Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2022/00309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Ө  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Г, Хаяг:Баян-Өлгий  аймаг, Ө  сум 2 дугаар баг, Цагаан эрэг 2 гудамж, 8 тоот,

 

Хариуцагч: Баян-Өлгий  аймгийн Ө сумын Засаг дарга, Хаяг:Баян-Өлгий  аймаг,Ө  сум 5 дугаар баг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.Г г урьд эрхэлж байсан аймгийн Ө  сумын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,

Хариуцагч Ө  сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгч С-ыг оролцуулахгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Г  нь Ө  сумын Засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

2.Нэхэмжлэгч Х.Г  нь  2022 оны 02 дугаар  сарын 07-ны өдөр шүүхэд Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/45 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ярихад, Х.Г  сэлгэн ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Х.Г  1997 оноос эхэлж Ө  сумын 8 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж, 2016 оны 02 дугаар сараас Ө  сумын ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Энэхүү хугацаандаа ажил олгогчоос Х.Г гийн санал хүсэлтийг авахгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан. Сэлгэн ажиллуулахыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Х.Г  ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаагүй, авлига, албан тушаалын хэрэгт шалгагдан тогтоогдсон зүйл байхгүй. Ажил олгогчоос авлига албан тушаалтай холбоотой гомдол санал их гарч байгаа учраас сэлгэн ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлийг хурлын тэмдэглэлдээ дурдсан байна. Гэхдээ нэхэмжлэгч ямар нэгэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулах журмыг хуульчилж өгсөн. Сэлгэн ажиллуулах журмаар тухайн ажилтантай харилцан тохиролцсон бол сэлгэн ажиллуулж болох 4 үндэслэл байна.

Уг 4 үндэслэлийн тус байгууллагад удаан хугацаанд ажилласан гэсэн үндэслэлийг барьсан хэдий ч ажилтантай харилцан тохиролцоогүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж ажилтныг сэлгэн ажиллуулсан. Сэлгэн ажиллуулах нь өөрөө хоёр ажилтныг хооронд нь сэлгэн ажиллуулахаар хуульчилж өгсөн. Ө  сумын цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулж байгаа гэсэн нэрийн доор нэг нэгэндээ холилдуулан ажиллуулсан. 2021 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил олгогчид сэлгэн ажиллуулах эрхийг олгосон гэдэг заалтыг баримталж байна. 2021 онд сэлгэн ажиллуулах журмыг зохицуулсан шинэ Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхлээгүй байсан. 2021 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хуулиас давсан гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний заалт нь хууль зөрчсөн учраас биелэгдэх боломжгүй. Тухайн гэрээнд ямар нэгэн үг дуугүй сэлгэн ажиллуулах заалт байхгүй. Зөвхөн ажил олгогч сэлгэн ажиллуулах ажлыг зохион байгуулах эрхтэй гэсэн заалт оруулсан. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд авагдсан нотлох баримт Х.Г д огт хамаагүй. Х.Г г ямар нэгэн хуралд оролцуулаагүй. Дарга болон нарийн бичиг нар хуралдаад тэмдэглэл үйлдсэн байна. Энэ хурлын тэмдэглэлийг анх удаа харж байна. Иймд Х.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Ө  аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

3.Хариуцагч Ө  сумын Засаг дарга Е  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С  нарын хариу тайлбар, татгалзал: 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар Ө  сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох, авлига хээл хахуулаас сэргийлэх зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгчид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй болно. Тухайн үед эрхлэгч нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд Ө  сум дотор л ажиллаж байна. Эрхлэгч Х.Г д Ө  сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн ажлыг хүлээлгэн өгөх бөгөөд цаашид цалин хөлс нь тус цэцэрлэгээс цагийн бүртгэлийг үндэслэн бодогдох болно гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

4.Нэхэмжлэгчээс Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №Б/110 дугаартай Х.Г г ажилд томилох тухай захирамж, Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай Сэлгээн ажиллуулах тухай захирамж, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №...  дугаартай Хөдөлмөрийн гэрээ, иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн С, Н  нартай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2022.02.10-ны өдрийн нэхэмжлэгчийн хүсэлт, 2022.02.25-ны өдрийн №0214 дугаартай нэхэмжлэгч Х.Г гаас Н т олгосон итгэмжлэл,

 

5.Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/90 дугаартай алан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, Баян-Ө  аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А н 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай Ө  сумын Засан дарга Е ад хаягласан Санал хүргүүлэх албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ө  сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн хурлын заалд болсон Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Боловсролын газрын даргын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Г гаас анх шүүхэд хариуцагч Ө  сумын Засаг дарга Е ад холбогдуулан тус Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ажил олгогчийн сэлгэн ажиллуулах тухай Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Г г  урьд нь эрхэлж байсан аймгийн Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

2.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Х.Г  нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхад Ө  сумын Засаг дарга Е  надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд Ө  сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулиараа сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохирсон байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн тул Ө  сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\45 дугаартай Сэлгээн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө  сумын хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

 

4.Хариуцагч Ө  сумын Засаг дарга Е  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  С  нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч Ө  сумын Засаг дарга Е  нь Ө  сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан, сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Г г Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн томилсон болох нь Баян-Ө  аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №Б/110 дугаартай захирамжаар, улмаар Х.Г г аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г г Ө  сумын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Түүнийг нэхэмжлэгч Х.Г гаас эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан ба хариуцагч аймгийн Ө  сумын Засаг даргаас  2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ...  дугаартай Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г тай  байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт сэлгэн ажиллуулах тухай тусгаж талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан гэж маргажээ.

 

6.Гэтэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Ө  сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгээн ажиллуулах ажил зохион байгуулах” гэж заасан нь ажил олгогчийн эрх, үүрэгт холбогдолтой заалт болохоос хариуцагч буюу ажил олгогч аймгийн Ө  сумын Засаг дарга нь ажилтан Х.Г тай тухайн үйл баримтын талаар буюу аймгийн Ө  сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

7.Хариуцагч буюу ажил олгогч Ө  сумын Засаг дарга Е  болон ажилтан нэхэмжлэгч Х.Г  нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №...  дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд сэлгээн ажиллуулах тухай зохицуулалт байхгүй байсан ба сэлгэн ажиллуулах тухай зохицуулалт нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд шинээр орсон бөгөөд энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

 

8.Хариуцагч Ө  сумын Засаг дарга Е  нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилтан Х.Г тай байгуулсан №...  дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.8-д заасан Ө  сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгэн ажиллуулах ... гэх үндэслэлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заагаагүй байна.

 

9.Дээрх хариуцагч  аймгийн Ө  сумын Засаг даргын нэхэмжлэгч Х.Г г Ө  сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулсан захирамждаа Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д” Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, мөн зүйлийн 59.1.4-т “нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” гэсэн заалтыг баримталсан байна.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд ажил олгогч аймгийн Ө  сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х.Г тай сэлгэн ажиллуулах санал гаргасныг зөвшөөрч харилцан тохиролцсон гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул ажилтан Х.Г тай харилцсан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан байна гэж дүгнэх боломжгүй болно.

 

10.Хариуцагч аймгийн Ө  сумын Засаг дар нь нэхэмжлэгч Х.Г тай харилцан тохиролцож сэлгэн ажиллуулсан гэж аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А н 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай Ө  сумын Засан дарга Е  танаа Санал хүргүүлэх тухай албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү албан бичгийн агуулга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй мөн аймгийн Боловсролын газрын дарга А  даргалж, нарийн бичгийн дарга У хөтөлсөн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ө  сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн хурлын заалд болсон Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн, аймгийн Боловсролын газрын дарга А  даргалж, нарийн бичгийн дарга У хөтөлсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Боловсролын газрын даргын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн гэх хурлын тэмдэглэлүүдийг ирүүлсэн боловч уг протоколд тухайн хуралд оролцсон гэх Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын нэр бичигдээгүй, Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г гийн тайлбар болон Ө  сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт сэлгэн ажиллуулах талаар түүнтэй тохиролцсон үйл баримтын талаар тусгагдаагүй тул нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулсан хариуцагчийн тушаалын энэ үндэслэлийн талаар шүүхээс хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй тул эдгээр хариуцагч аймгийн Ө  сумын Засаг даргаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

11.2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-д заасан Нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үндэслэлүүдийг хариуцагч Ө  сумын Засаг дарга Е  нь шалгаж нягтлан тогтоосон нотлох баримт байхгүй байна.

 

12. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум дүүргийн Засаг даргын тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба мөн хуулийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг тусгажээ. аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Х.Г г үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн сэлгээн ажиллуулсан тухай агуулга байхгүй байна.

 

13.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан нэхэмжлэгч Х.Г г Ө  сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулсан аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

14.Харин нэхэмжлэгч Х.Г гийн урьд эрхэлж байсан Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр одоо ажиллаж байгаа Ас нь тус шүүхэд хариуцагч аймгийн Ө  сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа  болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Г гийн нэхэмжлэлтэй, хариуцагч аймгийн Ө  сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар  Ө  сумын Хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа  К.А ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

15.Баян-Ө  аймгийн Ө  суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь Баян-Ө  аймгийн Үйлдвэрчний эвлэлийн  холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Г  хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д нийцэж байна.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Ө  аймгийн Ө  сумын Засаг дарга Е аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан Баян-Ө  аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\45 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Г г урьд эрхэлж байсан аймгийн Ө  сумын хүүхдийн ...  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аймгийн Ө  сумын Засаг дарга Е аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.ЖАРХЫНГҮЛ