Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00368

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..................... тоотод оршин суух, Б ургийн овогтой, Ж.О /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ................. тоотод оршин суух, Б ургийн овогтой, С.А /РД:............/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 49,592,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ч, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Гэрч Ч.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай нөхрөөр дамжуулан С.А хүү рүүгээ явах болчихлоо билет захих гэсэн юм" гээд 5,000,000 төгрөг зээлээ ч гэхээр нь би .................... тоот өөрийн банкны данснаас 5,000,000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. Мөн дараа 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Австри улсад байдаг хүү маань хэрэгт холбогдчихлоо 12000 евро хүү руүгээ явуулна мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Тухайн үед хүүхдийн хадгаламж цуцлах нь байна гэсэн чинь хадгаламжийн хүүгээр хүүг өгнө , ямарч хохиролгүй болгож өгнө. Та нарыг огт хохироохгүй бүх алдагдлыг төлж өгнө гэж амласан учраас бид зөвшөөрсөн. Тэгээд би С хадгаламж зээлийн хоршоонд хүсэлт гаргаж Ттэйгээ хамтран эзэмшдэг хүүхдийн хугацаатай хадгаламжийг цуцалж тэр өдрийн ханшаар еврог тооцож 33,000,000 төгрөгийг С хадгаламж зээлийн хоршооны данснаас шууд С.Аийн .банкан дахь .................. тоот дансанд шилжүүлсэн болно. С.А байраа зараад мөнгийг нь сарын дараа өгчихнө гэж байсан. Одоо болтол нийт 38,000,000 төгрөгийг мөн хугацаат хадгаламжийн хүүгээр хохирч мөн С хадгаламж зээлийн хоршооноос 2020 онд 70,000,000 төгрөгийн зээл авсан түүнийгээ төлж чадахгүй байна. Мөн хүү Т нь хувийн сургуульд явдаг бөгөөд төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяган дээр байдаггүй гээд буцаасан. Эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гаргуулан түүнийг оллоо. Би С.А нь мөнгө авснаас хойш сарын дараанаас байнга интернет утас зэргээр мөнгөө нэхсэн боловч тэр хөдөө байна, байшингаа зар өгчихсөн гүйгээд л байна гэдэг байснаа байшингаа зарсан сураг дуулсан, яагаад миний мөнгийг өгөхгүй байна гэхээр болохгүй байна, хамаг орлогоо хаачихсан байна, өгнө битгий санаа зов гэсээр өдий хүрлээ. Миний мөнгө мөн түүний улмаас учирсан хохирлыг барагдуулна гэсэн боловч өдий болтол үүргээ биелүүлэхгүй байна. Бид түүнд өгнө гэж итгэсээр 3 жил боллоо. Иймээс 38,000,000 төгрөгийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү.

...С Хадгаламж зээлийн хоршооруу очиж, жилийн 16 хувийн хүүтэй хүүгийнхээ хадгаламжийг нь цуцлуулах хүсэлт гаргаж, тухайн өдрийн ханшаар 12,000 евро нь 33,000,000 төгрөг болсон тул С Хадгаламж зээлийн хоршооны данснаас шууд С.Аийн банкны .................. дансруу нь шилжүүлүүлсэн. С.А тэр өдрөө бичгээр гэрээ контракт хийх боломжгүй байна, одоо евро болгоод өнөөдөр амжуулж хүүрүүгээ шилжүүлэх, банк хаах гэх мэт хугацаа алдах гээд байна гэсэн. Улмаар миний зүгээс С.Атэй тооцоо хийх талаар холбогдоход байраа зарахаар зар өгсөн байгаа. битгий санаа зов, хүмүүст байраа үзүүлж байна, өгнөө, мөнгө хөөцөлдөөд хөдөө байна гэх зэрэг шалтаг шалтгаан тоочиж явсаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг надын дансруу шилжүүлсэн. Байраа зараад. бүх мөнгийг тань хохиролгүй төлнө гэсэн боловч дээрх 15,000,000 төгрөгийг шилжүүлж дутуу өгсөн. Бүр сүүлдээ хүү маань машинаараа ухарч байгаад 6 настай хүүхэд дайраад алчихлаа гэж яриад 2019 оны зун болгосон. Энэ хугацаанд миний зүгээс утсаар болон цахим захидлаар байнга харилцаа үргэлжилж байсныг баримт болгох үүднээс гар утаснаасаа скрийн шот хийн хэвлэж гаргаж авсан. Мөнгөө нэхэх бүрт нөгөө л ярьдагаа ярьсаар, бичгээр баримтжуулах гэж гэрт нь хэд хэд очиход тооцоог тань зөвшөөрч байна гэж амаараа хэлэх боловч, баталгаажуулж гарын үсгээ зурахгүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд түүний би та нарыг хохироохгүй,х элсэн амалсан, өгөх болно, битгий санаагаа чилээ гэсэн үгэнд нь итгэсээр хүүхдийнхээ ирээдүйн хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулаад зогсохгүй, сэтгэл санааны хүнд дарамттай өдөр хоногийг өнгөрөөж байна. Учир нь миний хүү Л хувийн Ерөнхий боловсролын дунд сургуульд сурдаг, сургалтын төлбөрийг нь төлөөгүй, хадгаламж зээлийн хоршооноос 70,000,000 төгрөгийн зээлтэй, хүүгийн төлбөр хийгдээгүйн улмаас амьдарч байгаа байраа алдах магадлал өндөр болсон. Хүүхдийнхээ хадгаламжийн бүтэн гурван жилийн хүүг алдсан. С.Ат мөнгөө өгч алдаагүй байсан бол, өгөөгүй байгаа үлдэгдэл 23,000,000 төгрөгөөс тооцоход 2021 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд бидэнд 11,592,000 төгрөгийн хохирол хүлээлгэж, үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлж өдий хүрлээ. Энэ хохирлыг Иргэний хуулийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй 222.1.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж заасны дагуу учирсан хохирлоо 11,592,000 төгрөгөө нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Ж.Оын нэхэмжлэлтэй С.Ат холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч доорхи хариу тайлбар гаргасан. Иргэний хуулийн 281.1, 282.3-д зээл, зээлийн хүүгийн асуудлыг тодорхой хуульчилжээ. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү, алданги тохиролцоогүй болно. Ж.О 38,000,000 төгрөг авсан үнэн боловч тэрээр надаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авсан 15,000,000 төгрөгөө тооцолгүйгээр 38,000,000 төгрөг нэхэмжилсэн байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэсэн үүргийг зааж өгсөн байх бөгөөд надаас буцааж авсан мөнгөө нэхэмжлэлдээ дурьдаагүй байгаа нь шударга бус үйлдэл юм. Нэгэнт шүүхэд үнэн зөв нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.А санхүүгийн хэцүү байдалд ороод Ч.Ө гэдэг хүн рүү яриад тусламж хүссэн, туслаач гэж хэлсэн. Ч.Ө дансаа өгчих гэж хэлэхэд нь дансаа өгсөн, мөнгө шилжиж ирсэн. Болсон үйл явдал бол энэ. Тусламж хүссэн гэдгийг нэхэмжлэгч хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэнээр Ч.Ө надтай С.А надаас ингэж гуйгаад ингэсэн тэгсэн гэж байна. Үнэндээ нэхэмжлэгчийн бичсэнчлэн С.А болон Ж.О нарын хооронд хэлцэл хийгдээгүй. Ч.Ө болон С.А нарын хооронд хийгдсэн хэлцэл юм. С.А болон Ж.О нарынх хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Хуулиар авч үзвэл хэн хэнтэй хэлцэл хийсэн, хэн хэний даалгавар авсан байна гэвэл С.А гэдэг хүн туслаач гэж хэлэхэд Ч.Ө гэдэг хүн тусалж, дансны дугаар авсан байна. Ч.Ө данс руу мөнгө шилжүүлэх даалгаврыг Ж.От өгөөд даалгавар биелүүлсэн эрх зүйн харилцаа харагдаж байна. Энэ харилцаанууд нь тус тусдаа эрх зүйн зохицуулалттай, өөр асуудал. Туслах гэдэг нь өөр асуудал. Туслаач гэхэд тусаллаа гэж юм өгчихөөд тусалсан, хохирол гэх зүйл хуульд байхгүй. Ч.Ө, С.А нар нь олон жил буюу 30-50 жилийн найзууд юм шиг байна. Энэ хүмүүсийн найз нөхдийн хоорондын харилцааг зээл гэсэн нэрээр оруулж болохгүй. Туслаач гэж хэлээд тусалсан байна. Тусламжийн асуудал нь бэлэг гэсэнтэй ойролцоо. Гэхдээ бэлэг гэдэг утгаар хүлээж авах нь бас биш юм. С.А нь аль болох боломжоороо болгох бодолтой явж байснаас залилсан зүйл байхгүй. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ганц бие хүнд 15,000,000 төгрөгийг мөнгө болгох гээд явж байсан. Өнөөдөр хүртэл иймэрхүү байдалтай явж байсан. Хүний ёс зүйн талаас авч үзвэл Ч.Ө, С.А нарын хооронд хүн чанар, ёс зүйн асуудал явагдаж байгаа юм. Ж.О нь даалгавар гүйцэтгэсэн асуудал байгаа. Хуулийн зохицуулалт ийм тул шүүх шийдвэрлэнэ биз гэжээ.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс С Хадгаламж зээлийн хоршоо, Ж.О нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Үржихүй хадгаламжийн гэрээ, С хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ...... дугаар тодорхойлолт, С хадгаламж зээлийн хоршооны кассын зарлагын ордер, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ............... дугаар захирамж, ...... дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .... тоот албан бичиг, 2 хуудас зураг,

 

Хариуцагчаас С.Аийн банкны .................. тоот дансны хуулга,

Шүүхээс банкны 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ..... тоот албан бичиг, дансны хуулга, М ХХК-ийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн..... тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Өгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч С.Ат холбогдуулан зээл 38,000,000 төгрөг, хохирол 11,592,000 төгрөг нийт 49,592,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.А нь надаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гадаадад байдаг хүүхэд дээрээ очих онгоцны билет захиалах мөнгө хэрэг болсон гэж 5,000,000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүүхэд нь гадаадад хэрэгт холбогдоод мөнгөний хэрэг гарсан 12,000 евро хэрэгтэй байгаа, зээлээ 5-7 хоногийн дотор байраа зараад өгнө гэж хэлээд 33,000,000 төгрөгийг зээлж авсан. Би хүүхдийн хугацаатай хадгаламжаа цуцалж, 38,000,000 төгрөгийг зээлсэн боловч 4 жил төлөөгүй. Зээлээс 2018 оны 06 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэх 23,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй байна. Хүүхдийн хадгаламжид 23,000,000 төгрөгийн хүү 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 11,592,000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохиролд 11,592,000 төгрөг нэмж нэхэмжилж байна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Ж.Отай зээлийн гэрээ байгуулаагүй, нөхөр Ч.Өгөөс тусламж хүссэн. 38,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан С хадгаламж зээлийн хоршоо, Ж.О нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Үржихүй хадгаламжийн гэрээ, С хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар тодорхойлолт, С хадгаламж зээлийн хоршооны кассын зарлагын ордер, С.Аийн банкны .................. тоот дансны хуулга, банкны 5011295858 тоот С хадгаламж зээлийн хоршооны дансны хуулга, гүйлгээний утга хад/цуцалж зээлэв, шүүхэд гэрч Ч.Ө өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч С.Ат 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 33,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 5, 6, 7, 31/

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч С.Ат 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-ийн 18/

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бичгийн гэрээ байгуулалгүйгээр зээлж авсан болохоо зөвшөөрсөн, нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас 15,000,000 төгрөгийг буцааж авсан талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 33,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч С.А нь нэхэмжлэгч Ж.От 23,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Харин нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч С.Аээс зээлийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч хүүхдийн хадгаламжаа цуцалсан, хадгаламжийн хүү жилийн 19.2 хувь байсан зэрэг нь нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч С.Аээс 23,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,592,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Аээс 23,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,592,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Аээс 272,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР