| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/77 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**,
Улсын яллагч Н.**,
Хохирогч Б.**,
Шүүгдэгч Э.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
**аймгийн **сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ****холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны **дугаар сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг, угсрагч мэргэжилтэй, **хотод хувь хүний барилгын ажилд туслахаар ажилладаг, ам бүл 1, **хот, **дүүрэг, ***-р хороо, *-р хороолол, ** тоот хаягт оршин суух, **овогт ****/РД:**6/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.**нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр **аймгийн **сумын нутаг дэвсгэрт Б.**маргалдаж зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.**нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр **аймгийн **сумын нутаг дэвсгэрт Б.**маргалдаж зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ** нь мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Хохирогч Б.**өгсөн: Тухайн өдөр 07 дугаар сарын 09-ний өдөр байсан. Би *****рашаанд эхнэр, хүүхдийн хамт амарчхаад явж байсан. **сум өнгөрч явахад өөдөөс хар **, П** машин том тэрэгтэй зэрэгцээд орж ирсэн. Би яах ийхийн зуургүй тулж ороод ирсэн учир замын хажуу руу дарж зогссон. Буцаж би араас нь эргэж зогсоосон. Тэгтэл бууж ирээд нэг нь ч надаас уучлалт гуйгаагүй. Бууж ирээд наад том тэрэгний чинь буруу, бид нар яасан юм гээд л нэг хөгшин ах намайг түлхээд би өөдөөс нь барилцаж аваад түлхсэн. Та нар хүн алах дөхлөө. Та нар өөдөөс орж ирээд мөргөсөн бол энэ 5 хүн бүгд үхнэ гээд маргалдаж эхэлсэн. Үг хэлээр маш их доромжилсон. Манай дүү охины нүүрийг нь маажиж гэдэс рүү нь өшиглөсөн. Миний малгай дээр гишгээд инээлдээд зогсож байсан. Юм хэлэхээр өөдөөс инээгээд бах таваа хангаж байгаа юм шиг байсан. Би аргагүй л ганцаардсан. ** машинаас бууж ирсэн залуу наадахыг чинь нэг мөсөн алчихъя гээд гүйж байсан. Эд нар гурвуулаа над руу дайрсан. Манай хоёр дүү араас машинтай ирсэн. Тэгээд ер нь цагдаа сэргийлэх дуудаж учраа ольё гэж бодсон. Нэг нь бууж ирээд хүн алахаа дөхлөө гэж хэлээд уучлалт гуйсан бол ийм зүйл болохгүй байсан. Бид нар хуулийн мэдлэгтэй хүмүүс хэн ч хаанаас гарна гээд орилоод байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1. Иргэн Б.**гаргасан гомдлыг ** аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгэлийн №201 /1100-3122/ дугаарт бүртгэн хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 6-р хуудас/,
3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9502 дугаартай ... Б.**биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Шинжээч Б.**... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
4. Хохирогч Б.**... Би гэр бүлийн хамт **аймгаас **хот руу ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад урдаас ***маркийн ачаатай том машин ирж байсан бөгөөд тухайн том машин өөдөөс тулаад ирэх үед араас нь ****маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн ** маркийн тээврийн хэрэгслүүд урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би мөргөлдөхгүйн тулд замын хажуу руу дараад зогсоод зам руу орж буцаж эргээд тэр 2 машины араас очоод машинаа зогсоогоод уулзахад машин барьж явсан эмэгтэй нь "Бид нар яасан юм, том тэрэг чинь шахсан" гэхээр нь би "юу гэж том тэрэг шахдаг юм, та нар урсгал сөрөөд орж ирсэн биз дээ" гээд маргалдах үед нөхөр нь бололтой ах бууж ирээд "Би хэсэг унтсан байна, юу болсон юм" гэхээр нь ийм зүйл боллоо гээд тайлбарлаж хэлэхэд ойлголцохгүй маргалдаад уучлалт ч гуйхгүй байхаар нь би тэр ахыг түлхчихсэн юм. Гэтэл тэр ах намайг зөрүүлээд цохисон. Бид 2 тэгээд л салцгаасан юм. Гэтэл хар болон цагаан фодволктой 2 залуу машинаас бууж ирээд хар фодволктой нь эхлээд намайг цохисон, хажуугаас цагаан фодволктой залуу нь хүрч ирээд намайг аваад замын хажуугийн өвс рүү хамт уначихсан. Тэгээд тэр ах болон 2 залуу нийлээд 3-лаа нийлээд намайг дороо оруулаад нүдчихсэн. Нүүр лүү цохиод байсан. Манай дүү нар араас машинтай ирж байсан болохоор хажууд ирээд зогстол тэд нар салчихсан. Манай эмэгтэй дүү хүүхдээ тэвэрч бууж ирээд яаж байгаа юм гээд уурлахад хар машинд сууж явсан туранхай эмэгтэй манай дүүгийн нүдний дор нь маажчихсан. Ер нь бол хэл үгээр их доромжилсон. 2-лаа хаана ч дайралдана, би хаанаас ч гараад ирнэ гэх мэтээр сүрдүүлсэн аястай үгнүүд их хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
5. Гэрч Б.**... Би **хотоос **аймаг руу ачаатай явж байсан юм. Өдөр 12-13 цагийн орчимд **өнгөрөөд хийд салдаг замын наад талд төв зам дээр явж байтал миний хажуугаар маркийг нь мэдэхгүй байна. **мэт хар саарал өнгийн машин ард явж байгаад урдаас машин ирж байтал гүйцэд түрүүлэх гэж шахсан. Урд эсрэг талын эгнээнээс цагаан өнгийн машин ирж байсан. Миний ард явж байсан саарал машин миний хажуугаар гүйцэд түрүүлэхдээ урд гэрэл хаалга 2-г шүргээд өнгөрсөн. Би машинаа замын эсрэг тал руу шахаж байж осол гараагүй. Миний хажуугаар шүргээд гараад зогссон би араас нь зам руу шахаж зогсоод машинаас буугаад жолоочтой нь уулзах гээд явж байтал араас замын эсрэг талд явж байсан цагаан машин буцаж ирж хар саарал машины урд зогсоод баахан хүмүүс машинаас бууж ирээд хүн алах нь байна гээд маргалдаад эхэлсэн. Хэн хэн нь хоорондоо зодолдсоныг хараагүй. Машинаас буусан хүмүүс маргалдаад байсан. Миний харснаар бол цагаан машины жолооч **мэт машины жолоочтой харилцан цохилцоод байгаа харагдсан. Тэгээд маргалдаж байгаад нэг нь цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
6. Гэрч Б.**... Би **ахтай хамт **хотоос **аймаг руу явж байгаа юм. Өнөөдөр буюу 7 сарын 09-ний өдөр **сумын ойролцоо явж байхад хар өнгийн микр шиг машин гүйцэд түрүүлээд хажуугаар орж ирээд **ахын машины урд талын гэрэл хэсэг рүү шүргэсэн. **ах машин шүргэчихлээ гээд баруун тийш дарж замаас гараад буцаж зам руу орж зогссон. Тэгсэн хар машиныг гүйцэд түрүүлэх үед нөгөө урсгалаас цагаан өнгийн машин ирж байсан. Тэгээд **ах буугаад хар машины жолоочтой уулзаж байх үед цагаан машины жолооч буцаж эргээд ирээд тэгээд хар машины жолооч цагаан машины жолооч нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд цохилцоод замын хажуу руу давхралдаж унасан бололтой хажуугаас гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
7. Гэрч Д.**... Би гэр бүлээрээ **хотоос **аймаг руу явж байгаа. Манай төрсөн сумын 100 жилийн ой болж байгаа тул сумынхаа ой руу явж байсан юм аа. Би урд шөнө ажилтай байж байгаад өглөө буугаад шууд замдаа гарсан нойргүй явсан тул манай эхнэр *машинаа барьж явсан. Би нойргүй хоносон тул урд сандал дээр жолоочийн эсрэг талд унтаад явсан. Намайг унтаж байхад хүүхдүүд хашхиралдаад байхаар нь би зүүдэлж байна гэж бодсон. Тэгсэн юм мөргөж байгаа юм шиг чимээ гарахаар нь би цочоод сэрсэн тэгсэн эхнэр зөөлөн яваад байхаар нь тоормосоо гишгээд зогсооч гэж хэлж зогсоогоод машинаасаа ганцаараа буутал нэг залуу ирчихсэн байсан. Тэгээд намайг "Яаж яваад байгаа юм бэ?" гэж хэлээд миний зүүн нүдний хойшоо цохиод авсан. Тэгэхээр нь би хоёр гараас нь бариад авсан тэгсэн. Тэгсэн гараа мулт татаад цээж рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ухарч алхаж байхад замын хажуу руу шахаад байхаар нь баруун гараараа зүүн шанаа хавьцаа нэг удаа цохисон. Тэгээд машиных нь араар тойрохдоо янз бүрийн аваар осол болоогүй аз шүү гэж хэлээд машин руу алхаад явж байтал миний араас дагз хэсэг рүү цохиод авсан би хэсэг манараад машины цонхноос түшээд хэсэг зогссон. Тэгээд хэсэг байж байгаад ойр орчмоо харахад надтай маргалдаад байсан цагаан машины жолооч бас нэг танихгүй залуу хоёр надтай хамт явж байсан **гэх залуутай хамт замын хажуу руу орчихсон жалга дотор байсан юу болсныг бол мэдэхгүй. Сүүлд нь **асуухад таныг цагаан машины жолооч залуу цохиод байхаар нь уур хүрээд би цохиод авсан юм аа гэж хэлсэн. Өөр хүнтэй маргалдаж цохисон юм байхгүй. **зугтаагаад машиндаа суучихсан байхад цагаан машинтай залуу бас нэг танихгүй залуу хоёр машины хаалгыг нь нээчихсэн дотор нь зууралдаад байхаар нь би салгаад аваад явсан. Манай машинд эхнэр хүүхдүүд цуг явж байсан тэгээд машинаас буугаад нөгөө машины хүмүүстэй маргалдаад байхаар нь аль болох салгаад хүүхдүүдээ машиндаа суулгасан. Намайг цохиод байсан цагаан машины жолооч залуугийн зүүн шанаа хавьцаа баруун гараараа нэг удаа цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Миний биед тухайн цагаан машинтай залуу зүүн нүд орчим 2-3 удаа, цээж хэсэг рүү 1 удаа, ар дагз руу 1 удаа гараараа цохисон. Өөрөөр миний биед халдсан зүйл байхгүй байна. Надтай хамт явж байсан манай эхнэрийг тухайн цагаан машинтай жолооч залуу цээж рүү нь цохисон гэж байсан. Би өөрөө яг хараагүй манай эхнэр намайг цохисон гэж хэлсэн. Цагаан машинтай залуугийн хамар луу манай **гээд дүү цохисон гэсэн намайг цохиод байхыг харж зогсож байгаад тэсээгүй хажуугаас нь цохичихсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
8. Гэрч **ийн ... Манай гэрийнхэн болон нагац ахын гэр бүл хамт **аймаг руу явах болоод өнөөдөр **хотоос хоёр тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би аав, ээж, найзын хамт ** маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Нагац ах **гэр бүлийн хамт **маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. **ахын машиныг эхнэр нь бариад манай машины урд явж байсан. Эгч урд явж байсан шланзыг гүйцэж түрүүлэх гээд эсрэг ургалдаа орсон. Тэгсэн өөдөөс нь цагаан өнгийн **маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд өөд өөдөөсөө нэлээн явж байгаад яг мөргөлдөх гэж байтал **маркийн тээврийн хэрэгсэл баруун тал руугаа дарж замаас гараад эгчийг тойрсон. Эгч машинаа барьж байгаад мөн баруун гар тал руу дараад гүйцэж түрүүлэх гэж байсан шланзны урд хэсгийг хаалгаараа зураад өнгөрсөн. Тэгээд би шланзыг гүйцэж түрүүлээд эгчийн машины урд зогссон. Тэгсэн араас эсрэг урсгалд явж байсан **маркийн тээврийн хэрэгслийг жолооч буцаж ирээд миний яг ар талд бараг замын голд зогсчихсон. Би машинаа хөдөлгөөнд саад учруулахгүй болгож байрлуулаад буухад **маркийн тээврийн хэрэгслийн жолооч **ахын зүүн талын шанаа хэсэг рүү баруун талын тохойгоороо нэг удаа цохисон. Ах замдаа унтаж байсан болохоор юу болсон нь мэдээгүй юм шиг байна лээ тэгээд дахиад нагац ахыг бараан гараараа зүүн шанаа руу хоёр удаа цохисон. Тэгсэн **ах өөдөөс нь гараад атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. **маркийн тээврийн хэрэгслийн жолооч нагац ах руу чи жолоо барьж явж байсан гээд дайраад байсан. Тэгээд хоорондоо салаад нагац ах эргээд хартал **маркийн тээврийн хэрэгслийн жолооч араас нь баруун гараараа дагз хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би яг хажуу талаас нь харж байсан. Би ахыг цохиод авахаар нь **маркийн тээврийн хэрэгсэлтэй ахыг зуураад автал хамт явж байсан ** маркийн тээврийн хэрэгслийн жолооч 1.70 м өндөртэй, бор царайтай, саарал подволк, хар өнгийн малгай өмссөн залуу гараа атгаж байгаад баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Би цохиулаад холдчихсон. Тэгсэн надтай хамт явж байсан манай найз ****маркийн тээврийн хэрэгслийн жолооч ах жалга руу чирээд дээр нь гараад зууралдаж байгаад гинжийг нь тасалчихсан. Мөн уруулын дээд талд цохисон. Манай аав болон нагац ахын эхнэр хоёр очиж салгахад бас нэг залуу ирчихсэн **гар хөлөөс нь татаад байсан. Тэгсэн **жолооч нагац ахын эхнэрийг чи яаж яваад байгаа гичий вэ? гээд баруун гараараа цээжний хэсэг рүү нь нэг удаа цохитол эгч газар уначихсан. Тэгсэн **жолооч найз бид хоёрыг танай хоёр бацаан над руу дайрлаа гээд байсан. Тэгсэн нагац ахын эхнэр намайг машин руугаа суулгатал **жолооч ах цонх руу гараа хийж намайг татаад одоо хоёулаа үзье гээд байсан. Тэгэхээр нь нагац ах бид хоёрыг салгатал манай найз **сууж байсан машин руу очоод цохих гээд урд талын хаалгыг нь онгойлгоод дээрээс цохих гээд байхад нь салгасан. Тэгээд хоорондоо маргалдаад байж байхад цагдаа нар ирсэн."... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
9. Яллагдагч Э.**... би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн хохирлыг барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.**биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь шүүгдэгч Э.**үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Э.**мэдүүлэг, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогч Б.**515,936 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Э.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Н.**: “...Шүүгдэгч Э.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн амьдарч байгаа **дүүрэг **-р хороо, ажиллаж байгаа **дүүргээр хязгаарлах саналыг гаргаж байна гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгчийн насны байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Нийслэл **хотоор тогтоож, **хотоос 2 сарын хугацаанд гадагш гарахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.**нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогч Б.**515,963 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт Э**хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Нийслэл **хотоор тогтоож, **хотоос 2 сарын хугацаанд гадагш гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.**нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогч Б.**515,963 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдаж ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА