| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2021/1005/И |
| Дугаар | 130/ШШ2022/00168 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2022/00168
Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 10 дугаар багт оршин суух, А овогт С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын 8 дугаар үйл ажиллагаа явуулах, Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төв /дарга А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Б,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С нь хариуцагч Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.Миний бие С нь 2018 онд Этүгэн их сургуулийг ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч мэргэжлээр төгсөж ирээд 2018 оны 09 дүгээр сараас Хотгор хүн эмнэлгийн хүний их эмчээр томилогдож ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтэд элсэж суралцсан.
2.Тухайн үед Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-г Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого, зохицуулалтын албаны дарга С, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А, суралцагч С бид хоорондоо тохиролцож байгуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Н, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А нар баталж баталгаажуулж байсан.
3.Би гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж бүрэн суралцаж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өрхийн анагаах судлал үндсэн мэргэжлээр 2 жилийн 104 багц цагийн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирлын 2021 оны А/23 тоот тушаалаар өрхийн эмч мэргэшил эзэмшсэн.
4.Сургуулиа төгсөж ирсний дараа гэрээний дагуу Р өрхийн эрүүл мэндийн төвд ажилд орохоор 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С, Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А нарт өргөдөл гаргасан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 728 дугаартай албан бичгээр Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргад намайг ажилд авч ажиллуулахыг санал болгож ажиллуулаагүй тохиолдолд шалтгааныг тодорхой бичиж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч ажилд аваагүй, Эрүүл мэндийн газарт ямар нэгэн хариу ирүүлээгүй. Би А даргатай уулзаж өргөдлийн хариуг удаа дараа шаардсан боловч орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.
5.Бидний хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4 дэх хэсэгт Захиалагч эрүүл мэндийн байгууллагын үүргийг зааж өгсөн бөгөөд 3.4.6-д зааснаар суралцагчийн ажлын байрыг хадгалах эсхүл эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах үүргийг захиалагч хүлээсэн. Гэтэл Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А 2020 онд миний ажиллах ёстой орон тоонд өөр хүн авч ажиллуулаад намайг сургуулиа төгсөж ирсний дараа орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар ажилд авахгүй байгаа нь хууль бус бөгөөд үүнээс болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Хэрэв 2019 онд тус төв надтай гэрээ байгуулж сургалтад явуулаагүй бол би Хотгор хүн эмнэлгийн хүний их эмчээр үргэлжлүүлэн ажиллаж ажлын байртай байх байсан.
6.Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-ний 3.4.6-д заасан захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж С намайг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А хариу тайлбартаа: “Иргэн С-гээс тус өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1.Иргэн С нь тус өрхийн эрүүл мэндийн төвд огт ажиллаж байгаагүй, манай байгууллагын ажилтан биш. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн тайлбараар нотлогдохоос гадна хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримт болох нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019-2020 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоог батлах тухай” тушаалууд, Р өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2021 оны нийгмийн даатгалын тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
2.С нь 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хандаж ажилд орох тухай өргөдөл гаргаж байсан, манай төвийн зүгээс иргэн Сд манай байгууллагад ажиллаж байгаагүй ажлын сул орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Гэтэл С нь аймгийн Эрүүл мэндийн газарт дахиад өргөдөл гаргасан байна.
3.Бодит байдал дээр иргэн С нь Хотгорын хүн эмнэлэгт ажиллаж байгаад 219 оны 05 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөний дараа ойрын хамаатан нь билүү ямар ч байсан танил нь болдог аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан Ад хандаж сургалтад явахаар хөөцөлдсөн байдаг. Эрүүл мэндийн газрын дарга асан А тухайн үед надад “С миний ойрын танилын хүн болдог, С-г Улаанбаатар хотод сургалтад явуулах хэрэгтэй байна, надад туслаад танай эмнэлгээс явсан болгоод гэрээнд гарын үсэг зураад өгчих” гэж гуйж байсан.
4.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих эрх хэмжээтэй тул миний бие тухайн үед Эрүүл мэндийн газрын дарга асан А-ийн гуйлтыг эсэргүүцэж чадаагүй тул Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээнд гарын үсэг зураад өгсөн. Түүнээс биш манай байгууллага иргэн С-тэй огт харьцаж байгаагүй, зүс царайг нь харж байгаагүй, түүнийг танихгүй.
5.Хэрвээ манай өрхийн эрүүл мэндийн төв өөрийн ажилтнаа Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах тохиолдолд тухайн ажилтны орон тоог хуульд заасны дагуу зохих ёсоор хадгалаад цалин хөлснийг нь тодорхой хугацаанд нь олгож, сургалтын хугацаа дуусах хүртэл тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг байсан.
6.Иймд иргэн С-гээс тус өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг даалгах хариуцагчид тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С-гийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, D201806001 дугаартай бакалаврын диплом, 121226 дугаартай мэргэшлийн диплом, мэргэшлийн дипломын хавсралт, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ, С гээс 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Эрүүл мэндийн газарт хандаж гаргасан өргөдөл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 728 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 772 дугаартай албан бичгүүд, Д, Ж нарын төрсний гэрчилгээ, өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас иргэний хэрэгт Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дугаартай тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаал, уг тушаалын 1, 2, 3, 4 дүгээр хавсралтууд, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаал, уг тушаалын 1, 2, 3, 4, 4 дугаар хавсралтууд, Р өрхийн эмнэлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 1, 12-р сарын, 2020 оны 1, 12-р сарын, 2021 оны 1, 11-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр С гээс Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хандаж гаргасан өргөдөл, уг өргөдлийг хянан шийдвэрлэсэн бүртгэл хяналтын карт, өмгөөллийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/А дугаартай тушаал, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаар тушаал, Н-ийн 0000001 дугаартай Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, D12121212 дугаартай бакалаврын диплом, зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С гийн Улсын санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-г Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А, суралцагч С бид хоорондоо тохиролцож байгуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А нар баталсан ба уг гэрээний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд Өрхийн анагаах судлал мэргэжлээр төсвийн зардлаар суралцаж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төгсөж ирсэн боловч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажилд томилохгүй байгаа тул Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилж ажиллуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С нь тус өрхийн эрүүл мэндийн төвд огт ажиллаж байгаагүй, манай байгууллагын ажилтан биш юм. Тухайн үед Эрүүл мэндийн газрын дарга байсан Аийн гуйлтаар “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурж өгсөн. Манай байгууллагад Сг ажиллуулах орон тоо байхгүй бөгөөд батлагдсан орон тоо тус бүрт тодорхой мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ”-г нэг талаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга, нөгөө талаас Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай Сарсенбай овогтой Ж нар нь Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2015 оны 97/56 тоот “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” хамтарсан тушаалыг үндэслэн Өрхийн ангаах ухаан мэргэжлээр хоёр жилийн сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцахаар харилцан тохиролцож байгуулсан байх ба уг гэрээг байгуулсан гэх хэсэгт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга С, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай С нар гарын үсэг зурсан байх ба Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Н, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А нар гарын үсэг зурж, тамга дарж баталсан байна. Нэхэмжлэгч С нь дээрх гэрээний дагуу Өрхийн ангаах судлалын үндсэн мэргэжлээр 2 жилийн хугацаанд суралцаж төгссөн тул Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас Өрхийн эмчийн мэргэшлийн диплом олгогджээ.
5.Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар тус тус байгууллагын бүтэц орон тоог баталсан байх бөгөөд дээрх тушаалын хавсралтуудаас үзэхэд Р өрхийн эрүүл мэндийн төвд их эмч 3 байхаар баталсан ба батлагдсан их эмчийн орон тоонд их эмч мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа нь тогтоогджээ. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар их эмч Г-г өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул ажлаас чөлөөлсөн, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар А-г 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Р өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ хариуцсан их эмчийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан байна.
6.Нэхэмжлэгч С нь ажил олгогч болох Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь Улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээний 3.4 дүгээр зүйлийн 3.4.6-д зааснаар “суралцагчийн ... эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүргээ биелүүлэхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээний 3.4-т захиалагч эрүүл мэндийн байгууллагын үүргийг зохицуулсан бөгөөд 3.4.6-д “Суралцагчийн ажлын байрыг хадгалах эсвэл эзэмшсэн мэргэшлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүрэгтэй байхаар харилцан тохиролцжээ. Гэрээний дээрх заалтаас үзэхэд Эрүүл мэндийн байгууллага нь нэг бол суралцагч С гийн ажлын байрыг хадгалах, ажлын байрыг хадгалаагүй бол эзэмшсэн мэргэшлийн дагуу ажлын байраар хангах үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагч түүний ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчээс Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь 2020 онд миний ажиллах ёстой орон тоонд өөр хүн авч ажиллуулаад намайг төгсөж ирсний дараа орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар ажилд авахгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Р өрхийн эрүүл мэндийн төв болон С нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, суралцагчтай гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр их эмч Г-г өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай ажилд томилох тухай тушаалаар А-ийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Р өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ хариуцсан их эмчийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан байгаа байдал нь нэхэмжлэгч С гийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч С нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагүй байх тул түүний ажлын байрыг хэвээр хадгалах ойлголт байх боломжгүй болно.
7.Нэхэмжлэгч С нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар тус тус байгууллагын бүтэц орон тоог баталсан байх бөгөөд дээрх тушаалын хавсралтуудаас үзэхэд Р өрхийн эрүүл мэндийн төвд их эмч 3 байхаар баталсан ба батлагдсан их эмчийн орон тоонд нэр бүхий их эмч мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа тул шүүхийн зүгээс байхгүй орон тоо буюу Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр нэмж нэхэмжлэгч С-г авч ажиллуулахыг ажил олгогч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргад даалгах боломжгүй байна.Иймд нэхэмжлэгч Сгийн Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн ажилд томилж ажиллуулахыг тус төвийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч С гийн энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч С-д буцааж олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-гийн Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд томилж ажиллуулахыг тус төвийн даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч С-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х