Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2022/00330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаяг: Баян-Өлгий аймаг, А  сум 5 дугаар баг, Борбургас гэх газарт оршин суух, Б.А

 

Хариуцагч: Хаяг: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 3 дугаар багт оршин суух, Б.Э

 

Хамтран хариуцагч: Хаяг: Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, А.А

Нэхэмжлэлийн шаардлага: Хонины үнээс үлдсэн 750000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  ,

Хариуцагч Б.Э ,

Хамтран хариуцагч А.А ,

Гэрч Г.М ,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б.Э , хамтран хариуцагч А.А нарт холбогдуулан хонины үнээс үлдсэн 750000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Б.А  нь 2021 оны 9 дүгээр сарын үед Өлгий суманд малын ченж хийдэг иргэн Б.Э д 8 бог буюу хонь худалдсан. Б.Э  тэр үед хажууд үл таних нэг залуу явж байсан. Тухайн үед Б.Э  4 эм хонийг нэг бүрийг 200000 төгрөгөөр үнэлж нийт 800000 төгрөг, 4 төлгийг нэг бүрийн үнэ нь 170000 төгрөг, нийт 680000 төгрөг, бүгд 1480000 төгрөг худалдан авсан. Тухайн үед уг худалдсан хонины үнийг харилцан тохиролцож 1460000 төгрөг болгож, газар дээр нь Б.Э  Б.А д 40000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 1420000 төгрөгийг бэлэн бусаар түүний дансанд дараа нь шилжүүлэхээр тохиролцсон байна. Хэд хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.А ий ХААН банк дахь 0000  дугаартай дансанд 680000 төгрөгийг Б.Э  бэлэн бусаар шилжүүлсэн байна. Харин үлдэгдэл 750000 төгрөгийг Б.Э  нь өгөхгүй байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах явуулахаас татгалзах тухай” 10 дугаартай тэмдэглэлээр Б.А ий өргөдлийг буцаасан. Б.А  нь тухайн үед хонины наймааг Б.Э тай хийсэн, үүнийг нотолгоо нь Б.Э  наймаа хийсэн өдөр 40000 төгрөгийг Б.А д, дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 680000 төгрөгийг түүний дансанд бэлэн бусаар шилжүүлсэн явдал харуулж байна. Б.Э  энэ асуудал надад хамааралгүй, А.А  нь нэхэмжлэгчээс хонь худалдаж авсан гэж тайлбар гаргасан учраас А.А ыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан. Хэрэв Б.Э  А.А  нарын хооронд мөнгө төгрөгийн тооцоо байвал Б.Э  А.А д холбогдуулан шүүхэд жич нэхэмжлэл гаргах замаар асуудлаа шийдвэрлүүлж авах боломжтой. Б.А  нь А.А ыг огт танихгүй. Б.Э  байнга А  сумаар явж малчдаас хонь худалдаж авч хонины наймаа хийдэг хүн байсан. Б.А  А.А д хонь худалдаагүй. Нэхэмжлэгчтэй наймаа хийсэн хүн нь Б.Э  тул түүнээс уг хонины үнээс үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. Иймээс уг худалдах, худалдан авах гэрээнээс үлдсэн хонины үнэ 750000 төгрөгийг Б.Э аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Б.Э ы хариу тайлбар, татгалзал: Миний бие Б.Э  нь Б.А ээс ямар нэгэн мал худалдаж аваагүй, наймаа хийгээгүй. Тухайн үед би Б  гэх залуутай хамт А  сум руу явж малчдаас хонь цуглуулсан. Хамтран хариуцагчаар оролцож байгаа А.А , Б  нар нь машиныг жолоодоод бид нарын хамт очсон. Бидний бэлнээр авч очсон мөнгө дуусаад сумын төв орж мөнгө аваад ирсэн. Б  бид хоёр Ба  гэдэг хүний гэрт мал авахаар очоод архи уугаад согтож тухайн айлд хоносон. Тухайн үед бид хоёрт мал хариуцах ямар нэгэн чадвар байгаагүй. А.А  нь Б н машиныг унаж очоод Б.А тэй тохиролцож 8 хонь худалдаж авахаар болж бэлнээр газар дээр нь 40000 төгрөг төлж, үлдсэн мөнгөө сүлжээнд орохоор шилжүүлэхээр тохиролцсон байна. А.А  нь сүлжээ орохдоо мөнгийг нь шилжүүлнэ гэж Ба аас дахиад нэг хонь авсан байна. Ингээд А.А  аймгийн төвд нийт 9 хонь ачиж ирсэн. А.А  аймагт ирээд өнөөдөр хийнэ, маргааш хийнэ, одоо хийнэ гэсээр 7 хоног өнгөрсөн боловч мөнгөө өгөөгүй гэхээр нь би Б.А  бид хоёрын хадам ах Б  болон М  нарыг дагуулж очоод А.А оос мөнгөө төлөхийг шаардсан. Б.А  бид хоёр нэг айлын базууд. Б.А  надад залгаад А.А  надаас авсан хониныхоо мөнгийг төлөхгүй байна, чи очоод асуугаад өгөөч гэхээр нь А.А той очиж уулзсан. А.А  нь Б.А ээс авсан 8 хонины 4-ийг нь зарсан байна. Эхний удаа очиход А.А  мөнгөө төлөхөө илэрхийлсэн. Дараа нь дахиад очиход А.А  Б.А д авсан хонины оронд барилгын материал өгөхөөр болсон гэсэн. Ингэхэд Б.А ий хадам ах Б  энэ асуудлыг би мэдье, чи юу боловч үлдсэн 4 хонийг зараад мөнгийг нь Б.А ий дансанд хийгээрэй гэхээр нь 4 төлгийг зараад 720000 төгрөгийг Б.А ий дансанд хийсэн. Энэ залуу чадахгүй юм байна гээд гуйгаад байхаар миний хонинд байсан 4 хонийг зараад би мөнгийг Б.А ий дансанд хийсэн. Энэ асуудал надад огт хамааралгүй. Б.А  хонио зарсан А.А оос мөнгөө нэхэмжлэх ёстой. А.А оос барилгын материал авахаар болсон гэж тохирсон байсан. М , Б  нар мэдэж байгаа. Иймд надад хамааралгүй би төлөхгүй. Авсан хүнээс нь нэхэмжлэлээ гаруулахыг хүсэж байна гэв.

3.Хамтран хариуцагч А.А ын тайлбар, татгалзал: Би нэхэмжлэгч Б.А  гэдэг хүнийг огт танихгүй юм байна. Хариуцагч гэж байгаа Б.Э  гэдэг хүнийг танина. 2021 оны 9 дүгээр сард Б.Э  болон Б  гэдэг хүнтэй хамт А  сумын Бор бургас гэдэг газарт очсон. Тэр үед Б.Э , Б  хоёр тэнд очоод хүмүүсээс хонь худалдаж аваад байсан, би Б ийн хүсэлтээр түүний машин бариад явсан. Б  би А  сум очоод самогон уугаад согтож магадгүй учраас чи миний машиныг бариад тус болоорой гэж хүссэн. Тэнд бид нар 1 /нэг/ хонож ирсэн ба буцах замд Б.А  гэдэг хүнтэй Б.Э  яриад 8 хонь авсан, тэр үед 4 эм хонь, 4 төлөг авч байсан. Хонины мөнгийг сүлжээнд гараад шилжүүлье гэж надаар хэлүүлээд аваад явсан. Би хонийг барихад хамт байж туслалцсан. Тэр үед том машинд хамт явсан ба том машиныг өөр хүн бариад явж байсан. Тэд нар А  сумаас 42 хонь ачиж ирсэн ба Өлгийд ирсний дараа Б.Э , Б  хоёр муудалцаж, хонио хуваалцаад авцгаасан. Б.А ээс авсан хонийг Б.Э  өөрөө авч явсан ба тэр надад “... чамд мөнгө байвал төлчих, хоёулаа ашгаа хуваалцъя” гэхэд нь зөвшөөрөөгүй юм. Хонийг тэр өөрөө зараад мөнгийг нь авсан байх. Би нэг ч хонь зараагүй. Надад бусдад өгөхөөр илүү гарсан барилгын материал ч байхгүй, барилгын материалын дэлгүүр ч байхгүй. Б.Э ы энэ талаар хэлж байгаа тайлбар нь худлаа. Хэрэв нэхэмжлэгч надаас авах авлагатай бол миний бичсэн гарын баримтыг гаргаж ирэх ёстой байсан. Намайг шүүхээс хамтран хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.А ий нэхэмжилж байгаа хонины мөнгө надад огт хамаагүй, би хариуцахгүй гэдгийг хэлье гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.11.21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, нэхэмжлэгч Б.А ий ХААН банк дахь 00000 дугаартай дансны хуулга, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 10 дугаартай тэмдэглэл, нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Б.А ээс Я.С  эд олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт хариуцагчаар А.А ыг татаж өгөх тухай хүсэлт зэрэг баримтуудыг,

5.Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тухай тайлбар, хамтран хариуцагчаас 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тухай тайлбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хонины үнээс үлдсэн 740000 төгрөгийг хариуцагч Б.Э аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 10000 төгрөг болон хамтран хариуцагч А.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нэхэмжлэгч Б.А  нь 2021 оны 9 дүгээр сарын үед Ө суманд малын ченж хийдэг Б.Э д  8 бог буюу хонь худалдсан. Тухайн үед 4 эм хонийг нэг бүрийг 200000 төгрөгөөр үнэлж нийт 800000 төгрөг, 4 төлгийг нэр бүрийн үнэ нь 170000 төгрөг нийт 680000 төгрөг бүгд 1480000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед уг худалдсан хонины үнийг харилцан тохиролцож 1460000 төгрөг болгож, газар дээр нь Б.Э  нь 40000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 1420000 төгрөгийг бэлэн бусаар дансанд дараа нь шилжүүлэхээр тохиролцсон байна. Хэд хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.А ий ХААН банк дахь 0000  дугаартай дансанд 680000 төгрөгийг Б.Э  бэлэн бусаар шилжүүлсэн байна. Б.А  нь тухайн үед хонины наймааг Б.Э д хийсэн бөгөөд тэрээр А.А  худалдаж авсан гэх юм. Б.Э ы хажууд үл таних нэг залуу явж байсан. Бид А.А ыг танихгүй, наймаа хийсэн хүн нь Б.Э  тул түүнээс  хонины үнээс үлдсэн мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Миний бие Б.А ээс ямар нэгэн мал худалдаж аваагүй, наймаа хийгээгүй. А.А  гэдэг залуутай наймаа хийж 8 хонио зарсан. А.А  гэдэг залуу урьдчилгаа 40000 төгрөг өгөөд үлдсэнийг сүлжээнд гараад хийнэ гэж авч явсан. Энэ залуу чадахгүй юм байна гээд гуйгаад байхаар миний хонинд байсан 4 хонийг зараад би мөнгийг Б.А ий дансанд хийсэн. А.А оос барилгын материал авахаар болсон гэж тохирсон байсан. Иймд надад хамааралгүй би төлөхгүй гэжээ.

4.Хамтран хариуцагч А.А  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгч Б.А  гэдэг хүнийг огт танихгүй. 2021 оны 9 дүгээр сард Б.Э  болон Б  гэдэг хүнтэй хамт А  сумын Бор бургас гэдэг газарт очсон. Тэр үед Б.Э , Б  хоёр тэнд очоод хүмүүсээс хонь худалдаж аваад байсан, би Б н хүсэлтээр түүний машин бариад явсан. Тэнд бид нар 1 /нэг/ хонож ирсэн ба буцахдаа замд Б.А  гэдэг хүнтэй Б.Э  яриад 8 хонь авсан, тэр үед 4 эм хонь, 4 төлөг авч байсан. Хонины мөнгийг сүлжээнд гараад шилжүүлье гэж надаар хэлүүлээд аваад явсан. Би хонийг барихад хамт байж туслалцсан. Өлгийд ирсний дараа Б.Э , Б  хоёр муудалцаж, хонио хуваалцаад авцгаасан ба Б.А ээс авсан хонийг  Б.Э  өөрөө авч явсан ба тэр надад “... чамд мөнгө байвал төлчих, хоёулаа ашгаа хуваалцъя” гэхэд нь зөвшөөрөөгүй юм. Б.А ий нэхэмжилж байгаа хонины мөнгө надад огт хамаагүй, би хариуцахгүй гэжээ.

5.Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч Б.А ээс 4 эм хонь, 4 төлөг нийт 8 хонийг бүгд 1460000 төгрөгөөр худалдан авч, газар дээр нь Б.Э аас 40000 төгрөгийг бэлнээр, улмаар нэхэмжлэгчийн ХААН банк дахь 0000  дугаартай дансанд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 680000 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн ХААН банк дахь 0000  дугаартай дансны хуулга, нэхэмжлэгч, хамтран хариуцагч нарын тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 10 дугаартай тэмдэглэлд хариуцагч Б.Э ы гаргасан тайлбар, нэхэмжлэгч Б.А ий Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хэн аль нь хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн авч, амаар хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Б.А ээс 4 толгой эм хонь, 4 толгой төлгийг хариуцагч Б.Э д хүлээлгэн өгсөн, хариуцагч 8 толгой хонины үнээс 40000 төгрөгийг тухайн үед бэлэн өгч, 680000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хонь худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Б.Э аас худалдаж авсан хонины үнээс үлдсэн мөнгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас мөнгийг төлөх үүрэгтэй болно.

7.Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч Б.А ээс хонийг би худалдаж аваагүй хамтран хариуцагч А.А  нь худалдаж аваад тухайн үед урьдчилгаа гэж 40000 төгрөгийг А.А  өгсөн. Харин миний хоньд үлдсэн 4 хонийг  би зараад түүний дансанд 680000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 4 хонийг хамтран хариуцагч А.А  авч явсан тул би төлөхгүй гэж маргаж байгаа ба харин 8 толгой хонь болон түүний үнийн талаар талууд маргаагүй байна.

8.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 10 дугаартай тэмдэглэлийн уригдах тал Б.Э ы ирүүлсэн тайлбартаа “...Уг мал нийлээд 1460000 төгрөг болсон. 40000 төгрөгийг би өгөөд сүлжээнд гарангууд дансанд шилжүүлэн ...” гэж хэлсэн гэх тайлбар мөн нэхэмжлэгч Б.А ий тухайн үед 40000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтаар хонь худалдаж авах үед хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч Б.А д 40000 төгрөгийг бэлэн өгч, дараа нь 680000 төгрөгийг бэлэн бусаар дансаар шилжүүлсэн үйл баримт нь тогтоогдож байна.

9.Хариуцагч Б.Э д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд маргаан бүхий 8 толгой хонины 4 толгой хонийг хамтран хариуцагч А.А  “ ” маркийн машинаар ачиж явсан гэж тайлбарлаж, Г.М  гэх хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.М  нь “...хариуцагч Б.Э , нэхэмжлэгч Б.А ий хадам ах  Б  хамт хамтран хариуцагч А.А д очиж 4 хонины үнийг асуухад би хамт явсан. Тэгэхэд А.А  нь барилгын материал өгнө гэж хэлсэн” мэдүүлэг өгсөн боловч нэхэмжлэгч Б.А ээс 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Э д холбогдуулан тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгчийн ХААН банк дахь 0000  дугаартай дансанд 680000 төгрөг шилжүүлж утга дээр “Эрдэнэбулганаас 4ш хонь үнэ” гэж  бичсэн үйл баримтаар нэхэмжлэгч Б.А ээс хариуцагч Б.Э  хонь худалдан авсан болох нь нотлогдож, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хамтран хариуцагч А.А оос  нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хонины үнээс үлдсэн 750000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

10.Хариуцагч Б.Э аас татгалзлаа нотолж чадаагүй тул түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв гэж дүгнэх боломжгүй бөгөөд түүний шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан Г.М ийн гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

11.Иймд талууд анх хонь худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулах үед 4 толгой эм хонь, 4 толгой төлгийг бүгд 1460000 төгрөгөөр харилцан тохиролцсон байх ба хариуцагч Б.Э аас 40000 төгрөгийг хонь худалдаж авах үед бэлэн өгч, 680000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх тул уг мөнгийг хасаж үлдсэн 740000 (1460000-720000) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10000 төгрөг болон хамтран хариуцагч А.А  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох  740000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 22310 төгрөгийг хариуцагч Б.Э аас гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э аас хонины үнээс үлдсэн 740000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.А д олгож, илүү нэхэмжилсэн 10000 төгрөг болон хамтран хариуцагч  А.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид  22310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЖАРХЫНГҮЛ