Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/903

 

2024          10           10                                     2024/ШЦТ/903   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0918/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч З.Болдбаатар, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Шагдар,

иргэдийн төлөөлөгч Б.Шинэбаяр,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э нарт холбогдох эрүүгийн 2402 00005 0048 дугаартай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Т (РД:),

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, философи, улс төр судлаач мэргэжилтэй, “Э** д*** к****" ХХК-ийн Гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн **** тоотод оршин суух бүртгэлтэй хаягтай боловч Хан-Уул дүүргийн **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Д (РД:),

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Н*** Ө*** Х***" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Э (РД:) 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан албан тушаалтнаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Туслах аж ахуйн нягтлан бодогчоор (ТТ-10-1), ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.3-д "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэж заасныг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсгийн 273.2.13-т "хуулиар хориглосон бусад" гэж заасныг тус тус зөрчиж:

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А07 дугаартай “Хөтөлбөр батлах тухай” тушаалаар батлагдсан "Хууль зүй, дотоод хэргийн салбарын алба хаагч бүрд орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 5,6 га газарт 2021 онд баригдаж эхэлсэн 107, 108 дугаар блок орон сууцыг барих арматур төмрийн үнэ судлах, худалдан авах, нийлүүлэгч талтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахдаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бага тойруу 13/1, Хуульчдын гудамжинд байрлах ажлын байрандаа байхдаа: "Э** д*** к***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д-н арматур худалдан борлуулж ашиг олох гэсэн ашиг сонирхлын үүднээс "Э** д*** к***” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ШШГЕГ/2021/ШГ-48 дугаартай “Худалдах худалдан авах” гэрээг байгуулж, гэрээний санхүүжилт 182,900,000 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Э.Л-н Хаан банканд эзэмшдэг 5920**** тоот дансыг ашиглан 2,790,000 төгрөгийн хахуулийг,  

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ШШЕГ/2021/ШГ-53 дугаартай “Худалдах худалдах авах" гэрээ байгуулж, гэрээний санхүүжилт болох 121,746,500 төгрөгийг "Э** д*** к*** ХХК-ийн данс руу шилжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Э.З-н Хаан банканд эзэмшдэг 5819**** тоот дансыг ашиглан 4,130,000 төгрөгийн хахуулийг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11,127,000 төгрөгийн хахуулийг,  

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ШШГЕГ/2021/ШГ-61 дугаартай "Худалдах худалдан авах" гэрээ байгуулж, гэрээний санхүүжилт болох 288,156,000 төгрөгийг "Э** д*** к***” ХХК-ийн данс руу шилжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Э.Л-н Хаан банканд эзэмшдэг 5920**** тоот дансыг ашиглан 8,793,000 төгрөгийн хахуулийг,  

Мөн ажлын байрандаа байхдаа “Н*** Ө*** Х***” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э-н "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ШШГЕГ2021/ШГ-26  дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гэрээний санхүүжилтийг саадгүй авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Э.Л-н Хаан банканд эзэмшдэг 5920**** тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийн хахуулийг буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 36,840,000 төгрөгийн хахууль авсан;

Шүүгдэгч Н.Д нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны одрийн А/07 дугаартай "Хөтөлбөр батлах тухай” тушаалаар батлагдсан "Хууль зүй, дотоод хэргийн салбарын алба хаагч бүрд орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 5,6 га газарт 2021 онд баригдаж эхэлсэн 107, 108 дугаар блок орон сууцыг барих арматур төмрийг нийлүүлэх, гэрээ байгуулах зэргээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын туслах аж ахуйн нягтлан бодогчоор ажилладаг Г.Т-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз Э.Л-н Хаан банканд эзэмшдэг 5920*** дугаартай дансаар дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,790,000 төгрөгийн хахуулийг, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 8,793,000 төгрөгийн хахуулийг, мөн Г.Т-н найз Э.З-н Хаан банканд эзэмшдэг 5819*** дугаартай дансаар дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4,130,000 төгрөгийн хахуулийг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11,127,000 төгрөгийн хахуулийг, нийт 26,840,000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр өгсөн;

Шүүгдэгч С.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Үйлдвэр барилга, технологийн хэлтсийн дарга Т.Э болон “Н*** ө*** х***” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ШШГЕГ2021/ШГ-26 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийгдсэн ажлуудын гүйцэтгэлээ хянуулах, санхүүжилтээ саадгүй авах ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Туслах аж ахуйн нягтлан бодогч Г.Т түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Л-н Хаан банканд эзэмшдэг 5920*** дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч М.М-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23-26 дахь хуудас), гэрч Э.З-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37 дахь хуудас), гэрч Э.Л-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40-42 дахь хуудас), гэрч Т.Э-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59-60, 62 дахь хуудас),  гэрч Л.Т-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-65 дахь хуудас), гэрч Н.Ц-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-68 дахь хуудас), гэрч Д.Б-н мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-71 дэх хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/436 дугаартай Г.Т-г албан тушаалд шилжүүлэн томилох тухай тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 174 дэх хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/2687 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1-р хавтаст хэргийн 209-218 дахь хуудас), *** д*** к***” ХХК-ийн захирал М.М-н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аж ахуйн нягтлан бодогч, дэслэгч Г.Т-тэй байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ШШЕГ/2021/ШГ-53 дугаартай “Худалдах, худалдах авах" гэрээ, мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд (1-р хавтаст хэргийн 223-229 дэх хуудас), 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ШШГЕГ/2021/ШГ-61 дугаартай "Худалдах, худалдан авах" гэрээ, мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд (1-р хавтаст хэргийн 230-236 дахь хуудас), 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ШШГЕГ/2021/ШГ-48 дугаартай "Худалдах, худалдан авах" гэрээ, мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд (1-р хавтаст хэргийн 244-250 дахь хуудас), 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ШШГЕГ/2021/ШГ-26 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ" (2-р хавтаст хэргийн 51-56 дахь хуудас), Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай тушаалаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагч бүрд орон сууц” хөтөлбөртэй холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 105-151 дэх хуудас), ажлын байрны тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 152-154 дэх хуудас), *** д*** к*** ХХК-ийн "Хаан” банкны 5431**** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 60-66 дахь хуудас), иргэн Э.З-н “Хаан” банкны 5819*** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 163-171 дэх хуудас), иргэн Э.Л-н “Хаан” банкны 5920**** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хавтаст хэргийн 172-180 дахь хуудас), “Н*** ө*** х***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөнгө шилжүүлсэн талаарх баримтын хуулбар (4-р хавтаст хэргийн 182-183 дахь хуудас), яллагдагч Г.Т-н зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 36,840,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн (100***) барьцаа, хохирлын дансанд байршуулсан талаарх гүйлгээний баримт (5-р хавтаст хэргийн 15 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Т, Н.Д, С.Э нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүл тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэргийн улмаас төрд итгэх олон нийтийн итгэл суларсан, холбогдох хууль, журамд заасны дагуу ажлаа гүйцэтгэж буй бусад нийтийн албан тушаалтны нэр хүндийг үнэлэмжийг багасгасан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Т-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Д-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Э-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах тухай прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял;

Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн  хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар ажлаа бүтээх, мөн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж өөртөө болон бусдад хууль зөрчин давуу байдал олгож амьдрах гэсэн явцгүй, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ

Шүүгдэгч Г.Т, Н.Д, С.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т, Н.Д, С.Э нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд шүүгдэгч Г.Т-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дасанд байршуулсан 36,840,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

С.Э-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял;

Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,  Н.Д-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, С.Э-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Н.Д, С.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Т-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 36,840,000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Т, Н.Д, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР

 

       ШҮҮГЧИД                                  З.БОЛДБААТАР

                                                                                                      

                Д.ДАРЬСҮРЭН