг нь авдаг байсан. Тэр үед С.Б дарга байсан. Газар тариаланг дэмжиж байна. Бид нарын алдааг давтав, газрын наймаачин болоод дуусдаг юм байна лээ гээд тодорхой зүйлийг хэлж байсан. Төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг сонин хэвлэлд зарлана гэж байхгүй, тусгагдсан байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Энэхүү шүүх хуралдаанаар “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”, мөн “АС” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдохТөв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг Захиргааны хэрэг шүүхэд шянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

1. Маргаан бүхий Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар  захирамжаар Төв аймгийн Бсумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг “К” ХХК-нд танилцуулах, газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг шинэчлэхийг сумын  газрын даамал (Д.Гэрэлхүү)-д үүрэг болгож, тус захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд дээд шатны засаг даргад гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль эрх зүйн мэргэжилтэн (П.Бямбадулам), Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Д.Хишигбаатар)-т даалгаж[1];

Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар Төв аймгийн Бсумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК /РД:5090202/-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг “К” ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж ажиллахыг Газрын даамал (Д.Гэрэлхүү), Хууль эрх зүйн мэргэжилтэн (П.Бямбадулам)-д даалгаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Д.Хишигбаатар)-т хариуцуулж, Энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар захирамжийг хүчингүйд тооцож[2] тус тус шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч “К” ХХК-иас дараах үндэслэлээр Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ. Үүнд:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй,

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй,

Нэхэмжлэгч “К” ХХК-иас дараах үндэслэлээр Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ. Үүнд:

2.3.  2016 оноос хойш жил болгон газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр төлж ирсэн ба 2019 оноос эхлэн “Корона” вирусын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй нөхцөл үүссэн. Энэ асуудал нь газар эзэмших гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр шалтгаалсан асуудал байгаа,

2.4. Мөн дээрх маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1  дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч “АС” ХХК-иас дараах үндэслэлээр Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ. Үүнд:

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйд “Нөхцөл байдлыг тогтоох” гэж зааснаар нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байна.

4. Хариуцагчаас маргаж буй актуудыг эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан, Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргасан. Үүнд:

 4.1. “К” ХХК нь Төв аймгийн Бсумын Хөшөөт багийн нутаг, Цавхангай 3 дугаар хороолол 2 га газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж авсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдсон учир хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.2. “К” ХХК нь газрын байршлыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлснийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэсний дагуу Хөшөөт багийн нутагт байрлах Тоосготын 1, 2, 3, 4, 5, 8 дугаар польноос 497 га, Хар ямаатын хөндийн 134 дүгээр польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн ба ингэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг баримталсан нь хууль бус шийдвэр байсан.

4.3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2 дугаар зүйлүүдэд зааснаар газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах ба газрын байршил нь сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж хуульчилсан байдаг. “К” ХХК-нд Хар ямаатын хөндийн 134 дүгээр польноос дуудлага худалдаагүйгээр 503 га газрыг үр тарианы зориулалтаар олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

4.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4 дэх хэсэгт “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй.

4.5. “К” ХХК-ний эрх  сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийн хувьд  хөндөгдөхгүй, 1000 га газрыг “АС” ХХК-д шилжүүлсэн байсан учраас. Харин “АС” ХХК-ийн эзэмшиж байсан 1000 га газрын эзэмших эрх нь сумын Засаг даргын 2015 оны А/122 дугаар захирамжаар олгогдсон 1000 га хэвээр сэргэж байх учир эрх нь зөрчигдөхгүй гэж тус  тус маргажээ.

 

Нэг. Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Энэ актад холбогдуулан хариуцагч талаас нэхэмжлэгч “К” ХХК-ийг “урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй учир шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна” гэж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс “хариуцагч захиргааны байгууллага гаргах болон гаргасан актын талаар мэдэгдэх үүрэгтэй боловч мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримтжуулах ёстой байхад энэ талаар ямар ч баримт байхгүй” гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн байх бөгөөд энэ үндэслэлд холбогдуулан үзвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн акт гарсан байх ба уг үндэслэл болгосон зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч ... нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас гаргасан актыг холбогдох этгээдэд нь мэдэгдэх харилцааг хуульчилсан байгаагаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид захиргааны агт гарсан талаар албан ёсоор мэдэгдэж, түүнийгээ хуульд заасны дагуу баримтжуулсан баримт байхгүй буюу нэхэмжлэгч актыг хүлээн авсан гэх баримт байх тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн дээрх заалтад заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн “К” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил газраа зориулалтын дагуу ашиглалгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй шийдвэр гаргасан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... 2021 оны 7 сард нэхэмжлэгч ирж уулзахад нь хэлж байсан. Би сумандаа байнга байдаггүй ч гэсэн ирж очоод явж байдаг, тэнд юу болж байгаа талаар мэдээлэл авч байдаг. Үйл ажиллагаа явуулсан гэдгээ яаж нотлох гээд байгааг үнэхээр мэдэхгүй байна. 2 жил явуулаагүй нь үнэн” гэх тайлбар, мөн “2021 оны 7 сард нэхэмжлэгч ирж уулзсаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 106 дугаар захирамж гаргасан боловч уг захирамжийг аймгийн Засаг даргаас хууль бус гэсний улмаас хүчингүй болгоод, дараа нь А/107 дугаар захирамжийг гаргасан”, түүнчлэн “Мэдэгдэх хуудас өгөх ажиллагаа хийгдээгүй, процесс ажиллагааг хийгээрэй гэдгийг Газрын даамал, орлогч нартаа хэлж байсан. Утсаар дуудсан байсан. Утсаар дуудахад ковидын нөхцөл байдлын улмаас ирэх боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн байсан” гэсэн тайлбараар хариуцагч  захиргааны байгууллага нь дээрх маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Үүнээс хариуцагч Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч мэдэж байсан гэх боловч 106 дугаартай захирамжийг гаргаж, уг захирамж нь хууль бусаар гарсан гэх шалтгаанаар өөрөө хүчингүй болгосон атал дараагийн А/107 дугаартай захирамжийг гаргаж нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулд заасан дээрх заалтуудыг зөрчиж гаргасан хууль бус акт болох нь тогтоогдож байна.

 

Мөн 2019 оны 02 дугаар сараас 2021 оныг дуустал Монгол улсын хэмжээнд, Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 гэх цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласан байсан гэх нөхцөл байдал нь хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарах бөгөөд үүнтэй холбогдох нөхцөл байдал нь шүүхээс заавал шалган тодруулах асуудал биш нийтэд илэрхий нөхцөл байдал тул хариуцагчаас энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар гаргах эрхийг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” маргаан бүхий актын тухайд:

Маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн гарсан байна.

Энэхүү маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчаас сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” захирамж нь хууль бус, утга найруулгын алдаатай, үндэслэлгүй гаргасан байсан учраас судалж үзээд хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэх бөгөөд асуудлыг дүгнэж үзвэл, хариуцагч маргаан бүхий актыг хүчингүй болгосон гэх актаас 6 жил гаруй хугацааны дараа гаргажээ.

Тодруулбал, сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны  ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж захиргааны байгууллага буюу  хариуцагч нь өөрийн гаргасан актыг хууль бус гэж үзэж өөрөө хүчингүй болгоход хамаарах хуулийн хугацааг таван жилийн дотор байхаар хязгаарлан зааж өгсөн байх тул энд хуульчилснаар хариуцагчийн гаргасан дээрх акт өөрөө хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдож байна.

Гурав. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан маргааны үйл баримт, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд холбогдуулан зарим зүйлд дүгнэлт өгвөл, маргаан бүхий акт болох 2021 оны А/163 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2015 оны А/128 дугаартай “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч “К” ХХК-ний эзэмшил бүхий 1000 га газраас зарим хэсгийг нь буюу  503 га газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу олгогдсон тус сумын Хөшөөт багийн Тоосгот гэх газарт 497 га, Хөшөөт багийн Хар ямаат гэх газарт 503 га газрыг тус тус “К” ХХК эзэмшиж байгаад тус сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай”  А/183 дугаар захирамжаар дээрх 1000 га газрын эзэмших эрхийг “АС” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Харин хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа мөн өмнөх дүгнэлтийн нэгэн адил нэхэмжлэгч “К” ХХК, болон “АС” ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргээ мөн гүйцэтгээгүй байна.

Тодруулбал, Нэхэмжлэгч  “АС” ХХК-д мэдэгдсэн гэдгээ “К” ХХК-ийн захиралд мэдэгдсэн гэснээр тайлбарлаж байгаа нь хэдийгээр тус тусдаа аж ахуйн нэгжийн удирдлагууд гэр бүлийн харьцаатай байсан ч хуульд зааснаар газар эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “К” ХХК-ийн эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн нэгж талбар бүхий эдлэн газрын байршил өөрчлөгдсөн, уг үр дагавар нь “К” ХХК-ийн эзэмших эрх хүчин төгөлдөр байсан цаг хугацаанд хамаарах байдлаар шийдвэрлэгдэж байгаа учир үүнд нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар эзэмших эрх шууд хөндөгдөхгүй боловч, үр дагаврын хувьд бусдад шилжүүлсэн газрын байршил өөрчлөгдөх буюу шилжүүлсэн зүйлийн шинж байдал өөрчлөгдсөн, өмнөх эзэмшигчид хамаарах байдлаар өөрчлөгдсөн тохиолдолд “К” ХХК-ийн тус газарт холбогдох ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин “АС” ХХК-ний хувьд бусдаас газар эзэмших эрх шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж байсан газрыг нь хариуцагчаас маргаан бүхий актаар өөрт нь мэдэгдэлгүй байршлыг нь өөрчилсөн үр дүн бүхий шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдсөн болон нь тогтоогдож байна.

 

Дээрхээс үзвэл хариуцагч Засаг даргаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж 2021 оны А/107 дугаар захирамжаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар нэхэмжлэгч “К” ХХК-ний газар эзэмшиж байсан газрын эрхийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн нэхэмжлэгч “АС” ХХК-ний бусдаас эрх шилжүүлэн авсан газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан нэхэмжлэлийг тус тус хангаж, маргаан бүхий актуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1,  43 дугаар зүйл, 48 дугаар  зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК, “АС” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Бсумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/107 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар  захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөг, “АС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Бсумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д, мөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алагсувад” ХХК-д тус тус олгож, “К”  ХХК-ийн илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр уншиж танилцуулан хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 18-р тал,

[2] Хавтаст хэргийн 19-р тал,