| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0382/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/396 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа
Улсын яллагч Д.Аззаяа,
Шүүгдэгч Д.Т******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** -гийн ******** -ын ******** -д холбогдох эрүүгийн “2406 00000 0614” дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ******** дүүргийн 20 дугаар хороо ******** тоотод оршин суудаг, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болохыг тогтоож Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан,
********-ийн ******** -ын ******** /РД:******** /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******** нь 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын орчимд ******** -ийн халааснаас түүний эзэмшлийн “iPhone 13 pro max” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ******** -гийн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-22 дугаар тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******** нь 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын орчимд ********-ийн халааснаас түүний эзэмшлийн “iPhone 13 pro max” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******** ийн өгсөн: “... Би 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Натурт байх гэрээсээ гараад найз ********-ийн хамтаар Нарантуул зах орж ээжийнхээ захисан юмыг авахаар явж байхдаа халааснаасаа гар утсаа алдчихаад найз ******** -ийн утсаар өөрийнхөө хулгайд алдсан гар утас руу залгахад нэг эмэгтэй хүн аваад “эгч нь улаан пальтотой зогсож байна, Шөнийн захын баруун талын автобусны буудал дээрээс ирээд гар утсаа авчих” гэхээр нь заасан газарт очиход тийм хүн байгаагүй бөгөөд дахиад утас руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй болсон. Миний хулгайд алдсан гар утас хар хөх өнгийн кейс ногоон өнгийн iPhone 13 pro max загварын имей ******** дугаартай, содон шинж тэмдэг гээд байхаар юмгүй шинэвтэр гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн НЦУГ-24-11 дүгээр: “... Шинжилгээний объектын 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.150.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 17-22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******** -ын яллагдагчаар өгсөн: “... Би 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянхошуунаас ганцаараа гарч яваад Баруун салааны автобусанд сууж Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын ертөнцийн зүгээр баруун хойно байрлах автобусны буудал дээр байсан юм. Тэгээд би Нарантуул захын төв хаалганы ойролцоо байрлах алт мөнгөний дархан орсон юм. Тэгээд би тэндээсээ гарч яваад Нарантуул захын ертөнцийн зүгээр баруун талд ертөнцийн зүгээр хойд зүгт ганцаараа алхаж явах үед миний урд талд, эрэгтэй эмэгтэй хоёр хүн явган алхаад явж байх үед тус эмэгтэйн куртикний баруун халаасанд байсан iPhone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж аваад гэртээ харьсан юм. Тэгээд би хулгайлсан гар утсыг зарж борлуулахгүйгээр байлгаж байсан бөгөөд би тухайн газарт камер байж магадгүй гээд хулгайлсан гар утсыг хадгалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Шүүгдэгч ******** -ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Улсын яллагч “******** нь 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын орчимд ******** -гийн халааснаас түүний эзэмшлийн “iPhone 13 pro max” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******** -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь 2.150.000 /”Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 17-22 дугаар тал/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг биет байдлаар төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ******** -ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******** -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 39-41 дүгээр тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, Гадаад паспортын лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч ******** -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч ******** -ын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.
Шүүхээс шүүгдэгч ******** -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч ******** -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** -гийн ******** -ын ******** -ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ******** -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ******** -д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. ******** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, ******** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******** -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС