Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 253

 

М.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, Л.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 513 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 224 дүгээр магадлалтай, 201726010667 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт М.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хорих ялыг 2 дахин багасгаж 5 жилийн хугацаагаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чулуундаваа, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өсвөр насны шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл зүйн байдал нь насны онцлогоосоо хамаарч ямар байх, тухайн нөхцөл байдлаас хамаарч цочрон давчдалтанд орох боломжтой эсэхийг тогтоолгох шинжилгээг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийлгэх хүсэлтийг прокурорын шатанд гаргахад шийдвэрлэлгүй орхисон. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй нотлох гол баримтыг тогтоогоогүй. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан боловч хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшээгүй эмч нар байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар дүгнэлтэд цочрон давчдалтын талаар ямар нэгэн зүйл тусгагдаагүй байхад шинжээч эмч нар энгийн цочрон давчдалт гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь Улсын Дээд шүүхийн тогтоолоос харагдаж байгаа. Хэрэв хэрэг хариуцах чадваргүй бол эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Шүүх хуульд заасан ялын доод хэмжээнээс дээгүүр ял оногдуулсан нь үндэслэлгүй. Харилцан эсрэг сонирхолтой, тухайн үед сэжигтнээр татагдсан байсан Төрбат, Төгөлдөр нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа: “...М.Б-ийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байсан. Шүүгдэгч нь 16 нас 5 сартай байхдаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хэрэг үйлдэгдэхэд гэр бүлийн нөхцөл байдал нөлөөлсөн. Гэмт хэрэг үйлдсэн дээрх байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялыг хөнгөрүүлэх, эсхүл 2002 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон байна. Энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж харагдахгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн М.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 2 дугаар орцны 111 тоот гэртээ өөрийн төрсөн эцэг Д.Мөнхтөрийн цээжинд хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Гэрэлцэцэг, Л.Бархасбадь, Д.Жаргал нарын мэдүүлэг болон А.Төгөлдөр, А.Төрбат нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх М.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, тэрээр 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж 5 жил хорих ял болгон тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Д.Гэрэлцэцэгийн “…Манай хүү Түшигээ /Б/ найз болох Төрбат, Төгөлдөр хоёртой гаднаас согтуу орж ирсэн. Тэгснээ аав руугаа “Та намайг жаахан байхад миний ээжийг үсдэж дараад зулгаадаг байсан, та ээжийг яачихсан юм” гээд том өрөөнд аав руугаа дайраад эхэлсэн. Тэгтэл аав нь “чи миний өөдөөс юм хэлдэг хэн юм, юу юм” гээд л босоод ирсэн… Би 00 руу орчихоод … том өрөөнд ороод ирсэн чинь Мөнхтөр орон дээр хэвтчихсэн, хүү намайг хутгалчихлаа гэсэн.  Тухайн үед Мөнхтөр намайг цохиж зодоогүй…” гэх мэдүүлэг /хх-48/, М.Бийн яллагдагчаар өгсөн “… Би гэртээ ортол миний аав болох Мөнхтөр согтуу гэрт ирчихсэн ээжтэй хамт 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд би аавтай мэндлээд … агсан согтуу тавиад байлгүй аятайхан хоноорой гэж хэлээд буцаад гарч явсан... Тэгээд бид нар архиа ууж дуусгаад Төгөлдөр, Төрбат нарын хамт гэр лүүгээ орсон чинь ээж орон дээр хэвтчихсэн, аав нилээд согтуу орны толгой налаад сууж байсан. Би тэр үед ээжид агсан тавьсан юм шиг санагдаад байсан учраас гэнэт уур хүрээд “Та манай ээжийг байнга дарамталж зоддог байсан биз дээ гээд барьж аваад нүүр, гар руу нь 1-2 удаа гараа цохьсон, тэгтэл аав өөдөөс нэг удаа цохиод авахаар нь би буцаж гал тогооны өрөө орж мах ногоо хөшиглөж ахуйн хэрэглээнд хэрэглэдэг шар иштэй барзгар хуванцар иштэй хутгаа аваад буцаад том өрөө рүү ороод айлгах санаатай хавирга цээж хэсэг рүү нь хутгатай гараараа савсан чинь цээж хэсэг рүү нь орчихсон… /хх-159/ гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар шүүгдэгч М.Бийн согтуурсан үедээ хүнийг санаатай хутгалж алсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан “Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочирсон”, түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх шинж тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилж дүгнэх эрхгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 513 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 224 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН