Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар   2024/ШЦТ/1016

 

 

 

 

 

 

 

  2024        09         20                                        2024/ШЦТ/1016

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

улсын яллагч Д.Итгэл,

гэрч Х.Х,

хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Мын Цд холбогдох эрүүгийн 2403 00295 0428 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..............................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ц нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Шунхлай” шатахуун түгээгүүрийн станцын баруун талын замд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд “Тоёота Акуа” маркийн .......................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч С.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр би хүүхдээ хүргэж өгөх гээд төв замаас Шунхлайн колонк руу шилжих явцад зогсоол руу орох боломж байхгүй байсан учраас явган хүний гарц өнгөрч зогссон. Тэгээд олон хүн явж байсан болохоор хүмүүс өнгөрсний дараа ухарч байгаад урагшаа хөдөлнө гээд байж байсан. Хүмүүс нэлээн шингэрсний дараа ухрах араандаа хийгээд камерт харахад хохирогч ард зогсоод байсан. Юу болов гээд машинаасаа буугаад очиход “намайг мөргөчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед би хөдөлгөөн хийгээгүй. Би машинаасаа бууж ирээд “яасан бэ, үнэхээр мөргөсөн бол цагдаа дуудъя, эхлээд машинд суучих, замаа чөлөөлье” гэж хэлсэн. Тэгээд миний машинд суугаагүй, дугаарыг маань аваад явсан. Хохирогч явсны дараа би урагшаа талбай руу орж зогссон. Тэгээд 10 минутын дараа цагдаа дагуулж ирээд миний машины бичиг баримтыг аваад явсан. Тэгээд би тэр цагдаатай уулзсан. Одоо яах вэ, болохгүй бол цагдаа, шүүхээр явъя гэсэн. Эхлээд эмнэлэг рүү явж зураг авхуулъя гээд тэр цагдаа миний бичиг баримтыг өгөөд явсан. Тэгээд үнэхээр мөргөөгүй бол зураг авхуулах үед харагдах байх гээд цуг эмнэлэг явсан. Эмнэлэг явахаас өмнө нь охиноо хүлээж байна гээд цаг гаран хүлээсэн. Эхний эмнэлэгт зураг авхуулж чадаагүй. Тэгээд дахиад эмнэлэг орж зураг авхуулах гэтэл эмч нар нь байхгүй гээд аваагүй. Дахиад өөр эмнэлэг ороод зураг авхуулахад гэмтэл гэсэн. Тэгээд ”за, за ер нь цагдаагаа дууд” гэсэн. Би хөдөлгөөн хийгээгүй. Бүр явсных нь дараа зогсоол руу орсон. ... Энэ хүнийг өнгөрөөгөөд хөдөлнө гээд хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг мөргөчихлөө гээд байсан” гэв.

Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр боолт хийлгэх гээд явж байсан. Би таягаа авахад машины гүперийнх доогуур явган хүний гарцын зураас байсан. Миний таяг бүр унасан. Энэ хүн машинаасаа бууж ирээгүй. Намайг мөргөөд шууд урагшаагаа явсан. Энэ хүн машинаасаа гарч ирээгүй. Тэгээд би нөхрийгөө эмийн сан руу явуулж өвчин намдаах авч уусан. Би “ээж нь машинд мөргүүлчихлээ” гээд охиноо дуудсан. Би цочролд ороод яах аа мэдэхгүй байсан. Миний зүүн хөлийн өвдөгний хажуу талд таягтай хавсаргаж мөргүүлсэн шалбархай нь байгаа. Гэрэл зургаар шинэ шарх гэдэг нь харагдаж байгаа. Маш бага зайтай байсан учраас манай нөхөр надтай хамт явах боломжгүй миний урд явж байсан. Тэгээд би ч унасан, миний таяг ч унасан. ...Тэгээд манай охин тухайн машины жолоочид хандан “чи жолооч юм бол 2 толиндоо хардаггүй юм уу” гээд хэлсэн. Тэгэхэд энэ хүн “эгч нь ёстой яг ухраад хөл орж ирээд зогссон” гэсэн. Зураг авхуулах гээд хүнээс 50,000 төгрөг зээлсэн. 30,000 төгрөгөөр зураг авхуулсан. Тэгээд орой нь намайг хаяад явчихсан. Би “чи надтай хамт эмнэлээр яв аа” гэхэд “үгүй ээ, шүүхээр явна” гэсэн. Энэ хүн арай л худал зүйл яриад байна. ...Намайг явж байхад үед шүүгдэгчийн жолоодож явсан машин ухрах үйлдэл хийж намайг мөргөсөн. Тухайн мөргөлтөөс авсан гэмтэл юм. Би үүнээс хойш дахин гэмтэл аваагүй. Д гэдэг шинжээч миний гадна боолтыг авахгүй. Томографик авхуул 5 дугаар сарын 19-нд явуулсан. Би тухайн өдөр авхуулж чадаагүй маргааш нь авхуулсан. Яагаад гэвэл надад тухайн үед зураг авхуулах мөнгө байгаагүй. Тэгээд 10-ны өдөр очиход эрүүл гээд гарчихсан. Би гайхаад хүлээн зөвшөөрөөгүй дахин шинжээч томилуулсан.” гэв.

Гэрч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...05 дугаар сарын 09-ний өдөр эхнэртэйгээ боолт хийлгэх гээд явж байсан. Шунхлайн колонкийн гарцаар гарч байсан. Нарийн зам байсан болохоор би түрүүлж гарсан. Тэгээд зүгээр зогсож байсан машин гэнэт ирээд мөргөсөн. Би урд нь явж байсан учраас яг хараагүй. Гэхдээ мөргөсөн гэдгийг нь мэдэж байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

Жолооч М.Цгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /ДР:0,00%/ /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ггийн өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын үед 2023 оны 12 дугаар сард халтираад хугарсан зүүн хөлийн боолтоо солиулах гээд БЗД-ийн эмнэлэг орох гээд Шунхлай колонкийн баруун талд байрлах явган хүний гарцаар гарах гээд нөхөр Хийн хамт явж байгаад Тоёота Акуа маркийн .......................улсын дугаартай автомашин гарцын урд талд зогсож байгаад хойшоо гэнэт ухраад би туслах замын явган хүний гарцаар Шунхлай руу эргэсэн туслах замын явган хүний гарцаар явж байхад миний зүүн хөлийг цохиж таягтай хамт хавсарган зогссон. Тэгээд би нөхрөө түшихэд юу болов гэж хэлэхэд би “намайг машин мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд тухайн машин шууд урагшаа колонкийн зогсоол руу яваад өгсөн. Тухайн машины жолооч гарч ирээд таны хөл машины камер луу ороод ирэхээр нь би зогссон гэж хэлээд би таныг гэрт тань хүргээд өгье гэж хэлээд би эмнэлэг рүү хөлийн боолтоо хийлгэх гээд явж байна гэж хэлээд цагдаад манай охин дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дүрс оношилгооны үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 30 минутын үед эхнэр С.Ггийн хамт хугарсан хөлний боолтыг нь солиулах гээд БЗД-ийн эмнэлэг рүү явж байхад Шунхлай колонкын баруун талын гарцаар гараад эхнэр миний зүүн талд явж байгаад гэнэт таяг нь унаад хөл нь савлахаар нь юу болов гэж асуухад энэ саарал өнгийн Акуа маркийн машин ухраад хөлийг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд тухайн машин шууд цаашаа яваад зогсоод жолооч нь гарч ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хийн дахин өгсөн: “...Тухайн машин манай эхнэр С.Өлзийн зүүн хөлийг таягтай нь хамт хавсаргаад ар талын гупер хэсгээрээ мөргөж байхыг би харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүрс оношилгоо үзлэгийн хариу /хавтаст хэргийг 38 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6326 дугаартай: “С.Ггийн биед 2024.05.09-ний өдөр үүссэн гэх шинэ гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

            Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хавтаст хэргийн 44 дэх тал/,

            Шинжилгээний обьектын талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 45 дахь тал/,

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Кадел, Т.Чимэд-Очир, Д.Сэвжидмаа нарын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаартай: “...1. 2024 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хийсэн 6326 дугаартай дүгнэлтэд санал нийлэхгүй байна. 7. 8. 9. С.Гн зүүн шаант ясны дунд хэсэгт бороололт үүссэн хуучин хугаралтай ба уг хугарлын дунд хэсгээр бороололт үүсээгүй ташуу, шинэ хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсэгт бороололт үүссэн ташуу хуучин хугаралтай ба уг хугарлын дээд ирмэгээр хөндлөн, бороололт үүсээгүй шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан шинэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүрс оношилгооны хариу /хавтаст хэргийн 50 дахь тал/

“...............” эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний: “...тахилзуур ясны диафизийн дунд хэсэгт ташуу хугаралтай /бороожилтгүй/, мөн диафизийн доод хэсэгт мөн старил хэлбэрийн хугарлын бороожилтой.” гэх хариу /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

“...............” эмнэлгийн эмч Г.Ононгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зүүн талын шилбэ ясны эгц болон хажуу байрлалд авсан рентген зургийн: “...Шаант болон шилбэ яс хуучин зөрүүтэй хугаралтай, бороололтын эхлэлтэй. Бэхэлгээ төмөртэй. Шаант ясны гадаргуу тэгш бус, остеофит ургалтын эхлэлтэй. Шилбэ ясны гадаргуу тэгш бус, остеофит ургалтгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч Г.Дамдингийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-66 дах тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай “1. Toyota Aqua маркийн .......................дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ц нь ЗХД-ийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна, явган зорчигч С.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн  78-79 дэх тал/,

 

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

Хохирогч С.Г болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нараас гаргасан хохирлын баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/,

 

Хохирогч С.Ггийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 95-96 дахь тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “...Шүүгдэгч М.Ц нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын замд 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 1- цаг 30 минутын орчимд Тоёота Акуа маркийн .......................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдлийг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч С.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,

          Хохирогчийн өмгөөлөгч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Ггийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, мөн учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэхэмжилж оролцож байгаа. Шүүх хуралдаанаар улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг бүрэн дэмжиж байна. Учир нь нийтэд илэрхий, маш ойлгомжтой байдлаар улсын яллагч яллах дүгнэлтийнхээ үндэслэж байгаа хэсгийг тайлбарлалаа. Өнөөдрийн байдлаар Ггийн хувьд 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ослын хохирогч болсон. Энэ ослын хохирогч болох хугацаандаа хуралдааны танхимд байгаа энэ таягтай байсан. Энэ таягийг хавсарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг зүйлийг бүрэлдэхүүнтэй шинжээч тогтоосон байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хангалттай шинэ хугарал байна. Тухайн шинэ хугарал нь авто ослын үед үүссэн шинэ гэмтэл байна аа гэдгийг бүрэн дүүрэн тогтоосон. Дээрээс нь хохирогчийн зүгээс өөрөөс шалтгаалах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргээ бол хангалттай биелүүлсэн, өөрөөр хэлэх юм бол хохирсон гэдэг нотлох баримт, тэр дүрс оношилгоо, сиди бичлэг, томограф бүхий л зургаа нотолгоо болгоод баримтаар өгчихсөн. Тэгэхээр энэ өгсөн байгаа, үйл баримтыг хэн хүлээн авсан, хэзээ хүлээлгэн өгсөн эсэхээс үл шалтгаалаад Ггийн гэмтэл нь биш эсэх гэж үгүйсгэгдэх нөхцөл болохгүй юм аа. Өөрөөр хэлэх юм бол шинжээчийн албан ёсны дүгнэлт байна. Дээрээс нь өнөөдөр улсын яллагч яллаж байгаа гол үндэслэл, нотолгоонуудаа ярилаа. Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад өнөөдөр би 7 сар гэхэд миний шарх бүрэн эдгээд би ажил хөдөлмөр эрхлээд явах бүрэн боломжтой байсан. Мөн ажлын тодорхойлолт нь ирсэн. “И эн Пүд Эф Пүдс” компани бол тухайн үед 2023 оны 3 сараас хойш эхлээд манайд ажиллаж байсан, ажлын цалин нь 1,400,000 төгрөгийн цалинтай байсан. 5 сард хохирогч маань эрүүл мэндийн хувьд хүндэвтэр гэмтэл авсан учраас цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байсан хохирол, хор уршгийн асуудлаа 1,400,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 4,200,000 төгрөгийг шүүгдэгч Цгаас нэхэмжилж байна. Мөн өөрийн эрүүл мэндийн үйлчилгээнд эмнэлгийн болон эмийн бүтээгдэхүүн авах, бензин шатахуун зэрэгт нийт 1,005,044 төгрөгийн баримт байгаа. Эндээс тухайн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд бензин шатахуун авсан зардлуудыг тооцсон. Энэ дотроо хоол хүнстэй холбоотой баримт байсан. Үүнийг хасаж тооцсон байгаа. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тооцож, хохирогч хүлээн зөвшөөрч байгаа учраас түүний сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,580,000 төгрөгөөр тооцож, нийт 13,785,044 төгрөгийг шүүгдэгч Цгаас гаргуулах саналтай байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Энэ хууль, хууль зүйн акт, дэд хууль тогтоомжийн хүрээнд дагаж мөрдөх ёстой дүрэм бүртгэгдсэн өдрөөсөө хойш дагаж мөрдөгдөх ийм журамтай шүү. Тэгэхээр энэ тогтоолын хувьд мэдээж энэ шинжээч томилж байгаа тогтоол өөрөө хууль сануулна. Гэмтлийн зэрэг дээр маргаж байгаа бол энэ шинэ журам болон хуучин журам өөрөө Гд учирсан гэмтэл хэлбэлзэхгүй, өөрөөр хэлэх юм бол хүндэвтэр гэмтэл хэвээрээ байгаа, харин журам удирдлага болгоогүй байна гэдэг асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ журмыг удирдлага болсон нөгөө журмыг удирдлага болгосон ялгаагүй Ггийн гэмтлийн зэрэг хүндэвтрээрээ л байна. Тэгэхээр хууль тогтоомж, актыг хүчингүй болсныг хэрэглэж байна гэдэг нь өөрөө энэ хүний хохирол, хор уршиг арилна гэсэн үг биш. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна л даа. Цаг хугацааны хувьд зөрүүтэй хэзээ нь тодорхойгүй гэдэг л асуудал яриад байх шиг байна. Цаг хугацаа бол маш тодорхой шүү дээ. 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр тухайн осол болсон. Яг ямар цаг хугацааг тодорхой болгох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ цаг хугацаа өөрчлөгдсөнөөрөө яах юм, энэ гэмт хэрэг үгүйсгэгдчих юм уу гэдэг асуудал. Тэгэхээр цаг хугацааны хувьд шүүгдэгч, гэрч, хохирогч ч тэр тухайн осол 12 цаг 30 минутын орчим болсон. Дуудлага мэдээллүүдээ 14 цаг 50 минутад хүлээж аваад ирсэн асуудал байгаа. Тэгээд энэ хооронд тодорхой процесс болдог. Ослын газраас хөдөлчихсөн, хөдлөөд Гд учирсан хохирол гэмтэл хөдөлгөөн бүрэн боломжгүй байдалд хүргэсэн. Ингээд бусдаас тусламж хүссэн. Тэр хооронд 2 охиныгоо дуудсан асуудал байгаа. Цаг хугацааны хувьд тогтоогдохгүй байна гэсэн ийм ойлголт үгүйсгэгдэж байна. Дүрс оношилгооны бичгийн асуудлыг яриад, дүрс оношилгооны эмч нарын нэр дурдаад байх шиг байна. Энэ дэвшүүлээд байгаа зүйлээрээ нотлох баримт, хуурамч гэж илэрхийлэх гээд байгаа юм уу, аль эсвэл тэр дүрс оношилгооны бичиг нь Ггийнх биш гэх гээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Өмгөөлөгчид бүрэн эрх нь байгаа. Хэрвээ Гг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, өгсөн гэж үзэж байвал шалгуулах бүрэн боломжтой. Хохирогчийн эрх үүрэг нь энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нотлох баримтаараа нэхэмжлэх эрх нь бүрэн дүүрэн нээлттэй байгаа. Энэ хүрээнд өөрт учирсан хохирлын нотлох баримтуудыг тэр дүүрсэн оношилгооны бичигтэй эмнэлгийн эмчийн байгууллагатай бүрдүүлээд өгсөн асуудал байгаа. Үүнийг Ггийн зүгээс бүрдүүлээд өгөх ямар ч боломжгүй шүү дээ. Тэгээд хууль сануулаад дүгнэлт авч байгаа учраас энэ дүгнэлтийн агуулга хууль зүйн хүчин чадал өөрчлөгдөх боломжгүй юм аа. Улсын яллагчийн хохирол, хор уршигтай холбоотой асуудал дээр нэгэнт шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдчихсэн байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг шинжлэн судлаасай гэж хүсэж байна. Тухайн хүн маань 2023 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдгээ тухайн байгууллагын албан бланк дээр ажлын захирлын хамт ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдгээ нотолсон байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлаар нотолсон. Энэ хугацаанд буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгчийн зүгээс ямарваа нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд хохирол, хор уршгийг төлсөн асуудал байхгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогч өөрөөсөө хохирлыг төлөөд явж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтээ мөн бичгээр шүүхэд гаргаж өгсөн байгаа. Түүнийг шүүх харгалзаж үзэж бодитоор дүгнээсэй гэж хүсэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа санал хэргийн нөхцөл байдал дээр бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлалаа. Ердийн ухамсраар таяг дээр доор байх, өөрөөр хэлэх юм бол мөргөлтийн цэг энэ намхан хүн дээр таарахгүй байна гэдэг зүйл ярьж байна. Энэ нь боломжгүй. Өөрөөр хэлэх юм бол хохирогчийн зүгээс тодорхой мэдүүлсэн. Намайг таягтай хавсраад мөргөсөн. Энэ төмөр хатуу биет өөрөө тухайн хохирогч Ггийн шилбэнд учирч байгаа шинэ хохирол, гэмтлийг бий болгосон юм аа. Тэр төмрөөр хавсаргаад, акуа машинаар хавсарч мөргөсөн учраас энэ шинэ гэмтлийг бий болгосон. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа сэтгэл санааны хохирлыг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож байгааг дэмжиж байна. Нийт 13,000,000 төгрөг болж байна. Бодит хохирол 1,005,044 төгрөгөөр гэж тооцвол нийт 14,005,044 төгрөгийг хохирогч нэхэмжилж байгаа. Үүнийг шүүх харгалзан үзэж хохирол, хор уршгийг өнөөдрийг хүртэл энэ хүнд учирч байгаа амьдралыг даван туулах нөхцөл байдал хүнд байгаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бодитойгоор дүгнээсэй гэж хүсэж байна. 3 сарын цалин нэхэмжилж байгаа. Үүнийг орхигдуулсан байна. Тэгэхээр нийт 18,205,044 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “..Би түрүүн прокурорыг яагаад эсэргүүцэв ээ гэхээр бид нар дүгнэлтээ хэлэхдээ түрүүн шинжлэн судалсан нотлох баримтынхаа хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ярих ёстой. Тэрнээс биш хэн нэгэн хүний мэдлэг, туршлага, дадлага юу байдаг юм, тэнд нь суурилсан сэжиг, таамаг гэсэн зүйлийг ярьж болохгүй байх гэж ийм учраас эсэргүүцэл илэрхийлсэн юм аа. Нэгдүгээрт би энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагджээ. Тодорхой бус зүйл байна гэдэг агуулгаар эхлээд ярья. Нотлох баримт шинжлэн судлахад хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд гэмт хэргийн талаар хүлээн авсан мэдээлэл, жижүүрийн удирдлагын 102-т ирсэн мэдээлэл, зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл эд нар байгаа. Энд хэрэг болсон цаг хугацааг зөрүүтэй тэмдэглээд байна. Энэ дээр уг нь хяналтын прокурор гэмт хэрэг болсон цаг хугацаа хэзээ юм бэ, дуудлага мэдээлэл хэзээ авсан юм бэ, хэзээ очсон юм бэ гэдэг дээр бас хяналт тавьж байх ёстой. Гэтэл дуудлага мэдээлэл 14 цаг 52 минут гэж тэмдэглэсэн хэр нь осол болсон цаг хугацааг 14 цагт болсон гэж ослын газрын үзлэгийн тэмдэглэлд хэлсэн байх юм. Гэрч нарын мэдүүлэг болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр 12 цагийн үед болсон гэдэг нь тогтоогдчихоод байгаа шүү дээ. Гэтэл энэ цаг хугацааны асуудал ийм байна. Хохирогчийн мэдүүлэгтэй холбоотойгоор хэлэхэд хохирогч “миний хөлийг таягтай хавсарч цохисон” гэж мэдүүлдэг. Дараагийн асуудал нь болохлоор “таяг, хөл хоёрын алийг нь эхэлж мөргөснийг би мэдэхгүй байна” гэдэг зүйл ярьдаг. Гэтэл энэ дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу буюу зам тээврийн осолд холбогдсон тэр автомашин дээр яагаад тухайн үед нь өнгөн тоос шороо болсон хэсэг дээр хүрсэн, барьсан зүйл байна уу, зургийг нь яагаад аваагүй юм. Түрүүн шүүгч асууж байсан, тэр таяг дээр ямар нэгэн мөргөлтийн ул мөр үлдэж үү, үгүй юу. Автомашины будаг, хонхойлт байна уу, үгүй юү, дээрээс нь таягтай хүн чинь явахдаа ер нь бол таягаа хөлтэйгөө параллель барьдаггүй шүү дээ. Ингээд тэгшхэн барьдаг. Дандаа параллель хэлбэртэй барьдаг. Тэгэхээр хамгийн эхлээд таяг цохигдсон байх. Хэрэв таяг цохигдсон бол нэг хөл нь хугарчихсан хүн унах ч байдаг юм уу ямар нэгэн байдлаар тийм зүйл болох байсан болов уу. Мөн дараагийн ээлжид акуа машин яг аль хэсгээрээ мөргөсөн юм. Тухайн одоо акуа машины гүпер хэсгийн урд талын хэсэг нь буюу хамгийн эхэлж хүрэх цэг нь тухайн хохирогчийн хөлийн аль хавьцаа ирж байгаа юм гэдгийг нь туршилт ч юм уу юмаар тогтоочихсон бол бас болох байсан асуудал. Яагаад би энийг хэлж байна гэхээр би өөрөө өнөөдөр  шүүх хурал орохоос өмнө акуа машины хажууд зогслоо. Би өөрөө тийм өндөр хүн биш. Гэтэл миний шилбэнээс давж гарч байна. Хохирогчийг харахад бол намхан хүн байна шүү дээ. Тэгэхээр яг аль хэсгээр нь очиж тэр гүпер хүрсэн байх боломжтой юм. Энэ асуудлыг бас шалгаж тогтоох боломжтой л байсан асуудал. Тэгээд хохирогч, гэрчийн мэдүүлэг байна, манай хүний таяг нь унаад хөл нь савлаад байж байсан гээд тэгж байгаа. Гэтэл түрүүн улсын яллагч ярихдаа тухайн хүн хөл нь газартай параллелийн одоо юу гэдэг юм нөгөө даралт өгчихсөн, яг гишгэлтээ өгчихсөн тохиолдолд очиж мөргөсөн тохиолдолд хөл хугарах илүү магадлал боломж байдаг гэж. Гэтэл хөл нь савлаад байж байсан таяг нь унасан гэхээр зам дээр эхлээд таягт нь хүрсэн байж болно. Гэтэл хөл нь хүрсэн үү үгүй юу, хөл нь яг аль хэсэгт байсан гэдэг дээр эргэлзэхэд хүрч байгаа асуудал байгаа. Дараагийн асуудал хавтаст хэргийн 38 дугаар хуудас болон 50 дугаар хуудсанд нотлох баримт шинжлэн судлахад ярьсан. Энэ дүрс оношилгооны хариу гээд байгаа Оюунбаясгалан эмч, 50 дугаар хуудсанд Чулуунсүх эмч. Энэ яг аль эмнэлэгт юм бэ. Тэр Мед Травма юм уу эс үгүй бол Оюун шүр нь юм уу, гэмтэл согогийн эмнэлэг юм уу, ямар ч албан бланк байхгүй бичиг байгаад байгаа. Дээрээс нь Оюунбаясгалан эмчийн тэмдэглэл дээр нь 2 ширхэг сиди, нэг нь томограф юуных нь билээ нэг ийм 2 ширхэг сиди, Чулуунсүхийнх дээр бас 2 ширхэг сиди, гэтэл энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар энэ сидинүүд нь авагдсан юм уу, авагдаагүй юм уу, 4 сиди байх ёстой юм уу, 2 сиди байх ёстой юм уу, 5 дугаар сарын 10-нд үзүүлсэн юм уу, 13-нд үзүүлсэн юм уу энэ ерөөсөө тодорхойгүй. Дээрээс нь 44 дүгээр хуудсанд мөрдөгчийн тогтоол байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн танилцуулсан тогтоолыг би яагаад уншсан бэ гэхээр энэ дээр үндэслэл хэсэг нь байхгүй. Хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт бүхэлдээ үгүй бол зарим хэсэг нь эргэлзээтэй, үндэслэлгүй бол шүүгч, прокурор, мөрдөгч дахин шинжээч томилно гээд байгаа. Энэ дээр мөрдөгч нь яг аль үндэслэлээр юм, зарим хэсэг нь юм уу, шинжээчийн дүгнэлт бүхэлдээ юм уу, тэгээд эргэлзээтэй юм уу, үндэслэлгүй юм уу энэ байх ёстой. Энийг прокурор харах л ёстой. Яагаад үндэслэлээ дурдахгүй байгаа юм. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд дахин шинжилгээ хийх журам байгаа. Шинжээчийн дүгнэлт түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсвэл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэнэ гэж байгаа юм. Мөн хуулийн 28.4 дүгээрт дахин шинжилгээ хийхэд анхдагч болон нэмэлт шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектыг бусад холбогдох материалын хамт хүргүүлнэ гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор би хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан энэ шинжилгээний объектод хүргүүлсэн зүйлийг шинжлэн судалсан. Энэ дээр хэзээ, хаанаас хурааж авсан юм уу, бэхжүүлж авсан юм уу, түр хурааж авсан юм уу, ямар ч тодорхойгүй 2 сиди гэж байгаа юм. Өмнөх нь Оюунбаясгалан эмчийнх юм уу, сүүлд өгсөн Чулуунсүх эмчийнх юм уу аль нь ч тодорхойгүй, тэгээд хэн өгсөн, хэн хүлээж авсан, хэн буцааж өгсөн нь бас тодорхойгүй. Энэ дээр хяналт гэдэг зүйл маань бас л байх ёстой гэж би ойлгоод байгаа юм. Дараагийн дугаарт 46-49 дүгээр хуудсанд бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн дүгнэлт маань байгаа. Энийг ярихаасаа өмнө Оюунбаясгалан эмчийн дүрс оношилгооны хариутай холбоотой зүйл хэлэхэд Оюунбаясгалан эмчийн дүрс оношилгооны хариунд үндэслээд Дэмчийн 6326 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг юм. Энэ дүрс оношилгооны хариунд авагдсан юмыг дүгнэлт хэсэг дээр яг тэгж бичээд араас нь гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй ээ гээд биччихсэн байгаа. Дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн 647 дугаартай дүгнэлтэд нөгөө Чулуунсүх гээд эмчийн гаргасан дүрс оношилгооны хариуг бас яг хуулж бичээд энэ хүндэвтэр гэмтлийн зэрэг байна гээд биччихсэн. Нэг үгээр хэлбэл ерөөсөө шинжээч нарын дүгнэлт энэ дүрс оношилгооны хариунаас маш их хамааралтай байгаа, маш их хамааралтай байгаа учраас энэ дүрс оношилгооны эмч нарын гаргасан энэ дүгнэлт нь ямар юман дээр үндэслэв, хаанаас гаргав гэж хавтаст хэрэгт авахдаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авахгүй бол шинжээч эмчийн дүгнэлтүүд хуулаад биччихсэн юм шиг байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр бичсэн хамгийн ноцтой гэж хэлэхээр зүйл бол бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн дүгнэлтийн 5 дахь хэсэг. Дээрх учирсан шинэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэрэгт хамаарна гээд биччихсэн байгаа. Энэ юу нь ингээд ноцтой болчхов гэхээр 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаал гарсан юм байна. Гэмтлийн зэрэг тогтоох шинэ журам байна. 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн энэ журмаар 2024 оны гэмтлийн зэрэг тогтоох журмыг хүчингүй болгочхож. Гэтэл нөгөө бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нар маань дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон гэмтлийн зэрэг тогтоох журмаар дүгнэлтээ гаргасан байна. Тэгэхээр одоо яах ёстой юм. Энэ дүгнэлт маань хүчин төгөлдөр гэж үзэх юм уу, үзэхгүй юм уу. Дараагийн дугаарт шинжлэн судалсан хавтаст хэргийн 94 болон 96 дугаар хуудсанд Цагдаагийн ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын санхүүгийн харилцан албан бичгүүд хэвтэж эмчлүүлээгүй хүнийг хэвтэж эмчлүүлсэн байна, мөнгийг нь гаргаж өг гээд хавтаст хэрэг дээр авхуулчихсан байх юм. Энэ одоо ямар учиртай юм болж байна аа, прокурор оо, би прокуророос асууя. Яагаад хэвтэж эмчлүүлээгүй хүнийг хэвтэж эмчлүүлсэн байна, мөнгийг нь гарга гээд энэ дээр яагаад баримтжуулж авч болоогүй юм бол. Тэгээд ийм юмнуудыг яагаад хавтаст хэрэгт бас хийлгэсэн юм бол оо гэсэн зүйлүүд эхний ээлжийн дүгнэлтэд хэлж байна. Улсын яллагч маань гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шүүх хурал дээр нотолж оролцдог, хохирогчийн өмгөөлөгч маань прокурорын үүргийг нь прокурорт нь үлдээчихвэл яасан юм бэ, хэргийн талаар нотлох гээд байгаа ч юм шиг сонсогдох юм. Прокурорын дүгнэлттэй холбоотой зүйл хэлэхэд тэр цаг хугацааг тодорхойлох шаардлагагүй. Тэр бол очсон мөрдөгч өөрийнхөө тогтоосон цаг хугацаагаар л биччихэж болно гэсэн зүйл яриад байх шиг байна. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг заавал тогтоох ёстой. Гэхдээ би заавал энийг тогтоо гэж байгаа юм биш. Яагаад би энэ асуудлыг ярих болж байна вэ гэхээр мөрдөгчийн энэ үйл ажиллагааг хяналт тавьж байгаа прокуроруудын хувьд засаач ээ. Ийм замбараагүй муухай юм хийж байгаа. Хүн нас барчихсан байвал цаг хугацааг нь хаа хамаагүй биччихэж болох юм уу, болохгүй юм уу, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь хаа хамаагүй байж болох юм уу, болохгүй юм уу, тэрэнтэй холбоотой л ярьж байгаа юм. Тэрнээс биш энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь хэзээ гарсантай маргаад байсан юм байхгүй юм шүү. Яагаад вэ гэхээр энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад сүүлийн үед мөрдөгч нарын ур чадвар ч тэр, прокурорын хяналт ч тэр, тал талдаа сулраад байна аа. Улсын яллагч түрүүн ярилаа. Үндэслэлтэй л ярьж байна. Өөрөө бол нэлээн туршлагатай тээврийн прокурорт ажиллаж байсан, зам тээврийн хэргээр дагнасан, прокурорын газарт хяналт тавьж байгаа болохоор сайн мэдэж байх шиг байна. Таяг тулахдаа яаж тулдаг вэ, яадаг вэ гэж надад бол үндэслэлтэй сонсогдож байна. Гэхдээ бид нар тийм үндэслэлтэй тайлбар сонсмооргүй байна. Нотлох баримтад тулгуурласан юм сонсмоор байгаа байхгүй юу. Энэ акуа гэдэг машин нь тэдэн онд үйлдвэрлэгдсэн, энэ ухрахын камертай хийхэд ойролцоогоор тэдэн секунд болдог юм байна гэсэн шинжээчийн дүгнэлт байвал хамаа алга. Одоо таны ярьж байгаа чинь үнэн зөв болчихно. Энэ акуа машин нь бас энэ хайбрид технологид суурилсан ийм мотортой учраас бас дуу муу нь гардаггүй юм гэдгийг р зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй ч байж болно. Гэхдээ хэрэг дээр нотлох баримтаар л авагдаж байж та энэ дээр өөрөө ярьж байх ёстой болохоос биш бид нар бүгдээрээ мэднэ гээд байж болохгүй л дээ. Хэрэгт авагдсан тэр компакт дискийн асуудлуудыг хохирогч аваачиж өгөөд тэгээд шинжилгээнд өгөөд л болчихдог шүү дээ гээд, үгүй ээ энэ чинь хавтаст хэрэгт авахдаа хохирогчоос бичгийн баримт сэлт, эд мөрийн баримтыг хурааж авдаг юм уу, эсвэл хүлээж авдаг юм уу, түр хурааж авдаг юм уу, тийм тэмдэглэл заавал үйлдэх ёстой. Хэн хэзээ тэр сиди очсон юм уу, үгүй юм уу гэдгийг яаж мэдэх юм бэ. Хамгийн гол нь нотлох баримт, тэр нь хавтаст хэрэг дээр яг тодорхой бичигдээд, авагдаад тавигдчихсан байх ёстой болохоос биш зүгээр л нэг компакт хийсэн, дотор нь юу байгаа юм, дуу дүрсний бичлэг нь юу байсан юм, зохиолын дуу бичигдчихсэн ч байсан ч юм уу, бид нар мэдэхгүй шүү дээ. Энийг заавал баримтжуулах талын юм мөрдөн байцаалтын шатанд дутагдаад байна шүү гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Шинжээчийн дахин дүгнэлтийн үндэслэлийг нь тавихгүй байж болно оо, тэрийг тавих шаардлагагүй гэсэн зүйл. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн зүгээс хэргийн оролцогчийн зүгээс дахин шинжээч томилохоор бол бид нар заавал хийдэг ээ гэсэн зүйл ярих юм. Гэтэл одоо энэ хавтаст хэрэгт авагдсан урьдчилсан хэлэлцүүлэг дээр дуртай нэгнийх нь хүсэлтээр нь шинжээчийн дүгнэлтийг дахиж хийдэггүй гээд өөрөө ярьчихсан байх юм. Хамгийн гол нь үндэслэл нь байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд ямар тохиолдолд шинжилгээг хийх вэ, ямар үндэслэлээр хийх вэ гэдгийг чинь маш тодорхой заачихсан байгаа. Энэ үндэслэлүүдийн аль нь юм бэ л гэж асууж байгаа байхгүй юу. Тодорхой байх ёстой. Нотлох баримт чинь тодорхой байх ёстой. Томографикын дүрс оношилгооны бичлэгийг өөрөө мэддэг ч юм шиг юм байна, би тэгж хэлээгүй ээ, хамгийн гол нь албан ёсны бланк байдаг юм уу, аль эмнэлэг юм бэ, би мэдэхгүй учраас танаас асууж байгаа шүү дээ. Хаанаас хийгдсэн, ийм эмч байдаг ч юм уу, байдаггүй ч юм уу. Би хохирогчийг хуурамч бичиг баримт аваад ирлээ гэж хэлээгүй. Хамгийн гол нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан баримт сэлтийг л хавсаргах ёстой. Хэн хаанаас хийсэн нь тодорхойгүй, хаанаас хурааж авсан юм, хохирогч өөрөө авчирч ирж өгсөн юм уу, эмнэлгээс нь очиж авсан юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа шүү дээ. Гэтэл мөрдөгч өөрөө тогтоолоороо хохирогчийн өгсөн баримтуудыг ийм бичиг баримт хүлээж авлаа гэсэн тэмдэглэл үйлдээд тэдэн сарын тэдний өдрийн өдөр тэдэн хуудас ийм агууламжтай, тийм газраас өгсөн ийм бичгийг тэдэн хуудас баримтыг хавтаст хэрэгт хавсаргахаар өглөө гээд бичсэн байх ёстой. Гэтэл тийм юм байхгүй. Шинжээчийн дүгнэлт яг энэ дээр үндэслэж гараад байна гэсэн болохоос биш хуулж бичсэн нь буруу гэж хэлээгүй. Шинжээчийн дүгнэлт хуулж бичсэн байна, хуулж бичиж болохгүй гэсэн юм байхгүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлт энэ дүрс оношилгооны бичигт бичигдсэний эхнийх нь Дунгаамаагийнх болохоор Оюунбаясгалангийн дүрс оношилгооны хариунд үндэслээд гарчихсан. Дараагийнх нь Чулуунсүх гэдэг эмчийн дүрс оношилгооны хариунд үндэслээд гарчихсан байгаа учраас шинжээч нарын үндэслэл болгож байгаа баримтыг хавтаст хэрэгт хийхдээ нотлох баримтын шаардлага хангуулж хийх ёстой юм шүү гэдэг үндэслэлийг гаргаж тавиад байгаа юм. Хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа яг зохих ёсоор хийгдээгүй учраас ийм эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсчхээд байна. Шатахуун түгээх станцад камер байхгүй гэдгийг би бол итгэхгүй байна. Цаг хугацаа алдахгүй очиж авсан бол хяналтын камерын бичлэгт нь хэн ямар үйлдэл хийсэн нь маш тодорхой бичигдсэн байх ёстой. Тэрийг аваагүй, цаг хугацаа хэтрүүлсэн, тийм учраас тэр хяналтын камерын бичлэгийг авах боломжгүй болсон байна. Энэ хэрэг дээр зам тээврийн осол гарсан уу, гараагүй юу гэдэг асуулт тавиад нотлох баримт нь хангалттай байна уу гээд үзэхлээр миний хувьд хангалтгүй байна. Улсын яллагчийн ярьж байгаа шиг нотлох баримтын хэмжээнд зам тээврийн осол гарчихжээ гээд үзэх юм бол энэ дүгнэлтүүд яагаад зөрөөтэй гарав, яагаад шинжилгээний тэр журмаа барьсангүй гэдэг асуудал яригдана, дээрээс нь өмнө бэртэл авчихсан хүн ясны сийрэгжилттэй болчихсон, ийм тохиолдолд хэдий хэмжээний хүч үйлчилсний улмаас ямар гэмтэл учрах вэ гээд тодорхойгүй зүйл их байна. Тэр шинжээчийн дүгнэлттэй холбоотой хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гээд зөв л дөө, энийгээ л баримтжуулаад хийчих ёстой. Энэ журам болохоор 2024 оны 5 сарын 21-ний өдөр батлагдсан юм байна. Хууль зүйн яаманд бүртгүүлэхдээ тэр шинжээчийн дүгнэлтээс хойшоо буюу 6 дугаар сарын 10-наас хойш бүртгүүлсэн юм байна гэдэг лавлагааг нь авч хавсаргаад тийм учраас энэ шинжээч нар ингэж дүгнэхээс өөр аргагүй байжээ гээд хийчихсэн. Ингэж л ярих ёстой болохоос биш бүртгүүлэх ёстой байдаг юм. Тэгэхээр хойш нь  бүртгүүлсэн байж магадгүй гэсэн зүйл бид нар ярьж болохгүй. Тэгээд 20 хоногийн хугацаанд Хууль зүйн яаманд бүртгэлгүй байна гэж баймааргүй юм. 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан журам 6 дугаар сарын 10-ны өдөр хэрэгжүүлэх ёстой байгууллагууд дээрээ батлагдаж очоогүй байна гэдэгт эргэлзэж байна. Би ч гэсэн энэ талаар хэзээ бүртгэснийг мэдэхгүй байна. Би ч бас мэдэхгүй учраас энэ дүгнэлтийг үнэн зөв гэхэд эргэлзэж байна. Ийм учраас авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах боломжгүй байна. Хэн нэгний гэм бурууг тогтоох эрт буюу болоогүй, хангалттай нотлох баримт байхгүй байна. Тэгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж энэ гэмтлийн зэрэгтэй холбоотой ямар журмаар дүгнэлт гаргах ёстой юм, тэр дүгнэлтүүдийг ямар нотлох баримтуудаар үндэслэж гаргах ёстой юм. Өмнөх шинжилгээнд өгсөн сиди болон сүүлд 5 дугаар сарын 10, 13-ны сидинүүдийг бүгдийг нь үзэж дүгнэлт гаргасан уу үгүй юү гэдгийг шинжээч нараас асуудаг юм уу яадаг юм, тэр Чулуунсүх гэдэг эмч нь хаанахын эмч юм, Оюунбаясгалан гэдэг хүн нь хаанахын эмч юм, дахин шинжээч томилоод гэмтэл согогийн сэргээн засах төвөөс эмч оролцуулаад мэргэжлийн байгууллага нь гэсэн үг шүү дээ. Хувийн ямар нэгэн эмнэлэг биш мэргэжлийн байгууллагаас нь шинжээч томилуулах ч байдаг юм уу. Ийм байдлаар дүгнэлтийг эцэслэж гаргахгүй бол хэн нэгэн хүнийг хэлсээр хэрэгт шийдвэр гарч магадгүй. Нөгөө талаараа хохирогч нарын зүгээс ярьж байгаа ч гэсэн. Хэрэв шүүхийн дүгнэлтийг хүчингүй гээд үзчих юм бол эхний дүгнэлтээр нь шийдвэр гаруул миний үйлчлүүлэгчийг цагаатгах байх. Хэрэв үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байгаа бол энэ ял завшуулах асуудал яригдана. Гэтэл энэ дээр яллах болон цагаатгах талын нотлох баримтууд хангалттай цуглараагүй шүүх шийдвэр гаргах боломжгүй байгаа учраас энэ 60 хоногт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэж, дүгнэлтүүдийг эцэслэсний дараа шийдвэр гаргах боломжтой байна гэж үзэж байгаа учраас шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, тодорхой ажиллагаа хийлгүүлж өгнө үү гэж хүсэж байна. Дагиймаа өмгөөлөгчийн хувьд энэ үндэслэлүүдээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. Миний гаргаж байгаа хүсэлт бол энэ хэрэг дутуу шалгагдсан учраас энэ зүйл заалтаар шийдэхгүй бол нэг бол ял завшуулах, нэг бол хэлсээр гүтгэх бодит бус шийдвэр гарах гэж байна гэж дүгнэж байна. Шинжээчийн үндэслэл болгосон баримт бичгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн мэдүүлгээр мөргөөгүй, хохирогчийн мэдүүлгээр мөргөсөн гэдгийг тогтоох боломжгүй. Хэн нэгэн хүний мэдүүлгээр энэ асуудал тогтохгүй болчихжээ. Тэгэхээр эцсийн дүнд шинжээчийн дүгнэлтээр энэ хүн гэмтлийн зэрэг гарсан уу, үгүй юу. Улсын яллагчийн хэлснээр шинэ хугарал бол ямар нэгэн хүч үйлчилсэн юм, хэзээ гэмтсэн юм гэдэг асуудлаар тогтохгүй бол зөвхөн энэ 2 хүний мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг ч ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм уу, гэрчийн мэдүүлэг хуулийн үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна. Баримтжуулах нотлох баримтыг цуглуулах боломжтой боловч ийм ажиллагааг хийгээгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

          Хохирогч “...Улсын яллагч болон өөрийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Би гомдолтой байна” гэв.

          Шүүгдэгч “...Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авах гэж байгаадаа харамсаж байна. 2 шинжээч нарын дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа. Энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Өөрийн өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

   Улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч гаргасан бөгөөд шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах талаар маргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заажээ.

Гэтэл шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хавтас хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үзсэн болно.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэлгүй байна.

   1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч М.Ц нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын замд 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 1- цаг 30 минутын орчимд Тоёота Акуа маркийн .......................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдлийг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.”гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч С.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон БОЛОХ НЬ

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ггийн өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын үед БЗД эмнэлэг орж 2023 оны 12 дугаар сард халтираад хугарсан зүүн хөлийн боолтоо солиулах гээд БЗД-ийн эмнэлэг орох гээд явж байгаад Шунхлай колонкийн баруун талд байрлах явган хүний гарцаар гарах гээд нөхөр Хийн хамт явж байгаад Тоёота Акуа маркийн .......................улсын дугаартай автомашин гарцын урд талд зогсож байгаад хойшоо гэнэт ухраад би туслах замын явган хүний гарцаар Шунхлай руу эргэсэн туслах замын явган хүний гарцаар явж байхад миний зүүн хөлийг цохиж таягтай хамт хавсарган зогссон. Тэгээд би нөхрөө түшихэд юу болов гэж хэлээд би намайг машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд тухайн машин шууд урагшаа колонкийн зогсоол руу яваад өгсөн. Тухайн машины жолооч гарч ирээд таны хөл машины камер луу ороод ирэхээр нь би зогссон гэж хэлээд би таныг гэрт тань хүргээд өгье гэж хэлээд би эмнэлэг рүү хөлийн боолтоо хийлгэх гээд явж байна гэж хэлээд цагдаад манай охин дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч С.Ггөөс гаргаж өгсөн 210,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 30 минутын үед эхнэр С.Ггийн хамт хугарсан хөлний боолтыг нь солиулах гээд БЗД-ийн эмнэлэг рүү явж байхад Шунхлай колонкын баруун талын гарцаар гараад эхнэр миний зүүн талд явж байгаад гэнэт таяг нь унаад хөл нь савлахаар нь юу болов гэж асуухад энэ саарал өнгийн Акуа маркийн машин ухраад хөлийг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд тухайн машин шууд цаашаа яваад зогсоод жолооч нь гарч ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С. Кадел, Т.Чимэд-Очир, Д.Сэвжидмаа нарын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаартай: “...1. 2024 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хийсэн 6326 дугаартай дүгнэлтэд санал нийлэхгүй байна. 7. 8. 9. С.Гн зүүн шаант ясны дунд хэсэгт бороололт үүссэн хуучин хугаралтай ба уг хугарлын дунд хэсгээр бороололт үүсээгүй ташуу, шинэ хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсэгт бороололт үүссэн ташуу хуучин хугаралтай ба уг хугарлын дээд ирмэгээр хөндлөн, бороололт үүсээгүй шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан шинэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүрс оношилгооны хариу /хавтаст хэргийн 50 дахь тал/

“...............” эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний: “...тахилзуур ясны диафизийн дунд хэсэгт ташуу хугаралтай /бороожилтгүй/, мөн диафизийн доод хэсэгт мөн старил хэлбэрийн хугарлын бороожилтой.” гэх хариу /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

“...............” эмнэлгийн эмч Г.Ононгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зүүн талын шилбэ ясны эгц болон хажуу байрлалд авсан рентген зургийн: “...Шаант болон шилбэ яс хуучин зөрүүтэй хугаралтай, бороололтын эхлэлтэй. Бэхэлгээ төмөртэй. Шаант ясны гадаргуу тэгш бус, остеофит ургалтын эхлэлтэй. Шилбэ ясны гадаргуу тэгш бус, остеофит ургалтгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

 

Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч Г.Дамдингийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-66 дах тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай “1. Toyota Aqua маркийн .......................дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ц нь ЗХД-ийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна, явган зорчигч С.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн  78-79 дэх тал/,

 

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

Хохирогч С.Г болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нараас гаргасан  хохирлын баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримталсан болно.

          Тодруулбал, хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6326 дугаартайС.Ггийн биед 2024.05.09-ний өдөр үүссэн гэх шинэ гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт,

          мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Кадел, Т.Чимэд-Очир, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаартай “С.Гн зүүн шаант ясны дунд хэсэгт бороололт үүссэн хуучин хугаралтай ба уг хугарлын дунд хэсгээр бороололт үүсээгүй ташуу, шинэ хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсэгт бороололт үүссэн ташуу хуучин хугаралтай ба уг хугарлын дээд ирмэгээр хөндлөн, бороололт үүсээгүй шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан шинэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтүүд авагджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шинжээч эмч Б.Дунгаамаагийн 6326 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт дурдагдсан “...............” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний: “...тахилзуур ясны диафизийн дунд хэсэгт ташуу хугаралтай /бороожилтгүй/, мөн диафизийн доод хэсэгт старил хэлбэрийн хугарлын бороожилтой” гэх хариунд шинэ, хуучин гэмтлийг ялгаж тэмдэглэсэн байхад шинжээч бүрэн гүйцэт дүгнэлт өгөлгүйгээр “С.Ггийн биед 2024.05.09-ний өдөр үүссэн гэх шинэ гэмтэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин шинжээч эмч С.Кадел, Т.Чимэд-Очир, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 647 дугаартай дүгнэлт нь “...............” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, С.Чулуунсүх эмчийн дүрслэл оношлогооны хариу зэрэг эмнэлгийн холбогдох бусад баримтуудад үндэслэж, 3 шинжээч  санал нэгдэж дүгнэлтийг бүрэн гарсан байх ба хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон гэж үзэж, уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Toyota Aqua” маркийн .......................дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалт зөрчсөн гэж үзсэн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай мөрдөгчийн магадлагаа хууль зүйн үндэслэлтэй байна.

Тэрээр жолооч М.Цгийн гаргасан зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг хохирогч, яллагдагчийн  мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэгт тулгуурлахын зэрэгцээ өөрийн мэдлэг, хэргийн газарт хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэж гаргасан байх ба  2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох гэж байхдаа хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.

1.4.Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлон хуульчилжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ,

"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.

  Хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар М.Цд  “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгожээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С. Кадел, Т.Чимэд-Очир, Д.Сэвжидмаа нарын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 647 дугаартай  дүгнэлтээр  “С.Гн зүүн шаант ясны дунд хэсэгт бороололт үүссэн хуучин хугаралтай ба уг хугарлын дунд хэсгээр бороололт үүсээгүй ташуу, шинэ хугарал, тахилзуур ясны доод 1/3 хэсэгт бороололт үүссэн ташуу хуучин хугаралтай ба уг хугарлын дээд ирмэгээр хөндлөн, бороололт үүсээгүй шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан шинэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж /хавтаст хэргийн46-49 дэх тал,  

Мөн “...М.Ц нь ЗХД-ийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалт зөрчсөн нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ тодорхойлсон байна.           

Дээрх баримтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч М.Ц нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Шунхлай” шатахуун түгээгүүрийн станцын баруун талын замд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд “Тоёота Акуа” маркийн .......................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч С.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Цгийн үйлдлийн улмаас хохирогч С.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Цгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж , 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж тус тус заасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас С.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нараас эрүүл мэндийн зардалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад 210,000 төгрөг, шүүхийн шатанд баримтаар 848,080 төгрөг, нийт 1,058,080 төгрөгийн хохирол нэхэмжилснээс эрүүл мэндийн зардалтай холбогдуулан 980,340 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Цгаас гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж дүгнэв.        

Харин хоолны зардал 46,100 төгрөг, бусад 31,640 төгрөг, нийт 77,740 төгрөгийн баримт болон ажилгүй байх хугацааны цалин зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээрийг хэлэлцээгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж баталгаажуулсан  /хх-ийн 102 дахь тал/ байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүх хохирогчид үүссэн өвчин зовуурь, амьдралын чанар алдагдсан байдал, нөгөө талаас шүүгдэгчийн гэм буруу, хохирогчийн гомдол, санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд хохирогч С.Ггийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 /арван гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлын шийдвэрээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

Иймд шүүгдэгч М.Цгаас хохирогч С.Гд учруулсан сэтгэл санааны хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

            Мөн шүүгдэгч М.Цгаас 70,320 төгрөг /хх-ийн 96-100 дахь тал/-ийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.

            Хохирогч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Цгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч М.Цгийн эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа гэж ойлгож байгаа. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаа нь энэ хүний хувийн байдалтай холбоотой байх. Гэхдээ бидний зүгээс шүүгдэгчид 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан уг ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна ” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруу дээрээ маргаж байгаа учраас хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Хохирогч “...Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч “...Би 2 дугаар ангийн бага насны хүүхэдтэй. Хүүхдээ хүргэж өгч авдаг. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Цгийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 29 дэх тал/, хуулийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 30 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31 дэх тал/, жолоочийн эрхийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 32 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дэх тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч М.Цгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

   Дөрөв. Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Ш овогт Мын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цгаас 980,340 /есөн зуун наян мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Гд олгуулсугай.

            6. Хохирогч С.Гн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 /арван гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Цгаас гаргуулан хохирогч С.Гд олгосугай.

            7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Цгаас 70,320 /далан мянга гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 100900020080 дугаарын данс/-д олгосугай.

            8. Хохирогч С.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Цгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН