Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00328

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................... өөрийн байранд байрлах, А ХХК /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......................... тоотод оршин суух, Г ургийн овогтой Б.А /РД:............./,

 

Хариуцагч: ........................... тоотод оршин суух, Ж ургийн овогтой Д.А /РД:............../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 389,562,986.22 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Г.Э,

Хариуцагч Д.А, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ак ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой А, Д овогтой А нар нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ...................... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, хөрөнгө оруулалтын зориулалтаар 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг жилийн 19,2% хүүтэй, 48 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт огт хийлгүй, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна. Зээлдэгч Б.А, Д.А нар нь 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 296,888,523.96 төгрөг, зээлийн үндсэн хүү 87,947,037.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,727,694.96 төгрөг, нийт 389,562,986.22 төгрөгийн өртэй болоод байна. ...................... тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 Иргэний хуулийн 225.1, 227.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, иргэн
Б.А, Д.А нартай байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн
гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлуулж, зээлийн гэрээний
үүрэгт 389,562,986.22 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж зээлийн барьцаанд .................. тоот гэрчилгээний дугаартай, Ү-
2206023550 улсын бүртгэлийн дугаартай 177,11м.кв бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн................... тоот хаягт
байршилтай ................ тоот гэрчилгээний дугаартай, .................
улсын бүртгэлийн дугаартай ....м.кв бүхий амины орон сууц, ...................тоот хаягт байршилтай ....................... тоот гэрчилгээний дугаартай, ......................... улсын бүртгэлийн дугаартай 86м.кв бүхий амины орон сууц, Т.....................т байршилтай ................. тоот гэрчилгээний дугаартай, 18700290117838 тоот нэгж талбарын дугаартай ...га бүхий мод үржүүлэг, жимс жимсгэнэ тарих зориулалт бүхий эзэмших эрхтэй газар, ..................... тоот хаягт байршилтай .................. тоот гэрчилгээний дугаартай, ................. тоот нэгж талбарын дугаартай ...м.кв амины орон сууц зориулалтаар эзэмших эрхтэй газар, .............. хаягт байршилтай .............. тоот гэрчилгээний дугаартай, ............... тоот нэгж талбарын дугаартай 316м.кв амины сууц зориулалтаар эзэмших эрхтэй газар, ................... хаягт байршилтай .............. тоо гэрчилгээний дугаартай, ................ тоот нэгж талбарын дугаартай .... м.кв амины сууц зориулалтаар эзэмших эрхтэй газар барьцаа хөрөнгүүдийг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А хариу тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.А Зээл авахад компанийн зүгээс хэн нэг нь хамтран хариуцагч байх хэрэгтэй гэнэ. Нэр хэрэгтэй байна. Зүгээр очоод л гарын үсгээ зурчих. Бусдыг нь өөрөө хариуцна гэж миний нэрийг оруулан гарын үсэг л зуруулсан. Зээлийн гэрээний нэг ч хувь надад байхгүйн дээр банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийн асуудлаар надтай уулзаж хариу тайлбар авч байсан удаагүй. Энэ нь банкны зээлийн мэргэжилтнүүд зээлийн эргэн төлөлтөд онцын нөлөөгүй, хамааралгүй этгээд бөгөөд уулзах шаардлагагүйг мэддэгийн нотолгоо юм. Би хувьдаа хөрөнгө оруулалтын гэх 450,000,000 сая төгрөгийн зээлээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй, захиран зарцуулалтад ч оролцуулаагүй. Хаан банкны ................... тоот дансны 2018 оны 05 дугаар сарын 29- нөөс 10 дугаар сарын 16-ны хоорондох хуулга, хүүхдийн мөнгөний .............. ХХБ-н............ банкны ...........,  банкны ................ тоот дансны 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 31-ний хоорондох хуулгыг хавсаргав. Хугацааны тухайд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А нягтлан бодогч Ж.Баас 6,5 сая төгрөг зээлсэн нь 450 сая төгрөг 4 сар гаруйн дараа дууссан гэж ойлгогдохоор байна. Компанийн тухайд Б.А Аялал суваг телевиз ХХК-ийн 51 хувийг эзэмшигч бөгөөд миний бие тус компанийн 49 хувь эзэмшигч юм. Компанид хөрөнгө оруулах зориулалтаар авсан зээлийг Аялал суваг телевиз ХХК-ны 2018 оны санхүү татварын тайланд тусгаагүй, хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй. Б.А зээлийн мөнгийг өөрийн мэдэлд авч, түүний шийдвэрээр бүх мөнгө захиран зарцуулагдсан. Нягтлан бодогч Ж.Баяржаргалын зүгээс удаа дараа бүртгэл хийж, тооцоо нийлэхийг санал болгосон ч бүртгэл хийлгээгүй нь Аялал суваг телевиз ХХК-ны хөрөнгө оруулалтад бүрэн зориулсан эсэх нь эргэлзээ төрүүлдэг. Зээлийн барьцаанд миний нэр дээрх нэг ч барьцаа хөрөнгө байхгүй бөгөөд надад банкинд барьцаалах ямар нэг үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Эд хөрөнгөгүйг нотлох Төрийн мэдээллийн сангийн лавлагааг хавсаргав. Компанийн засаглал, санхүүгийн байдал ил тод бус, зээлийн зарцуулалт хяналтгүй нь ямар нэг асуудал үүсч шийдвэрлэх тухай санал солилцох бүрт удаа дараа Наад компани чинь зүгээр цаас гэж үл тоодог байсан нь намайг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Ад нэг сая төгрөгөөр компанийн 49 хувийн хувьцааг худалдаж, 100 хувь Б.Агийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргахад хүргэсэн. Хэдийгээр А ХХК-ны оффисын түрээсийн 37,141,950.00 төгрөгийн өр төлбөрийн улмаас Г-аас  газарт шилжүүлэг хөдөлгөөн хийхэд хориг тавьсан ч компанийн 49 хувийг худалдан авч нотариатаар баталгаажуулсан шийдвэр нь тухайн өдрөөс эхлэн компанитай холбоотой бүх асуудлыг бие даан хариуцахаа илэрхийлж буй хэрэг юм. Эцэст нь нэхэмжлэгч  банкны зээлийн мэргэжилтнүүд энэ зээлийг маш түргэн хугацаанд шийдвэрлэсэн нь хардлага төрүүлдэг бөгөөд А банк Номин группт зарагдах хүртлээ чанаргүй зээл гаргасан, зээлийн зарцуулалтыг хянаагүй зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэйг илэрхийлэх тул Б.Атай холбоо хамаарал бүхий зээлийн мэргэжилтнүүд намайг хамтран хариуцагчаар татах шаардлагагүй гэдгээ үнэнч шударгаар илэрхийлж нэхэмжлэлийн хариуцлагаас чөлөөлнө гэж найдаж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хурлын эхэнд зээл төлж болох дүнг мэдэгдсэн. Энэ бол 26,6 сая төгрөгөөр бууруулсан тооцоолол. Үүний үндэслэлийг товч тайлбарлавал хариуцагч Б.А хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлсөн байдаг. Энэ өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар тооцвол 1 жил 10 сар болсны дараа нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл энэ хооронд нэхэмжлэгч, хариуцагч нар маш олон удаа уулзсан уулзалтын тэмдэглэлийг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ баримтаас харахад миний тоолсноор 7-8 удаагийн уулзалт байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2-т дараах нөхцөлд банк гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ гэж байна. Энэ нөхцөлүүдээс 2 нөхцөлийг онцолж байна. Зээлийн гэрээний 5.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн гэсэн заалт байна. 5.2.8-т зээлдэгчийн санхүү эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан гэж байна. Энэ олон уулзалтуудын үр дүнд хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан энэ зээл төлөгдөхгүй болсон байна гэдэг нь удаа дараагийн уулзалтаараа илэрхийлж байсан учраас 5.2.8 дахь заалт хоёр талд илэрхий байсан гэж үзэж байна. Мөн 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээл төлснөөс хойш огт зээл төлөөгүй яваад байсан нь 5.2.3-т заасан зээл, түүний хүүг төлөх хуваарь зөрчигдсөн гэсэн заалт үйлчлээд байхад 1 жил 10 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн хүүг автоматаар бодуулаад явуулаад байя гэсэн санааны үүднээс нэхэмжлэл гаргахгүй удсан гэж харж байна. Хариуцагч Б.А уулзах болгондоо миний төлөх чадвар хүндрэлтэй болсон гэдэг тайлбар хэлээд, та нар асуудлыг шийдэх гээд байгаа юм бол шүүхдээ өгөөд шийдвэрлүүл гэдэг хүсэлтийг удаа дараа хэлсэн боловч шүүхэд өгөхгүй яваад байсан. Энэ нь цаанаа учиртай. Б.Агаас барьцаа хөрөнгөнд бариулсан хөрөнгө нь зээлж авсан зээлийн үнийн дүнтэй харьцуулахад хамаагүй өндөр. Өөрөөр хэлбэл зээлийн хүү явж байх тусам банкинд ашигтай байгаа учраас хэдийгээр байгуулсан зээлийн гэрээний заалтууд зөрчигдсөн, гэрээ цуцлах эрх нь өөрт нь байсаар байхад гэрээгээ цуцлахгүй, хүүгээ нэмэгдүүлээд яваад байгаа нь барьцаа хөрөнгөөс хангалттай хэмжээний хүү олж авна гэсэн бизнесийн ашиг сонирхол явагдаад байна. Энэ нь юугаар батлагддаг вэ гэхээр 130,000,000 төгрөгөөр байраа зарангуут 119,360,000 төгрөгийг Б.Агийн дансанд хийчхээд тэр мөнгөн дүнгээр бүгдээр нь зээлийг нь төлүүлээгүй байдаг. Тэр өдрийг хүртэл зээлийг төлүүлж, хэвийн графикт оруулаад, үндсэн мөнгийг нь дансанд нь хадгалж байгаад сар, сарын хүү болохоор нь тэндээс нь хүүг нь суутгаад явж байсан. Үүнээс ямар агуулга харагдаж байна вэ гэхээр банк аль болох ахиухан хэмжээний хүү авъя гэсэн санаархал явагдаад байна. Тийм учраас бид нэхэмжлэлийн нийт үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлд 130,000,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Ад зээлээ төлөхгүй бол дараагийн арга хэмжээг авлаа шүү гэж мэдэгдэл өгсөн байдаг. Тийм учраас бид зээл хүүгийн тооцооллыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл өгсөн огноогоор тасалбар болгож зээлийнхээ тооцооллыг хийсэн. Бидний зүгээс 362,907,880 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 26,655,106 төгрөгийн нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А энэ зээлийг огт төлөөгүй биш, төлж явсан. Төлсөн мөнгөн дүн нь нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн баримт болон манайхаас санал болгосон тооцоолол дээр ч байгаа. Бидний харж байгаа тооцоогоор Б.А зээл авснаас хойш нийт 286,325,384 төгрөгийг төлсөн. Тухайн үед Б.Агийн бизнесийн үйл ажиллагаа, арилжаа хэвийн байхад зээлийн үүргээ биелүүлж явсан гэдэг нь үүнээс харагдаж байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үндсэн ажил нь бүрэн зогссон учраас төлбөрөө төлөөгүй гэсэн. Тийм учраас 362,907,880 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид барьцааны гэрээн дээр хүчин төгөлдөр бус гэдэг дээр маргахгүй. Нэгэнт асуудал шийдэгдээд явбал зээлийн төлбөр барьцаа хөрөнгөөр хангагдах нь зүйтэй байна. Хамтран хариуцагч Д.Агийн хувьд энэ хоёр хүн тухайн үед бизнесийн хамтрагч байсан. Зээл нь хөрөнгө оруулалтын зориулалттай зээл. Бизнес хамтран хийгдэж байсан гэдэг үндэслэлээр нэг хувьцаа эзэмшигч болох Д.Аг хамтран хариуцагчаар заавал оролцуулах шаардлагатай гэсний үндсэн дээр оруулж ирсэн гэж харагдаж байна. Энэ зээлийг Б.А хувьдаа хэрэглээгүй, Д.А хувьдаа хэрэглээгүй, цэвэр бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан мөнгө. Д.Агийн нэг ч төгрөг авч хэрэглээгүй гэдэг тайлбар үнэн. Тийм учраас Д.Аг хариуцагчаар хасаад, Б.А дангаараа зээлийн төлбөрийг хариуцаж төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс А банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ...................... тоот Зээлийн гэрээ, ...................... тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, /хх-ийн 7-18/, барьцаалбар /хх-ийн 19-21/, зээл хүсэгчийн анкет /хх-ийн 22-23/, зээлийн дансны хуулга /хх-ийн 24-30/, Б.А, Д.А нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 31-32/, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 33-39/, зээл шилжүүлсэн баримт /хх-ийн 40/, зээлдэгчид өгсөн мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл /хх-ийн 41-50/, А банкны зарлагын баримт /хх-ийн 78/, А банкны орлогын баримт /хх-ийн 79, 84-86/, А банкны мемориалын баримт /хх-ийн 79-81/,А банкны 2109007003 тоот Н.Булганы дансны хуулга /хх-ийн 82/, А банкны 2109007005 тоот П.Ганзүрхийн дансны хуулга /хх-ийн 83/,

 

Хариуцагч Б.Агаас А банкны 2109002170 тоот дансны хуулга /хх-ийн 72-77/, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 94/, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 95/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-ийн 96-97/,

 

Хариуцагч Д.Агаас эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа /хх-ийн 109/, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкны дансны хуулга нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч А банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б.А, Д.А нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 296,888,523.96 төгрөг, зээлийн хүү 87,947,037.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,727,694.96 төгрөг нийт 389,562,986.22 төгрөг гаргуулах,

  1. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-3 тоот хаягт байршилтай, 000240321 тоот гэрчилгээний дугаартай, .................. улсын бүртгэлийн дугаартай, 177.11 м.кв талбай бүхий хувийн сууц,
  2. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон гудамж, 61 тоот хаягт байршилтай, 000414244 тоот гэрчилгээний дугаартай, ................. улсын бүртгэлийн дугаартай, 92 м.кв талбай бүхий амины орон сууц,
  3. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон гудамж, 78 тоот хаягт байршилтай, 000414249 тоот гэрчилгээний дугаартай, ......................... улсын бүртгэлийн дугаартай, 86 м.кв талбай бүхий амины орон сууц,
  4. Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Тамган өндөр хаягт байршилтай, 18700290117838 тоот нэгж талбарын дугаартай, 40га бүхий мод үржүүлэг, жимс жимсгэнэ тарих зориулалт бүхий эзэмших эрхтэй газар,
  5. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон, 03 тоот хаягт байршилтай, 000586121 тоот гэрчилгээний дугаартай, 18630296175929 тоот нэгж талбарын дугаартай, 371 м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар,
  6. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо хаягт байршилтай, 000749969 тоот гэрчилгээний дугаартай, 18630297259076 тоот нэгж талбарын дугаартай, 316м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар,
  7. Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо хаягт байршилтай, 000749970 тоот гэрчилгээний дугаартай, 18630297177064 тоот нэгж талбарын дугаартай, 306м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс цуцалсан гэж үзэж, зээлийн үлдэгдэл 291,585,314 төгрөг, зээлийн хүү 71,322,566 төгрөг нийт 362,907,830 төгрөг төлөх, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 26,655,106 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч Д.А нь зээлийг аваагүй, ашиглаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээл 450,000,000 төгрөгийг хариуцагч Б.Агийн дансаар олгосон, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөс Д.Энхцацралын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030873 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1-А дугаар байр, 29 тоот, 139.12м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн талаар маргаангүй байна.

 

Харин гэрээ цуцлагдсан хугацаа, гэрээг цуцалсантай холбоотой төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, зээл төлөх үүргийг хариуцагч Д.А хамтран хариуцах талаар маргаантай байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А банк ХХК, Б.А, Д.А нарын хооронд байгуулагдсан №...................... тоот Зээлийн гэрээ, мөн өдөр А банк ХХК, Б.А, Д.А, Д.Энхцацрал нарын хооронд байгуулагдсан №...................... тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга /хх-ийн 24-30/, зээл шилжүүлсэн баримт, зээлдэгчид өгсөн мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээл 450,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Агийн дансанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 26/

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд хүсэл зоригийнхоо дагуу байгуулж, зээлдүүлэгч 450,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

Мөн Барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 450,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг төлж дуусахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн хүү төлөв гэсэн гүйлгээний утгатай, 119,360,300 төгрөгийг зээлийн дансанд орлогоор хийсэн байна. /хх-ийн 79/ Уг төлбөрөөс банк зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх, зээл, зээлийн хүүг тооцон авч, үлдэх 14,927,196.76 төгрөгөөс 2020 оны 01, 02, 03 дугаар сарын зээлийн хүү, 04 дүгээр сарын зээлийн хүүгээс 289,781.10 төгрөг төлөгдсөн байна.

 

Зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн төлбөр төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ад 2021 оны 04 дүгээр сарын 08, 06 дугаар сарын 15, 07 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэл өгсөн ч үр дүн гараагүй байна. Үүргээ гүйцэтгэхийг сануулсан ч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцалж, мөн өдөр хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй. Харин хариуцагч гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч, уг мэдэгдэл нь гэрээг цуцлахыг сануулсан нэмэлт хугацаа тогтоосон үйл баримтыг нотолж байна. Мөн хариуцагч гэрээ цуцлах санал гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Д.А нь зээлийг ашиглаагүй, зээлээс аваагүй гэх тайлбар гарган маргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д хамтран үүрэг гүйцэтгэгчдийн талаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

 

Зээлийн гэрээнд Энэхүү гэрээнд Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил хууль болон гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Цаашид энэ гэрээнд хамтран зээлдэгчийн эрх үүрэг нь зээлдэгчийн эрх, үүргээр тодорхойлогдоно гэж тохиролцсон байна. Хариуцагч Б.А, Д.А нар зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр зөвшөөрч гэрээг байгуулсан байх тул зээлийг ашиглаагүй, захиран зарцуулахад оролцоогүй байх нь хамааран зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлийн гэрээний 1.1-т зээлийн хүүг жилийн 19.20 хувь, 1.10-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл 296,888,523.96 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү 87,947,037.30, нэмэгдүүлсэн хүү 4,727,694.96 төгрөг нийт 389,562,986.22 төгрөгийг хариуцагч Б.А, Д.А нар нь нэхэмжлэгч А банк ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.А өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч маргаагүй.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад нийцэж байх тул хариуцагч нар 389,562,986.22 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айдасын 2 дугаар гудамж, 1-3 тоот хаягт байршилтай, 000240321 тоот гэрчилгээний дугаартай, .................. улсын бүртгэлийн дугаартай, 177.11 м.кв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон гудамж, 61 тоот хаягт байршилтай, 000414244 тоот гэрчилгээний дугаартай, ................. улсын бүртгэлийн дугаартай, 92 м.кв талбай бүхий амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон гудамж, 78 тоот хаягт байршилтай, 000414249 тоот гэрчилгээний дугаартай, ......................... улсын бүртгэлийн дугаартай, 86 м.кв талбай бүхий амины орон сууц, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Тамган өндөр хаягт байршилтай, 000486729 тоот гэрчилгээний дугаартай, 18700290117838 тоот нэгж талбарын дугаартай, 40га бүхий мод үржүүлэг, жимс жимсгэнэ тарих зориулалт бүхий эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, А хотхон, 03 тоот хаягт байршилтай, 000586121 тоот гэрчилгээний дугаартай, 18630296175929 тоот нэгж талбарын дугаартай, 371 м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо хаягт байршилтай, 000749969 тоот гэрчилгээний дугаартай, 18630297259076 тоот нэгж талбарын дугаартай, 316м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо хаягт байршилтай, 000749970 тоот гэрчилгээний дугаартай, 18630297177064 тоот нэгж талбарын дугаартай, 306м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,175,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,175,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан Б.А, Д.А нараас хариуцагч389,562,986.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.А, Д.А нар 389,562,986.22 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол ........... тоот хаягт байршилтай,............. тоот гэрчилгээний дугаартай, .................. улсын бүртгэлийн дугаартай, .......м.кв талбай бүхий хувийн сууц, ...............тоот хаягт байршилтай, ............. тоот гэрчилгээний дугаартай, ................. улсын бүртгэлийн дугаартай, 92 м.кв талбай бүхий амины орон сууц, ............... тоот хаягт байршилтай, ............тоот гэрчилгээний дугаартай, ......................... улсын бүртгэлийн дугаартай, 86 м.кв талбай бүхий амины орон сууц, ................хаягт байршилтай, ................. тоот гэрчилгээний дугаартай, ............. тоот нэгж талбарын дугаартай, 40га бүхий мод үржүүлэг, жимс жимсгэнэ тарих зориулалт бүхий эзэмших эрхтэй газар, ................. тоот хаягт байршилтай, ............ тоот гэрчилгээний дугаартай, ................ тоот нэгж талбарын дугаартай, 371 м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар, ..............тоот гэрчилгээний дугаартай, .............. тоот нэгж талбарын дугаартай, .....м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар, ............. хаягт байршилтай, .......... тоот гэрчилгээний дугаартай, ............. тоот нэгж талбарын дугаартай, ....м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,175,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Д.А нараас 2,175,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР