Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00269

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х даргалж, шүүгчид А, М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт оршин суух, И овогт П /утас 0000000, РД:000000000000/;

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс 23732064 төгрөг, энэ хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П, түүний өмгөөлөгч З,

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа хариуцсан ахлах прокурор Д,

Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

(Шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Ө-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс 23732064 төгрөг, энэ хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах  тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс 25259768 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 8000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 98500000 төгрөг, бүгд 131759768  төгрөг гаргуулах тухай байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зөвхөн  Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин 23732064 төгрөг, энэ хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгахыг хүсэж байна.

2) Миний бие Б аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн захиргаа хяналтын албаны дарга ажилтай байхад Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэргийн мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ахмад Н 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлын цагаар утсаар холбогдон 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн даваа гаригт мөрдөн байцаах газарт бэлэн бай гэж дуудсан учир би заасан хугацаанд яваад очсон.

3) Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч мөрдөн байцаах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэх үндэслэлээр миний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол үйлдсэнээр Б аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар бүхий тушаалаар миний албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй яван явсаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/08 дугаартай прокурорын тогтоолоор албан үүргээ биелүүлэхээс түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгосноор Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/08 дугаар тушаалаар намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон болно.

4) Эцэст нь Б аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №5/21 дугаартай тогтоолоор П надтай холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

5) Иймд намайг хилс хэрэгт холбогдуулан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол буюу олгогдоогүй цалин хөлс болох Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга тушаалаас түр түдгэлзүүлсэн үеийн буюу 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин хөлс 23732064 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан надад олгож, даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогч болох Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж өгнө үү гэжээ.

2.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа хариуцсан ахлах прокурор Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татаж, мөн ажил, албан тушаалыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлсэн. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэв.

3.Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт захиргаа хяналтын хэлтсийн дарга ажилтай П нь 2014 онд Нийгмийн халамжийн хэлтсийн захиргаа хяналтын албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тушаалаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг  2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолоор хүчингүй болгосноор Б аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/08 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдсон болно. Нэхэмжлэгч П нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан. Хилс хэргээр хэлмэгдээд цагаатгагдсан тул манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжтой гэв.

4. Нэхэмжлэгчээс Б аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №5/21 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №21 дугаартай “Орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” тушаал болон энэ тушаалын хавсралт, “Хүний хөгжил сан”-аас хишиг хувь хүртээх үйлчилгээг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажлын чиг үүргийн тодорхойлолт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2009 оны 14 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дугаартай “Орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” тушаал болон энэ тушаалын хавсралт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №12 дугаартай “Орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” тушаал болон энэ тушаалын хавсралт, Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №12 дугаартай “Ажлаас түдгэлзүүлэх тухай” тушаал,  Б аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №б/08 дугаартай “П-ийг ажилд томилох тухай” тушаал, Б аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/08 дугаартай “Мөрдөн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол, нэхэмжлэгч П-ийн О, Ц нартай хийсэн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өмгөөлөгч О-ийн тодорхойлолт, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, нэхэмжлэгч Пийн НДД№А0014960 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн хуулбар, нэхэмжлэгч Пийн холбогдсон хэрэгтэй холбоотой цахим сүлжээ болон өдөр тутмын сонин болох “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан сонин”-д нийтлэгдсэн мэдээллүүд, нэхэмжлэгч Пд Зүрх судасны төвийн “Зүрхний шигдээсийн тасаг”-т хийгдсэн эмчилгээ, Улсын 3-р төв эмнэлэгт “Титэм судсан дотуурх оношилгоо (ТиСДО), эмчилгээний (ТиСДЭ) протокол, Клиник лабораторийн шинжилгээний хариу,  өвчний түүх, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Монголын Өмгөөлөгчдийн холбоо Б аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч К.Ержанд өмгөөллийн хөлс төлсөн баримт, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ахлах ня-бо М-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/161 дугаартай албан бичиг, Б аймгийн Авто тээврийн төвийн даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №60 дугаартай “Лавлагааны хариу өгөх тухай” албан бичиг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221 дугаартай албан бичиг, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №144001 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэгч П-ийн өөрийн тооцсон мөрдөн байцаагчийн дуудсанаар Улаанбаатар хотод очсон болон ирсэн замын тооцоо, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгч П-ийн өөрийн гаргасан цалингийн тооцоо;

Төрийг төлөөлж  Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа хариуцсан ахлах прокурор Д-аас Б аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №5/14 дугаартай “Гомдлыг хүлээн авах тухай” прокурорын тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн “Я.Сьезд, Х, Ф, С, П, А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” магадлал, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгасан хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод (Пд) танилцуулсан тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч Пийг 2 дахь байцаасан тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагч Пийг 2 дахь байцаасан тэмдэглэл, өмгөөлөгч Б.Цогнямын Улсын мөрдөн байцаах газарт гаргасан хүсэлт, Үнэн сонинд нийтлэгдсэн мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10/2-3376 дугаартай “Б аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд танаа” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Нэхэмжлэгч П эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гэмт хэргийн шинжгүй хэмээх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хилсээр эрүүгийн хэрэгт анх шалгагдаж байх үед албан тушаалыг түр түдгэлзүүлсэн учраас цалин хөлс авч чадаагүй болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хохирсон. Иймд албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон 2016 оны 02 дугаар сарын 04-ний хүртэлх хугацааны цалин 23732064 төгрөгийг Монгол Улсын  Засгийн газрын нөөц сангаас гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг ажил олгогч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгахыг хүссэн байна.

3.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа хариуцсан ахлах прокурор Д.Дуламжав нь нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татаж, мөн ажил, албан тушаалыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлсэн. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэсэн байна.

4.Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А нь нэхэмжлэгч П нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан. Хилс хэргээр хэлмэгдээд цагаатгагдсан тул манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжтой гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

1) Б аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №5/21 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн 201604000093 дугаартай хэргээс П-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй гэсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

2) Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №12 дугаартай “Ажлаас түдгэлзүүлэх тухай” тушаалаар тус хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга П-ийг үүрэгт ажлаас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж түдгэлзүүлсэн байна.

3) Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/08 дугаартай “Мөрдөн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолоор П-д холбогдох 201304000399 дугаартай хэрэгт Ц.Наранхүүгийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосон байна.

4) Улмаар Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №б/08 дугаартай “П-ийг ажилд томилох тухай” тушаалаар тус хэлтсийн захиргаа, хяналтын албаны даргаар ажиллаж байсан П-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсон байна.

5) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч П-д хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.

6) Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнийг хууль бусаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

7) Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” хэмээн зохицуулсан байна.

8) Нэхэмжлэгч П нь албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс урьд эрхэлсэн ажилд эгүүлэн томилсон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно” гэж заасны дагуу П-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1033406 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

(Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч П-ийн НДД№0000000 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн 2014 оны 01, 02 дугаар сар, 2013 оны 12 дугаар сард төлсөн шимтгэлийн бичилтээр дундаж цалин хөлсийг тодорхойлоход нэг сарын дундаж цалин 1033406 төгрөг байна. /2014 оны 01 сард 953906 төгрөг + 2014 оны 02 сард 953906 төгрөг + 2013 оны 12 дугаар сард 1192406 төгрөг) : 3 сар = 1033406 төгрөг; 1033406 төгрөг : 22.5 хоног= 45929 төгрөг нэг өдрийн цалин байна./)

9) Нэхэмжлэгч П нь албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 24 сар 8 хоногийн цалин хөлсийг тооцоход 25169476 төгрөгийн цалин олгогдоогүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилсэн хэмжээгээр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин 23732064 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч П-д олгох нь зүйтэй байна.

10) Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч П нь албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч (ажил олгогч) Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй байна.

11) Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул хавтаст хэрэгт талуудын бүрдүүлж өгсөн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авсан болон сэтгэл санаа, бие эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

12) Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс 23732064 (хорин гурван сая долоон зуун гучин хоёр мянга жаран дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П-д олгож, энэ хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Х

ШҮҮГЧИД                                                                  Ж.

 Б.