Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1032

 

 

 

 

 

 

 

  2024        09          25                                      2024/ШЦТ/1032

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оийн Ад холбогдох эрүүгийн 2406 00852 1409 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............................................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ...........................хотхоны дундуур алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Үийн Айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,950,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Үийн өгсөн:  “...Би өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... сургуулиасаа гараад хоол идэх гэж цайндаа гарч ...........................хотхоны дундуур алхаад Сансар худалдааны төвийн хашаа руу алхаж орох явцад араас нэг машинтай явж байсан эрэгтэй хүн “хөөе зогсож байгаарай” гээд араас дуудсан. Тэгтэл миний ард хар урт куртиктэй, бор өнгийн бээлийтэй хүн миний гар утсыг халааснаас яг аваад өөрийнхөө халаасандаа хийх гээд гартаа барьчихсан байхаар нь өөрийн гар утсыг авсан. Тэгтэл тэр хүн шууд буцаж эргээд нарны зам тал руугаа ...........................хотхон дундуур зугтаад гүйтэл надад тусалсан буюу араас дуудсан машинтай явж байсан ах машинаасаа буугаад араас нь хөөж барьж авсан. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгч цагдаа дуудсан. Миний гар утас Айфоне 13 про загварын гар утас, уг гар утсыг манай аав 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувь хүнээс 1,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа хүлээгээд авчихсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн, тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Айфоне 13 про загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 1,950,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 631-24-299 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Агийн өгсөн: “...Би саяхан шүүхээр орсон, энэ хэргийг шүүхээр орж шийтгүүлсэн хэрэгт нэгтгүүлэх талаар шүүгч, прокурор, мөрдөгчид хэлсэн байсан боловч нэгтгэн шалтгаагүй дахин шүүхээр орох гэж байгаадаа харамсалтай санагдаж байна. Энэ хэргийг хуулийн дагуу нэгтгэн шалгуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

 Нийслэлийн Цагдаагийн газрын удирдах газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30д/1617 дугаартай: “..Хэрэг татах тухай  ...Иргэн Б.Ү нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны уулзвар орчим халааснаасаа Ай Фоне 13 про загварын гар утсаа алдан хэргийг ...........................регистрийн дугаартай О овогтой А үйлдсэн болохыг тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Мөнх-Эрдэнэ нөхөн ирүүлсэн тул хэрэг бүртгэлтийн 240600582 дугаартай хэргийг Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тоот тушаалын хавсралтын 8.4-т заасны дагуу манай хэлтэс шилжүүлнэ үү.” гэх албан бичиг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай  шийтгэх тогтоол /шүүхийн шатанд гаргаж өгсөн/,

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 931 дугаартай магадлал /шүүхийн шатанд гаргаж өгсөн/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Улсын яллагч “...Шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ...........................хотхоны дундуур алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Үийн Айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,950,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй тул гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүгдэгч  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн нарын зүгээс маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ...........................хотхоны дундуур алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Үийн Айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан БОЛОХ НЬ

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Үийн өгсөн:  “...Би өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... сургуулиасаа гараад хоол идэх гэж цайндаа гарч ...........................хотхоны дундуур алхаад Сансар худалдааны төвийн хашаа руу алхаж орох явцад араас нэг машинтай явж байсан эрэгтэй хүн “хөөе зогсож байгаарай” гээд араас дуудсан. Тэгтэл миний ард хар урт куртиктэй, бор өнгийн бээлийтэй хүн миний гар утсыг халааснаас яг аваад өөрийнхөө халаасандаа хийх гээд гартаа барьчихсан байхаар нь өөрийн гар утсыг авсан. Тэгтэл тэр хүн шууд буцаж эргээд нарны зам тал руугаа ...........................хотхон дундуур зугтаад гүйтэл надад тусалсан буюу араас дуудсан машинтай явж байсан ах машинаасаа буугаад араас нь хөөж барьж авсан. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгч цагдаа дуудсан. Миний гар утас Айфоне 13 про загварын гар утас, уг гар утсыг манай аав 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувь хүнээс 1,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа хүлээгээд авчихсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Айфоне 13 про загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 1,950,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 631-24-299 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Агийн өгсөн: “...Би саяхан шүүхээр орсон, энэ хэргийг шүүхээр орж шийтгүүлсэн хэрэгт нэгтгүүлэх талаар шүүгч, прокурор, мөрдөгчид хэлсэн байсан боловч нэгтгэн шалтгаагүй дахин шүүхээр орох гэж байгаадаа харамсалтай санагдаж байна. Энэ хэргийг хуулийн дагуу нэгтгэн шалгуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

 Нийслэлийн Цагдаагийн газрын удирдах газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30д/1617 дугаартай: “..Хэрэг татах тухай  ...Иргэн Б.Ү нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны уулзвар орчим халааснаасаа Ай Фоне 13 про загварын гар утсаа алдан хэргийг ...........................регистрийн дугаартай О овогтой А үйлдсэн болохыг тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Мөнх-Эрдэнэ нөхөн ирүүлсэн тул хэрэг бүртгэлтийн 240600582 дугаартай хэргийг Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тоот тушаалын хавсралтын 8.4-т заасны дагуу манай хэлтэс шилжүүлнэ үү.” гэх албан бичиг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Ад хавтаст хэргийн материал танилцуулсан: “...Хэргийн материалтай танилцлаа. Энэ хэргийг 2024.05.22-ны өдөр шүүх хуралд орохоос өмнө 2024.01.12-нд хийсэн хэргээ нэгтгэн шалгуулах талаар саналаа хэлсэн боловч прокурор, шүүхээс анхаарч хэргийг түрүүчийн шийтгэлд нь багтааж нэмэгдүүлэх гэснийг бичлээ.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 91 дэх тал/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай  шийтгэх тогтоол /шүүхийн шатанд гаргаж өгсөн/,

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 931 дугаартай магадлал /шүүхийн шатанд гаргаж өгсөн/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн” хэмээн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд, шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ...........................хотхоны дундуур алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Үийн Айфоне 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчийн өмчлөх эрхэнд халдан “хулгайлах” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Мөн хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой юм.

Шүүгдэгч О.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Агийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Үид 1,950,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар төлж барагдуулсан /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулах, хязгаарлах бүсийг Сонгинохайрхан дүүргээс гаргахгүй байхаар тогтоож Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэл тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. .... Шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд тусгаж өгөөгүй ялыг оногдуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын яллагчаас энэ зүйл ангийн хамгийн бага 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Торгуулийн ял яагаад оногдуулаагүй вэ гэхээр тодорхой хэмжээний цээрлэл амсуулахаар ял оногдуулж байгаа гэдгийг хэлмээр байна. Зайлшгүй бусад дүүргүүдээр зорчих болбол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээд асуудлаа шийдвэрлүүлээд явах боломжтой. Шүүгдэгч О.Агийн хувьд тэнсэх боломжгүй. Өмнөх шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Ямар хуулийн зүйл заалтаар ялыг багасгаж өгнө үү гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн гаргаж байгаа санал үндэслэлгүй байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ар гэрийн байдал, прокурорын алдаа дутагдлаас болж хэргээ нэгтгүүлж чадаагүй байдал, мөн 4-14 насны хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. Хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын 4 эсхүл 6 дүүргээр тогтоож өгнө үү. Зөвхөн өөрийн оршин суух бүсэд хязгаарлалтыг тогтоохоор хүүхдүүдийн эрх ашиг давхар хохирч байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх зэрэг асуудал бүрийг харгалзан үзнэ үү. Өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй байгаа. Хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байгаа гэдгийг хөнгөрүүлэх талаас нь харж үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Агийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх, эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 54 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах хуулбар /хх-ийн 55 дахь тал/, хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 56 дахь тал/, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолтын хуулбар /хх-ийн 57 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /хх-ийн 58 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 59 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 60 дахь тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагааны хуулбар /хх-ийн 61 дэх тал/, регистрийн дугаарын лавлагааны хуулбар /хх-ийн 62 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хх-ийн 63 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дэх тал/, шийтгэх тогтоол /хх-ийн 66-75 дахь тал/, шийтгэх тогтоол /хх-ийн 78-81 дэх тал/, шийтгэх тогтоол /хх-ийн 84-85 дахь тал/, 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 86-89 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /шүүхийн шатанд гаргаж өгсөн/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ар гэрийн байдал, прокурорын алдаа дутагдлаас болж хэргээ нэгтгүүлж чадаагүй байдал, 4-14 насны хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү”, мөн “Хуульд зааснаар тэнсэх боломжтой байгаа гэдгийг хөнгөрүүлэх талаас нь харж үзнэ үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу  Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол  зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хууль тогтоогчоос хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн доод хэмжээг 6 сарын хугацаатай байхаар тогтоосон байх бөгөөд дээрх хугацаанаас доогуур оногдуулж тогтоох боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Тухайлбал, хууль тогтоогчоос шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт заавал ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэх саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд тэнссэх нь ял биш болохыг дурьдах нь зүйтэй байна.  

 Иймд шүүгдэгч О.Агийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 931 дугаартай магадлалаар тогтоох хэсэг зарим заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж буюу 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч О.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох 1 жилийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.Аг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

           Шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Оийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.Аг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, шүүгдэгч О.Ад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЭНХТҮВШИН