Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2022/0022

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           06            30                                          123/ШШ2022/0022

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г,

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга У.Өт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Гын нэхэмжлэлтэй Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргад холбогдох “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Г.Гыг төрийн албанаас халах тухай” Б/06 дугаартай тушаал хууль бус акт тул уг актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговорт 7.014.735 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга У.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн өмгөөлөгч Т.С, гэрч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга У.Ө нь 2020 оны 11 дүгээр сард томилогдон тус газрын даргаар ирснээс хойш Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гаар байгаль орчны хяналтын чиглэлээр 3 хяналт шалгалтад хамрагдахаар байцаагч дээр 2021 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар төлөвлөгдсөн арга хэмжээг 2021 оны сүүлийн хагаст хийж гүйцэтгүүлсэн, мөн удирдлагаас 34 үүрэг даалгавар буюу байгууллагын албан хаагчдаас хамгийн олон үүрэг даалгаврыг өгсөн, COVID-19 цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийн байдалд хуваарийн дагуу хяналт хийж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 11 дугээр сарын 20-ний өдрийн А/121 дугаар улсын байцаагчийн хөдөлмөрийн жишиг норм, норматив батлах тухай тушаалаар баталсан нормоос хэтрүүлж ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 заалтуудыг зөрчиж байна. Мөн 2021 оны эхний хагас жилд COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/1110 дугаартай албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийгдээгүй хэдийг ч бүх байцаагчид газрын даргын баталсан хуваарийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, шуурхай штаб, гадуур хяналт зэрэг ажлыг бүх албан хаагчид адил тэгш хийж гүйцэтгэсэн. Гэтэл 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнэхдээ байгууллагын бүх албан хаагчдыг А, В дүгнээд тухай үед улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга байсан Г.Гыг F дүгнэсэн, жилийн эцэст хэлтсийн даргаар томилогдон ирсэн улсын ахлах байцаагч Ж.Отгонбуян хэлтсийн байцаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнээд тайлангийн хурал дээр танилцуулсан боловч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гын С үнэлсэн үнэлгээ дүгнэлтийг газрын дарга У.Ө эргэж харна гээд одоо болтол үнэлгээ тодорхойгүй байгаа, бусад байцаагчдын үнэлгээг шууд хүлээн зөвшөөрсөн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх; гэсэн заалтыг, 52.1-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэсэн заалтыг, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр хэсгийн 3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх; гэснийг, 3.1.7.ё, удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх; гэснийг зөрчиж байна. Өмнө нь Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга Г.Гт 2021 оны 04 дүгээр сард мөн л удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өөрийн хийх ёстой үүрэгт ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Тухайн үеийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга Г.Г миний бие дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж газрын дарга У.Ө гэдэг хүнтэй хэлтсийн даргын хувьд хамтарч ажиллах боломжгүй юм байна гэж үзэж 2021 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалыг өгч Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар одоо ажиллаж байна. Гэтэл газрын дарга У.Өийн ёс зүйн хэм хэмжээ хэрээс хэтэрч байгууллагын хурал бүр дээр Байгаль орчны хяналтын улсын байцааг Г.Г хангалтгүй ажиллаж байна, өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байна хариуцлага тооц гэх мэтээр дарамт шахалт үзүүлж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаалаар Г.Гт удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өөрийн хийх ёстой үүрэгт ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2021 онд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт 34 удаа удирдлагаас үүрэг даалгавар өгсөн гэх боловч аль үүргийг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, өөрийн хийх ёстой үүрэгт ажлыг хангалтгүй гуйцэтгэсэн гэх үндэслэл нь Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн тайлан болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээс нотлогдоогүй байхад сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан нь Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3 дахь хэсгийн 1.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн: 1.4.1-д хариуцлага гарцаагүй байх; 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх; 1.4.4-т ил тод байх; гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Дотоод хяналт хийсэн ажлын хэсэг шалгалтаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж ямар нэг шалгалтын материал дүгнэлт танилцуулаагүй албан тушаалтнаас тайлбар аваагүй нь дээрх журмын 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” гэснийг 2.7-д “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэснийг зөрчиж байна.  Мөн ...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар намайг ажлаас халсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 01/25 дугаартай Төв суурин газрын орчны агаарт байгаа агаар бохирдуулагч бодисын зөвшөөрөгдсөн хэмжээнд тандалт судалгаа хийх тухай удирдамжуудыг 02 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнэд хэлтсийн Ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн 45 дугаарт бүртгэж шилжүүлсэн боловч тандалт судалгааны танилцуулыг ирүүлээгүй байна гээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэхээд байна гэхээр нь тандалт судалгааг би хийж гүйцэтгэн танилцуулыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох байцаагчид файлаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дотоод удирдлагын системээр хүргүүлсэн. 01/26 дугаартай Бохир ус болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усанд хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийн танилцуулгыг гаргаж хүргүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Г.Г миний бие болон манай гэр бүлийн гишүүд ковидын халдвар авч эмчилгээг зохих журмын дагуу хийлгэж эдгэрсний дараагаар тусгаарлалтад байж өрхийн Эрүүл мэндийг төвөөс зөвлөсний дагуу заасан хугацаанд ковидын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа орсон. Мөн энэ хугацаанд ээлжийн амралт таарсан байсан ажилдаа ормогц 8-9 дүгээр сард газрын даргын өгсөн үүргийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Бат-Эрдэний 2021 онд Сэргэлэн, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл суманд төлөвлөсөн 10 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Нарангэрэлийн 2021 онд Алтанбулаг суманд төлөвлөсөн 7 обьектод хяналт шалгалтыг, Заамар суманд өөрийн төлөвлөсөн 14 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг тус тус хийж гүйцэтгэсэн. 01/42 Амралт, аялал жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж нь Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэнтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр ирсэн гэвч 2021 оны 07 дугаар сар хүртэл цар тахал цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Амралт, аялал жуулчны баазууд үйл ажиллагаа явуулаагүй байсан. Мөн дээрх удирдамжийг хамтран хийж гүйцэтгэх Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэн нь 09 дүгээр сард ковидын халдвар авсан, зэргийн улмаас удирдамжийн хугацаа дууссан болно. Прокурорын 09 дүгээр сарын шаардлагад шийтгэл оногдуулсан бүх байцаагчийн нэр дурдагдсан, 12 дугаар сарын шаардлагад хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийг томилоогүй гэдэг нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 2 хуулийн этгээдийн захирлыг торгосон учир хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийг томилох шаардлага байгаагүй болно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д зааснаар сахилгын зөрчил илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд дээрх тушаалын хувьд өмнө нь надад сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлүүд байгаа бөгөөд тухайн сахилгын шийтгэл оногдуулсан акттай маргаж төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан байхад маргаан бүхий актаа үндэслэл болгон ажлаас халсан нь хууль бус болсон байна. Мөн дээрх тушаал нь намайг 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг эрх бүхий байгууллагаар огт тогтоолгоогүй зөвхөн байгууллагын удирдлагын үзэмжээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэхгүй эсхүл F дүгнэх зэргээр хууль бусаар хавчин дарамталж албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт бичүүлэн авсан боловч энэ нь хангалтгүй байгаа тул намайг Төрийн албанаас халж, давхар төрийн албанд 3 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт заасны дагуу Төв аймгийн Мэргжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай Б/06 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж төрийн албаны зөвлөл эсхүл шүүхэд шууд хандах эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн 1 дэх шаардлага бол Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаал Г.Гыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр гарсан байдаг. Үүн дээр ямар үүрэг даалгавар, ямар ажлыг яаж хангалтгүй гүйцэтгэсэн бэ гэдэг нь тушаал дээр тодорхой бус байдаг. Эдгээр нь хариуцагчийн хариу тайлбарт 1-10 хүртэл дугаартай үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэхүү 10 үндэслэлд хамаарах баримтыг цуглуулсан боловч нэхэмжлэгч Гыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн эсвэл биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 01-24, 01-25, 01-26 гэх удирдамжтай ажлуудаас 2 нь нэхэмжлэгчтэй хамааралгүй өөр байцаагч дээр цохогдсон ажлыг нэхэмжлэгчтэй холбогдуулсан байгаа нь бүртгэлийн дэвтрээс харагдаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сард гарсан 1110 дугаартай хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналт шалгалтыг зогсоох, улаан түвшинд бүрэн зогсооно, улбар шар түвшинд хязгаартайгаар хэрэгжүүлнэ, ногоон түвшинд хэвийн байна гэсэн албан бичгийг ирүүлсэн байсан. Албан шаардлагууд гаргахдаа үг, үсгийн алдаатай, стандарт мөрдөөгүй гэх мэт зүйлийг дурдсан байна. Эдгээр албан шаардлагууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Алдаа зөрчлийг нь албан шаардлагаар тавьсан. Албан шаардлагын ирж байгаа хариу нь албан шаардлагын дагуу биш болохоор нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн албан үүрэг, зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой бус гадна байгууллагаас ирж байгаа албан бичгээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна. 2 дахь шаардлага болох 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай Г.Гыг ажлаас халах тухай тушаал нь хууль зүйн хэлбэр талаасаа болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэлбэр талаасаа хуулийн шаардлага хангахгүй байгаа гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 төрийн албанаас халах, 48 дугаар зүйлийн 48.1.4 сахилгын шийтгэлээр 3 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах гэсэн эдгээр 2 заалтыг давхар баримталж байгаа боловч тушаалынхаа 1 дүгээр заалтаар Г.Гыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн халлаа гэсэн байдаг. 3 жилийн хугацаанд гэсэн үг байхгүй гэх мэтчилэн хэлбэр талаасаа сахилгын шийтгэл оногдуулаад байгаа юм уу, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8-ыг баримталсан. Энэ бол төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлэх, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх гэсэн 2 үүргийг нэхэмжлэгч яаж зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Сахилгын шийтгэл давхардуулан оногдуулсан нөхцөл байдал байна. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал дээр ямар үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа вэ гэх үндэслэлээ тодорхой бичээгүй байгаа боловч хариу тайлбар дээрээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01-24, 01-25, 01-26, 01-72, 01-73 гэх удирдамжуудыг дурдаад үүнтэй холбоотой зөрчил гаргасан гэх үндэслэлийг тайлбарлаад байна. Ажлаас халах тушаад дээрээ мөн л Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01-24, 01-25, 01-26 дугаартай удирдамжуудыг дахин дурдсан байгаа. Ингээд нэг зөрчилд хоёр сахилгын арга хэмжээ оногдуулаад байгаа мэт. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасныг ноцтой зөрчиж байгаа.  Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас, бүтэн жилийн үнэлгээгээр хангалтгүй гэж дүгнэгдсэн гэсэн. Хагас жилийн үнэлгээтэй танилцсан. Үүнтэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. Бүтэн жилийн үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулсан асуудал хурал дээр яригддаг. Албан ёсоор үнэлсэн үнэлгээг өнөөдөр хэргийн материал танилцахдаа харж байна. Энэ тушаал 01 дүгээр сарын 17-ны өдөр гарах үед бүтэн жилийн үнэлгээ гараагүй байсан. Гарсан байсан бол Төрийн албаны тухай хуулиараа нэхэмжлэгчийн зүгээс маргах эрх нь байсан. Шүүхээс энэ баримтыг шаардаад 2 ч удаа шүүх хуралдаан хойшилсон. Бүтэн жилийн үнэлгээг үндэслэсэн байгаа нь тухайн үед байгаагүй, гараагүй байсан баримтыг үндэслэсэн байна гэдэг нь харагддаг. 04 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай нэхэмжлэгчийн зүгээс тухайн үедээ маргаагүй. Маргах хугацаа өнгөрсөн тул үүнтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй. Б/45 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тушаал зэргээс харахад Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 буюу давтан зөрчил гаргасныг үндэслэсэн юм уу гэж харахаар. Гэтэл тушаал дээрээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 буюу төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах гэсэн заалтыг барьж байгаа нь ойлгомжгүй байна. Прокурорын 09 дүгээр сарын 29-ний өдрийн №12, 10 дугаар сарын 27-ны өдрийн №02 дугаартай албан шаардлага хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ 2 шаардлагад хариуцлага тооцох гэдэг агуулга байхгүй. Прокурорын шаардлагаас харахад байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэхдээ ийм алдаа гаргаад байна, энэ зөрчлүүдийг арилгаад хариу мэдэгдэх агуулгатай байдаг. Энэ ч утгаараа буцааж хариу шаардсан баримтууд байдаггүй. Прокурорын шаардлагуудыг үндэслээд давтан зөрчил гэж үзээд ажлаас халах хууль зүйн үндэслэл байхгүй. Шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн хэм хэмжээ харилцаа хандлагыг зөрчсөн гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэзээний шуурхай хурлаас өгсөн, хэдэн удаагийн үүрэг даалгавар юм, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг ёс зүйн хорооны хурлын шийдвэр, ёс зүйн хорооны баримт байдаггүй. Тушаал хэлбэр талаасаа хууль зүйн болоод, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогддоггүй. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсанаар зөрчлүүдийг хянан шалгаж тогтоосон баримт нь хурал дээр яригдсан асуудлыг үндэслээд зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл болоод төрийн албанаас халах арга хэмжээг авсан байдаг. Эдгээр нь иргэн, албан хаагч хүний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд халдсан шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд зөрчлийн бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр Төрийн албаны тухай хуульд заасан гаргасан гэж үзсэн зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулах гэсэн зарчим, зохицуулалтыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн бүрэн боломжтой байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын талаар шуурхай штабын менежерийн ажил үүргийн хуваарийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай шуурхай хуралдаан дээр уншиж танилцуулан удирдан зохион байгуулах үүргийг шуурхай штабын менежер Гт нийт хамт олны дунд өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаартай шуурхай удирдлагын тэмдэглэл дээр Г нь шуурхай штабын менежер байх үедээ 04 дүгээр сарын 10-ны өдрийн шуурхай штабын хариуцлагатай жижүүр байсан улсын байцаагч Бурмаа мэдээг зөрүүтэй бэлтгэсэн байхад удирдлага зохион байгуулалтаар хангаж, мэдээг хянах үүрэгтэй Г нь мэдээг хяналгүй Улсын онцгой комисст хүргүүлж удирдлага зохион байгуулалтаар хангаагүй зөрчил гаргасан талаар тэмдэглэгдсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шуурхай хурлаас Төв аймгийн хэмжээнд хог орчны бохирдлын хэмжээ өндөр үзүүлэлттэй байдаг учраас хог хаягдалтай холбоотой 27 суманд албан бичиг хүргүүлэх үүрэг өгсөн боловч 03 дугаар сард дээрх үүргийг биелүүлээгүй, уул уурхай бүхий аж ахуй нэгжүүдэд зүүмээр сургалт зохион байгуулах үүргийг биелүүлээгүй тул дээрх 2 зөрчилд 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан. Энэ тушаалд Г.Г гомдол гаргаагүй. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаалаар Г.Гт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулах талаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай удирдлагын зөвлөлийн хурлаар байгууллагын Дотоод хяналтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын байцаагчийн үйлдсэн баримт бичигт дотоод хяналт шалгалт хийж дүнг танилцуулсан. Уг хуралд танилцуулсан танилцуулгад Г.Г нь Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн удирдамжаар хяналт шалгалтыг зохион байгуулаагүй, хугацаанд нь тайлагнаагүй, удирдлагын зөвлөлийн хурлаар шалгалтын танилцуулгыг оруулаагүй талаар хурлаар хэлэлцэж, үүрэг даалгавар өгөгдсөн ч үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/24, 01/25, 01/26 дугаартай удирдамжаар Улсын байцаагч Г.Г хяналт шалгалтыг хугацаанд нь зохион байгуулаагүйгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тайлагнаагүй, хэлтсийн болон байгууллагын шуурхай хурлаар үүрэг даалгавар удаа дараа өгөгдөж байж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох улсын байцаагчийн цахим хаягт хугацаа хоцроож албан бусаар хүргүүлсэн. 19-04-002/106 дугаартай албан шаардлагын заалтад MNS-0900-2005 хүчингүй болсон стандартыг хэрэгжүүлэхийг шаардсан. Энэ нь 2018 онд шинэчлэгдсэн стандарт байсан. Хуучин стандартаар шаардсан. Танилцуулгад шалгалтад хамрагдсан болон хамрагдаагүй объектын аль, алинд “Боржигоны бор тал” ХХК, “Сүлд тогтох” ХХК, “Нарантөмөр” ХХК-иудыг оруулсан нь ойлгомжгүй. Албан шаардлагын хариуг заалт бүрээр хүлээж аваагүй зөрчил дээр “Эрдэнэ дорно” ХХК-ийн 19-04-002/84 тоот гурван заалт бүхий албан шаардлагын хариу ирүүлсэн байдал хангалтгүй. 2021 оны 08 дугаар сарын 05-наас 06-ны хооронд хийсэн. Гэтэл ирүүлэх нотлох баримт хангалтгүй байсан. “Гурван төхөм” ХХК-д 19-04-002/101 дугаартай 7 заалт бүхий албан шаардлагын хариуд 1 заалтыг хангалттай биелүүлсэн, 6 заалтыг хэрэгжүүлээгүй. “Монгол чех металл” ХХК-ийг шалгахдаа 19-04-002/106 дугаартай 9 заалт бүхий албан шаардлагын хариуд 1 заалтыг хэрэгжүүлж, 7 заалтыг хэрэгжүүлээгүй. Улсын ахлах байцаагч Г.Гын ахалсан 19/72 дугаартай хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хийсэн шалгалтад шалгалтын тэмдэглэл болон хяналтын хуудсыг хөтлөөгүй, тогтоосон хугацаанд хяналт шалгалтын танилцуулгыг гаргаагүй, баримт бичгийг стандартад нийцүүлэн боловсруулаагүй, боловсруулсан хяналт шалгалтын материалаа тухай бүр архив, бичиг хэргийн ажилтан дээр төвлөрүүлээгүй. 19/73 дугаартай хамтарсан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамжийн танилцуулга үг, үсгийн алдаа ихтэй, бичиг хэргийн стандарт мөрдөөгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Г.Гын хэлтэст 30 нэгдсэн удирдамж ирсэнээс 8 удирдамжийг тайлагнаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/26 дугаартай удирдамжийн хүрээнд газрын даргын 19/22 дугаартай удирдамжийг гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тайлагнах байсан тайлагнаагүй, хурлаар үүрэг өгөгдөж, танилцуулгыг газрын даргад 2021 оны 11 дүгээр сарын 25-нд тайлагнах байсан тайлагнаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/42 дугаартай удирдамжийн хүрээнд газрын даргаар удирдамж гаргаж батлуулах байсан батлуулаагүй, хяналт шалгалт огт хийгээгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тайлагнаагүй зэрэг хийсэн бүх ажил нь хангалтгүй, өөрийн хэлтсийг удирдан зохион байгуулах ажлыг маш хангалтгүй гүйцэтгэж ирсэн гэсэн хурлын тэмдэглэл, дотоод хяналт хийж гүйцэтгэсэн танилцуулгаар нотлогдсон. Өгсөн үүрэг даалгаврын мөрөөр удирдлагатай хамтран ажиллахгүй, ямар ажил хийх талаар ч зөвлөлдөхгүй, өдөр тутамдаа ямар ажил хийгээд байгаа нь ойлгомжгүй зэрэг маш олон зөрчлийг гаргасаар байна. Г.Г нь дээрх олон үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх хугацаатай удирдамжийг хугацаа хоцроосон, үр дүнгүй гүйцэтгэсэн, шалгалтын үр дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж танилцуулгыг хүргүүлэх ёстой байсан боловч хяналт шалгалтыг хийгээгүй, хурлаар хэлэлцүүлэлгүй орхисон зэрэг нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай Үнэлгээний багийн хурлын тэмдэглэлд Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонбуяны үнэлгээний дүнг танилцуулахдаа хэлсэн үг, үнэлгээний хуудсаар нотлогддог. Уг үнэлгээний хуудас дээр Г.Гын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 2021 оны нэмэлт ажлын биелэлтүүд 50.6%, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлт 15%, хандлага, ёс зүйн, ур чадварын үнэлгээ 10.1% буюу нийт 75.5% гэж үнэлэгдсэн байна гэсэн санал оруулсан. Энэ хурал дээр 3 удирдамжийн хугацаа хоцроосон буюу үр дүнгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна. Гэхдээ шууд 0%-иар үнэлээгүй бөгөөд 40%-иар үнэлье. Учир нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хийсэн ажлын мэдээг албан бусаар ч гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн буюу Төв аймгийн хэмжээний ажлыг 0% гэж үнэлүүлээгүй гэсэн Отгонбуян даргын санал байсан. Хурал дээр Г.Гын Үнэлгээний хуудсыг дахин танилцуулах үүргийг өгсөн. Удирдлагын зөвлөлийн гишүүд уг үнэлгээний хуудсыг нягталж гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, нэмэлт ажлын биелэлтүүд 40.7%, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлт 15%, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ 10.1% буюу нийт 65.8% гэж үнэлэн бууруулсан. Мөн хурлын тэмдэглэл, үнэлгээний багийн хурал дээр гишүүд санал нэгтэйгээр Г.Гын үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гишүүдийн хэлсэн үг тэмдэглэлд тусгагдсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр Удирдлагын зөвлөлийн хурлаар байгууллагын дотоод хяналтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын байцаагчийн үйлдсэн баримт бичигт дотоод хяналтын дүнд Г.Г нь өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүн хангалтгүй, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаалаар Г.Гт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20%-иар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалын хувьд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 4 хуудас бүхий Прокурорын шаардлагад улсын ахлах байцаагч буюу хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Г нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэх, зөрчлийн хэрэг материалыг алдаа дутагдалтай шалгаж шийдвэрлэсэн, алдаа дутагдлыг гаргасан талаар дурдсан байдаг. Алдаа дутагдлыг дахин гаргахгүй байхыг газрын даргын зүгээс анхааруулаад орхисон. Гэтэл Төв аймгийн Прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 02 дугаартай 3 хуудас бүхий Прокурорын шаардлага дахин ирүүлсэн. Үүнд эрх бүхий албан тушаалтан нар нь хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн тэмдэглэл үйлдэн, зөрчил шалгахдаа салбар хуулиар тогтоосон журам, дүрмийг зөрчсөн, ямар зөрчил байгааг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл бичиж байгаа боловч тухайн зөрчлийг нотлох холбогдогч хуулийн этгээдийн төлөөлөгчөөс мэдүүлэг авахгүйгээр шийдвэрлэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг байгаль орчныг хамгаалах улсын байцаагч Г.Г нь бүртгэлийн 04-015/126 дугаартай хэрэгт “Заамар өгөөмөр” ХХК нь Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг шалгахдаа уг компанийн ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй талаар баримт хэрэгт аваагүй. Хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийг томилж мэдүүлэг аваагүй зэрэг нотлох ажиллагааг явуулаагүй. Мөн 04-015/124 дугаартай “Булганмайнинг” ХХК-д холбогдох хэрэгт байгаль орчинд үзүүлэх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийг шалгахдаа тухайн зөрчлийг нотлохоор улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаснаас өөр нотлох баримт байхгүй. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан ямар шаардлагыг зөрчсөн болох нь материалаас харагдахгүй. Хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийг томилоогүй, мэдүүлэг тайлбар аваагүй мөн эрх бүхий албан тушаалтан нар зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан даруйд бүртгэлд авч Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг хангалтгүй хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй гэсэн заалтыг хэрэгжүүлдэггүй гэж Г.Гаас гадна 3 улсын байцаагчид хариуцлага тооцох хугацаатай албан шаардлага ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан үндэслэл хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэр дурдагдсан албан тушаалтанд хариуцлага тооцон Г.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өрийн Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Төв аймгийн Прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай хариуцлага тооцох тухай албан шаардлага ирүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар Г.Гыг ажлаас халсан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны 07 дугаартай шуурхай хурлаар Г.Гын хэлтсийг хяналт шалгалтын ажлыг эхлүүл гэдэг үүргийг өгсөн. Сумдаар дан ганц Г.Г явсан юм биш. 01/72, 01/73 гэх удирдамжууд байгаа. 9 улсын байцаагч хамт явсан байгаа. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтцийн хэлтсийнхэн бол манай байгууллагын гол ажлыг хийдэг том хэлтэстээ ордог. Энэ хэлтсийг Г.Г ахалж явдаг байсан. Бүтэн хагас жилийн турш хяналт шалгалт хийгдээгүй байсан учраас 07 дугаар сарын 26-наас шуурхай үүргээр эдний хэлтсийг уул уурхайн холбогдолтой хяналт шалгалт хий гэдэг үүргийг өгсөн байгаа. Хамгийн их үүрэг даалгавар өгсөн гэж байна. Шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврууд байж байгаа. 38 үүрэг даалгавраас хэлтсийн дарга Г.Гт гэдгээр 20 үүрэг даалгавар өгсөн байгаа. Хэлтсийн дарга тэр өгсөн үүрэг даалгаврыг өөрийн хэлтсийн улсын байцаагч нарт хуваарилж удирдан зохион байгуулах ажлыг хийх ёстой. Үлдсэн 18 ажил нь урд шуурхай хурлаар өгөөд биелэгдээгүй давхардсан тоогоор өгсөн байгаа. Энэ талаарх судалгааг би өөрөө гаргаж өгч байсан. Ковидын үед жижүүрээр гарч байсан талаар ярьж байна. Г.Г шуурхай штабын менежер байх үедээ автозамын пост дээр 1-6 дугаар сард 2 удаа, шуурхай штабын 24 цагийн хариуцлагатай жижүүрийн үүргийг 8 удаа, ерөнхий жижүүрийн үүргийг 41 удаа гарсан байгаа. Ерөнхий жижүүр юу хийдэг вэ гэхээр өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Шаардлагатай тохиолдолд утсаа нээлттэй бэлэн байлгаж байна. Ерөнхий жижүүрээс асууж тодруулах зүйл байх юм бол тэрэнд хариулна. Байнга тэр штаб дээр байгаад байдаг гэсэн зүйл байхгүй. Тэгж байгаад улсын байцаагч болоод штаб дээр 5 удаа, автозам дээр 6 удаа гарсан. 24 цагийн хариуцлагатай жижүүр хийдэг хүмүүс маргааш нь бүтэн амардаг. Илүү цагаар ажиллуулсан гэсэн байсан үүнийг улсаас урамшууллаар нэр бүхий байцаагч нарт 800 000 төгрөгийг нэг удаа олгосон. Илүү цагийн мөнгийг бодож тухай бүр цалин дээрээс нь олгодог байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан бичиг хөтлөхдөө техникийн алдаа гаргасан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Техникийн бичиг хэргийн алдаа гээд байгаа ур чадварын талаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан байгаа. Төрийн албан тушаалтанд тавигдах ерөнхий шаардлагад 22.1.4-т Монгол хэл бичгийн болон ярианы чадвартай байх гэж заасан байдаг. Үүнд ялангуяа хэлтсийн дарга хяналт тавих ёстой. Хэлтсээс гарч байгаа болон дарга руу орж байгаа бичгийг хянах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрийнхөө төлөө шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн огноог гаргахад хүртэл 2021 он гээд нэхэмжлэлийнхээ огноог гаргачихсан. Ажилдаа хайнга хандаж байгаагийн нэг хэлбэр. Бичиг үсгийн алдааг нотлох баримтаар шинжлэн судалсан. Техникийн алдаа гэж үзэхгүй. Гаргаж байгаа акт болгон дээр үг үсгийн алдаа явж байгаа. 34 үүрэг даалгавар өгсөн, хэт их үүрэг даалгавар өгсөн гэж байна. Хавтаст хэргийн 159-168 дугаар хуудаст Мэргэжлийн хяналтын газрын ажилчдын нэгдсэн шуурхайн тэмдэглэл байгаа. Тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгавруудыг харахад дандаа дарга нарын нэр явж байгаа. Нэг ч ажилтны нэр байхгүй байгаа. 168 дугаар хуудасны ар талд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 24 ажилтны нэрс байгаа. Эдгээр 24 ажилтанд тус бүр үүрэг даалгавар өгдөг үү гэж нэхэмжлэгчээс асуухад нэхэмжлэгч тус тусад нь үүрэг даалгавар өгдөг гэж хариулсан. Гэтэл нэгдсэн шуурхайн тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгавар дотор ажилчдын нэр нэг ч байхгүй. Дандаа дарга нарын нэр байгаа. Г.Гын хэлтэс нь 13 хүний бүрэлдэхүүнтэй том хэлтэс. Энэ 13 хүн дээр өгөгдөж байгаа 34 үүрэг даалгавар гэж ойлгогдоно. Тийм учраас надад хэтэрхий их үүрэг даалгавар өгсөн гээд яриад байгаа боловч үүн дээр өөрөө маргах эрхтэй.  Маргаж байсан удаа байхгүй. 24 цаг ажиллуулчихаад амраадаггүй гэсэн. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд зааснаар илүү цагаар ажиллаж байгаа бол энэ талаараа гомдол гаргах эрх нь нээлттэй. Гэтэл энэ талаараа гомдол гаргаагүй. Хэрэв гомдол гаргаад явж байсан бол бид нар өнөөдөр энд хавтаст хэрэгт баримт цуглуулаад энэ хүнийг илүү цагаар ажиллуулж байсан юм байна гэж үзнэ. Маргаан бүхий үйл явдал нь онцгой нөхцөл байдлын үед үүссэн. Цар тахлын үед илүү цагаар ажиллуулж байсныхаа төлөө төрөөс урамшуулал олгосон. Бүх ажилчдын нэрс байгаа. Г.Гын нэр ч орсон байдаг. Энэ асуудал нь Ковидын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын байцгаагч нар өөрсдөө дотоод зохион байгуулалтаа хийнэ. Ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж, менежерийн ажлыг хийж байсан гэж байна. Би ерөнхий жижүүр, менежерийн үүрэг гүйцэтгэж байхдаа тийм тийм ажил хийж байсан гэдэг талаараа нотлох баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөө гаргаж өгч чадахгүй байгаа бол шүүхэд хүсэлтээ гаргаад хариуцагчаас гаргуулах бүрэн боломжтой байсан. Заавал үүнийг хариуцагчаар нотлуулах гээд байх үүрэг байхгүй. Эхний сахилгын шийтгэлийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар авсан. Энэ тушаалтай маргаагүй. Энэ бол Прокурорын шаардлагын дагуу сахилгын арга хэмжээ авсан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр сахилгын шийтгэл. Энэ сахилгын шийтгэлтэй мөн маргаагүй. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Б/45 дугаар тушаалын талаар би ярих шаардлагагүй гэж үзлээ. Учир нь сонсох ажиллагаа хийгээгүй, оролцох ажиллагааны талаар асуугаад тодруулчихсан. 2 сахилгын шийтгэл хүчин төгөлдөр юм байна. Эхний сахилгын шийтгэл Прокурорын албан шаардлагаар авагдсан. Үүнийг нотлох баримт шинжлэн судлуулахад уншуулсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай албан бичиг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Гантулгад явсан байдаг. Тухайн албан бичигт Прокурорын албан шаардлагад дурсан нэр бүхий албан тушаалтнуудад албан ёсны сануулах сахилгын арга хэмжээ авалгүй хурал дээрээ сануулсан мэтээр нэр төдий хариу ирүүлсэн байгаа нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг зөрчөөд байна. Заавал арга хэмжээ ав гэсэн үг. Прокурорын шаардлагын дагуу зөрчил гаргасан эсэхийг дотоод хяналт шалгалтаар тогтоогоогүй гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хэллээ. Прокурорын шаардлагын дагуу дотоод хяналт шалгалтын ажил явахгүй. Прокурорын шаардлагатай яаж маргах вэ. Үүнийг заавал биелүүл гээд Прокурорын тухай хуульд заасан байна. Хэрэв энэ дагуу арга хэмжээ аваагүй байх юм бол удирдах албан тушаалтанд нь хариуцлага тооцно гэсэн албан бичиг явсан учраас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Энхтуяа гэж хүн сануулах арга хэмжээ авсан байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/09 дүгээр тушаалаар дахин сахилгын шийтгэл авдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар 1 жилийн дотор дахин сахилгын шийтгэл авсан. Энэ 2 сахилын шийтгэл дээр маргаагүй. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсгийг дурдаад байна. Сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш сар, зөрчил гарсанаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсаныг 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа. Энэ 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүү дээ. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл оногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж байгаа. Ингэхээр хөөн хэлэлцэх хугацаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 27-нд дуусна. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл Прокурорын байгууллагын албан шаардлагын дагуу оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Б/45 дугаар тушаалтай маргаж байгаа тул шүүх шийднэ. Шүүхийн эрх хэмжээний асуудал. Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгосон, болгоогүйгээс эс шалтгаалж 1 жилийн хугацаанд 2 сахилгын шийтгэл авсан байна. 2 сахилгын шийтгэлтэй байхдаа Прокурорын шаардлагаар ажлаас халах сахилгын шийтгэл авсан байна гэж үзэж байгаа. Б/06 дугаар тушаалын үндэслэлийн талаар маргаж байгаа. Урьд авсан шийтгэлүүдээ дурдаад байгаа. Арга хэмжээ авсан гэдэг нь өнгөрсөн цагт байна. Дараагийн өгүүлбэр Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын шаардлагаар 2 удаа нэр нь дурдагдсан тул ажлаас халах сахилгын арга хэмжээ авч байна гэж тайлбарлагдана. Прокурорын шаардлагаар шууд арга хэмжээ авч болохгүй. Өмнө нь ямар ямар арга хэмжээ авч байсан талаар тайлбар тушаалдаа оруулах нь зүй ёсны асуудал. Тушаалыг хууль баримтлаагүй гэж үзээд байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. 3 удаагийн сахилгын шийтгэл биш. Сахилгын шийтгэл гэж ойлговол хөөн хэлэлцэх хугацаа дотроо 2 сахилгын шийтгэлтэй 3 дахь сахилгын шийтгэл өгөхдөө ажлаас халчихсан. 3 удаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх юм бол таныг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас халах эрх үүснэ шүү гэх тайлбар. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн заалтыг барьсан нь юуг зөрчөөд байгаа вэ. Энэ заалтын дагуу ажлаас халж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хуулиар ологдсон. Иргэний хуульд хориглосноос бусдыг зөвшөөрнө. Төрийн албаны тухай хуульд зөвшөөрсөнөөс бусдыг хориглоно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг бариагүй байж төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан бол энэ нь зөвшөөрөөгүй байхад хориглосон арга хэмжээг хэрэглэсэн гэж үзнэ. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал нь хуульд нийцэж гарсан. Прокурорын шаардлагын талаар ярьсан. Г.Г надад мэдэгдээгүй гээд бүрхэг тайлбар хэлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 221-226 дугаар хуудаст байгаа удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Г.Г ковидоос болоод ажлаа хийж чадаагүй. Сахилгын шийтгэл өгсөнтэй маргаагүй. Дараа нь цалингийн хувиар 20%-дахад би маргаж байгаа. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах талаар бичсэн гээд өөрөө тэр хурал дээр үгээ хэлсэн байдаг. Олон удаа Прокурорын шаардлагад нэр нь дурдагдаад байгаа. Ганц Прокурорын албан шаардлага биш. 09 дүгээр сард дахин Прокурорын шаардлага ирсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү. Ажиллаж байсан бол авах байсан гэж үзсэн үнийн дүнтэй хариуцагчийн зүгээс маргахгүй байна гэжээ.

Гэрч Т.Н шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: 19/72 дугаартай удирдамж нь төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамж байсан. Тухайн үед Г.Г Хэлтсийн даргаар ажиллаж байсан болохоор тэр шалгалтыг ахалж байсан. Тэр удирдамжийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын материалд бид нар дотоод хяналт шалгалт хийсэн. Дотоод хяналтаар зөрчлүүд илэрсэн. Бид нарыг үзэж байхад бүрэн гүйцэд биш нэг хавтаст материал архив бичиг хэргийн эрхлэгч дээр байсан. Өнөөдрийн байдлаар 3 боть хавтаст болоод хавтаслагдчихсан байна. Илэрсэн зөрчлийн талаар 8 заалт бүхий зөвлөмжийг дотоод хяналт шалгалтын хэсгээс өгч байсан. Хяналт шалгалтын ажлыг хийж дуусаад Газрын даргад танилцуулаад 5 хоногийн дотор архив бичиг хэргийн эрхлэгч дээр төвлөрүүлсэн байх ёстой. Тухайн үед бүрэн гүйцэд төвлөрөөгүй, дутуу байсан учраас тийм дутагдал илэрсэн. Хяналт шалгалтад оролцсон улсын байцаагч хяналтын хуудас бөглөөд стандартын дагуу бүрдүүлээгүй байсан дутагдлууд илэрсэн. Хяналтын хуудсыг Тухайн хяналт шалгалт хийж байгаа байцаагч хөтлөх ёстой. Хөтлөөгүй бол ахалж байгаа байцаагч хөтөл гэж шаардах ёстой. Улсын ахлах байцаагч Г.Гын ахалсан 19/73 дугаартай хамтарсан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамжийн танилцуулга үг үсгийн алдаатай байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хариуцсан цохолт хийсэн байцаагч нь даргад танилцуулаад Удирдлагын зөвлөлийн хурлаас оруул гэсэн бол оруулаад танилцуулгаа албан бичгээр хүргүүлсэн байх ёстой. 01/42 дугаартай удирдамжаас асууж байна. Амралт аялал жуулчлалын баазуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх нь 2 хяналтын хэлтэст хамааралтай. Байгаль орчин, орчны эрүүл ахуйн удирдамж байсан байх. Үүний хүрээнд хяналтын хэлтэс нь хяналт шалгалтаа хийгээд товлосон хугацаанд нь тайлангаа хянуулах ёстой. Удирдлагын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурал дээр Прокурорын шаардлагын дагуу Г.Гын ажлын үзүүлэлтийг хэлэлцсэн байна. Манайх Прокурорын шаардлагын дагуу заавал сахилгын шийтгэл оногдуулна гэж үзсэн. Яагаад гэвэл 2020 онд мөн адил шаардлага ирүүлэхэд арга хэмжээ авалгүйгээр байцаагч нартаа сануулаад хурлын тэмдэглэлээ Прокурорын газарт хүргүүлтэл нэр төдий арга хэмжээ аваагүй байна гээд Газрын даргад нь хариуцлага тооц гэх албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу явуулаад байцаагч нарт сануулах шийтгэл авч байсан. Үүний дагуу сахилгын шийтгэл оногдуулахгүй л бол дээшээ албан бичиг явуулах юм байна гээд сахилгын шийтгэл оногдуулсан. Удирдлагын зөвлөлөөс Прокурорын шаардлагад нэр дурдагдсан албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуул гэсэн зарчим баримталдаг гэж ойлгож болно. Дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг нь Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан стандарт байдаг. Тэр стандартын дагуу улсын байцаагч боловсруулсан баримт бичгээ стандартын хүрээн хийж байгаа эсэхийг шалгах зорилготой. Зөрчилд дутагдлыг арилгуулахаар зөвлөмж өгсөн байдаг. Давтан давтан зөрчил гаргаад байсан хүмүүсийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хяналт шалгалтын тайланг хүргүүлээгүй хүмүүст сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Шүүхээс үзлэг хийхэд 19/72 дугаар удирдамж бүрэн гүйцэд байсан гэж байна. Намайг шалгахад байхгүй байсан байна. Нөхөж хийх боломж байгаа. Зөвлөмж өгсөн ба зөвлөмжийн 3 дугаар заалт дээр шалгалтын дүнгээр улсын байцаагчийн акт, албан шаардлага, хяналтын хуудаст шалгуулах этгээдийн гарын үсгийг зуруулж, хяналт шалгалтын баримт бичгийн стандартад нийцүүлэх бүрдүүлж байх гээд бичээд өгсөн байгаа. 2 дугаар заалт дээр баримт бичигт гарын үсэг зурсан бол батлагдсан өдөрт нь байгууллагын бичиг хэрэгт төвлөрүүлэх гэж байгаа. Тухайн үед төвлөрүүлээгүй байсан болохоор бид хэд зөвлөмж бичиж байгаа. Зөвлөлийн хуралд хүмүүсийн оролцуулаагүй. Г.Гыг дуудаж Зөвлөлийн хуралд оруулаад шийдвэр гарахаас өмнө гарчихсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Энэхүү шүүх хуралдаанаар Г.Гын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Г.Гыг төрийн албанаас халах тухай” Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговорт 7.014.735 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг Захиргааны хэрэг шүүхэд шянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

1. Маргаан бүхий акт Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Г.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай” А/45 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.2 дахь заалт, 48.3 дахь хэсэг, тус газрын хөдөлмөрийн “Дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ганболдын Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өөрийн хийх ёстой үүрэгт ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж...”[1],

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” А/06 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дэх заалт, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Удирдлагын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/25, 01/26, 01/42 дугаар удирдамжтай нэгдсэн хяналт шалгалтыг тухайн удирдамжийн хүрээнд хийгээгүй, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, удирдамжид заагдсан хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлээгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилтийн хагас, бүтэн жилийн үнэлгээгээр хагалтгүй үнэлэгдсэн, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулж арга хэмжээ авсан. Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар, 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар Прокурорын шаардлагуудад нэр дурдагдаж хариуцлага тооцуулахаар шаардлага ирүүлсэн, газрын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг чадвар ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг зөрчсөн зэрэг зөрчлүүдийг гаргасан тул Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ганболдын Гыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс төрийн албанаас халж...”[2] тус тус шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгч Г.Г дараах үндэслэлээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаар маргаан бүхий актыг дараах үндэслэлээр хууль бус гэж маргажээ. Үүнд:

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаал Г.Гыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны хууль/-ийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна” гэж, 70.2-д “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж заасныг тус тус зөрчиж байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Гаас дараах үндэслэлээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/06 дугаар маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д зааснаар сахилгын зөрчил илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд дээрх тушаалын хувьд өмнө нь надад сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлүүд байгаа бөгөөд тухайн сахилгын шийтгэл оногдуулсан акттай маргаж төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан байхад маргаан бүхий актаа үндэслэл болгон ажлаас халсан нь хууль бус байна гэж маргажээ.

3. Хариуцагчаас маргаж буй актуудыг эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргасан. Үүнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/24, 01/25. 01/26 дугаартай удирдамжаар Улсын байцаагч Г.Г хяналт шалгалтыг хугацаанд нь зохион байгуулаагүйгээс Мэргэжлийн хяналиын ерөнхйи газарт тайлагнаагүй, хэлтсийн болон байгууллагын шуурхай хурлаар үүрэг даалгавар удаа дараа өгөгдөж байж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох улсын байцаагчийн цахим хаягт хугацаа хоцроож албан бусаар хүргүүлсэн,

Улсын ахлах байцаагч Г.Гын ахалсан 19/72 дугаартай хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хийсэн шалгалтад шалгалтын тэмдэглэл болон хяналтын хуудсыг хөтлөөгүй, тогтоосон хугацаанд хяналт шалгалтын танилцуулгыг гаргаагүй, баримт бичгийг стандартад нийцүүлэн боловсруулаагуй, боловсруулсан хяналт шалгалтын материалаа тухай бүр архив, бичиг хэргийн ажилтан дээр төвлөрүүлээгүй,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/26 дугаартай удирдамжийн хурээнд газрын даргын 19/22 дугаартай удирдамжийг гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тайлагнах байсан тайлагнаагүй, хурлаар үүрэг өгөгдөж, танилцуулгыг газрын даргад 2021 оны 11 дүгээр сарын 25-нд тайлагнах байсан тайлагнаагүй,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/42 дугаартай удирдамжийн хүрээнд газрын даргаар удирдамж гаргаж батлуулах байсан батлуулаагүй, хяналт шалгалт огт хийгээгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тайлагнаагүй зэрэг хийсэн бүх ажил нь хангалтгүй, өөрийн хэлтсийг удирдан зохион байгуулах ажлыг маш хангалтгүй гүйцэтгэж ирсэн гэсэн хурлын тэмдэглэл, дотоод хяналт хийж гүйцэтгэсэн танилцуулгаар нотлогдсон гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаартай “Г.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Г.Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон өөрийн хийх ёстой үүрэгт ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлийн тухайд авч үзвэл хавтаст хэрэгт авагдсан 2021 онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай хурлаар өгсөн үүрэг даалгавараар Ганболдын Гт нийт гучин дөрвөн үүрэг даалгавар өгсөн байна.[3]

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/1192 албан бичигт хавсарган ирүүлсэн албан бичгээс[4] үзэхэд  нэхэмжлэгч Г.Г нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт, үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” А/06 дугаар тушаалын үндэслэлд дурдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/25, 01/26, 01/42 дугаар удирдамжтай нэгдсэн хяналт шалгалтыг тухайн удирдамжийн хүрээнд хийгээгүй, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, удирдамжид заагдсан хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Г.Г нь Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн удирдамжаар хяналт шалгалтыг зохион байгуулаагүй, хугацаанд нь тайлагнаагүй, удирдлагын зөвлөлийн хурлаар шалгалтын танилцуулгыг оруулаагүй талаар хурлаар хэлэлцэж, үүрэг даалгавар өгөгдсөн ч үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/24, 01/25, 01/26 дугаартай удирдамжаар Улсын байцаагч Г.Г хяналт шалгалтыг хугацаанд нь зохион байгуулаагүйгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тайлагнаагүй, хэлтсийн болон байгууллагын шуурхай хурлаар үүрэг даалгавар удаа дараа өгөгдөж байж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох улсын байцаагчийн цахим хаягт хугацаа хоцроож албан бусаар хүргүүлсэн...” гэж байгаа ч шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очиж баримт бичигт үзлэг хийхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/24 дугаар удирдамжийн хүрээнд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19/19 дугаар “Уурын болон ус халаалтын зуух ашиглагчийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай хяналт шалгалтын удирдамжийн дагуу нэхэмжлэгч Г.Г хяналт шалгалт хийсэн талаар баримт[5], Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19/22 дугаар “Бохир ус болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир усанд хяналт шинжилгээ хийх тухай” тухай хяналт шалгалтын удирдамжийн дагуу нэхэмжлэгч Г.Г хяналт шалгалт хийсэн талаар баримт[6] хэрэгт авагдсан байна. Үүнээс үзвэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн хүрээнд нэхэмжлэгч Г.Г нь хяналт шалгалт хийж холбогдох баримтыг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” А/06 дугаар тушаалын үндэслэлд дурдсан “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулж арга хэмжээ авсан” гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий актын үндэслэлд дурдсан “Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар, 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар Прокурорын шаардлагуудад нэр дурдагдаж хариуцлага тооцуулахаар шаардлага ирүүлсэн, газрын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг чадвар ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг зөрчсөн зэрэг зөрчлүүдийг гаргасан” гэсан ба Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар “Хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар” шаардлагаар “нэр дурдсан эрх бүхий албан тушаалтны гаргасан зөрчлийг засуулж дахин давтан зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч хэрэг материалыг прокурорт ирүүлэх..”-тухай шаардлага[7], Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар “Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар” шаардлагаар “...зөрчил дутагдал гаргаж албан ажилдаа хариуцлагагүй хандсан... Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт хариуцлагна тооцох, удирдах албан тушаалтны зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлийг мэргэжлийн удирдлагаар хангах, зөрчлийн тоо бүртгэл, судалгаа, тайлан мэдээг тогтмол хугацаанд хүргүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчилд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахуулах..” тухай шаардлагууд[8] ирүүлсэн байна. Уг шаардлагаас үзвэл Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дотооддоо мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаандаа хяналт тавих, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах, зохих ажлыг хийх талаар шаардсан байх бөгөөд эдгээр шаардлагуудад заавал нэхэмжлэлъгч этгээд дангаар хариуцахад чиглээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г улсын ахлах байцаагч ажил албан тушаалд ажиллаж байх үеийн асуудлуудад хамаарахаар холбогдуулан асуудал тавьсан байхад тус албан тушаалд нь холбогдуулж шалгаагүй байна. Мөн нэхэмжлэгч Г.Гын өмнө нь авагдаж байсан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай салхилгын шийтгэлийг улсын ахлах байцаагчийн хувьд “ажлаа зохион байгуулаагүй” гэх үндэслэлээр авсан байтал энэ удаа ахлах бус байцаагчийн хувьд тус хэлтсийн ажлыг хамруулсан байна.

Түүнчлэн, гэрч Т.Н шүүхэд өгсөн мэдэүүлгтээ “...Прокурорын шаардлагын дагуу заавал сахилгын шийтгэл оногдуулна гэж үзсэн. Яагаад гэвэл 2020 онд мөн адил шаардлага ирүүлэхэд арга хэмжээ авалгүйгээр байцаагч нартаа сануулаад хурлын тэмдэглэлээ Прокурорын газарт хүргүүлтэл нэр төдий, арга хэмжээ аваагүй байна гээд Газрын даргад нь хариуцлага тооц гэх албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу явуулаад байцаагч нарт сануулах шийтгэл авч байсан. Үүний дагуу сахилгын шийтгэл оногдуулахгүй л бол дээшээ албан бичиг явуулах юм байна гээд сахилгын шийтгэл оногдуулсан. Удирдлагын зөвлөлөөс Прокурорын шаардлагад нэр дурдагдсан албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуул гэсэн зарчим баримталдаг гэж ойлгож болно...” гэж мэдүүлснээс үзвэл Төв аймгийн Прокурорын байгууллагын ирүүлсэн албан шаардлагад “...нэр дурдсан эрх бүхий албан тушаалтны гаргасан зөрчлийг засуулж дахин давтан зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч хэрэг материалыг прокурорт ирүүлэх...” гэж дурдсан ба гэрчийн дурдсанчлан “...Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад нь хариуцлага тооц...” гэж явуулах тул байцаагч нарт сануулах шийтгэл авсан гэж байгаа нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, удирдах зөвлөлийн албан тушаалтан өөртөө хариуцлага тооцуулахгүй байхын тулд өөрийн доод шатны албан тушаалтанд хариуцлага тооцсон мэт хандлага гаргасныг дурдах нь зүйтэй.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хэдийгээр маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар “Г.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” тушаалуудаар нэхэмжлэгч Г.Гын эрх ашиг хөндөгдөж, үүний улмаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон байх боловч хариуцагч болох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь уг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар буюу Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 удгаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын оролцогчдыг сонсох ажиллагаа явуулах, эрхийг нь хангах ёстой юм.

Тодруулбал, Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан маргааны үйл баримт, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд холбогдуулан зарим зүйлд дүгнэлт өгвөл, маргаан бүхий акт болох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар “Г.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргээ мөн гүйцэтгээгүй байна. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгч Г.Гын оролцоог хангаж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актууд гарсан үе шат, ажилбарт дүгнэлт өгвөл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалд холбогдуулан ажилчдаа зохион байгуулж чадаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байсан атал 2021 оны Б/45 дугаар тушаалыг гаргахдаа 1 дүгээр Прокурорын байгууллагын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай шаардлагыг цаг хугацааны хувьд холбож дүгнээгүй, өмнө нь эрхэлж байсан албан тушаал болон энэ үед нь эрхэлж байгаа ажил албан тушаалд нь харгалзаж үзээгүй, удирдах ажилтны үүрэгтэйгээр хариуцлага тооцож, Захиргааны ерөнхий хуульд болон холбогдох журмын дагуу оролцоог нь хангаагүй, хуульд нийцээгүй тэгш бус шийдвэр гаргасан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг гаргахдаа өмнө нь гаргасан сахилгын шийтгэлд холбогдох үндэслэлээ дахин дурдаж, нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж зааснаар гарч Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 удгаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно” гэж, 2.6 дахь хэсэгт “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргсан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” гэж, 2.7 дахь хэсэгт “Тухайн албан хаагч шалтгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэж, 3.10 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэл ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн ба дээр дурдсанчлан оролцоог нь хангаагүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдсөн болон нь тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гт сахилгын шийтгэл оногдуулсан тушаал”, Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Г.Гыг төрийн албанаас халах тухай” Б/06 дугаартай тушаалуудыг тус тус гаргасан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчын албан тушаалд эгүүлэг тогтоож, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс энэ өдөр хүртэл хугацаанд нийт 7.014.735 нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж төлүүлэх, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д “нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “эрүүл мэндийн даатгалын шимтгэл” гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг” гэж заасан шимтгэлүүд албан журмын даатгал тул уг үнийн дүнгээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар “Г.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ганболдын Гыг төрийн албанаас халах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Гыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт, Нийгмийн даатгадлын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын  17-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин буюу нийт 7.014.735 төгрөгийн нөхөн олговор гаргуулж, уг мөнгөн дүнгээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

4. Шүүхийн энэхүү шийдвэр уншиж танилцуулан хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 219-р хуудас.

[2] 1-р хавтаст хэргийн 227 дугаар хуудас.

[3] 1-р хавтаст хэргийн 81-р хуудас.

[4] 3-р хавтаст хэргийн 130-р хуудас.

[5] 3-р хавтаст хэргийн 223-250-р хуудас, 4-р хавтаст хэргийн 1-18-р хуудас.

[6] 3-р хавтаст хэргийн 212-218-р хуудас.

[7] 2-р хавтаст хэргийн 58-61-р хуудас.

[8] 2-р хавтаст хэргийн 55-57-р хуудас.