| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2021/1056/И |
| Дугаар | 130/ШШ2022/00173 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2022/00173
Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, шүүгчид Б, Х нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, У овогт А,
Хариуцагч: Ө аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, А овогт Е /хууль ёсны төлөөлөгч Н/ нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4800000 төгрөгийг А-аас, 2081000 төгрөгийг Е-аас тус тус гаргуулах тухай.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч А
Хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж,
Хариуцагч Еын хууль ёсны төлөөлөгч Н,
Орчуулагч А,
Иргэдийн төлөөлөгч А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч А, Е нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4800000 төгрөгийг А-аас, 2081000 төгрөгийг Е-аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.Би Ө аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хар завсар хэмээх газраас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хурдан удмын хээр зүсмийн 1 тооны азаргыг хулгайд алдсан билээ.
2.Уг азаргыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эзэн холбогдогч нар А, Е нарыг бүлэглэн хулгайлсныг тогтоосон. А, Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ял сонсгож, яллах дүгнэлтээр Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А, Е нарыг гэм буруутайд тооцож, А-ыг нэг жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Е-д 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж 2 жилийн хорих ялыг өршөөсөн.
3.Би А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцоогүй, надад мэдэгдээгүй байсан ба гарсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй, азаргыг Е нар бүлэглэн хулгайлаагүй байсан бол би азаргыг 1 хоногийг 40000 төгрөгөөр хөлсөлж мөнгө олдог байсан. 120 хоногийг 40000 төгрөгөөр үржүүлэхэд 4800000 төгрөг гарч байна. Хулгайд алдсан азаргыг 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл эрж хайж, хэд хэдэн удаа радиогоор эрэн сурвалжилсанд 6000 төгрөг, Е, А нар нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж миний азаргыг эзэмшсэн, ашигласан, хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсныг хүлээн зөвшөөрсөн байгаа.
4.Хулгайд алдсан азарга маш турсан ба тураалд орсон. “А” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0000000 дугаартай үнэлгээний дүгнэлт гарч хулгайд алдсан азаргыг 4 сая төгрөгөөр үнэлсэн, үнэлгээнд 200000 төгрөг, 2 машин өвс худалдаж авсан нэг машиныг 600000 төгрөгөөр, хоёр машин өвсийг 1200000 төгрөгөөр, Хазна-ШТС-аас 200 литр бензин авсан 1 литр 1700 төгрөгөөр 200 литрийг 270000 төгрөгөөр хивэг, овьёосыг 405000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг азарга хулгайд алдахад Увс, Ховд аймгууд руу, мөн Ө аймгийн 12 сумаар тойрон хайж, их зардал гаргасан. А нь миний хурдан удмын азаргыг 4 сар ба 120 хоног ашигласны үнэ болох 4800000 төгрөгийг төлөх байсан. Иймд А-аас 4800000 төгрөг, Е-аас эрж хайсны зардал болон өвс, тэжээлийн үнэ, зарцуулсан бензиний үнэ 2081000 төгрөг, нийт 6881000 төгрөгийг А, Е нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Е-ын хууль ёсны төлөөлөгч Н хариу тайлбартаа “...Тус аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Х нь миний хүүгээс 2081000 төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлийг нь тайлбарлая.
1.Миний хүү Е 18 насанд хүрээгүй бөгөөд төлбөр төлөгч болж хариуцлага хүлээх чадваргүй.
2.Нэхэмжлэгч нь ямар шийтгэл, ял яриад надаас төлбөр гаргуулах гэж байгаагаа тодорхой бичээгүй бөгөөд би нэхэмжлэлийг нь ойлгохгүй байна.
3.Нэхэмжлэлд нэхэмжлэгч нь санаандаа орсон мөнгийг нэхэмжилсэн байх ба тэрийгээ тодорхой нотлоогүй байна. Тухайлбал, азарга хөлсөлсөн, өвс авсан, бензин авсан гэх зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жанаргүл хариу тайлбартаа “Хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж би Х-ын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1.Х нь А-аас морины хөлс 4800000 төгрөг нэхэмжилжээ. Энэ хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхой бус, хоногийг 40000 төгрөгөөр үнэлсэн нь хууль бус байна.
2.А нь тухайн азаргыг 120 хоног унаж хэрэглээгүй. Уг азарга нь анх ирэхдээ унаж эдэлсэн, туранхай байсан.
3.А-ын аав Х.Мурат нь Х-ыг дуудаж азаргыг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үед Х нь баярласнаа илэрхийлж азаргаа авч байсан. Азаргыг хоногийг нь 40000 төгрөгөөр үнэлж хөлсөлдөг гэдэг нь үндэслэлгүй. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 000000000 дугаартай шийтгэх тогтоол, Ө аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, Х ХХК-ийн Шатахуун түгээх станцын түгээгчийн тодорхойлолт, Х ХХК нэмэгддэг өртгийн албан татварын баримт, “А” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “А” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0000000 дугаартай үнэлгээний дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монголын морин спорт, уяачдын холбооны Ө аймаг дахь салбараас олгосон өргөмжлөл зэрэг баримтуудыг,
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Н-аас Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орлогын мэдүүлэг, Е-ын төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээс 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5381000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний хурдан удмын хээр зүсмийн азаргыг А, Е нар 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүлэглэн хулгайлсан ба Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А, Е нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн азаргыг Е нар хулгайлаагүй байсан бол би азаргыг нэг хоногийг 40000 төгрөгөөр хөлсөлж 120 хоногт 4800000 төгрөгийн орлого олох байсан, адууг эрэн сурвалжилж радиогоор 6000 төгрөгөөр зарлуулсан, хулгайд алдсан азарга маш их турсан тул 1200000 төгрөгөөр хоёр машин өвс, 405000 төгрөгийн хивэг, “А” ХХК-аар үнэлгээ гаргуулахад төлсөн 200000 төгрөг, нийт 6881000 төгрөгийг А, Е-ын хууль ёсны төлөөлөгч Н нараас гаргуулах тухай гэжээ.
3.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жанаргүлээс “Нэхэмжлэгч хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхой бус, азаргыг хоногийг нь 40000 төгрөгөөр үнэлж хөлсөлдөг гэдэг нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч Е-ын хууль ёсны төлөөлөгч Н “Нэхэмжлэгч санаанд орсон төлбөр нэхэмжилсэн ба түүнийгээ нотлоогүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тус тус тайлбар гаргаж үгүйсгэж байсан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-аас нэхэмжлэгч Хд 1000000 төгрөгийг, хариуцагч Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 500000 төгрөгийг тус тус төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоолоор А, Е нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан байх ба уг шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар нэхэмжлэгч Х-д морио эрэн хайхад зардал гарсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн, Ө аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор хулгайд алдсан адуугаа зарлуулсны төлбөрийн хураамжид 6000 төгрөг төлсөн, Х ХХК-ийн Шатахуун түгээх станцын түгээгчийн тодорхойлолт, Х ХХК-ийн нэмэгддэг өртгийн албан татварын баримт, “А” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар “А” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт гаргуулсны хөлсөнд 200000 төгрөг төлсөн болох нь тус тус тогтоогджээ.
5.Хариуцагч нараас Х-ын нэг тооны адууг А, Е нар нь хулгайлсны улмаас түүнд гэм хорын хохирол учруулсан талаар маргаагүй байх ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан хохирлоо нотлоогүй байх тул төлөх боломжгүй гэж маргажээ.
6.Нэхэмжлэгч Х-аас олох байсан орлого болох 4800000 төгрөгийг А.Аркалыкаас гаргуулахаар, эрж хайсны зардал болон авсан өвс, тэжээлийн үнэ, зарцуулсан бензиний үнэ нийт 2081000 төгрөгийг Е-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Е эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байх тул хууль ёсны төлөөлөгч Н хариуцагчаар оролцсон болно. Нэхэмжлэгч Х нь миний нэг тооны азаргыг А, Е нар хулгайлаагүй байсан бол уг азаргыг нэг хоногийг 40000 төгрөгөөр хөлсөлж 120 хоногт 4800000 төгрөгийн орлого олох байсан гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү орлого олдог байсан талаар шууд нотлох баримтгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
7. Нэхэмжлэгчээс уг азаргыг эрж хайсан хөлс буюу Х ХХК-ийн Шатахуун түгээх станцын түгээгчийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримт нотариатаар гэрчлэгдээгүй, мөн Х ХХК-аас 270000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн тухай НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн боловч тухайн баримт нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн баримт байх бөгөөд Х-ын нэг тооны азаргыг хулгайлсан эзэн холбогдогч нь тогтоогдоод 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байх тул тухайн баримт нь цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүй байгаа тул алдсан адуугаа эрж хайхад хэрэглэсэн бензиний үнэ гэх 270000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
8.Нэхэмжлэгчээс хулгайд алдсан азаргыг хүлээж авах үед маш турсан байсан тул түүнд 1200000 төгрөгийн үнэтэй 2 машин өвс, 405000 төгрөгийн үнэтэй овьёос хивэг авч өгсөн гэж тайлбарласан боловч өвс тэжээл малын бие махбодид ашиглагдах биологийн хэрэгцээг зохицуулах өвс тэжээл бөгөөд шимт бодисыг агуулсан нэмэлт тэжээл биш байх тул түүнийг хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах боломжгүй байна.
9.Харин Ө аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор хулгайд алдсан адуугаа зарлуулсны төлбөрийн хураамжид 6000 төгрөг төлсөн, “А” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар “А” ХХК-ийн Х-ын алдсан азарганы үнэлгээ гаргуулахад хөлсөнд 200000 төгрөг төлсөн байх тул тухайн 206000 төгрөгийг хариуцагч нарын буруутай ажиллагааны улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.
10.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х-д 206000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба шүүх хуралдааны үед хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-аас нэхэмжлэгч Хд 1000000 төгрөгийг, хариуцагч Е-ын хууль ёсны төлөөлөгч К.Нагира 500000 төгрөгийг тус тус сайн дураар төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А-аас 1000000 төгрөгийг, хариуцагч Е-ын хууль ёсны төлөөлөгч Н-аас 500000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5381000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байгаа талаар дүгнэлт гаргасан бөгөөд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
12.Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нарын тус бүрээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан гэм хорын хохирол 1000000 /нэг сая/ төгрөгийг хариуцагч А-аас, 500000 /таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Е-ын хууль ёсны төлөөлөгч Н-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5381000 /таван сая гурван зуун наян нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ааас 28550 төгрөгийг, хариуцагч Еын хууль ёсны төлөөлөгч Н-аас 15650 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М
ШҮҮГЧИД Б
Х