| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
2024 10 28 2024/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогч *****,
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний орой ******ХХК-ийн Номгон 1 кемпэд *****тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хутгаар хатгасны улмаас нуруунд шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Энэ баримт дээр байгаа бүх л юм яг байна. Хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мэдүүлэхдээ: “...**** ахтай 2-3 жил коронагаас хойш цуг ажиллаж байгаа. Удирдаж байгаа хүний хувьд хэлэхэд ***** ах зан ааш нь тогтвор төлөвтэй хүн байгаа. Тэр өдөр орилоод үгүй ахаа падаанаа тавьсны ар дээр би хүсэлтийг чинь явуулна гэсэн чинь чи ажлаа хийдэггүй гээд бид хоёр маргалдсан. Ахаа хоёулаа утасны цаанаас ойлголцохгүй юм байна та кемп дээр хүрээд ирээрэй хоёулаа учраа олъё утасны цаанаас хоёулаа маргалдаад бие биеэ муугаар хэлээд байна гэж хэлчхээд ажил хийж яваад мартчихаж. Орой өрөөнд чинь орсон чи байхгүй байна шүү. Орж ирэхээрээ ороод ирээрэй гэсэн ороод очсон ийм асуудал үүсчихсэн одоо энэ хүний биеийн байдлыг харахад тиймэрхүү байна. Энэ хүнээс та ингэсэн та ийм гээд байх надад сонирхол алга. Миний биеийн байдал зүгээр болчихсон байна. Энэ хүнээс нэхэмжилсэн сая төгрөгийг авахгүй байсан ч миний хувьд болно энэ хүний биеийн байдал ийм байгаа учраас тиймхэн зүйлээс маргаснаас болоод өөрийн гэсэн орлогогүй, цалингүй байгаа дээр нь би тэдэн төгрөг авна гэх шаардлага алга. Энэ шүүх хурлыг аль болох энэ хүнд асуудал бага үүсгээд дуусгахыг хүсэж байна. Нэхэмжлэхгүй байсан ч болно” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах албаны хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ***** холбогдох эрүүгийн ***** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Үрлүүд овогт *****нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны орой ***** ХХК-ийн Номхон нэгдүгээр кемпэд *****тай үл ялих зүйлээс маргалдаж улмаар хутгаар хатгасны улмаас нуруунд шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл үүсэж хүний эрүүл хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ***** цагдаагийн тасагт гаргасан өргөдөл, эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***** мэдүүлэг, гэрч Жамсранжавын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын ***** дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч ***** мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон оролцогчийн эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Цэрэнг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн хувьд хохирлын баримт гаргаж өгөөгүй гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ***** Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 11-р хуудас/,
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** тасагт гаргасан өргөдөл /хх-н 12-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-18-р хуудас/,
Хохирогч ***** “...Хилийн хаалтын хүсэлтийг нь би илгээдэг 17 цагийн үед ***** надад ах нь хил дээр ирчихлээ хүсэлт илгээгээрэй гэсэн тэр үед би утсаар яриад анзаараагүй ***** хил дээр 30 минут хүлээж зогссон байх тэгээд би хүсэлтийг нь явуулаад оруулж ирээд ажлыг групп чатын дээр намайг харааж зүхээд бид 2 маргалдаад би ахаа утасны цаанаас 2-лаа хэл амаа олохгүй юм байна. Ирээд уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би боомт ороод буцаж байхад ***** утсаар над руу би өрөөнд чинь ороод гарлаа чи байхгүй байна миний өрөөнд ороод ирээрэй гэсэн. Тэгээд би яваад ороод ахаа та хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ? гээд хэлтэл хутга бариад чи намайг дээрэлхээд байна уу? би чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү. Хутган дээр унав гээд байсан. Тэгээд би хутгыг нь салгах гээд зууралдах хооронд хутгалуулсан байсан. Тэгээд гаднаас Жамсранжав орж ирээд салгаад чамайг хутгалсан байна гэж хэлээд салгасан би уурандаа **** нүүр лүү 2 удаа цохисон манай кемпийн эмч ирээд цусыг чинь тогтооно гээд намайг аваад явсан..” гэх мэдүүлэг, /хх-н 21-р хуудас/,
2024.10.14-ний өдрийн дахин өгсөн “...Одоо өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй...Эмчилгээний зардал замын бензин тос, эм тарианы мөнгө нийлээд 1.000.000 төгрөгийн зардал гарсан...Би прокурор, шүүхийн шатанд хохирлын баримтаа гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/,
Гэрч Б.Жамсранжавын “...Бууж ирээд 20 цагийн үед өрөөндөө амарч байхад миний хажуу талын өрөөнд **** ***** 2 муудалцаж байгаад удалгүй ноцолдох чимээ гараад би яваад ортол ***** хутга барьчихсан ***** зүсэгдчихсэн цус болчихсон байсан тэгээд би салгаад Цэрэнгээс хутгыг нь булааж аваад ширээний ар луу шидчихсэн. Тэгээд ***** эмч өрөө рүүгээ аваад орсон. Тэгээд би өрөөндөө орсон...Хутгаа барьчихсан ***** зууралдаад байж байсан...Сайн мэдэхгүй байна. Хутгыг нь булааж хаях гээд анзаараагүй ...” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 467 дугаартай “...1.****н биед нуруунд шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. *****н биед учирсан нурууны шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн, баруун шууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. ****н биед учирсан нурууны шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, баруун шууны цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно...” гэх дүгнэлт /хх-н 29-30-р хуудас/,
Яллагдагч *****н “...Би 2024 оны 09 сарын 12-ны өдөр БНХАУ-аас Монгол улс руу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрладаг Гашуун сухайт боомтоор орж ирж байх үедээ гааль дээр хаалт хийлгэх гээд гаалийн байцаагчтай уулзахад "Хүсэлт чинь ирээгүй байна" гэж хэлсэн. Тэхээр би "We чатаар" ***** гэх нэртэй групп чатанд "Хүсэлт явуулаарай" гэж бичсэнээс хойш хүсэлт ирэхгүй болохоор нь би групп чатан дээр ахин "Ажлаа хийгээч" хэмээн бичсэнээс болж "Их даваа уул" гэх нэртэй компани менежер *****муудалдсан ***** дугаарын утаснаасаа залгаад "Та одоо группээр юу яриад байгаан" гэхээр нь би "Та нарыг ажлаа л хий гэж хэлсэн өөр би юу ярьсан юм" гэж хэлэхэд ***** "Архичин өвгөн, хөгшин юм байж гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд монголын хилээр орж ирээд ***** ХХК-ийн кемп дээрээ ирсэн. Намайг ***** ирэхээрээ уулзаарай гэсэн болохоор нь ***** ХХК-ийн кемп-д байрлах амьдардаг өрөөнд очтол хаалга цоожтой байхаар нь би өөрийнхөө байрладаг өрөөндөө ирээд ***** дугаар луу нь залгаад "Чи хаана байгаан бэ? Би сая очсон цоожтой байна" гэхэд ***** "Одоо очиж явна" гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй манай өрөөний үүдэнд машинтайгаа ирж зогсоод өрөөнд орж ирээд бид 2 муудалцаад намайг заамдаж аваад ор луу түлхэж унагаахаар нь би босож ирээд ширээн дээр хутга байхаар авсан. Тэгтэл ахиад орон дээр түлхэж унагаахад нь би "Битгий чи хутган дээр уначаарай" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр орон дээр ноцолдож байгаад нэг мэдэхэд би *****нуруун хэсэгт нь гартаа хутгаараа зүссэн байсан. Тэгээд жолооч нар орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *****нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний орой *****ХХК-ийн Номгон 1 кемпэд С.Алтаншагайтай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хутгаар хатгасны улмаас нуруунд шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ***** нь хохирол төлбөрт шүүгдэгчээс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн баримт өгсөн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** нь хохирол төлбөрт нэхэмжилсэн 1,000,000 төгрөгөөсөө татгалзсан тул шүүгдэгч ***** бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч ***** нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагад хүндрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шүүгдэгч ***** нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй мөн түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтын хувьд хэргийн хамт хавсаргаж ирсэн нэг ширхэг хутгыг устгуулах, шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардал байхгүй болно” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ***** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *****торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч *****нь шүүгдэгч *****ээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *****бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА