| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/700 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
хохирогч С.М /цахимаар/,
шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Б т холбогдох эрүүгийн 2306029283048 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э.Б , 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг ...... тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг .... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй Е**** мэйл хаягийг нь И**** болгож, бүртгэлтэй 99***** утасны дугаарыг 99***** болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.М гийн Голомт банкны 12******** харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15.890.000 төгрөгийг Голомт банкны 12******** А.Б , Хаан банкны 51******** Ч.П данснуудаар дамжуулан Худалдаа хөгжлийн банкин дахь 41***** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,
2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А***** ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х г 4.868.000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З ийн Хаан банкны 58******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо *** худалдааны төвд байсан Э.Э гаас фейсбүүк дэх “Б.Н****” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны 51***** тоот дансанд Хаан банкны 50***** тоот данснаас 4.797.000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ****** ” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнгөний ихэнх хувь нь миний данс руу орсон болохоор л намайг ингэж яллаж байна гэж ойлгож байгаа. Хоорондоо онлайнаар тоглоод хожсон нь мөнгөө авдаг байсан. Миний данс руу орсон мөнгийг покерын админ нь над руу хийдэг байсан. Эдгээр хүмүүс миний данс руу хийх боломжгүй. Миний бодлоор шинэ хаяг нээгээд надтай тоглосон. Би тоглохдоо өөрийнхөө хаягаар тоглосон. Тэрнээс би шинэ хаяг нээгээд тоглоогүй. Хуучин дансаа цэнэглээд болдог байсан. Сүүлд тоглосон хаяг удаж байгаа хаяг. Миний байнга ашигладаг данстай холбосон байсан. Тэр хаягаараа тоглодог. Энэ нэр бүхий хаягууд нь миний хэрэглэж байсан хаяг биш. Би нэвтэрч орох гэж оролдож үзсэн болохгүй байсан. Цэнэглэхдээ админы данс руу хийдэг. Би өөрөөсөө админы данс руу хийхэд миний мөнгийг мөнгө болгоод өгнө. Хоорондоо 9 хүн тоглоод хожоод босвол админдаа хэлээд мөнгөө татъя гэвэл мөнгийг нь админ данс луу нь хийж өгдөг. Би хүний гар утас хулгайлаад, хүний данснаас мөнгө авсан зүйл байхгүй. Өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй. Би админыг мэдэхгүй, админ нь олддоггүй. Мөрдөгч хувь чатаар холбогдож болно. Хожиж байгаа мөнгийг хаанаас, ямар данснаас орж ирдэг вэ? Эх сурвалжийн талаар би мэдэхгүй. Би зун тоглоогүй. Зурган нь дээр байгаа хүн би биш. Хоёр чихэндээ ээмэгтэй байсан. Миний зүүн чих онгорхой, баруун тал нь битүү. Ээмэг зүүгээгүй 10 жил болж байна. Тэр хүн 2 ээмэг зүүсэн байсан...” гэв.
Хохирогч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би интернэт банкаар мөнгө алдсан. Миний гомдож байгаа зүйл бол мөнгөө буцааж авмаар байна. 15,890,000 төгрөг алдсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдлөө бичиж өгсөн. Өргөдлөө бичиж өгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад ирсэн. Хавтас хэрэгтэй танилцаагүй байна. Хавтас хэрэгтэй танилцуулбал өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Би одоогоор өмгөөлөгч аваагүй байна...” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн О.А гийн бичгээр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,
Худалдаа Хөгжлийн банкны Э.Б ын диспозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-21 дэх тал/,
Хохирогч С.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр 2 бага хүүхдийн хамтаар Юнин хотод ажиллаж, амьдардаг юм. Манай том охин О.А эмээ, өвөө, ахын хамтаар Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суудаг юм. Миний том охин болох О.А нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гэх нэртэй караокены гадаа зогсоол дээр өөрийн найз гэх Ч.Б тай хамт машинд нь унтаж байгаад гар утсаа алдсаны улмаас гар утсыг ашигладаг миний Голомт банканд байсан 7 данснаас нийтдээ 15,890,000 төгрөгийн зарлага гаргаж хохирол учруулаад байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Насанд хүрээгүй О.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх нэртэй караокены үүдэнд өөрийн найз болох Ч.Б ы хамт түүний Тоёота приус 30 /Toyota PriusSO/ загварын **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд унтаж байхад миний эзэмшлийн Ай фоне 13 /I phone 13/ загварын ягаан өнгийн гар утас маань алга болчихсон юм. Гар утсаа алга болсныг түүнээс хойш 7 цагийн дараа буюу 11-12 цагийн орчимд мэдсэн...маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 07 минутад миний алдсан гар утсанд байсан интернэт банканд байсан мэйл /gmail/ хаяг И**** болж бүртгэлтэй утасны дугаар 99***** болж өөрчлөгдсөн байсан. Тэгээд байж байтал би интернэт банканд мөнгө байгааг санаад би интернэт банк руугаа ортол аль хэдийнээ мөнгө гараад явсан байсан...Миний интернэт банканд нийт 7 данс байсан. Сэжигтэй этгээд нь тухайн данснуудын 12******** дугаартай данс руу дансанд байсан мөнгөнүүдийг төвлөрүүлж байгаад тэр данснаас 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 56 минут 13 секундэд Голомт банкны 12******** дугаартай А.Б гэх нэртэй хүний данс руу М*** гэх утгаар 3.000.000 төгрөг, 16 цаг 57 минутад дахин 12******** дугаартай данс руу Т*** гэх утгаар 1.500.000 төгрөг, 16 цаг 57 минутад 12******** данс руу 2.100.000 төгрөг L**** гэх утгаар, 17 цаг 03 минутад 12******** данс руу 3.500.000 төгрөг L**** гэх утгаар, 21 цаг 27 минутад Хаан банкны 51******** дугаарын данстай Ч.П гэх данс руу 2,500,000 төгрөг М***, 21 цаг 28 минутад Хаан банкны 51******** дугаарын данс руу L**** гэх утгаар 2,400,000 зарлага гарч нийт 15,224,200 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Голомт банкны Э.С.М харилцагчийн 12******** дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
Эрүүгийн мөрдөгчийн цахим орчинд 8**** нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 52-56 дахь тал/,
Хохирогч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн ** хороонд Н** гэх нэртэй цай кофе виноны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд дэлгүүрийнхээ бараа материалыг захих гээд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа зар харж байгаад цахим группээс захиалга авна гэсэн байсан учраас T***** гэсэн чатаар холбогдон захиалга өгөх гээд урьдчилгаа 4.868.000 төгрөг Г.З гэх данс руу шилжүүлсэн боловч шилжүүлэг хийгдээд л шууд чатаас гараад алга болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
Гэрч Г.З ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...14 цагт B**** гэсэн цахим хаягаас миний цахим хаяг руу сайн уу гүйлгээний ажилтан авах гэж байгаа юм аа орсон гарсан гүйлгээг хянаж тэмдэглэнэ 14:30-18:30 хүртэл ажиллаад 55.000 цалинтай шууд ажлаа дуусаад авч болно ажлаа заалгах уу гэсэн чат бичсэн. Би зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн тэгээд 4.868.000 төгрөг миний дансанд орсон чинь олон гүйлгээ хийх гэж байгаад залхуураад нийлүүлээд нэг шилжүүлчихлээ С гэсэн Хаан банкны данс өгөөд энэ данс руу 4.800.000 хийгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд налтай бичиж байсан цахим хаяг устгагдаад алга болсон. Би үлдсэн 68000 төгрөгийг яах ёстойгоо ч ойлгоогүй найздаа одоо яах уу гээд байж байтал надтай Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө миний дансанд орсон байна гэж холбогдсон. Би мэдсэн даруйдаа миний дансанд үлдсэн 68.000 төгрөгийг 51**** тоот Х.Х гэх данс руу буцаагаад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/,
Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дэнжийн мянга худалдааны төвийн Хүчит шонхор захаас 20-25 орчим насны дундаж өндөртэй туранхай бор царайтай залуу суугаад 100 айл орсон. Тэр залуу машин дотор явж байхдаа нэг хүнтэй карт алга байна. Таксины жолоочийн карт руу хийгээд өгчих тэгээд материалаа авъя гээд утсаар яриад байсан. Надаас хямд мод хаагуур байдаг билээ гэж асуугаад би Цайз захаар байгаа байх гэсэн яриа өрнүүлээд миний Хаан банкны 50**** тоот данс руу хүнээр 4.800.000 төгрөг шилжүүлүүлж хийгээд 100 айлын хаан банкны АТМ-аас 4.790.000 төгрөгийг би бэлнээр картаасаа авч өгсөн. Тэгээд тэр залуу зам гараад яваад өгсөн. Тэр залуу надтай хамт 15 цаг 48 минутад АТМ-рүү хамт ороод хажууд хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Дансанд үлдсэн 10.000 төгрөг нь миний таксины мөнгө байсан. Одоо тэр залууг дахин харах юм бол танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135,142 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 143-152 дахь тал/,
Ганзоригийн Г.З ийн Хаан банкны 58******* тоот харилцах дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал/,
Бадарчийн С ын 50**** тоот харилцах дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 160-166 дахь тал/,
Иргэн Э.Э гийн бичгээр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/,
Золбоогийн Төгөлдөрийн Хаан банкны 50***** тоот харилцах дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 240 дэх тал/,
Хохирогч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр З.Төгөлдөр нь БНХАУ-руу ажлаар явах болоод Юань хэрэгтэй болсон тул би өөрийн “Э.Э ” гэх цахим хаягаасаа 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “ALIPAY /зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй/ гэсэн фейсбүүк группт Алипэй цэнэглүүлье гэсэн утгатай зар байршуулсан. Зарын дагуу Б.Н**** гэсэн фейсбүүк хаягтай хүн над руу Али-пэй цэнэглэнэ гэж чат бичсэн. Тэгээд хэдээр цэнэглэх вэ гэтэл 505-507 хооронд цэнэглэнэ гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр над руу 11 цагийн үед Юаниа авах юм уу гэж чат бичсэн байсан би за авъя гэж бичээд тооцож үзэхэд 4.797.500 төгрөг болж байсан. Тэр надад Хаан банкны 51***** тоот дансанд мөнгөө хий гэсэн. Тэгээд шилжүүлсэн баримтаа явуул гэсэн. Би Чингэлтэй дүүргийн *** хороо *** тоот лангуун дээр байхдаа нөхрийнхөө Хаан банкны 50***** тоот данснаас 4.797.500 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ****** ” гэсэн утгаар хийсэн. Хэсэг хугацааны дараа Алипэй апплейкшнээ шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгээд чат бичсэн хүнтэйгээ холбогдох гэхэд намайг фейсбүүкт блок хийж холбогдох, чатлах боломжгүй болсон. Тэгээд би өөрийгөө бусдад залилуулсан гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/,
Гэрч О.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хаан банкны 51**** тоот дансыг эзэмшдэг. 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хаан банкны баруун 4 зам дахь салбар дээр нээлгэж хэрэглэж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашиглаж байгаагүй бөгөөд данстай холбоотой интернэт банкны нууц үг нэвтрэх нэрийг надаас өөр хүн мэдэхгүй банкны картыг надаас өөр хүн ашиглахгүй байгаа. Мөн төрсөн ээж Ж.Б гийн Хаан банкны 51***** тоот дансыг ашиглаж байгаа. Хаан банкны 51***** тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 50***** тоот данснаас 4.750.000 төгрөг юанийн шилжүүлэг ****** гэсэн утгаар орсон гүйлгээний талаар мэдэж байна. Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк дэх Ажлын зар гэсэн групп-д зар үзэж байхад “B*** ” гэсэн хаягаас “Онлайн ажилд хүн авна цалин өдөр өдөртөө өгнө” гэсэн зарын дагуу өөрийн “М” гэсэн фейсбүүк хаягаас холбогдоод хүнээ авсан уу гэж чат бичихэд аваагүй байгаа гэсэн. Тэгээд намайг интернэт банк ашигладаг уу гэж асуусан. Би ашигладаг гэж бичихэд гүйлгээний ажилтан авах гэж байгаа гэж хариу өгч байсан. Тэгээд намайг орой 7 хүртэл ажиллаад цалингаа авч болно гэж байсан. Би юу хийх юм гэж асуухад орсон гарсан гүйлгээ хянаж тэмдэглэнэ гэж байсан. Тэгээд одоо шууд хийх үү гэхээр нь зөвшөөртөл за тэгвэл дансаа өг гэсэн хариу өгсөн. Тэгээд би өөрийн гэсэн дансгүй байсан учир ээжийнхээ 51***** тоот дансыг явуулсан. Би уг дансыг өөрийн хэрэгцээндээ ашиглаж байсан ба интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг зэргийг мэддэг юм. Иймээс уг дансыг тухайн хүнд өгсөн. Надад гүйлгээ явуулаад хэлье гэж хариу өгөөд дахиж чат бичилгүй байж байгаад орой 16 цагийн орчимд над руу одоо гүйлгээ хийхэд бэлэн үү гэж асууж байсан. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед над руу чат бичээд дэвтэр дээр он, cap, цаг, минут мөнгөний хэмжээ гэсэн дараалалтай тэмдэглээд зургийг нь явуул гэсэн. Би за гэхэд өнөөдөр 4.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийнэ гэж байсан. Тэгээд 11 цаг 56 минутад ээжийн Хаан банкны 50***** тоот дансанд Хаан банкны 50***** тоот данснаас 4.750.000 төгрөг Юанийн шилжүүлэг ****** гэсэн утгаар орсон. Тэгээд өөрийн цалин 80.000 төгрөг шүү гээд одоо би данс явуулна 7 хоногийн 6 өдөр ажиллана шүү гэсэн. Тэгээд өөр фейсбүүк хаягаас над руу чат бичнэ гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.Н**** гэсэн цахим хаягаас одоогоос энэ хаягаар бичээрэй гээд надад 50**** гэсэн данс өгөөд 2.000.000 төгрөг хий гэсэн тэгээд гүйлгээний утга дээр орлого гэж бичээрэй гэсэн. Тэгээд явуулаад зургийг нь явуул гэсэн тухайн дансанд орлого гэх утгаар 2.000.000 төгрөг хийсэн. Тэгээд зургийг нь дараад явуулахад тэмдэглэл хийгээрэй гэсэн. Тэгээд 12 цаг 56 минутад дахиад Хаан банкны 50**** тоот дансаа явуулаад 2.750.000 төгрөг явуул гэсэн мөн орлого гэх утгаар хийсэн. Тэр данс Г гэсэн нэртэй харагдаж байсан. Мөнгө шилжүүлсний дараа тухайн хаягаараа намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал/,
Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банканд 50**** тоот данс эзэмшдэг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4.750.000 төгрөг орлого гэсэн утгаар орсон нь өөрийн **-**УБИ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын арын засмал зам дээр саарал өнгийн куртик өмссөн 170 орчим өндөртэй бордуу царайтай жижиг халимаг үстэй, туранхай 30 гаран насны залуу гар өргөөд зогсож байсныг авахад хотын төв орно гэж хэлээд суусан. Тэгээд утсаар ярьж байгаад Дэнжийн мянга орохоор боллоо танд банкны карт байна уу би картаа орхиод гараад ирсэн байна мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Би тэг тэг гээд Хаан банкны картаа өгөөд 50**** тоот дансаа өгсөн. Тэр залуу утсаар ярьж байгаад миний дансанд 2.000.000 төгрөг хийсэн. Бид 2 дэнжийн мянгын Хүчит шонхор зах дээр ирсэн. Тэгээд дансанд чинь дахиад мөнгө хийе гэсэн. Би тэг гэхэд миний дансанд 2.750.000 төгрөг хийсэн. Би ATM ороод данснаасаа 2.700.000 төгрөг аваад өөр байсан 50.000 төгрөгийг нэмээд 2.750.000 төгрөг болгож болгож өгсөн. Тухайн залуу надад таксины мөнгө бэлэн 5000 төгрөг өгсөн. Тэр залуу надад хэлэхдээ 2 cap ажил хийсэн цалингаа авсан гэж хэлсэн. Тэр залууг одоо харах юм бол танина гэж бодож байна. Мөн 2023.08.29 өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ тэр залууг харах юм бол танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хаан банкны 29/5162 дугаартай албан бичиг, Д.Ггын Хаан банкны 50**** тоот харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 10-34 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 36-39 дэх тал/,
Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 40-47 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 48-56 дахь тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож Э.Б ыг цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсон болно.
Прокуророос шүүгдэгч Э.Б нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй Е**** мэйл хаягийг нь И**** болгож, бүртгэлтэй 99***** утасны дугаарыг 99***** болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.М гийн Голомт банкны 12******** харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15.890.000 төгрөгийг Голомт банкны 12******** А.Б , Хаан банкны 51******** Ч.П данснуудаар дамжуулан Худалдаа хөгжлийн банкин дахь 41***** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,
2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А***** ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х г 4.868.000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З ийн Хаан банкны 58******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э гаас фейсбүүк дэх “Б.Н****” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны 51***** тоот дансанд Хаан банкны 50***** тоот данснаас 4.797.000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ****** ” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтаар Э.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Б нь С.М гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй Е**** мэйл хаягийг нь И**** болгож, бүртгэлтэй 99***** утасны дугаарыг 99***** болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.М гийн Голомт банкны 12******** харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15.890.000 төгрөгийг Голомт банкны 12******** А.Б , Хаан банкны 51******** Ч.П данснуудаар дамжуулан Худалдаа хөгжлийн банкин дахь 41***** тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх боловч банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн болох нь хангалттай нотлогдохгүй.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Э.Б ыг С.М гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч мэдээллийг өөрчилсөн, 7 удаагийн гүйлгээгээр нийт 15.890.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэх үйлдлийг хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Эрүүгийн мөрдөгчийн цахим орчинд 8*** нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-р хавтас 52-56/ зэргээр нотлогдсон гэж дүгнэн яллаж байгаа нь дээрх гэмт хэргийг хангалттай нотлож байна гэж үзэх боломжгүй, дээрх хохирогч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй, зөвхөн өөрт учирсан хохирлын талаар мэдүүлжээ. Мөн мөрдөгчийн 8*** нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь эх сурвалж нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлох шууд нотлох баримтаар тооцох боломжгүй, хууль зөрчиж цуглуулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн Э.Б нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А***** ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х г 4.868.000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З ийн Хаан банкны 58******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э гаас фейсбүүк дэх “Б.Н****” гэх хаягаар “Юань зарна” гэж Хаан банкны 51***** тоот дансанд Хаан банкны 50***** тоот данснаас 4.797.000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг ****** ” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүд нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байна.
Тухайлбал 1-р хавтаст хэргийн 143-152, 2-р хавтас хэргийн 48-53 дугаар талуудад авагдсан таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасан журмыг зөрчиж хийгдсэн. Өөрөөр хэлбэл гэрч Б.С , Д.Г нар нь тус тус таньж олуулах ажиллагааны явцад 5 зурган дундаас 3 дугаартай залууг таньсан гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...гэрч...хүнийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана...” гэснийг зөрчсөн, мөн уг ажиллагаануудад таньж олуулах хүнийг биеэр ирүүлэх боломжгүй үндэслэлээр гэрэл зураг ашиглан таньж олуулсан гэсэн нь ойлгомжгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй зэрэг нь хууль зөрчиж авсан нотлох баримт буюу нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнээс гадна хохирогч Х.Х , Э.Э , гэрч Г.З , Д.Г нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, АТМ-ээс мөнгө авч буй гэх хяналтын камерын бичлэгүүдийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдийг шинжлэн судлахад Э.Б болох нь эргэлзээгүй танигдахгүй байгаа зэрэг нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотлохгүй, эх сурвалж нь тодорхойгүй, эргэлзээтэй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Э.Б т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 2306029283048 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгзүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Б т холбогдох эрүүгийн 2306029283048 дугаартай хэргээс Э.Б т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2306029283048 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болгохыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хохирогч С.М , Э.Э , Х.Х нарт учирсан хохирлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисныг дурдсугай.
7. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН