Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1415

 

 

 

 

 

                        

  2020           11              10                                           2020/ДШМ/1415

 

 

Ч.Ч, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

цагаатгагдсан этгээд Б.Эгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 711 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ч, Б.Э нарт холбогдох  1911028481296 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Солоон овгийн Чойжхорлоогийн Ч, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, Идэр дээд сургуулийн тусгай хөтөлбөр хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гудамжны 239 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 47е дугаар байрны 88 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЕ87082412/;

2. Тайж нар овгийн Бэгзжавын Э, 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, ахын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХП83122867/;

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Этай маргалдаж, улмаар үснээс нь зулгааж газарт унаган чирж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгэээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Ч, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1911028481296 дугаартай хэргээс Тайж нар овгийн Бэгзжавын Эг Ч.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Солоон овгийн Чойжхорлоогийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Чад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Чаас 120.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгуулж, хохирогч Б.Эг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ч.Ч нь Б.Эд хамар луугаа цохиулснаас хамрын хянга яс хугарч, хөнгөн зэргийн гэмтэл авч хохирсон тухай түүний гэрч, хохирогч, яллагдагчаар удаа дараа өгсөн ямар нэгэн зөрүүгүй, тогтвортой мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан ба уг мэдүүлгүүд нь 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13124 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Чимид-Очирын мэдүүлэг, гэрч Б.Эрхэмбаярын мэдүүлэг зэргээр давхар нотлогддог. Шүүх дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ дурдалгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, зөвхөн Б.Эгийн найз нөхдийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүд болох Т.Ням-Осор, Х.Мөнх-Эрдэнэ, Б.Хишигбаяр нарын мэдүүлгүүдийг үндэслэн Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байна. Ч.Чыг Мөнх-Эрдэнэтэй маргалдаад зогсож байхад Б.Э нь “чи муу миний найзыг яаж байгаа юм бэ” гээд Ч.Чын нүүрэн тус газарт цохиход тэрээр тонгойгоод дээшээ босохдоо Б.Эгийн үснээс зулгаагаад авсан хэргийн бодит байдлыг шүүх зөв дүгнээгүйгээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг зөв тогтоож чадалгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг хангаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “24-ний өглөө миний хамарнаас маш их цус гарсан. Тэгээд би “Э цохиод гэмтээчихлээ” гээд Хулан руу мессеж бичсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Э мэдүүлэхдээ “тухайн өдөр Чын хамрыг хэн нэгэн нь гэмтээчихсэн байна лээ” гэж хэлсэн байсан” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Эгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн хууль зөрчсөн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ямар нэгэн зөрчил байхгүй. Өмнө нь анхан шатны шүүхээс эргэлзээтэй нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна гээд шүүгдэгч Ч.Чын гаргасан гомдлын дагуу Эгийн үйлдэл холбогдол байгаа эсэхийг шалга гээд хэргийг прокурорт буцаасан. Прокурорын зүгээс хийх ажиллагаагаа хийсэн. Өөрөөр хэлбэл Эг энэ гэмт хэрэгт холбогдолтой буюу Чын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Ингээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан этгээд буюу мэдүүлэг өгсөн этгээд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тавьсан. Харамсалтай нь шүүгдэгч талаас шүүх хуралдаанд оролцуулсан хоёр гэрч нь хоёулаа “Э Ч.Чыг цохиж гэмтээсэн” гэх мэдүүлгийг өгөөгүй. Энэ хэргийн талаар 6 гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр гэрч нар бүгд “Э нь Чыг цохисон, би харсан” гэж шууд мэдүүлээгүй.

 Харин ч эсрэгээрээ Чын эмэгтэй хүн рүү чиглэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасныг мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд бодитой үнэлэлт, дүгнэлт өгсөн. “Цохисон байх гэж бодож байна, эсхүл гараа далайсан юм чинь цохисон байх” гэх зэрэг таамаглалын шинжтэй нотлох баримтыг шүүх үнэлэхгүй. Гэрч нар “Б.Э нь Ч.Чыг цохисон байж магадгүй” гэх таамагласан мэдүүлгийг өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэв.

            Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын зүгээс Б.Эгийн үйлдлийг нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосон боловч шүүгдэгч Ч.Чын зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргасан. Уг гомдлыг дээд шатны прокурор хүлээн авч Эгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд Б.Э, Ч.Ч нарыг хоёуланг нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Миний хувьд анхнаасаа уг хэрэгт хяналт тавьсан учир Эгийн үйлдэл холбогдол тогтоогдоогүй гэх байр суурьтай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МИК” караокены хашаан дотор 04 цагийн орчим хохирогч Б.Этай маргалдаж, улмаар түүний үснээс  зулгааж газарт унаган чирж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эгийн “...би 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “МИК” нэртэй караокед ангийн хүүхэд Хулангийн төрсөн өдөрт уригдаж очсон. Миний дараа манай сургуулийн сургалтын менежер Ч гэдэг хүн ирсэн. Тэгээд шөнө 04 цагийн үед бид нар тараад би дуудлагын жолооч дуудаад машиндаа хүлээгээд сууж байхад Ч нь Хулангийн нэг найзтай нь маргалдаад барилцаж авахыг харсан. Би салгахаар дундуур нь ороод Чыг болиоч гээд түлхсэн. Тэгтэл Ч нь үгийн зөрүүгүй миний толгой руу цохиж үснээс зулгааж 2 метр орчим газраар чирсэн. …” /1хх 8-9/,

гэрч Т.Ням-Осорын “...Э машинаасаа бууж ирээд Чад “чи больчихоочээ” гэж хэлтэл Ч нь Эг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Эрикийн машиныг барих жолоочтой уулзаад байж байтал ард хүмүүсийн дуу гараад эмэгтэй хүн орилоод эхэлсэн. Тэгээд эргээд хартал Ч нь Эг үсдээд караокены хашааны гадаа гартал чирсэн. Тэр үед Чад хүмүүс ойртохгүй байсан ба би очоод салгах гээд Чыг араас нь тэврээд боосон, тэгж боохгүй бол Эгийн үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд Ч үсийг нь тавихаар нь би Чыг татаад хашаа руу орсон юм. ...Ч нь Эг бараг 3 метр орчим үсдээд чирсэн. ...” /1хх 20-22/

гэрч Л.Мөнх-Эрдэнийн “...нэг харсан чинь Ч нь Э эгчийг үсдээд унагаачихсан байсан ба Ням-Осор тэр хоёрыг салгаад намайг машинд суулгаад явуулсан. ...” /1хх 23-24/,

гэрч Б.Хишигбаярын “...гадаа зогсож байсан 3-4 залуучууд хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд тэр дунд байсан багш гэх /сүүлд нь багш гэдгийг нь мэдсэн/ залуу нь нэг намхан махлаг залуу руу дайрч давшилаад байсан. Тэгэхэд Э нь тэр намхан залууг өмөөрөөд тэр багш гэх залууд хандаж “энэ чинь ямар ч хамаагүй мөрөөрөө томоотой хүүхэд шүү дээ, энэ залууг битгий дээрэлхээд бай” гэж хэлж байсан. Гэтэл тэр багш гэх өндөр залуу гэнэт Э руу үсчээд үснээс нь зулгаагаад 5-6 метр чирээд явчихсан ба тэнд байсан нэг залуу очоод шууд салгаад Эгаас тэр багш гэх залууг холдуулсан. ...” /1хх 27-29/

гэрч Ж.Гантигийн “...миний мэдэж байгаа зүйл бол Э, Ч хоёр маргалдсан, Эг үсдсэн гэх асуудлыг би мэднэ. Ер нь бол тэр хоёрын маргаан болоод дууссаны дараа машинаас буусан ба Эг газар унасан байхад нь өргөж босгосон. Тэгээд юу болсон юм бэ гээд асуухад Ч үсдээд унагаачихлаа л гэж байсан. ...” /1хх 30-31/,

гэрч Б.Эрхэмбаярын “...Э эгч Чаын энгэрээс нь зуурахад Ч ах Э эгчийн үснээс нь зулгаагаад доош нь дараад унагаасан. Тэр үед Ням-Осор бид хоёр дундуур нь орж салгаад хашааны буланд аваачиж шахаад зогссон. ...”

/1хх 32-34/,

гэрч Г.Ган-Эрдэнийн “...Ч нь миний мэдэхээр Э эгчийг нэг нүүр лүү нь мангасдаад, тэгээд үснээс нь базаад байсан. Миний санаж байгаагаар үснээс нь үсдсэн байсан болохоос газар чирээгүй. Тэгээд хүмүүс салгаад дуудлагын жолооч нар ирээд тарцгаасан. ...” /1хх 96-98/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...хохирогч Б.Эгийн биед учирсан гэмтэл нь үснээс зулгааж унаган чирэх үед үүсэх боломжтой. Тухайн үед үүссэн гэмтэл мөн. ...Б.Эгийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, мөн тархи доргилт гэмтэл нь цохих цохигдох үед үүснэ. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 48,134/ гэсэн мэдүүлгүүд,

 “Б.Эгийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12968 дугаартай дүгнэлт /1хх 37/,

хохирлын баримтууд /хх 46/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ч.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Чын хохирогч Б.Этай маргалдаж, улмаар үснээс нь зулгааж газарт унаган чирж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг зөв тогтоож чадалгүй, Б.Эд холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг хангаж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотолсноор түүний үйлдэлд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгч Ч.Чын биед учирсан хөнгөн хохирол нь Б.Эгийн цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 711 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ