Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ36

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 201721000048 дугаартай, 178/2017/0036/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа мал малладаг, мэргэжилгүй, ам бүл - 3,16-24 насны  2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сум ******* ******* багт оршин суух, аминдаа гэр-1, 402 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй,  ял шийтгэлгүй ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Р.******* нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр /машин механизм/ мотоцикль ашиглаж  Ховд аймгийн ******* сум ******* ******* багийн нутаг дэвсгэр "Баян хайрхан” гэх газраас 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-нд шилжих шөнө олон тооны мал буюу 34 тооны ямаа хулгайлж  хохирогч А.*******өд 1190000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хэрэг учралын  газарт нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ************** багийн  нутаг “Баянхайрхан” гэх нэртэй газарт болсон байх ба уг “Баянхайрхан” гэх нэртэй газар нь Ховд аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 47 км зайд уулын  бүсэд байх ба уг уулнаас усны хаялага нь баруун талаас зүүн талд чиглэсэн байрлалтай, уулархаг, жалга, гуу, нугачаа ихтэй малын бэлчээр бүхий газар байх ба сэжигтэн Р.*******ээр ямаа хулгай хийсэн газрыг заалгаж харуулахад уг газар  Их наран талдаа энгэр бүхий чулуурхаг хөрстэй байх ба  хамар ирмэг дагуу хадан цохио бүхий газар байв. Уг цэгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 17 км орчим явсаар машин тээврийн хэрэгслийн мөр бүхий уужим талархаг газар харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэв. ... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

            "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчин Ч.Мөнхцоозийн зах зээлийн харьцуулах аргаар 34 тооны ямааг 1190.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 13-15 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух утас ******* / А.*******ийн өгсөн...2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ******* сум яваад малчны багуудын  хоорондох тэмцээнд явж 4 хоночихоод 17-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд ирээд малаа тоолсон чинь 53 ямаа дутсан. Тэр хавиар хайгаад олоогүй.  Сүүлд нь  дахин тоолоод хүмүүсийн малнаас шүүгээд хэсэг ямаа олж аваад тоолоход 34 ямаа дутсан. Гэтэл аймгийн төвд ямаа нядлагдсан байна гэхээр нь хүрч ирээд харсан чинь манай ямаануудын толгой мөн байсан. Тэгээд цагдаад хэлж шалгуулсан. Дээрх ямаанууд нь саяхан өөр газраас ирсэн юм болохоор малнаас дандаа тасраад байдаг юм.  ******* сум явахдаа  нэг залуугаар малаа маллуулаад үлдээсэн. Тасраад үлдсэнийг нь хүн тууж явсан юм шиг байгаа юм. Худалдаж аваад ижил бус болохоор дандаа тасардаг байсан. Манай ямаанууд нь зөв талын эврийн дотор хэсэгт цэнхэр будагтай зүүн чих нь урдаасаа ухам , баруун чих нь ганзага имтэй ямаанууд байсан. Нэг ямаагаа 45000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээчин 35000 төгрөгөөр үнэлсэн. Би энэ үнэлгээг зөвшөөрч байна. Манайх нийт 700  гаруй бог малтай. Тэрнээс хүний 500 гаруй мал, манай өөрийн мал байдаг. Одоо надад ямар нэг гомдол санал алга. Шүүх хуралд оролцох боломжгүй “  ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад Р.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн...Би мал маллаж Ховд аймгийн ******* сумын ************** багт оршин суудаг. Одоо манайх ************** багийн нутаг “Зуслангийн ам” гэдэг газарт хүүгийнхээ гэрт өвөлжиж байгаа . Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Мотоциклоор аймгийн төв гэрлүүгээ явах замд ************** багийн нутаг Баянхайрхан гэдэг газарт А.*******ийн мал бэлчиж байсан. Тэр малнаас тасарсан хэсэг ямаа байхаар нь аймгийн төв оруулж зарах гээд шууд туугаад явсан. Тэгээд шөнөжин туугаад маргааш өдөр нь 14 цагийн үед аймгийн төвд ирсэн. Д. гэдэг хүний хашаанд  хашиж байгаад өөрөө явж авах хүн хайсан.  Хасагаа гэдэг хүнд 12 ямаа,  Ганаа гэдэг хүнд 22 ямаагаа зарж борлуулсан. Тэгээд  гэртээ харьсан. Анх гэрээсээ гарахдаа  хулгай хийх талаар төлөвлөөгүй. Харин доош явж байтал хэсэг ямаа байхаар нь гэнэт хулгайлаад зарчихъя гэж бодоод хулгайлсан. А.*******ийн  малын хажууд хүн байгаагүй би ганцаараа байсан. Мал нь гэрээсээ 1,4 км-ийн зайтай  газар бэлчиж байсан. Тухайн ямаанууд нь баруун чих нь ганзага имтэй. Эвэрний ар тал дотор хэсэгтээ цэнхэр өнгийн будагтай ямаанууд байсан. 4 тооны ямааг 30000 төгрөгөөр, бусад 30 ямааг 35000 төгрөгөөр зарсан. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө гэвэл 300-д бог мал, 6 ханатай гэр-1 мотоцикль-1 өвөлжөөний газартай ...гэх мэдүүлэг/ хх-ийн 22-24, 83-85 дугаар хуудас/

            Төрийн банкны 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 189 дугаартай...  ******* регистрийн дугаартай Р.******* нь  манай банкинд тоот малчны харилцах данс эзэмшдэг ба 2017 оны 02 сарын 10-ны  өдрийн байдлаар 1165,17 төгрөгийн үлдэгдэлтэй болно ... гэх  баримт/ хх-ийн 31 дүгээр хуудас/

            Хас банкны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 24/216 дугаартай ... ******* регистрийн дугаартай Р.******* нь  манай банкинд тоот данс эзэмшдэг нь үнэн болно ... гэх  баримт/ хх-ийн 33 дугаар хуудас/

            ХААН банкны 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 139 дугаартай .... ******* регистрийн дугаартай Р.******* нь  манай банкинд тоот харилцах дансандаа 5114,19 төгрөгийн үлдэгдэлтэй болно ... гэх  баримт/ хх-ийн 35 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудсаар  Р.******* нь урьд ял шийтгэлгүй гэх  баримт  ... / хх-ийн 36-37 дугаар хуудас/

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 225 дугаартай ******* регистрийн дугаартай Р.*******ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болно ...  гэх баримт / хх-ийн 39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн... Р ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 15-нд  байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр усанд яваад гэртээ ирэхэд манай тугал хашдаг хашаанд хэдэн ямаа хашчихсан байсан. Тэгээд хэн юм бол гээд гэртээ байж байтал Р.******* ирээд бүгдийг нь ачаад явсан. Тэгэхээр  нь би “ямар мал юм бэ?" гэж асуухад "миний зарах гэж байгаа ямаа гэж  хэлсэн ..." Би сайн анзаараагүй улаан ямаанууд л байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн... Р.******* нь надаас 2016 оны 12 сарын эхээр 200.000 төгрөг зээлж авсан байсан. Надад ямаа авч ирж өгнө гэж байсан. Тэгээд байж байгаад 2017 оны 01 сарын 16-ны өдөр  байх би сайн санахгүй байна, нэг өдөр утсаар яриад "ямаагаа аваад ирлээ ирж аваарай" гэсэн. Тэгэхээр нь би хаана байна" гэсэн чинь "доор гудамжинд байна" гэсэн. Тэгээд би Р.*******тэй уулзаад хамтдаа Д. гэдэг хуний хашаанд  очиход 12 тооны ямаа хашчихсан байж байсан. Нэг ямааг 35.000 төгрөгөөр тооцоод 12 ямаа 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 200.000 төгрөгийг өрөндөө суутгаад 200.000 төгрөгийг  бэлнээр нь Р.*******д өгсөн. Ямаагаа ачиж яваад зүүн хаалганд аваачиж Я. гэдэг айлын хашаанд  нядалсан. Тухайн үед хулгайн ямаа гэж огт хэлээгүй. Миний ямаа гэж хэлж байхаар нь  авсан. Би хулгайн ямаа гэдгийг нь мэдээгүй. Дандаа улаан ямаа, нэг хар ямаа байсан. Эвэрний дотор хэсэгт цэнхэр өнгийн будагтай байсан. Имийг нь анзаараагүй. Би 2016 оны 11 сарын дундуур Р.*******ийн хотноос нь очиж 45 тооны сэрх голдуу ямаа барьж авч байсан . Өөр ямаа худалдаж авч байгаагүй... " гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Я.ийн өгсөн...Би Л.тэй хамтарч малын наймаа хийдэг. Өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 01 сарын 17,18-ны үед байх Л. нь  12 тооны ямаа авчихлаа гэхээр нь бид нар тэр ямааг нядалсан. Тэгтэл  нэг өдөр зах дээр нэг эрэгтэй хүн  надтай уулзаад “танайхан ямаа нядалсан байна, нядалсан ямааныхаа толгойг үзүүлээч”  гэсэн. Тэгээд би юу болсныг  асуухад “манай ямаа алга болсон” гэж хэлсэн.  Би тэр хүнтэй хамт манай хашаанд очиж 12 ямааныхаа толгойг үзүүлсэн. Тэгтэл тэр хүн “миний ямааны толгой мөн байна” гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Харин тэрний дараа нэг ямааны толгой нь нохой шувуу авсан юм байлгүй алга болчихсон байсан.  Тэр ямаанууд баруун чих нь ганзага имтэй,  эвэрний ар талд цэнхэр будагтай нэг хар бусад нь улаан зүсмийн ямаанууд байсан. Бүгд эм ямаанууд байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 45-46 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б ийн өгсөн "...Р.******* нь урьд мал өгнө гээд 600.000 төгрөг авсан байсан. Тэгээд 2017 оны 01 сарын дундуур байх өдрийг сайн санахгүй байна. Над руу залгаад “мальг чинь аваад ирлээ" гэхээр нь Бичигт багийн нэг айлын хашаанд яваад очсон чинь хашаан дотор 34  ямаа байсан. Тэрнээс нь 22 ямаа  авсан. Нэг ямааг 35.000 төгрөгөөр тооцоод 22 ямааг нийт 890.000 төгрөг болсон байх.  Тэгээд би урьд өгсөн 600.000 төгрөг суутгаад үлдэгдэл 290.000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн.Тэгээд ямаагаа аваад нэг айлын хашаанд нядлаад  арьс толгой зэргийг нь борлуулчихсан. Би урьд нь буюу 2016 оны 11 сарын сүүлээр Р.*******ээс  50, дүүгээс нь 60 гаруй мал авч байсан. Надад мал зарж байсан болохоор хулгай хийсэн гэж санаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/.

            Мөрдөн байцаалтад гэрч Я.ийн  өгсөн... Манайх тухайн үед малаа тоолсон чинь 53 ямаа дутсан нь үнэн. Харин цагдаад хэлсний дараа үлдсэн 19 тооны ямаа айлын малд нийлсэн байсныг олж авсан юм. Тэгээд 34 толгой ямаа дутсан байсан. Манай  ямаанууд эвэрний ар талд цэнхэр будагтай, зүүн чих нь урдаасаа ухам, баруун чих нь ганзага имтэй. Манай малд Жанчивдоржийн  138 ямаа байдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Р.ийн өгсөн...Р.******* нь манай хамгийн том ах байгаа юм. 1994 онд эхнэр Баянжаргалтай гэр бүл болсон. ************** багт мал маллаж  амьдардаг. Сүүлийн  жилүүдэд гэр бүлийн маргаан болоод  эхнэр нь хамт байхгүй салаад хот явсан. Одоо 2 хүүхэдтэйгээ хамт мал маллаж байгаа. Зан аашийн хувьд даруухан, үг цөөтэй, хүнд тусархаг, ажилч хичээнгүй хүн байгаа юм. Баг хамт олондоо нэр хүндтэй. Ямар нэгэн муу зуршил байхгүй урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн  өгсөн...Би Р.*******ийн төрсөн дүүтэй суусан хүргэн нь байгаа юм. Р.******* нь төлөв дөруу зантай, дуу цөөтэй, хүнтэй арга эвээ олчихдог, ажилч хичээнгүй, шударга малчин хүн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь 24 настай бага хүүхэд нь 16 настай ямар нэг муу зуршил байхгүй. Эхнэрээсээ  салсан юм шиг байгаа юм. Яг юунаас болж салсаныг мэдэхгүй. Амьдралын боломж сүрхий байсан. Харин сүүлийн үед жаахан тиймэрхүү байгаа. Тэгэхдээ боломжийн малтай...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 11 тооны ямааны толгой, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 55-60 дугаар хуудас/

Хөрөнгө битүүмжлэх тогтоол, Р.******* нь 34 тооны ямаа хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан машин механизм буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий "Шарк-200' маркийн мотоцикль битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн тогтоол, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 61-65 дугаар хуудас/.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт / хх-ийн 67- 69 дүгээр хуудас/

Хохирогч А.*******өөр 11 тооны ямааны толгойг таньж олуулсан  байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн  өгсөн.... Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн  "Шарк-200” маркийн мотоциклоор аймгийн төвөөс гэрлүүгээ явах замд ************** багийн нутаг Баянхайрхан гэдэг газарт А.*******ийн мал бэлчиж байсан. Тэр малнаас тасарсан хэсэг ямаа байхаар нь аймгийн төв оруулж зарах гээд шууд туугаад явсан. Тэгээд шөнөжин туугаад маргааш өдөр нь 14 цагийн үед аймгийн төвд ирсэн. Д. гэдэг хүний хашаанд  хашиж байгаад өөрөө явж авах хүн хайсан. Хасагаа гэдэг хүнд 12 ямаа, Ганаа гэдэг хүнд 22 ямаагаа зарж борлуулсан. Тэгээд  гэртээ харьсан. Анх гэрээсээ гарахдаа  хулгай хийх талаар төлөвлөөгүй. Харин доош явж байтал хэсэг ямаа байхаар нь гэнэт хулгайлаад зарчихъя гэж бодоод хулгайлсан. А.*******ийн  малын хажууд хүн байгаагүй би ганцаараа байсан. Мал нь гэрээсээ 1,4 км-ийн зайтай  газар бэлчиж байсан. Тухайн ямаанууд нь баруун чих нь ганзага имтэй. Эвэрний ар тал дотор хэсэгтээ цэнхэр өнгийн будагтай ямаанууд байсан. 4 тооны ямааг 30000 төгрөгөөр, бусад 30 ямааг 35000 төгрөгөөр зарсан. Би Ховд аймгийн ******* сумын ************** багт оршин суудаг. Манайх ************** багийн нутаг “Зуслангийн ам” гэдэг газарт өвөлждөг.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг  үнэлж  дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр /машин механизм/ мотоцикль  хэрэглэж  Ховд аймгийн ******* сум ******* ******* багийн нутаг дэвсгэр "Баян хайрхан” гэх газраас 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-нд шилжих шөнө олон тооны мал буюу 34 тооны ямаа хулгайлж, хохирогч А.*******өд бага бус хэмжээний буюу 1190000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Р.*******ийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ... Мал нь гэрээсээ 1,4 км-ийн зайтай  газар бэлчиж байсан. Тухайн ямаанууд нь баруун чих нь ганзага имтэй. Эвэрний ар тал дотор хэсэгтээ цэнхэр өнгийн будагтай ямаанууд байсан. 4 тооны ямааг 30000 төгрөгөөр, бусад 30 ямааг 35000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч А.*******ийн өгсөн... 53 ямаа дутсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд сүүлд дахиж тоолоод хүмүүсийн малнаас шүүгээд хэсэг ямаа олж аваад тоолоход 34 ямаа дутсан. Аймгийн төвд ямаа нядлагдсан байна гэхээр нь  ирж үзэхэд  манай ямаануудын толгой мөн байсан. Тэгээд цагдаад хэлж шалгуулсан... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...  гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг, гэрч Я.ээс баруун талын талын чих ганзага имтэй, зүүн чих урдаасаа ухам ихтэй, зүүн эвэрний ар дотор хэсэгт цэнхэр өнгийн будагтай 11 ширхэг ямааны толгойд  үзлэг хийж хураан авсан  тэмдэглэл, тогтоол, хулгайд алдагдсан  нэг ямааг  35000 төгрөг нийт 34 ямаа 1190000 төгрөг гэх үнэлгээний тайлан, сэжигтэн Р.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Хохирогч А.*******өөр 11 тооны ямааны толгойг таньж олуулсан  байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.*******  нь  хулгайлсан ямаануудаа  Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан  багийн 13-01 тоот Д.гийн хашаанд хашиж байгаад гэрч Л., Д. нарт зарсан нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн өгсөн...Тухайн үед тасарсан хэсэг ямаа байхаар нь мотоциклоор аяархан туугаад аймгийн төвд оруулж ирж,  өөрийн холын хамаатан Д. гийн хашаанд хашиж байгаад Л., Д. нарт зарсан... гэх мэдүүлэг, гэрч Л.гийн ... Р.******* нь надаас 200.000 төгрөг авсан байсан. Тэгээд 2017 оны 01 сарын  16-нд байх. Утсаар яриад ямаагаа аваад ирлээ ирж аваарай гэсэн. Тэгээд Д. гэдэг айлын  хашаанд байсан 12 тооны ямааг нэг бүрийг нь 35.000 төгрөгөөр тооцоод 400.000 төгрөгөөр худалдаж аваад өмнө өгсөн 200.000 төгрөгийг хасаж, 200.000 төгрөгийг нь өгсөн. Тэрямаануудыг Я.ийн хашаанд нядалсан...гэх мэдүүлэг, гэрч Д.гийн ...Р.******* нь 2017 оны 01 сарын 15-нд байх. Манай хашааны тугал  хашдаг хашаанд хэдэн ямаа авчираад хашсан байсан.   Р.******* өөрөө бүгдийг нь ачаад явсан... гэх мэдүүлэг, гэрч Я.Есенкелдийн ... Би Л.гийн хамт малын наймаа хийдэг. 2017 оны 01 сарын 17.18-нд байх 12 тооны ямаа авчихлаа гээд манай хашаанд авчирч нядалсан. Тухайн ямаанууд нь баруун чих ганзага имтэй, эвэрний ар талд цэнхэр өнгийн будагтай байсан. Зах дээр нэг эрэгтэй хүн уулзаад” танайхан ямаа нядалсан гэнэ”  гээд  толгойг үзүүлээч гэхээр нь үзүүлсэн. Тэр хүн манай ямааны толгой мөн байна гэж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.ийн... Р.******* нь надад мал өгнө гээд 600.000 төгрөг авсан байсан. 2017 оны 01 сарын дундуур  малыг чинь аваад ирлээ гэхээр нь Бичигт багийн нэг айлын хашаан дотор 34 тооны ямаа байсан. Түүнээс 22 тооны ямааг 35.000 төгрөгөөр тооцож худалдаж аваад 890.000 төгрөг болсон. Урьд өгсөн 600.000 төгрөгийг хасаад 290.000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлгүүдээр  нотлогдож байгаа болно.

Шүүгдэгч Р.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 1190000 төгрөгний хохирол учруулсан нь   нэг ямааг 35000 төгрөг нийт 1190000 төгрөг ... гэх үнэлгээний тайлан, хохирогч А.*******ийн... би үнэлгээний тайлангаар нэг ямааг 35.000 төгрөгөөр тооцож, нийт 34 тооны ямааг 1190.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрч байна... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар “ гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж  байгаа хууль тогтоомжинд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /240000 төгрөгнөөс 12000000 төгрөг / хэмжээг бага бус” хэмжээ гэх ба шүүгдэгч Р.*******ийг 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс 16-нд  хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь / Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор /2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 240.000 төгрөг байхаар тогтоосон байна.

Иймд шүүгдэгч  Р.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 1190.000 төгрөгийн   буюу бага  бус хэмжээний хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Р.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж, шөнийн цагаар хохирогчид мэдэгдэхгүйгээр 34 тооны ямааг  хулгайлан авч өөрөө зарж борлуулах ямар ч эрхгүй атлаа бусдад  зарж борлуулсныг  хулгайлах гэмт хэргийг  нууц  далд аргаар, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Р.******* нь хохирогчийн 34 тооны ямааг аймгийн төв рүү өөрийн мотоциклийг ашиглаж оруулж ирсэн талаар мэдүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ  БНХАУ-д үйлдвэрлэсэн  "Шарк-200” маркийн мотоцикльтой байсан нь эд хөрөнгө хураах тогтоол, тэмдэглэлээр тогтоогдсон.

            Хуульд машин механизм гэдэгт...хүн ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль ...зэрэг орох ба, машин механизм хэрэглэж гэдгийг ...  бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор машин механизм ашигласныг ...ойлгоно гэж заажээ. 

Шүүгдэгч Р.******* нь хулгайн  үйлдэлдээ мотоцикль ашигласныг  “машин механизм хэрэглэсэн “ гэж үзнэ.

Мөн  хуульд  25 бог  түүнээс дээш тооны мал хулгайлсныг   “олон тооны мал хулгайлах” гэж заасан тул шүүгдэгч Р.******* нь бусдын 34 тооны бог  мал хулгайлсныг тул олон тооны мал хулгайлсан гэж үзэх нь хуульд нийцнэ.  

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.******* нь машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан” машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлсан “ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бий болгож байна.  

Шүүгдэгч Р.*******ийн  үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  заасан “машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлсан“ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,  зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч  Р.*******ийг машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Р.*******  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь хэргийн 36 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Р.******* нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь хохирогч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн...  Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй.  Шүүх хуралдаанд оролцох боломжгүй ... гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа  болно.

Шүүгдэгч Р.******* нь  гэр нэг болон дундын өмчлөлийн 402 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  ... *******гийн ******* /ПД 68062671/-ийн өмчлөлд өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгө байхгүй... гэх тодорхойололт, гэрч Р.ийн... манай хамгийн том ах, одоо хоёр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь салаад хот явсан ... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн...эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Одоо эхнэр нь  салсан юм шиг байна лээ. Амьдрал нь гайгүй, боломжийн малтай ... гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ************** багийн  Засаг даргын ... *******гийн ******* нь 1968 онд төрсөн, 48 настай, ам бүл-3, хүүхдүүдийн хамт амьдардаг ...гэх тодорхойлолт  зэргээр тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч Р.******* нь дундын өмчлөлийн 402 толгой мал, мотоцикль нэг, гэр нэгийн хөрөнгөнөөс өөр хөрөнгө  байхгүй ба хуульд  эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр гэж заасан тул хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

  Харин шүүгдэгч Р.*******ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклийн үнэ 400.000 төгрөгийг хурааж,  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар улсын орлого болгов.  

Шүүгдэгч Р.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа хэдий ч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж,  хорих ялыг биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч  Р.*******ийн  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эзэмшлийн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий "Шарк-200' маркийн мотоциклийн үнийг гаргуулан улсын орлого  болгохоор шүүхээс тогтоосон тул мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Р.******* нь 34 тооны ямааг  1190000 төгрөгөөр зарсан боловч, хохирогчид 53 тооны ямаа, 2240.000 төгрөг төлсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Р.*******ээс 1190.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201721000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхэд  ирүүлсэн 11 ширхэг ямааны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг машин механизм хэрэглэж,  олон тооны мал хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн  хугацаагаар хорих ял   шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 2 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар  эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 11 ширхэг ямааны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Р.*******ээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклийн үнэ 400.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Р.*******ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 400.000 төгрөгийн үнэ бүхий "Шарк-200' маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******д өмнө  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээрзүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА