Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00340

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................тоотод оршин суух, Ц ургийн овогтой В.Э /РД:................../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ................ өөрийн байранд оршин байх, Д  /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,937,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийн нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Э миний бие тус байгууллагад тасралтгүй 38 жил 3 сар түлш дамжуулах цехд дамжлагын машинистаар ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ....... тоот гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Д ХХК-ийн захиргаа ....-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 38 жил 3 сар ажилласан хугацааны жил тутам ........... салбарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодон нэг удаагийн мөнгөн тэтгэмж 9,376,000 төгрөг олгохоор болсон. Мөн гэнэт халагдсаны тэтгэмж 8,170,189 төгрөгийг нэмж нийт 37,546,189 төгрөг олгохоор болсон. Ингээд миний тэтгэмжийн мөнгийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэхдээ нэг удаагийн тэтгэмж болох 29,376,000 төгрөгөөс 10 хувийн хүн амын орлогын албан татвар гэж үндэслэлгүйгээр суутган авч 34,608,589 төгрөгийг  банкны ..........лжүүлсэн. Дээрх мөнгө нь Хүн амын орлогын албан татварын хуулийн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх татвар атал надаас 10 хувийг суутган авсан. Иймд Д ХХКийн үндэслэлгүйгээр суутган авсан 2,937,600 төгрөгийг буцаан гаргуулж олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн В.Э нь Д ХХК -д нийт 38.03 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д ХХК -ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу В.Эгийн ........... салбарт ажилласан жилийг ........... салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 29,376,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлээд байгаа мөнгөн дүнгээ Баянгол дүүргийн татварын хэлтсээс шаардах ёстой. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс  банк дахь .... тоот дансны хуулга, Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны .... тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал /хх-ийн 6/,

 

4.Хариуцагчаас Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны ..... тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан /хх-ийн 17-18/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч Д ХХК-д холбогдуулж 2,9637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...4,480,000...татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгасан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн.  татварын хэлтсээ шаардах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны дугаар сарын 02-ны өдрийн ..... тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч В.Эгийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлж, ........... салбарт ажилласан 38.03 жил ногдох 29,376,000 төгрөгийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр В.Эд 34,608,589 төгрөгийн тэтгэмж олгожээ. Ингэхдээ түүнд олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,937,600 төгрөгийг суутгасан байна. Зохигч энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох гэж тус тус заасан. Д ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр ........... салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоон тохирсон талаар талууд маргаагүй.

 

Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй нь маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй учир хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, хариуцагчаас 2,937,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 2,937,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Эд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,652 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР