Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/285

 

 

 

                                      

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Г.*******-******* түүний өмгөөлөгч Д.*******чимэг, хохиогч Б. /цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******-*******д холбогдох 2436003770299 дугаартай,178/2024/0275/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч

 

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Мон******* Улсын иргэн, 19******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух хаягтай, ******* ургийн овогт *******ийн *******-*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******-******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.г 2024 оны 6 дугаар сард хардалтын улмаас зодсон мөн 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой “айлын гэрт хэл үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар эхнэрээ модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 737 дугаартай шинжээчийн “Б.гийн биед зүүн чамархайн дээд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны урд доод хэсгийн цус хуралт,баруун гуяны урд доод хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.гийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9-р хуудас)

-Аюулын зэргийн үнэлгээний “дунд” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16-р хуудас)

            -Хохирогч Б.гийн өгсөн...Миний бие 2020 оны 03 дугаар сараас хойш 2024 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* суманд нөхөр Г.*******-******* 2 хүүхдийн хамт амьдарсан. Г.*******-******* хот хооронд ачаа тээвэрлэдэг том машин барьдаг юм. Гэртээ ирэлгүй 1 сар болоод 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирсэн.Маргааш нь би хадмынхаа гэрт өрх оёод байж байтал манай 5 настай охин үзэгдэхгүй болохоор нь охиноо хайсан.Тухайн үед Г.*******-******* хажуугийн айлд байж байхаар нь “ чи хүүхэд алга болчихоод байхад хайдаггүй юмуу” гээд уурласан.Би эмээгийнх рүү нь очоод байж байтал нөхөр араас ууртай орж ирээд “ чи миний өөдөөс дуугардаг хэн бэ” гээд модон сандал аваад над руу шидсэн. Тэр сандал нь оноогүй. Тэгтэл нөгөө сандлаа дахиж аваад миний толгой руу цохисон.Тухайн үед гэрт байсан хадам аавын эгч нар болох , ,эмээ , нөхрийн дүү нар нөхрийг хорьж болиулсан.Нөхөр миний хувцаснаас зуураад хөл рүү өшиглөсөн.Би газарт унахад миний толгой руу 2 удаа дэвссэн.Тэгээд тэнд байсан хүмүүс дахин салгасан.2022 онд намайг 4 сар гарантай жирэмсэн байхад миний гэдэс рүү өшиглөж байсан.Мөн 2023 оны 6,7 дугаар сард намайг хардаж зодож байсан.Хүүхдүүдээ бодоод тухайн үед нь цагдаад хандаж байгаагүй ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас)

            - Гэрч Г.ы өгсөн...тухайн өдөр Г.*******-*******,Б. хоёр хүүхэд алга болсноос болж маргалдсан.Эмээгийн гэрт байж байтал ах орж ирээд эхнэрээ “ чи намайг айлд байж байхад хэлэх хэлэхгүйгээр хэлээд байдаг” гэхэд Б. эгч сандал бариад бостол ах урдаас нь цохисон...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37-р хуудас)

            - Гэрч С.ын өгсөн...тухайн өдөр ээжийн гэрт байж байтал Г.*******-******* орж ирээд эхнэрийнхээ толгойд сандлаар нэг удаа цохисон.Бэр Б. шүүгээний өмнө очоод суутал Г.*******-******* очоод толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-р хуудас)

            -Гэрч С.Дулмаагийн өгсөн...тэр өдөр манай дүү С.,,бэр Б. бид дөрөв гэрийн өрх оёод сууж байтал Б. манай охин алга болчихлоо гээд бүгдээрээ хайж эхэлсэн.Манай дүүгийн хүүхдийнд Г.*******-******* байж байтал Б. ороод нөхрөө хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан.Ээжийн гэрт ороход хүүхэд нь орон дээр унтаж байхаар нь бүгдээрээ тайвшраад байж байтал Г.*******-******* гаднаас орж ирээд эхнэрээ “ чи намайг айлд байхад янз бүрийн үгээр хэллээ гээд эхнэрийнхээ толгойд сандлаар цохисон.Манай дүү С. бид хоёр арай гэж салгаж Г.*******-Эрдэнийг гаргаж явуулсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-р хуудас)

            -Шүүгдэгч Г.*******-Эрдэнийн өгсөн...эмээгийн гэрт эхнэр бид хоёр маргалдсан чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь сандал авч шидсэн, гуя хэсэгт нь өшиглөсөн.Өмнө нь хардалтаас болж ганц нэг удаа гар хүрч байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-р хуудас)            зэрэг баримтууд болно.

1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Г.*******-******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн 1-9 тоотод байх хашаанд эмээ гийн гэрт  хамтран амьдрагч Б.тай маргалдаж түүн рүү модон сандал шидэж толгой хэсэгт нь онож, хөл хэсэг рүү нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.*******-*******, хохирогч Б. нар нь хамтран амьдрагч бөгөөд хоорондын зүй бус, таарамжгүй харилцсаны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Г.*******-******* нь эхнэр Б.г урьд нь хэд хэдэн удаа биед нь халдаж зодож байсан талаар хохирогчийн мэдүүлгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*******-*******  хохирогч Б. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 100-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч Г.*******-*******  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

2.1. Шүүгдэгч Г.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.2.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******-******* “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх,

Хохирогч Б. “ сэтгэцэд учирсан хохирлыг доод хэмжээгээр нь гаргуулна” гэх  тайлбар тус тус өгсөн болно.

Шүүгдэгч Г.*******-Эрдэнийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Баатархайхан багийн Засаг даргын тодорхойлолт, Мину Эйс транс ХХК-ний захирлын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******-******* нь  эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн 1-9 тоотод түр оршин суудаг, Мину Эйс транс ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж  байгаа  гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******-*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******чимэг шүүхийн хэлэлцүүлэгт “ шүүгдэгч Г.*******-******* нь гэм буруугаа ойлгож ухаарч байгаа, сард 5 сая төгрөгийн орлоготой, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат “ шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэх утга бүхий тайлбар тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.4.Шүүгдэгч Г.*******-Эрдэнийг улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн тайлбар, хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 08 сарын хугацаанд хэсэгчлэн   төлүүлж, ялтан шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч Г.*******-*******эс 8,580,000 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******-Эрдэнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-*******д оногдуулсан торгох ялыг 08 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******-*******д тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч Г.*******-*******эс 8,580,000 (найман сая таван зуун наян мянган) төгрөг гаргуулж хохирогч Б.д олгосугай.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******-*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

6.Шүүгдэгч Г.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС