Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/00627

 

 

 

 

 

  2022              02             23                                            184/ШШ2022/00627

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Н

Хариуцагч: “Ж” газар

Хариуцагч: Н.С

Хариуцагч: З.А

Хариуцагч: Л ХХК  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг харицагч нарт даалгах, хариуцагч Н.С, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон М.Н-аас Н.Ст олгосон итгэмжлэлийг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Прокурор Б.*******,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал. 

Хариуцагч Н.С, З.А, “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь  хариуцагч Н.С, З.А, “Л” ХХК, “Ж”-т холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг харицагч нарт даалгах, хариуцагч Н.С, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон М.Н-аас Н.Ст олгосон итгэмжлэлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.******* иргэн Н.Ст өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хорооло, 44 дүгээр байр 15 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн 000472808 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205061652 дугаартай нэг өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Итгэмжлэл” гарган өгч 2 сарын хугацаатай. “Итгэмжлэл”-ээр үл хөдлөх эд хөрөнгийг ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон. Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно” гэсэн итгэмжлэл гаргаж итгэмжлэлд төлөөлүүлэгч М.******* төлөөлөгч иргэн Н.С нар гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж иргэн Н.Ст өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн 00472808 тоот гэрчилгээний хамт өгч явуулсан.

Дээрхи итгэмжлэлийн хугацаа нь олгосон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хүчинтэй байхаар олгосон тул 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусч итгэмжлэл хүчингүй болж дуусгавар болсон гэж үзэж байна. М.Н-аас олгосон бүрэн эрхийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр зөвхөн иргэн Н.Ст итгэмжлэлээр олгосон, итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулаагүй гэж үзэж байна.

Жижиг дунд үйлдвэрийн газрын Л ХХК болон З.А нартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээгээр Л ХХК болон З.А нар нь 500,000,000 төгрөгийн зээл авч Л ХХК-ийг төлөөлж Н.С гэрээнд гарын үсэг зурж, орон сууцыг барьцаалсан байна.

М.******* Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй “Л” ХХК болон З.А нараас зээлийн гэрээний үүрэгт 525,856,788 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр М.******* намайг татан оролцуулах болсон үеэс эхлэн иргэн Н.С нь ЖДҮГазраас Л ХХК болон З.А нарын авсан зээлийн барьцаанд М.******* миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсэн.

 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээнд оролцсон талууд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, барьцаалуулагч нь Л ХХК болон иргэн Зундуй овогтой Амарбаясгалан нар оролцсон байна.

Иргэн М.******* нь зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч биш, харин дээрхи жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн барьцаалуулагч Л ХХК болон З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээнд иргэн М.******* миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох БГД, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 15 тоот 000472808 дугаартай гэрчилгээтэй, Ү-2205061652 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд Л ХХК болон З.А нар нь барьцаанд тавьсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

 М.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхгүй этгээд болох Л ХХК болон З.А нарт төлөөлөх бүрэн эрх олгосон гэрээ хэлцэл, итгэмжлэл бүртгэгдээгүй байгаа нь М.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК болон З.А нар зээлийн барьцаанд тавих эрхгүй болохыг нотолно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэсэн заалтын дагуу зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэсэн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, мөн хуулийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”.

Иймд М.*******ын өмчлөлийн БГД-ийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр, 15 тоот хаягт байрлах 37.93 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай Ү-2205061652 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000472808 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж, Н.С болон ХХААХҮЯамны “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-аас иргэн М.*******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон итгэмжлэлийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Л ХХК болон З.А нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчөөгүй.

Мөн М.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг манай сангийн зээлийн барьцаанд тавьж, гэрээ байгуулах бүрэн эрхийг олгосныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаяр баталсан байдаг. Тус итгэмжлэлд “...ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгож байна” гэжээ. Гэрээ байгуулсан Л ХХК нь хариуцагч Н.Сын үүсгэн байгуулсан, түүний 100 хувь зээмшдэг компани юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.

Бие дуусан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч прокурор Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны эд хөрөнгийг чөлөөлсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Л ХХК болон З.А нартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээ биелэгдэх боломжгүй болж төрийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул төрийн байгууллагын хүсэлтээр прокурор оролцож байна.

Нэхэмжлэгч М.******* нь зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлжээ.

Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээ нь хуулиар хориглосон, зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, олон нийт, гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2208061652 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр 15 тоот хаягт байрлах 37.92 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг хариуцагч Н.Ст итгэмжлэлээр олгосон.

Энэ итгэмжлэлд Н.Ст үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрх олгосон байх ба гэрээ байгуулах этгээдийн талаар тусгайлан хүсэл зоригоо илэрхийлээгүй. Зээлийн барьцааын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь нэхэмжлэгч М.*******ын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах хүсэл зоригийн дагуу хийгдсэн, итгэмжлэлд тусгагдсан дээрх үйлдлүүд хийгдэж, эрх зүйн үр дагавар нь итгэмжлүүлэгч М.*******ын эрх олгосны дагуу үүссэн бөгөөд барьцаанд тавьсан хүн, хуулийн этгээд хэн байхаас үл хамаарч барьцааны гэрээний улмаас үүдэн гарах үр дагавар өөрчлөгдөхгүй.

М.******* нь өөрийн хөрөнгөө жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд итгэмжлэл олгохдоо Н.С нь Л ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцээ эзэмшигч болохыг мэдэж байсан тул Л ХХК-ийг төлөөлж захирал Н.Сын хийсэн барьцааны гэрээг эрх зүйн байдлын талаар төөрөгдсөн үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч талууд хөрөнгө барьцаалуулах, барьцаалах талаар хүсэл зоригийн хувьд нэгдсэн, цаашид эрх зүйн үр дагавар тодорхой байсан. Итгэмжлэлд дурдагдсан буюу орон сууцыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлд заасан хугацаанд хэрэгжлүүлснээр итгэмжлэлд заагдсан эрх хэрэгжиж дууссан тул итгэмжлэлд заагдсан, хийгдсэн ажиллагааг итгэмжлэлийн хугацаагаар хязгаарлах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.С, З.А, “Л” ХХК болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хавтаст хэргийн 7 дугаар тал/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээ /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/, мөн өдрийн барьцааны гэрээ /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

Хариуцагчаас Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 61 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/5860 дугаар албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 161-182 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 186-206 дугаар тал/, Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/769 тоот албан бичиг /хавтаст хэргийн 237 дугаар тал/, М.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар /хавтаст хэргийн 238 дугаар тал/, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл эх хувиар /хавтаст хэргийн 239 дүгээр тал/ зэрэг баримтуудыг цуглуулсан.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч М.*******ын хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар, Н.С, З.А, Л ХХК нарт холбогдох зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч Н.С, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Н.Ст олгосон итгэмжлэлийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Н.Ст итгэмжлэл олгосон, өөр этгээдэд эрх олгоогүй, гэтэл итгэмжлэл олгоогүй этгээдийн өмнөөс барьцаанд тавьсан нь хууль зөрчсөн тул хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шилжүүлсэн хөрөнгөө буцаан өгөх нь зүйтэй гэж,

-хариуцагч Н.С, З.А, Л ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.******* Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн, итгэмжлэлийн зорилго, үр дагаварыг мэдэж байсан гэж,

-хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээр 500,000,000 төгрөг олгож, улсын бүртгэлд барьцаа хөрөнгийг бүртгүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчөөгүй. М.******* 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.Ст олгосон итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч байна гэсэн нь ойлгомжтой байдлаар илэрхийлсэн, эвлэрэх, эвэлэрүүлэн зуучлал хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэж,

-гуравдагч этгээд прокурор Б.******* нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн Үүнд: “... Итгэмжлэл хүчингүй болгосон хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Хэлцэл хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Итгэмжлэл гуравдагч этгээдэд шилжсэн асуудал байхгүй, итгэмжлэлд тухайлсан заасан этгээд байхгүй гэж тайлбарлаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хавтаст хэргийн 7 дугаар тал/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээ /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/, мөн өдрийн барьцааны гэрээ /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/, Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/5860 дугаар албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 161-182 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 186-206 дугаар тал/, Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/769 тоот албан бичиг /хавтаст хэргийн 237 дугаар тал/, М.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар /хавтаст хэргийн 238 дугаар тал/, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл эх хувиар /хавтаст хэргийн 239 дүгээр тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061652 дугаартай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3-р хороолол /16095/ 44-р байрны 15 тоот хаягт байрлах, 37.93 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг хариуцагч Н.Ст итгэмжлэлээр олгосон байна. /хавтаст хэргийн 6, 239 дүгээр тал/

Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч М.Н-аас олгосон 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Итгэмжлэл”-ийн дагуу түүний өмчлөлийн нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт барьцаалуулах, барьцаа хөрөнгөөр солихоор барьцааны гэрээ байгуулахдаа өөрийн үүсгэн байгуулсан “Л” ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж барьцаалсан, мөн барьцааны гэрээнд З.А хамтран үүрэг хүлээж гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/  

Энэхүү гэрээний талууд болох Ж, “Л” ХХК, З.А нар нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/З-70 тоот “зээлийн гэрээ” болон 2016/Б-70 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, гэрээгээр зээлдэгч нарт 500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн байх ба талууд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт” оруулахдаа гэрээний 1.3-т “...Зээлийн барьцааны гэрээний 3.2-т заасан барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар доорх хөрөнгөөр буюу нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөөр сольж, нэмж барьцаалсан байна. /хавтаст хэргийн 7-14 дүгээр тал/

Нэхэмжлэгч тал 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн холбогдох заалт болон Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан хэлцэлд төлөөлөх хуулийн заалтийг зөрчиж хууль бусаар бусдын эд хөрөнгийг барьцаанд тавьсан, “Л” ХХК, З.А нарт барьцаанд тавих, барьцаалах эрхгүй, итгэмжлэлийн хугацаа дууссанаар барьцааны гэрээ хүчингүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт аливаа хэлцэл хийхийг хуулиар хориглосныг зөрчсөн нөхцөлд хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Энэ хориг нь холбогдох хуулийн хэм хэмжээ, заалтыг зөрчсөн байхыг ойлгоно. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд ...хэлцэлд төлөөлөх төлөөлөгчийн эрх үүргийг зохицуулсан байх ба энэхүү итгэмжлэлээр олгосон эрхийг төлөөлөгч бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй, бусдын барьцаанд тавьсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зэрэг нь хуулиар хориглоогүй үйлдэл байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл” гэнэ. Энэхүү хэлцэл гэдэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл хамаарах ба хэлцлээр нэхэмжлэгч М.******* үл хөдлөх эд хөрөнгөө ХХААХҮЯамны жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх эрхийг Н.Ст олгосон байна. /хх-6/

Хүсэл зориг гэдэгт тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг  үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг  хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгоно. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэнэ.

Хариуцагч Н.С нь “ХХААХҮЯамны жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих” хүсэлтэй байгаа нэхэмжлэгч М.*******ад илэрхийлснийг нөгөө тал буюу нэхэмжлэгч барьцаанд тавих, гарын үсэг зурах, гарах үр дагаварыг ойлгож, утга санааг нь ухамсарлан итгэмжлэл олгосныг хариуцагч Н.С “Л” ХХК-ийн нэрээр зээлийн барьцаанд тавих, үр дагаврыг хүлээхээр хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан, зөвшөөрсөн гэж үзнэ.

Хэлцэлд оролцогчид хөрөнгө барьцаалахтай холбоотой нэгдсэн хүсэл зоригоо гадагш илэрхийлж, бичгээр гэрээ байгуулахдаа иргэний нэрийн өмнөөс эсхүл хуулийн этгээдийн нэрээр барьцаалах талаар тусгаагүйгээс маргаан үүссэн байх ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.

Хуулийн энэ хэсэгт зохицуулсан хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь хэлцэл хийгч талуудын дотоод ухамсар-ыг ойлгодог. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн өмчлөгч М.******* нь өөрийн хөрөнгөө Жижиг, дунд үйлдвэрийн газарт барьцаалуулах дотоод хүсэл зоригтой байсныг Жижиг, дунд үйлдвэрийн газар хүлээн авснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үздэг.

Түүнчлэн итгэмжлэлийг 2 сарын хугацаатай олгосон байх бөгөөд энэ хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийг ХХААХҮЯамны жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх эрх /Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл/-ийг хэрэгжүүлэх хугацаа юм. Харин энэ хугацаа нь гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох хугацаа биш, энэ хугацааны дотор барьцаалсан нөхцөлд гэрээний үүрэг дуусгавар болох болон гэрээний хугацаа дуусах хүртэл үүргээ биелүүлэх, эсхүл үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэг хэвээр үргэлжилнэ.

Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхгүй байр сууриар илэрхийлэх боломжтой байдаг. Хэлцэл хийх бусдын саналд хариу өгөхгүй байх, эрх, үүргийг дуусгавар болгох талаар санал, санаачилга гаргахгүй байх, дуугүй байснаар хүлээн зөвшөөрөх зэргээр тодорхой үйлдлийг нэхэмжлэгч хийгээгүй зэргээс үзэхэд гэрээний үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар олгосон итгэмжлэлд дурдсан 2 сарын хугацаа нь бол уг хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, түүнд төлөөлж гарын үсэг зурах зэрэг хугацаа бөгөөд энэ хугацаанд гэрээг дуусгавар болно гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, уг итгэмжлэлийн хугацаа дуусгавар болоход барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагч Л ХХК болон З.А нар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, биелүүлээгүй нөхцөлд үүсэх үр дагаврыг үүсгэжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.1, 62.2, 62.3-т заасан “хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон хэлцэл, эсхүл хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцэлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй” гэх хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэлцэлд дурдсан нөхцөл, хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 41.2-т зааснаар “...үгийн шууд утгыг анхаарах бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл дэх хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжтой, хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлабал нэхэмжлэгч М.******* нь үл хөдлөх эд хөрөнгөө ХХААХҮЯамны жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх эрхийг Н.С буюу Л ХХК-д олгосон гэж ойлгоно.

Маргаан бүхий эрх зүйн харилцаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч М.*******, түүний хүсэл зоригийг төлөөлж хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд Н.С, хөрөнгө барьцаалах сонирхол бүхий Жижиг, дунд үйлдвэрийн газар, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан этгээд болох Л ХХК, З.А нар оролцжээ.

Төлөөлөгч Н.С нь төлөөлүүлэгч М.Н-аас олгосон итгэмжлэлийн дагуу хөрөнгийг гуравдагч этгээдэд барьцаалахдаа өөрийн нэрийн өмнөөс бус Л ХХК-ийн нэрээр хэлцэл хийсэн болохыг дээр дурдсан. Харин төлөөлүүлэгч М.*******ын тухайд, тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Н.Ст итгэмжлэл олгохдоо хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл олгосон болохоос гэрээ байгуулах этгээдийн талаар тухайлан хүсэл зоригоо илэрхийлээгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, эдгээр этгээдийн хэн аль нь дотоод хүсэл зоригийн хувьд хөрөнгө барьцаалах, барьцаалуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, эрх зүйн хувьд хүсэл зориг нэгдсэн байна. Тухайлбал, хөрөнгийн өмчлөгч М.******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас авах зээлийн барьцаанд тавих хүсэл зоригтой байсан, Н.С нь М.*******ыг төлөөлж барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан бол Жижиг, дунд үйлдвэрийн газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалах хүсэл зоригтой байжээ.

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт” оруулах тухай гэрээг гэрээний талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-т зааснаар “... Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн” байна.

Мөн түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн 11 дүгээр зүйл, холбогдох заалтаар зохицуулсан харилцааг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар “... Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.” Иймд нэхэмжлэгч М.*******ын “Л” ХХК, З.А нарт барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй.

Хөрөнгийн өмчлөгч М.*******ын олгосон итгэмжлэлийн дагуу “Л” ХХК болон З.А нар Жтай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өмнөх гэрээний барьцааг сольж, нэмж барьцаалсан үйлдэл нь Иргэний хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан “...Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно”-ыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна.

Хариуцагч нарын “... М.******* өөрөө хүссэн, итгэмжлэлийн зорилгыг мэдэж байсан, мөн үр дагаварыг мэдэж байсан, М.******* 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.Ст олгосон итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч, ойлгомжтой байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... өөрийн шаардлага, үндэслэл, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч М.******* нь “Л” ХХК, З.А нар барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх тайлбараа нотолж чадаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч нь Н.Ст зээлийн барьцаанд тавих эрх олгосон болохоос биш “Л” ХХК-ийн өмнөөс барьцаанд тавих эрх олгоогүй, барьцаанд тавих эрх олгоогүй этгээд барьцаанд тавьсан. Мөн М.Н-аас, Н.Ст олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхгүй. “Л” ХХК гэж итгэмжлэлд бичигдээгүй. 2 сарын хугацаанд үүрэг хүлээхээр байгуулсан итгэмжлэл. Итгэмжлэлийн хугацаа дуусахад хүлээх үүргийн хугацаа дуусах ёстой. Зээлийн барьцааны нэмэлт өөрчлөлтийн гэрээнд Н.С гэж гарын үсэг зурсан явдал нь иргэний хувьд гарын үсэг зураагүй учраас хууль зөрчсөн” гэж тайлбар гаргасан бөгөөд Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар “...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно”. Иймд Н.Сыг “Л” ХХК-ийн нэрээр төлөөлүүлэгч М.*******тай хэлцэл, итгэмжлэл хийхийг хуулиар хориглосон тул итгэмжлэлд заавал Л” ХХК-ийн нэрээр итгэмжлэлийг байгуулахыг хуульд шаардаагүй байна.

Зохигч 2017 оны 5-р сарын 02-ны өдрийн гэрээнээс өмнөх гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.*******, гарын үсэг М.******* зураагүй, итгэмжлэл дэх гарын үсэг М.*******ынх мөн зэрэгт маргаагүй байна.

Иргэний хуулийн 56 зүйлийн 56.5-д зааснаар “... Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” боловч хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шилжүүлсэн бүх зүйл /гэрчилгээ, итгэмжлэл/-ийг буцааж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 болон хууль заасан бусад үндэслэл “ ... үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.”-ээр үүрэг дуусгавар болно.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д зааснаар “...Үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдах үүргийг бүрэн биелүүлсний дараа барьцаалагч нь барьцаалбарыг түүнд шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Жижиг, дунд үйлдвэрийн газар болон “Л” ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрхгүй үүсээгүй байх тул нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Н.С, З.А, Л ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******т шүүх хуралдааны товыг бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нөхцөлд нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулахаар хуульд заасан тул түүний урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлтийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ, 2017 оны 4-р сарын 27-ний өдрийг итгэмжлэлийг тус тус эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч Н.С, З.А, “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******т шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулснаар, эсхүл баталгаат шуудан, шүүхийн ажилтнаар хүргүүлснээр давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             В.АМАРТҮВШИН