| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/03814/И |
| Дугаар | 102/ШШ2022/00578 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/00578
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....................... байрлах, Т ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.................. тоот хаягт оршин суух, Б ургийн овогтой Т.С /РД: ........./,
Хариуцагч: ................тоот хаягт оршин суух, Б ургийн овогтой Б Б /РД:....../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалж, 31,162,675.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Б.А,
Хариуцагч, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.С, хамтран зээлдэгч Б.Б, батлан даагч А ХХК нар нь .... оны ... сарын ...-ны өдөр дугаар .............. тоот олон улсын алтан кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийг жилийн бэлэн 36 хувь, бэлэн бус жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Т.С, хамтран зээлдэгч Б.Б нар нь Т ХХК-тай .... оны ... сарын ...-ны өдөр байгуулсан дугаар .............. тоот кредит карт эзэмших зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор .... оны ... сарын ...-ны өдөр дугаар .............. тоот барьцааны гэрээ байгуулж Т ХХК-ийн ...... улсын дугаартай ...... маркийн, ................ модельтой, .................. арлын дугаартай, улаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлдэгч Т.С, хамтран зээлдэгч Б.Б нар 2017 оны 8, 11 сар, 2018 оны 2-3 сар, 6-12 саруудад зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Мөн 2017 оны 7, 9 сар, 2018 оны 1, 5 сар, 2019 оны 1 сараас эхлэн одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй банкийг хохироож байна. .... оны ... сарын ...-ны өдрийн дугаар .............. тоот кредит карт эзэмших зээлийн гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн зээлийн төлбөр 13,454,583.38 төгрөг, үндсэн зээлийн хүү 11,462,417.99 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 6,041,073.89 төгрөг, бусад шимтгэл 102,100 төгрөг, нотариатын зардал 102,500 төгрөг нийт 31,162,675.26 төгрөгийг зээлдэгч Т.С, хамтран зээлдэгч Б.Б нараас гаргуулж Т анд олгож, зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ............. улсын дугаартай Пау маркийн, улаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Б, Т.С нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 13,454,583.38 төгрөгийг зөвшөөрч байна. Үндсэн зээлийн хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэл, бусад шимтгэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Үндсэн зээлийн хүү болон хугацаа хэтрэлийн шимтгэлийг гэрээний 2.7.2 дахь заалтыг бариад хэт өндөр тооцогдсон. Мөн Ковид-19 үүдэлтэй банкны хүүгийн хугацаа хэтрэлтийг тооцохгүй байх шийдвэр төрөөс гаргасан. Иймд үндсэн зээлийн хүү болон хугацаа хэтрэлтийн шимтгэлийн 50 хувь хүртэлх хувийг зөвшөөрөхгүй байна. 22,257,378.30 төгрөгийг зөвшөөрөөд үлдэгдэл мөнгийг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч Т ХХК-иас шүүхэд Н мөнгөний тасалбар /хх-ийн 9/, Тооцооны төвийн зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-ийн10/, Тооцооны төвийн зээлийн хорооны гишүүдийн саналын хуудас /хх-ийн 11/, Улаанбаатарын зээлийн хорооны дэд хорооны хурлын шийдвэр /хх-ийн 12/, Кредит картын өргөдөл, судалгааны маягт /хх-ийн 13/, Т ны Баянгол тооцооны төвд Т.Сын өргөдөл /хх-ийн 14/, Зээлдэгчийн анкет /хх-ийн 15-16/, Кредит карт эзэмших гэрээ /хх-ийн 17-20/, Барьцааны гэрээ /хх-ийн 21-22/, Тэвээрийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 23/, Т.С, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24-25/, Тт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, лавлагаа, Тт ХХК-ийн албан бичиг /хх-ийн 26-31/, Батлан даалтын гэрээ /хх-ийн 32-33/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүрэм, албан бичиг, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, даатгалын төлбөр төлсөн баримт /хх-ийн 34-42/, Алтанзурлага ХХК-ийн Т ин дахь дансны хуулга /хх-ийн 43-110/, Т ХХК-ийн мэдэгдэл /хх-ийн 111-114/, Б.Б, Т.С нарын өргөдөл /хх-ийн 115-117/, Т ны хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 118/ нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Б, Т.С нарт холбогдуулан гэрээ цуцалж, зээл 13,454,583.38 төгрөг, зээлийн хүү 11,462,417.99 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 6,041,073.89 төгрөг, 2018, 2019 оны кредит картын жилийн хураамж 100,000 төгрөг, гүйлгээний шимтгэл 2,100 төгрөг, нотариатын зардал 102,500 төгрөг нийт 31,162,675.26 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ............. улсын дугаартай, ...... маркийн, зүтгүүрийн зориулалттай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
3.1.Хариуцагч нар нь .... оны ... сарын ...-ны өдөр байгуулсан .............. тоот Кредит карт эзэмших гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй учир гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, шимтгэл, бусад шимтгэл, нотариатын зардлыг нэхэмжилж байна.
3.2.Барьцаан гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэжээ.
4.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:
4.1.Үндсэн зээлийн хүү болон хугацаа хэтрэлийн шимтгэлийг гэрээний 2.7.2-д хэт өндөр тооцогдсон байна.
4.2.Ковид-19 цар тахлын үед төрөөс банкны хүүг тооцохгүй байх шийдвэр гарсан. Дээрх үндэслэлээр 22,257,378.30 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзсан.
5.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Т.С, Б.Б нартай .... оны ... сарын ...-ны өдөр .............. тоот Кредит карт эзэмших гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр 15,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл хэтрүүлсэн дүнгээс 2 хувь, хамгийн бага төлбөр 2,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1 хувь, хамгийн бага төлбөр 10,000 төгрөг, картыг 4 жилийн хугацаанд ашиглахаар харилцан тохиролцсон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Кредит карт эзэмших гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Кредит карт ашиглан авсан зээлийг хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд нэхэмжлэгч талд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсжээ.
6.Хариуцагч кредит карт ашиглан авсан зээлээс 13,454,583.38 төгрөгийг төлөөгүй, 2019 оны 01 сараас хойш зээлийн төлбөр хийгээгүй, гүйлгээний шимтгэл 2,100 төгрөг гарсан талаар маргаангүй байна.
7.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан бичгээр хийх шаардлага хангасан, хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
8.Гэрээний аль нэг тал гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар шаардах эрхтэй. Кредит карт эзэмших гэрээг талууд .... оны ... сарын ...-ны өдөр 4 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байна. Иймд гэрээ цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
9.1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.
10.Гэрээний 1.2.13-т Хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж карт эзэмшигчийн зээлийн лимитийн төлбөрийн дүнгээс банкны ҮХШЕН /Үндсэн хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл/-д заасны дагуу тооцох шимтгэлийг гэж, 2.7.2-т Хугацаа хэтрүүлсний шимтгэл: Төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 байна гэсэн заалт нь банк эрх бүхий этгээд анз хэрэглэхгүй байх хуулийн зохицуулалтад нийцэхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.
11.Гэрээний дээрх хэсэг хүчин төгөлдөр бус хэдий ч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
12.Гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үндсэн зээл 13,454,583.38 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны зээлийн хүү 9,131,389.66 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.
13.Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатчаар баримт гэрчлүүлэх үйлчлүүлсний хөлс 102,500 төгрөгийн зардал гаргасан болох нь Нотариатчидын тахимын мөнгөний тасалбараар нологдож байна. /хх-ийн 9/
14.Харин гэрээний 2.7.3-т Картын жилийн хураамжийг жил бүр төлөх ба жилийн хураамжийг банк картаас үл маргах журмаар суутган авна гэж тусгасан боловч картын жилийн хураамжийн хэмжээг гэрээнд тодорхой тусгаагүй, картын жилийн хураамж 50,000 төгрөг болох талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
15.Дээрх үндэслэлээр хариуцагч Т.С, Б.Б нараас зээл 13,454,583.38 төгрөг, зээлийн хүү 9,131,389.66 төгрөг, гүйлгээний шимтгэл 2,100 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн зардал 102,500 төгрөг нийт 22,690,572.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,472,085.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
16.Нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу ...... улсын дугаартай, ...... маркийн, зүтгүүрийн зориулалттай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
17.Тт ХХК нь ............. улсын дугаартай, ...... маркийн, зүтгүүрийн зориулалттай автомашиныг кредит картын барьцаанд барьцаалуулах, гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Т.Ст олгосон байна. /хх-ийн 31/
18.Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Т.С, Б.Б нарын хооронд .... оны ... сарын ...-ны өдөр байгуулагдсан .............. тоот Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.
19.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог.
20.Хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
21.Иймд хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд ............. улсын дугаартай, ...... маркийн, зүтгүүрийн зориулалттай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.
22.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.С, Б.Б нараас 341,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219 .1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.С, Б.Б нараас 22,690,572.66 төгрөгийг гаргуулан нь нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээ цуцлах, 8,472,085.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.С, Б.Б нар 22,690,572.66 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ............. улсын дугаартай, ...... маркийн, зүтгүүрийн зориулалттай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныд дагуу нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.С, Б.Б нараас 341,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР