Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1394

 

 

 

 

 

                        

  2020           11              3                                           2020/ДШМ/1394

 

 

П.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч П.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 740 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811019730657 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн П-ийн О, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт Булган аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч П.О нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед Г.Дашхүүгийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-7 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн П-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Оын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч П.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эцэг Ж.Пүрэв нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг өндөр настай, мал маллах чадал муутай болсон. Миний эхнэр Мөнх-Учрал нь одоо 6 сартай жирэмсэн тул ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.

            Миний бие буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон ухаарч байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж, хохиролгүй болсныг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

           Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.О нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед үйлчлүүлж байхдаа Г.Дашхүүгийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-7 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дашхүүгийн “2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим найз Бат-Эрдэнийн найз гэх Одгий гэх залуутай уулзаад бид гурав Занабазарын музейн урд байрлах караоке орсон. 23 цагийн үед намайг караокед сууж байхад Одгий гэх залуу “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” гэж хэлсэн. Би түүнд өөрийн Сумсунг Эс-7 загварын гар утсаа өгсөн. Ойролцоогоор 30 минутын дараа Бат-Эрдэнэ надад “Одгий чиний гар утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Би өөрийнхөө 80922982 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...” /хх 21-22/,

гэрч Р.Бат-Эрдэнийн “2018 оны 6 дугаар сарын сүүлээр миний бие өөрийн найз Дашхүү, зүс таних О нартай уулзаж караокед орсон. Тухайн үед бид гурав их согтсон байсан ба О нь Дашхүүгээс “гар утсаа өгч байгаач, би ярьчихаад ороод ирье” гэж хэлээд караокены өрөөнөөс Дашхүүгийн гар утсыг авч гараад буцаж орж ирээгүй алга болсон. Дашхүү бид хоёр гайхаж, түүний утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. ...” /хх 34/,

гэрч Ш.Батболдын “...тус гар утсыг программ дахь байдлаар batbold гэх миний эрхээс 8 дугаар сарын 13-ны өдөр 240.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байна. ...” /хх 26-28/,

шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн орчим найз Бат-Эрдэнэ, Дашхүү нартай 18 цаг өнгөрч байхад уулзаж, караоке орж нэг шил архи хувааж уусан. Нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гүүд гэх нэртэй ломбарданд Эс-7 загварын гар утсыг барьцаалах гээд зогсож байсан. Тухайн гар утсыг ломбарданд 100.000 гаруй төгрөгөөр өөрийнхөө нэрээр барьцаалсан. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

“Гүүд” ломбардны баримт /хх 30/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-38/, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 39/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч П.Оыг бусдын эд хөрөнгийг хуурч авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч П.О нь хохирогч Г.Дашхүүгийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-7 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Оын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

Хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч П.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг орхигдуулсан байдлыг нэмж зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 740 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Балжид овгийн Пүрэвийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...шүүгдэгч П.Оыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ