| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/04326/И |
| Дугаар | 102/ШШ2022/00115 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/00115
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: .................тоотод байрлах,Т сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ тоотод оршин суух, Т ургийн овогтой, Ц Н/РД:...../-т холбогдох,
411,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Н нь тус сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан ..........тоотод амьдардаг сууц өмчлөгч бөгөөд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гарсан төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал, байцаагч нар төлбөрөө төлөх талаар шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн бөгөөд төлбөрөө төлөөгүй өдийг хүрч сууц өмчлөгчдийн холбооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Тус сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, дундын өмчлөлийн завсар үйлчилгээ, талбайн цэвэрлэгч, үйлчилгээний цалин болон гэрээт байгууллагад нэхэмжлэлийн дагуу төлбөрүүд орох бөгөөд гэрээт байгууллага гэрээний нөхцөлийн дагуу хугацаа хожимдвол алданги тооцдог болно. Иймд Ц.Н-аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2019 оны 6, 7, 8, 9, 10, 12 дугаар сарын 91,700 төгрөг, 2020 оны 1-12 сарын 157,200 төгрөг, 2021 ооны 1-12 сарын 162,810 төгрөг, нийт 411,710 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нийт оршин суугчдын эрхийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Ннь Т сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 411,710 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Нарантуяад холбогдуулан 411,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 411,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Н төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 411,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ннь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас 6,501 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсээс тус тус 6,501 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР