Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1393

 

 

 

 

 

                        

  2020           11              3                                           2020/ДШМ/1393

 

 

Л.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяана,                                      

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ш.Самал, Б.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1015 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Түмэнцэцэг болон шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Бд холбогдох 2008006370766 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Л-ын Б, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Зүүн хараа сум, ... дүгээр баг, ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Түмэнцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Элжгэн овгийн Лувсаншаравын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Л.Бын 2020 оны 9 дүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.Түмэнцэцэг давж заалдах гомдолдоо: “Л.Б бид хоёр үерхдэг дотно харилцаатай хүмүүс байсан бөгөөд анх үерхэж эхэлснээс хойш хамт амьдардаг байсан юм. Бид хоёрт аль алинд нь гэрийн түлхүүр байдаг, хааяа Л.Б түлхүүрээ мартсан үедээ намайг хүлээлгүй тооноор гэр рүү орчихдог байсан. Сүүлд хөдөө гэр рүүгээ явахаас нь өмнө бид хоёр салсан. Тэгсэн ч бид хоёрын харилцаа хэвээр байсан бөгөөд хэрэг гарах үеэр Л.Б намайг олон газраар манай ээж, дүү, эгч нарын гэрээр очиж хайгаад олоогүй болохоороо зуршлаараа гэрт ороод унтчихсан юм байна лээ. Ээж маань маргааш өглөө нь залгаж Л.Быг манай гэрт байсныг хэлэхээр нь би гаргаад явуул гэж хэлээд өдөр гэртээ очиход тооно, унь, багана гээд хугарсан байсан. Тэгээд би уурандаа Л.Быг цагдаад өгчихсөн юм. Жаахан хашраая гэж бодоод гомдол гаргасан. Би үнэндээ энэ хүнийг ял аваасай гэж огт бодоогүй. Би хуралд өмгөөлөгчгүй орсон, шүүх хуралд өмнө нь огт орж байгаагүй учраас маш их сандарсан, бас айсан байсан тул энэ бүгдийг хэлж чадаагүй. Би цоожоо сольсноо Л.Бд хэлж амжаагүй байсан, түлхүүрээ ч өгч амжаагүй учраас тэр шөнө мөн адил тооноор орсон байсан. Би Л.Быг хулгай хийх зорилгоор ороогүй гэдгийг нь сайн мэдэж байгаа. Анхан шатны шүүхээс Л.Бд оногдуулсан ял нь хүндэдсэн гэж би бодож байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би найз охин Л.Түмэнцэцэгийн гэрт хулгай хийх сэдэл, санаа, зорилготой очоогүй. Миний бие Л.Түмэнцэцэгтэй уулзах зорилготой байсан. Гэрт нь орохдоо мөн Л.Түмэнцэцэгийг хүрээд ирэх болов уу гээд хүлээж байсан. Үнэхээр хулгай хийх санаа, зорилго байсан бол яах гэж гэрт нь хоноод өглөө нь гараад явах билээ. Миний бие огт хулгай хийх сэдэл, зорилготой Л.Түмэнцэцэгийн гэрт ороогүй, гагцхүү Л.Түмэнцэцэгтэй уулзах хүсэлтэй байсан. Хулгай хийх бодол санаа байсан бол түрийвч, кулон, мөнгөн гинжийг нь олон сараар өөртөө хадгалаад байхгүй, гэмт хэргийн нотлох баримт хэмээн шууд худалдан борлуулах нь ойлгомжтой. Мөрдөн байцаалтын үед хохирлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, хохирогчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх мөнгө зарцуулалтыг Е-баримтаар нотлох боломжтой байсан, хохирогч өөрөө Е-баримт ашигладаггүй бол төлбөрийн баримтыг хэнд өгч уншуулдагийг тодруулах бүрэн боломжтой байтал тийм ажиллагаа хийсэнгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

           Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ш.Самал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн давж заалдах гомдол, мөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс харахад анхнаасаа хулгай хийх сэдэлттэй байсан гэдэг нь харагддаггүй. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсэж хийсэн, хохирлыг зориуд учруулсан” гэсэн. Уг дүгнэлтийг буруу гэж үзэж байна. Үнэхээр хулгайлах сэдэлттэй байсан бол түрийвчийг аваад ирэхгүй байх байсан. Түрийвчийг хаяад, юу ч аваагүй гээд явах боломжтой байсан. Сүүлд цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө “би түрийвчийг гаргаад өгье” гэсэн. Хохирогчийн хэлсэн бүх зүйл түрийвчнээс гарч ирсэн. Санаатай хүсээд, хохирлыг зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Орон байранд нэвтэрсэн зорилго нь хулгай хийх зорилготой байгаагүй. Гэрт орж унтах зорилготой байсан. Унтаж байсан хүнийг сэрээгээд, гаргаж явуулж байна гэдэг нь анхнаасаа хулгай хийх санаа зорилго байгаагүй гэдгийг харуулж байна” гэв.

           Прокурор Д.Туяана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн үед хохирогч Түмэнцэцэгийн гэр цоожтой байсан. Шүүгдэгч Л.Б нь гэрийнх нь тооноор хууль бусаар нэвтэрч орсон болох нь хохирогч Түмэнцэцэг, гэрч Аюуш, Түмэнбаяр нарын мэдүүлэг, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Тухайн гэрээс алга болсон хохирогч Түмэнцэцэгийн эд зүйл нь шүүгдэгч Л.Баас олдсон байдаг. Энэ нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Л.Б нь гэрт яаж орсон, түрийвчтэй мөнгө, эд зүйлийг хэрхэн авсан болохоо мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Түмэнцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай цоожтой байсан монгол гэрийн тооноор нэвтрэн орж, хохирогч Л.Түмэнцэцэгийн цүнхэнд байсан түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Түмэнцэцэгийн “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Орбитын 25-441/а тоот гэртээ ирсэн чинь гэрийн урд хэсгийн унь нурж унасан байдалтай, гэрийн баруун талын орон дээр байсан цүнх газарт унасан байхаар нь би цүнхээ аваад нээж үзэхэд миний түрийвч байхгүй байсан, түрийвчинд 400.000 төгрөг, миний бүх бичиг баримт байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 20-23/,

гэрч Л.Түмэнбаярын “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 8 цагийн үед би ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай дүү Түмэнцэцэгийн гэрийн тооно нь эргэсэн байхаар нь би гайхаад очоод харсан чинь гэрт нь нэг согтуу эрэгтэй хүн унтаж байхаар нь би тэр хүнийг сэрээгээд дүүгийн гэрээс босгож явуулсан. ...” /хх 85/,

гэрч Л.Аюушийн “...миний охин Түмэнцэцэг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр надад “ээжээ би таны эмчилгээнд зарцуулах гээд хэдэн төгрөг хадгалж байсан чинь түрийвчтэйгээ хулгайд алдчихлаа” гэж хэлж байсан. Би охин Түмэнцэцэгт кулон, мөнгөн гинжийг 1 жилийн өмнө төрсөн өдрөөр нь авч өгч байсан. Манай охин түрийвчтэй мөнгөө алдахдаа кулон, мөнгөн гинжээ хамт алсан. ...” /хх 150-151/ гэх мэдүүлгүүд,

хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/, хохирогч Л.Түмэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 110-111/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Л.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Л.Түмэнцэцэгийн оршин суудаг монгол гэрийн тооноор нэвтрэн орж, түүний цүнхэнд байсан түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүгдэгч Л.Б нь хулгайлах гэмт хэргийг бусдын цоожтой байсан монгол гэрийн тооноор нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч...” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Шүүх, шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Хохирогч Л.Түмэнцэцэгийн гаргасан “...Л.Быг цагаатгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нар хамтран гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн тус тус давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

  Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Л.Б нь Л.Түмэнцэцэгийн зөвшөөрөлгүй түүний байнга амьдардаг цоожтой монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, тухайн гэрт хадгалан хамгаалагдаж байсан бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

  Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

Хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Түмэнцэцэг болон шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1015 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Түмэнцэцэг болон шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ