| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02291/И |
| Дугаар | 102/ШШ2022/00502 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/00502
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........................... тоотод оршин суух, Т ургийн овогтой Н.Ц /РД:................./,
Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух, Г ургийн овогтой Ц.С /РД:................/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт оршин суух, Ж ургийн овогтой С.Г /_________________/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.С 16,600,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Ц 13,683,750 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Н.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С, Н.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэл, шаардлага түүний тайлбартаа: Ц.С би иргэн С.Г-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу Зээлдүүлэгч хоёр сая төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, зээлдэгч тус гэрээний 2.4-д зааснаар 01 дүгээр сарын 5 хувийн хүү төлөх, хэрэв гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож Зээлдэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцож мөнгө шилжүүлсэн бөгөөд дахин С.Ггийн хүсэлтийг хүлээн авч найдвар хүлээлгэн дээрхи гэрээг үндэслэн харилцан тохирч аман хэлэлцээр хийж хэн хэндээ итгэл хүлээлгэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн болно. Гэвч хариуцагч гэрээнд заасан хугацаанд болон аман хэлэлцээрээр ярьж тохирсоны дагуу гэрээгээр хүлээсэн 15,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэхгүй байсан тул бид харилцан тохиролцоод Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж төлбөр барагдуулах хугацааг дахин тогтоосон боловч үр дүн гараагүй болно. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн арван зургаан сая зургаан зуун мянган төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Н.Ц би С.Гтай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу Зээлдүүлэгч арван хоёр сая гурван зуун мянган төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, Зээлдэгч тус гэрээний 2.4-д зааснаар 1 сарын 3 хувийн хүү төлөх, хэрэв гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож Зээлдэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцож мөнгө шилжүүлсэн. Гэвч хариуцагч гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байсан тул бид харилцан тохиролцоод тооцоо нийлж, Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж төлбөр барагдуулах хугацааг дахин тогтоосон боловч үр дүн гараагүй болно. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн арван гурван сая зургаан зуун наян гурван мянга долоон зуун тавин төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Бид хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан ч үр дүн гарахгүй байгаа болно. Иймд иргэн С.Ггаас нийт гучин сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун тавин төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт дараах дүнгээр олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Агуулга нь өөр. Би энэ хүний тодорхойлолтыг анх улс руу бичсэн. Миний компьютер дээр файл нь байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ...... тоот энэ хүний тодорхойлолтыг боловсруулж, сайд н.Бзуруулсан. Үүнийг бүтээхийн тулд надад мөнгө зээлсэн. Материал нь надад байна. Тэгээд хөөцөлдөөд Засгийн газарт оруулсан чинь яг ижил нэртэй, тээврийн Ц.С гээд оронд нь өөр хүн гаргаад ирсэн. Тэр үед миний зүрх өвдөөд, айгаад, эмнэлэгт хэвтээд, түүнээс хойш би сэтгэл зүйн дарамтад орсон. Хоёрдугаарт би сая Монгол улс тунхагласны ойгоор энэ хүний материалыг оруулах гээд намайг жоохон хүлээгээч, ойгоор янз янзын салбарын эрээвэр хураавар хүмүүс орох юм шиг байна гэж хэлэхэд намайг хүлээсэн. Гэтэл тэр үеэр манай салбар яригдаагүй. Гэтэл над руу чи цаг хожиж намайг хуурлаа, би чиний юмыг хэрэгжүүлнэ гээд энэ хүний хэлсний маргааш нь энэ захирамж гарсан. Гэхдээ энэ захирамж их сонин. Тэр хүртэл би энэ хүнтэй байнга холбоотой, ахмадын баярын өдөр таны юм ийм шатанд явж байна гэж байнга тайлагнаж байсан. 07 дугаар сарын 23-ны өдрөөс нууцаар баримт бүрдүүлсэн. Гарын үсэг зуруулсан гэрээ хэлцэл гэж байна. Би олон өдөр хүн сахисан учраас надад гэрээ бол сунжрах юм байна, би сунгаад өгье, хоёулаа эвтэй байя, чи ядарч байгаа байх гээд озера шоколад өгсөн. Тэр үед би эмэгтэй хүн юм чинь уяраад итгээд, харалгүйгээр гарын үсэг зурсан. Тэр үед бал нь гарахгүй байхад өөрөө үлээж байгаад гарын үсэг зуруулсан. Одоо юун дээр зуруулсан бэ гэж бодохоор 7 сараас эхлээд миний арыг ухаж, намайг харлуулах юмаа хийсэн байна. Гэтэл би 10 дугаар сарын 26-ны өдөр банкны мэдэгдэл авсан. Энэ асуудал өөрийнхөө ажлаа бүтээлгэх гэж мөнгө өгсөн. Би дараа нь энэ юм нь гарахгүй удааширч байна, би юмыг хийсэн бол ажлаа дуусгадаг гэж хэлсэн. Энэ хүн бол би хариуцсан мөнгөндөө эзэн байна гэсэн. Бид хоёрын хийсэн хэлцэл энгийн. Түүнээс биш би мөнгө аваад, баяжаад, энэ хүнийг хохироогоод, зовоогоод байсан зүйл байхгүй. Мөнгийг нь өөрөө өөрт нь зарцуулсан. Энэ хүн гомдол гаргасан байна. 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл авсан гэхэд энэ хүний араас 7 сараас хойш хөөцөлдсөн гэж худлаа зүйл бичсэн байна. Нэг ч үнэн үг байхгүй. Хуулийн заалт гаргаж ирээд өргөдөл өгсөн. Тэр өргөдлөөс үг үсэг, цэг таслал байхгүйгээр, намайг оролцуулахгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өмнөх хурал дээр би үүдэнд сууж байгаад муужраад явсан гэжээ.
Хэрэгт нэхэмжлэгч нараас: Ц.С, С.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 8-9/, Ц.Сын Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 10-15/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт 3 хуудас /хх-ийн 16-18/, Ц.С, С.Г нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хх-ийн 19/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 20/, Н.Ц, С.Г нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хх-ийн 21/, Н.Ц, С.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 22-23/,
Хариуцагчаас: Б газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45/ нотлох баримт гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч С.Гд холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги нийт 16,600,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч С.Гд холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги нийт 13,683,750 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Гтай мөнгө зээлдүүлэх гэрээ хийж, гэрээгээ нотариатаар батлуулсан. 15,000,000 төгрөгийг банкаар дамжуулан данснаас данс руу шилжүүлсэн. Н.Ц 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 12,300,000 төгрөгийг банкаар дамжуулж данснаас данс руу шилжүүлсэн. Эдгээр мөнгийг С.Г зээлэхдээ би удирдлагын академид суралцаж байгаа, эрдмийн цол зэрэг хамгаалах гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй байна, туслаач, богино хугацаанд төлөн гэж авсан ч биелүүлээгүй. Иргэний хуульд заасны дагуу төлбөр барагдуулах гэрээ хийсэн гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Мөнгө өгсөн агуулга нь өөр. Би нэхэмжлэгч Ц.Сыг шагналд тодорхойлж, авч өгөхөөр тохирч энэ мөнгийг авсан. Тодорхойлолтыг нь бичиж явуулсан. Миний компьютер дээр файл нь байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1827 тоот энэ хүний тодорхойлолтыг боловсруулж, сайд н.Бзуруулсан. Энийг бүтээхийн тулд надад мөнгө зээлсэн. Материал нь надад байна. Тэгээд хөөцөлдөөд Засгийн газарт оруулсан чинь яг ижил нэртэй, тээврийн С гээд оронд нь өөр хүн гаргаад ирсэн. Тэр үед миний зүрх өвдөөд, айгаад, эмнэлэгт хэвтээд, тэрнээс хойш би сэтгэл зүйн дарамтад орсон. Хоёрдугаарт би сая Монгол улс тунхагласны ойгоор энэ хүний материалыг оруулах гээд намайг жоохон хүлээгээч, ойгоор янз янзын салбарын эрээвэр хураавар хүмүүс орох юм шиг байна гэж хэлэхэд намайг хүлээсэн. Гэтэл тэр үеэр манай салбар яригдаагүй. Ахмадын баярын өдөр таны юм ийм шатанд явж байна гэж байнга тайлагнаж байсан. Мөнгийг нь өөрт нь зарцуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан ч юун дээр зурж байгаагаа мэдээгүй. гэж тайлбарлажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.С, С.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 8-9/, Ц.Сын Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 10-15/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 16-18/, Ц.С, С.Г нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ /хх-ийн 19/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч С.Гтай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлж, сарын 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан, гэрээ байгуулагдсан өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэхээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 20/, Н.Ц, С.Г нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ /хх-ийн 21/, Н.Ц, С.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 22-23/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч С.Гтай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12,300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, сарын 3 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан нь нотлогдож байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дээрх мөнгийг тус тус хүлээж авсан тухайд маргаангүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ уг мөнгийг нэхэмжлэгч Ц.Сын гавьяа шагналд тодорхойлж, шагнал авахад нь зориулсан гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн гавьяа шагналыг олгох, тодорхойлох эрх бүхий этгээд гэж үзэх, өмнө нь өөрөөсөө зардал гаргаж байсан талаар баримтгүй байна.
Харин нэхэмжлэгч Ц.С, хариуцагч С.Г нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгт, нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч С.Г нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12,300,000 төгрөгт тус тус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Ц.Ст 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээл 8,000,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээл 5,000,000 төгрөг нийт 16,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Цд зээл 12,300,000 төгрөг, зээлийн хүү 1,107,000 төгрөг, 50 хоногийн алданги 276,750 төгрөг нийт 13,683,750 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч С.Ггаас 16,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ст, 13,683,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Сын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 308,369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ггаас 16,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ст, 13,683,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Сын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С, Н.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 308,369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР