Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2022/00177

 

 

 



 

2022 5 02 103/ШШ2022/00177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-124 тоотод байрлах Адуляр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах МИМС ХХК-д холбогдох МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Оюунбаатар

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Гүрбадам

Гэрч: И.В Гуськов, Г.Баянмөнх

Орчуулагч Э.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Адуляр ХХК-ийн төлөөлөгч Ц.Оюунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Монгол, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай МИМС ХХК-ийг Адуляр ХХК 50 хувь, ОХУ-ын иргэн Александр Владимирович Подколзин 50 хувийн хувьцаа эзэмшиж байгуулсан юм. Бид 2019 онд компанидаа хараат бус Мөнгө, нөөц баялаг аудит ХХК-иар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Хувьцаа эзэмшигч А.В.Подколзин санал тавьж Адуляр ХХК-ийн хувьцааны 25 хувийг худалдан авах санал тавьсныг бид зөвшөөрч 270.000 ам доллараар худалдахаар гэрээ хийсэн боловч гэрээ биелэгдээгүй. Одоогийн байдлаар А.В.Подколзин 50 хувийн хувьцаа, бидний худалдахаар төвлөрүүлсэн 25 хувийн хувьцааны үнийг төлөөгүй, бид өмчлөгч хэвээрээ байгаа, 25 хувийн хувьцааг хууль ёсоор бид эзэмшдэг бөгөөд гэрээ хэрэгжээгүй. Хамтарсан компанийн дүрэмд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч биш МУ-ын иргэн Ө.Мөнхөөг А.В.Подколзины саналаар гүйцэтгэх захирлаар томилж өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар даалгасан. Харамсалтай нь Ө.Мөнхөө гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш Компанийн тухай хуулийн 83, 84, 89, 90, 91, 92 дугаар зүйлүүдэд болон Компаний дүрмийн 8 дугаар бүлгийн заалтуудыг бүхэлд нь удаа дараа ноцтой зөрчиж 1 хүний хувийн компани болгож хувьцаа эзэмшигчдэд үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгдөггүй, тайлан гаргадаггүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэггүй, компанийн үйл ажиллагаанаас олсон орлогыг өөртөө авах, бүтээгдэхүүн зарж борлуулах зэрэг ашиг сонирхлын зөрчил гаргадаг. Өөрсдийн ах дүү, төрөл садны 5 хүний нэр дээр байгуулсан Соёолон групп ХХК-д компанийн үйл ажиллагааг шилжүүлж 2021-2022 онд 1386 тн, 21 вагон цэвэршүүлсэн /ФФ-95/ жоншийг экспортод гаргасан байна. Үүнийг хамгийн багаар тооцож үзвэл 414,000 ам доллар буюу 1,179,900,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө завшсан байна. Иймд МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлэх, компанийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. МИМС ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Гуськов И.В, Гуськова Е.С, Гомбын Баянмөнх, Кожевников А.Ю нар юм. Компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн нөхцөл байдлын улмаас А.В.Подколзин 50 хувийн хөрөнгө оруулалт хийх болсон. Харин 1 хувийг үүсгэн байгуулсан 4 хүн А.В.Подколзинд бэлэглэж, А.В.Подколзин нь нийтдээ 51 хувийн хувьцааг эзэмшдэг болсон юм. А.В.Подколзины оруулсан хөрөнгө оруулалтаар МИМС ХХК-ийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Ингээд явцын дунд А.В.Подколзин нь компанийн 25 хувийг худалдаж авъя гэсэн шаардлага тавих болсон бөгөөд Адуляр ХХК-ийн эрх бүхий хүмүүс нэгэнт 51 хувийг эзэмшиж байгаа тул компанийн цаашдын үйл ажиллагааг хөгжүүлэх, ашигтай байлгах үүднээс А.В.Подколзинтой худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 9 дүгээр сард байгуулсан. Үүний үндсэн дээр МИМС ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аудит хийлгэсэн. Монгол Улсын хуульд тухайн компани өөрийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэсэн байна гэж заасан байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан аудитыг хийлгэсэн. Харамсалтай нь Ө.Мөнхөө нь 2019 оноос хойш нэг ч удаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй, компанийн тайлан тооцоог өгөөгүй. Энэ хугацаанд Гуськов И.В, Гомбын Баянмөнх нар нь Монгол улсад байсан бөгөөд МИМС ХХК-ийн байранд удаа дараа очиж хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлага тавьсан. Ө.Мөнхөө гэдэг хүнийг МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд А.В.Подколзин гэх хүний санаачилгаар томилсон. А.В.Подколзин нь нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагадаа ганцхан Ө.Мөнхөөг тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилох нөхцөлийг тавьсан байсан. Бидний зүгээс Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлаар томилох асуудалд нилээд санал зөрөлдсөн, түүнийг томилж байж мөнгийг өгнө гэж А.В.Подколзин хэлсэн тул И.В Гуськовын гал тогооны өрөөнд Г.Баянмөнх, Е.С Гуськова нарыг байлцуулан Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлаар томилох асуудал болсон. Энэ тогтоол бол хууль бус тогтоол юм. Учир нь тухайн үед Адуляр ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан А.Ю Кожевников нь Орос руу буцсан байсан. И.В Гуськовыг түүний гарын үсгийг дууриалган зуруулж түүнийгээ улсын бүртгэлийн газарт өгч бүртгүүлсэн юм. Энэ бол хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон зүйл, ингээд Ө.Мөнхөө нь 2019, 2020, 2021, 2022 онуудад МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа өөрийн хүүхдүүд буюу тэдгээрийн эзэмшлийн Соёолон группийн захирлуудыг авч ирэн МИМС ХХК-ийг удирдуулсан ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн бөгөөд МИМС ХХК-ийн хөрөнгө болох баяжмал жоншийг хууль бусаар гадагшаа гаргасан. Энэ талаар манай тал Улаанбаатар Төмөр замаас тодорхой тодруулгыг авсан байгаа. Ө.Мөнхөө нь 1,386 тонн буюу 21 вагон цэвэршүүлсэн жоншийг гаргасан, үүнийг хамгаалалтад авч, гадагшаа гаргах процессийг таслан зогсоох хүсэлтийг нилээн удаан хугацаанд гаргасан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Монгол Улсын Иргэний хуулинд зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний зүйл болох төлбөрийг шилжүүлснээр тодорхойлогддог тул энэ мөнгө манай талд орж ирээгүй учраас энэ гэрээг зөрчигдсөн гэж үзэж байна. И.В Гуськов нь миний гарын үсэг А.Ю Кожевниковыг төлөөлөх боломжгүй гэж хэлээд байхад А.В.Подколзин нь Монголд энэ бол нэг их чухал асуудал биш шүү дээ, зүгээр зурчих гэж хэлээд зуруулсан учраас Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлаар томилсон ийм хууль бус тогтоол гарсан. Ийм учраас энэ үйл ажиллагааг таслан зогсоож, компанийн нийт гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй тул энэ гэрээ бол хүчин төгөлдөр бус, энэ асуудлыг бид Ө.Мөнхөөтэй холбож яриагүй. Харин компанийн хууль бус гүйцэтгэх захирлыг түдгэлзүүлэх шаардлага тавьсан. Бид цаашдаа компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор дахин холбогдон ажиллах магадлалтай тул цагдаа руу өгөөгүй болохоос биш энэ асуудал нарийн ярих юм бол албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэл болж байна. Адуляр ХХК нь МИМС ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн үүднээс тухайн компанийн үйл ажиллагаанд өөрсдийн хяналтыг тогтоох боломжийг бүрдүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн үүднээс МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг төлөөлж оролцож байгаа энэ залууг асуудалд шударга хандаасай гэж хүсмээр байна. Хариуцагчийн төлөөлөгч энэ залуу өмнөх шүүх хурал дээр Подколзин А.В-ийг Монголд ирээгүй, мөн МИМС ХХК-ийн тайланг улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьсан. Өнөөдрийн хуралд гэрчээр оролцож байгаа хүмүүс бол хохирогчид юм. Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх асуудлыг нотлох баримт шинжлэн судлах үед гаргаж ярих болно, энэ бололцоог шүүх хангаж өгнө гэж найдаж байна. Тухайлбал эхний гарын үсэг бол дээшээ хэлбэртэй зурагдсан бол И.В Гуськовийн гарын үсэг нь урт үргэлжилсэн хэлбэртэй байгаа, энэ гарын үсэг бол хуурамч, тэгэхээр Ө.Мөнхөөг томилсон тогтоол нь өөрөө хууль бус юм. Энэ гарын үсгийг хэн нь зурсан болохыг гэрч нарт хууль сануулан асууж тодруулах нь зүйтэй байна. Энэ үйлдвэрийн 50 хувийн хөрөнгө оруулалтыг А.В.Подколзин хийсэн бол 1 хувийг нь манай талын хувьцаа эзэмшигч нар бэлэглэсэн юм. Ө.Мөнхөөгийн хувьд түүний араас олон удаа утасдаж, холбогдохыг хүссэн боловч огт утсаа авдаггүй. Цаашдаа энэ компани үйл ажиллагаагаа явуулж, ашиг олох ёстой учраас Ө.Мөнхөөтэй бид хэл амаа ололцож, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тийм учраас одоо болоод байгаа процессийг шүүхээр зогсоолгож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг яаралтай хуралдуулж, шинэ гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. А.В.Подколзин Орос руу гараад нуугдчихсан, энэ хугацаанд Ө.Мөнхөө компанийн хөрөнгийг аль болох их олборлож гадагшаа борлуулах зорилготой ажил хийгдэж байна. Магадгүй та бид бүх гишүүдийн хурлыг хамтран явуулах боломж харагдаж байгаа тул манай талаас энэ асуудалд маш хариуцлагатай, нухацтай хандаж байгааг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Гүрбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хариуцагч тал бичгээр хариу тайлбараа гаргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан тайлбар хийе. Ө.Мөнхөөг хууль бусаар томилогдсон гүйцэтгэх захирал гэж хэллээ. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол гүйцэтгэх захирлын албан тушаалыг түдгэлзүүлэх байсан. Ө.Мөнхөөг Адуляр ХХК-ийн захирал болон А.В.Подколзин нар 2019 оны 11 дүгээр сард хурал хийж тэр оныхоо 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тогтоолоор шийдвэр гаргасан. Уг тогтоолын гүйцэтгэх захирал томилох тухай 1 дүгээр заалтаар хуучин гүйцэтгэх захирал Г.Баянмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний оронд Ө.Мөнхөөг уг албан тушаалд томилох тухай тушаал гарсан. Уг тушаалыг үндэслэн хуульд зааснаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэхийг компанийн ерөнхий нягтлан Сарангэрэл гэх хүнд даалгасан. Уг тогтоол дээр А.В.Подколзин, И.В Гуськов нар гарын үсэг зурсан. Уг тогтоолыг үндэслэн Улсын бүртгэлийн байцаагч Э.Эрдэнэбилэг гэх хүн Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүртгэлийн гэрчилгээ байгаа, үүнээс харахад Ө.Мөнхөө хууль бусаар томилогдсон асуудал байхгүй. Энэ нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тогтоол болон хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Ө.Мөнхөөгийн албан тушаалыг түдгэлзүүлэх тухай яриад байна. Компанийн тухай хуулинд зааснаар түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас сүүлийн 3 жилийн хугацаанд бүх гишүүдийн хурал хийгээгүй тул уг хурлыг хуралдуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэ хуралдуулах шаардлагыг хэнд тавиад байгаа нь тодорхойгүй байна. МИМС ХХК-д тавиад байгаа юм уу, Ө.Мөнхөө гэх хувь хүнд тавиад байгаа юм уу, А.В.Подколзинд тавиад байгаа юм уу энэ байдал нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Уг хурлыг хэзээ зарлан хуралдуулах нь Компанийн тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Мөн МИМС ХХК-ийн дүрэмд энэ талаар тусгасан байгаа бөгөөд уг дүрэмд зааснаар энэ асуудлыг А.В.Подколзинд тавих ёстой. Нэхэмжлэгч тал А.В.Подколзинд санал хүргүүлсэн гэж хэлж байгаа боловч энэ саналаа хэзээ, хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй байна. А.В.Подколзин нь Монгол улсад байж байгаад есөн долоо хоногийн өмнө Орос руу явсан, одоогоор Монголд байхгүй байгаа. Иймд хурлыг хуралдуулах талаар энэ хүнд буюу хувьцаа эзэмшигчид хандах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг харахад нэхэмжлэлээ хэзээ гаргасан нь тодорхойгүй, он, сар, өдөргүй, тамга дарсан байгаа боловч энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл байна. Уг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч гээд гарын үсэг зурсан байна. 2019 онд тогтоолыг гаргахад И.В Гуськов байсан гэх боловч энэ хүн өнөөдөр бусад 4 хувьцаа эзэмшигчээ төлөөлж, Адуляр ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн үү? Өмнөх хуралдаан дээр манай талаас гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Адуляр ХХК-ийн дүрмийг гаргуулсан. Тухайн дүрмийн 6 дугаар зүйлд компанийн өдөр тутмын ажиллагааг ерөнхий захирал удирдана, 6.4-т компанийг шүүхэд төлөөлөх эрхийг ерөнхий захирал эдэлнэ гэсэн байна. Тэгэхээр энэ компанийн ерөнхий захирал хэн гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэлийг хэнд, хаана хандаж гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хувьцаа худалдаж авсан ажиллагааг хууль бус гэж яриад байна. Тэгвэл та бүхний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад энэ тухай дурдаагүй байна. Энэ асуудлын талаар ярих гэж байгаа бол хувьцаа худалдаж авсан этгээдийг хариуцагчаар татаж оруулж ирэх ёстой байх. 2019 онд хувьцаа худалдаж авах ажил албан ёсоор хийгдэж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлснээр 76 хувийн хувьцааг А.В.Подколзин эзэмшиж байгаа. Тэрний төлбөр тооцоо хийгдсэн талаар нэхэмжлэлийн шаардлагад байгаагүй боловч агуулгын хүрээнд дурдсан байсан тул би энэ талаар тодруулсан юм. Энэ гэрээний төлбөрийг Игорь гэх хүнд бүрэн төлж барагдуулсан байсан. Хэрвээ энэ мөнгийг Адуляр ХХК аваагүй бол мөнгийг авсан иргэн буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч хууль бусаар тухайн төлбөрийг авсан байх магадлал харагдаж байна. Энэ 76 хувийн хувьцааны төлбөр бүрэн төлөгдсөн. Хэрвээ гэрээнд болзол тавиад тэр болзол нь биелэгдээгүй бол энэ асуудлыг тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр энэ гэрээг хууль бус гэж үзэх асуудал тусдаа асуудал байна. А.В.Подколзин бол Орос, Монголын хооронд ажил хэргийн үүднээс байнга ирэн, очин байдаг, сая Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоож, хил хаагдсантай холбогдуулж 2021 оны сүүлээр хил нээгдэх хүртэл тодорхой хугацаанд ирээгүй. Гэхдээ Игорь гэх хүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Игорь нь Монгол Улсад эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул тэр асуудлыг шийдэгдэж дуустал хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах ажлыг түр хойшлуулж бай гэж хэлсэн байдаг. Түүний холбогдсон эрүүгийн хэрэг нь анхан шатаар шийдэгдэж, давж заалдах шатны шүүхээс буцсан юм байна лээ. Ө.Мөнхөө яагаад энэ талаар надад хэлэх болсон бэ гэхээр Игорь нь энэ эрүүгийн хэрэгтээ өмгөөлөгч хөлслөх гэсэн боловч мөнгөгүй байна гээд А.В.Подколзиноос өмгөөлөгчийн хөлсийг авсан бөгөөд ингэж авахдаа тухайн асуудлыг түр шийдэхгүй байж бай гэж хэлсэн байсан. Энэ асуудлыг сөхөж хэлэхгүй байя гэхээр нэхэмжлэгч талаас Ө.Мөнхөөг хууль бус үйлдэл хийсэн гэж дайрч давшилсан асуудал яриад байна. Хэрвээ тийм хууль бус зүйл байгаа бол хувьцаа эзэмшигчийн зүгээс МИМС ХХК-ийг хариуцагчаар татан оруулж ирэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлмээр байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Адуляр ХХК нь хариуцагч МИМС ХХК-д холбогдуулан МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал гэж маргаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ 62.1.7-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гэж тус тус заажээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуугавар болгох эрхийг гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хурлын онцгой бүрэн эрхийн асуудал болохыг хууль тогтоогч хуульд тусгайлан зааж өгсөн бөгөөд энэ нь зөвхөн гэх үгээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгох асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарч байх тул шүүх хөндлөнгөөс оролцох, энэ талаар шийдвэр гаргах эрхгүй гэж ойлгоно.

Мөн Компанийн тухай хуульд гүйцэтгэх удирдлага буюу компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэн хэрэгждэг. Талуудын мэтгэлцээний үндсэн дээр МИМС ХХК-ийн хувьцаа эзэшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг 3 жилийн хугацаанд огт хийгээгүй болох нь тогтоогдсон, энэ асуудлаар хариуцагч тал үгүйсгэж маргаагүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан ба энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй бол үүсэх үр дагаврыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 59.6 дугаар зүйлд хуульчилжээ. Харин ээлжит бус хурлыг саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан тохиолдолд хуралдуулах ба гүйцэтгэх удирдлага ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан тохиолдолд энэхүү шийдвэрийнх нь талаар шүүхэд гомдол гаргаж болохоор заасан. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг амаар гаргаж байсан мөн мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг. Харин компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан талаарх шийдвэрийг гаргаагүй байна. Хэдийгээр компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан эсэх талаарх шийдвэрийг гаргаагүй ч одоог хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй энэхүү эс үйлдэхүйг татгалзсан шийдвэр гаргасантай адилтгаж үзнэ. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлон хуралдуулаагүйгээс хувьцаа эзэмшигчийн хуульд болон компанийн дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг хангаж эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн А.Ю Кожевников, Е.С Гуськова нарын гар бичмэл, орчуулга, уг орчуулга зэрэг баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч монгол хэл дээр хөрвүүлсэн эсэх нь тодорхойгүй, орчуулга хийх зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргаагүй, гарын үсгийн харьцуулалт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг баримтуудыг шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Компанийн тухай 59 дүгээр зүйлийн 59.4, 61 дүгээр зүйлийн 61.6, 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь  хэсэгт тус тус зааснаар МИМС ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг даруй зарлан хуралдуулахыг гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөд даалгаж, МИМС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхөөг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.




 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ