| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/03420/И |
| Дугаар | 181/ШШ2022/01017 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2022/01017
| 2022 05 03 | 181/ШШ2022/01017 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК/РД:5413451, захирал Б.Б /,
Хариуцагч: В ХХК
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэг болон шүүхээр нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 7.343.489.630,25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч Б.Б болон В ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр,
Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Б.Б ,
Хариуцагч В ХХК-ийн төлөөлөгч Б.Б ,
Хариуцагч Б.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ХХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд: Х ХХК-нь Худалдаа, хөгжлийн банктай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №3Г/СС180912005-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС180912005-1-1, №ЗБ/СС180912005-1-2, №ЗБ/СС 180912005-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг, №БГ/СС 180912005-1 болон №БГ/СС180912005-2 тоот Баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 5,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 16.80 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Х ХХК болон В ХХК-нь ХХБ-тай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ/СС180912005-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС 180912005-1-1, №ЗБ/СС 180912005-1-2, №ЗБ/СС180912005-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд, №БГ/СС180912005-1 тоот болон №БГ/СС180912005-2 тоот Баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Б.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022882 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамчдын гудамж, 36 тоот хаягт байрлах 3340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн хамт, мөн дотор суурилагдсан тоног төхөөрөмж болон тавилгын хамт барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон.
Гэтэл зээлдэгч нар өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудыи хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.
Зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 153.078.626,12 төгрөг, үндсэн хүү 151.957.398,93 төгрөг, нийт 305.036.025,05 төгрөгийг төлсөн бөгөөд дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 4,846,921,373.88 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,451,823,850.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,696,406.05 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 48,000.00 төгрөг байна.
Зээлдэгч зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа эргэн төлөлтийн хуваар ёсоор сар бүр төлнө гэдгийгээ мэдэж байсан. Зээлийн эргэн төлөлтийг корона цар тахлаас болж тасалдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ өвчин дэлгэрэхээс өмнө нь ч гэсэн төлөхгүй зөрчилтэй байсан. Ковидын үед орон сууцны зээлийн төлөлтийг хойшлуулсан болохоос бизнесийн зээлийн төлөлтийг хойшлуулаагүй, зээлдэгч гэрээний дагуу зээл төлөх үүрэгтэй гэдгийгээ мэдсээр байж оршин суугаа хаягтаа байхгүй гээд бидэнд олдохгүй байсан болохоор шүүхэд удаа дараа хандсан, их зардал, чирэгдэл болсон.
Иймд: Зээлдэгч Х ХХК-тай байгуулсан өдөр №ЗГ/СС180912005-1 тоот Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 4.846.921.373,88 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.451.823.850,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү11.696.406,05 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 48.000 төгрөг, нийт 7.343.489.630,25 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/СС180912005-1 тоог Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож барьцаалсан иргэн Б.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022882 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 тоот хаягт байрлах 3340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн хамт, мөн дотор суурилагдсан тоног төхөөрөмж болон тавилгын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч Б.Б болон В ХХК нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 480 хэдэн сая төгрөг төлсөн гэж байгаа боловч өөрөө тэр тухай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, дор хаяж банкны хуулгыг өөрөө авч болох байсан боловч тэр талаар баримт ирүүлээгүй гэв.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:
Би ХХБ наас 5 тэрбумын зээлийг гэрээнд заасан нөхцлөөр авсан нь үнэн, үүнтэй бол маргахгүй.
Манай объектыг зээл олгохдоо карказаар нь үнэлсэн байгаа одоо бол өөр болсон, би хөндлөнгийн шинжээч томилуулж дахин үнэлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өмнө нь би яг ийм байдлаар орон байраа алдаж байсан.
Би энэ объектэд 2,8 тэрбумын хөрөнгө оруулсан. Зээлийн эргэн төлөлтөд 480 хэдэн сая төгрөг төлсөн. Объектын шинэчлэлд эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон, манай байгууллагын үйл ажиллагааг хаасан, бид саяхнаас л үйл ажиллагаа явуулж байна.
Банк 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулчихаад давагдашгүй хүчин зүйл болсон байхад миний 20 жилийн хөдөлмөрийн баталгаагаар зээлийн төлөлтийг хангуулах гэж байгаад сэтгэл дундуур байна. Сард 70 сая төгрөг төлнө гэдэг бизнес эрхэлж байгаа хүнд их хүндрэлтэй, 2019 онд шүүхэд өгөхгүй яасан юм удаан хугацааны дараа шүүхэд өгөөд их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүсэлт, хариуцагч компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгө барьцаалах тухай В ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, 2018 оны 9 дүгээр12-ны өдрийн №ЗГ/СС180912005-1 зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБ/СС180912005-1-1, №ЗБ/СС180912005-1-2, №ЗБ/СС180912005-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн БГ/СС180912005-1, БГ/СС180912005-2 Баталгааны гэрээ, Ү-2203022882 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 0000303788 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зураг, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатад төлбөр төлсөн баримтууд, 2019 оны 4 дүгээр сарын 09, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ХХБ ХХК, Тусгай активын хэлтэст 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Б ийн зүгээс гаргаж байсан хүсэлт, Х ХХК, В ХХК, Б.Б нар нь тус хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр эрэн сурвалжилж байсан шүүхийн шийдвэрүүд, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс иргэн Б.Б ийг оршин суух хаягыг тогтоосон тодорхойлолт, уг хаягт оршин сууж байгаа тухай Б.Б ийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нотлох баримтаар:
Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/204 тоот гэрчилгээг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон шүүхээр нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 7.343.489.630,25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч Б.Б болон В ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
НЭГ:Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн талаар.
Нэхэмжлэгч ХХБ ХХК, хариуцагч Х ХХК нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр № ЗГ/СС180912005-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулагдаж 5.000.000.000 /таван тэр бум/ төгрөгийг жилийн 16,80%-ийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд жилийн 3,36%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авчээ. /хх-ийн 19-25-р хуудас/
Зээлийн барьцаанд
а. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБ/СС180912005-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу иргэн Б.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022882 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 тоот хаягт байрлах 3340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, /хх-ийн 25-29, 41-р хуудас/
б. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБ/СС180912005-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар, /хх-ийн 30-33, 42-48-р хуудас/
в. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБ/СС180912005-1-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 дугаартай барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, тавилгын хамт /хх-ийн 34-36-р хуудас/ тус тус барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБ/СС180912005-1-1, №ЗБ/СС180912005-1-2, №ЗБ/СС180912005-1-3 дугаартай барьцааны гэрээнүүд, № ЗГ/СС180912005-1 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөнгө шилжүүлсэн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19-36, 41-48 -р хуудас/
Дээрх зээлийн гэрээгээр ХХБ ХХК нь 5.000.000.000 /таван тэр бум/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх /уг зээлийг үл хөдлөх эд хөрөнгө худалдаж буй талын дансанд шилжүүлэх/, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, Х ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Б.Б ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 дугаартай барилга, В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг худалдан авах зориулалтаар ашиглах үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 19-23-р хуудас/
Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх, зээлийн зориулалтын талаар маргаагүй болно.
Дээрх зээлийн барьцаанд /уг зээлээр худалдан авсан/ иргэн Б.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022882 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 тоот хаягт байрлах 3340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 дугаартай барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, тавилгын хамт барьцаалсан барьцааны гэрээнүүдийн зүйл болон уг барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
ХХБ ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул №ЗГ/СС180912005-1 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 19-25-р хуудас/
Дээрх гэрээнд заасан үүргээ ХХБ ХХК биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч Х ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч нь зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан, зээлийн гэрээний нөхцлийг үгүйсгээгүй ба зээлийн үүрэгт 480 хэдэн сая төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч түүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэр талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 153.078.626,12 төгрөг, үндсэн хүү 151.957.398,93 төгрөг, нийт 305.036.025,05 төгрөгийг төлж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19-25, 49-р хуудас/
Талуудын хооронд байгуудагдсан Зээлийн гэрээний 7.1.9.-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгч нь зээлдэгчээс шаардаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар 2019 оны 4 дүгээр сарын 09, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 7-499/896, 7-499/2011 дугаартай мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ханлиг -Илч ХХК-ийн захирал Б.Б өөрийн зээлсэн зээлийг хэвийн ангилалд оруулах талаар тайлбар бичиж өгчээ./хх-ийн 54-56-р хуудас/
Дээрх зээлийн гэрээний 9.2.-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ. Үүнд:
9.2.2. Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн бол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 22-р хуудас/
Зээлдүүлэгч ХХБ ХХК-нь зээлдэгч Х ХХК-ийг дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, удаа дараа шаардаж, хугацаа өгсөөр байхад зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохолдолд баталгаа гаргагч Б.Б , В ХХК нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зээлдэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. /хх-ийн 1-2, 19-25, 49, 54, 55, 60-р хуудас/
Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгчийн зүгээс түүнийг үүргээ гүйцэтгэх талаар сануулж, зээл төлөх хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 3,36 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Хариуцагч нь №ЗГ/СС180912005-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,846,921,373.88 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,451,823,850.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,696,406.05 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Мөн хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.
ХОЁР. Баталгааны гэрээний талаар:
Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ХХБ ХХК, хариуцагч /зээлдэгч/ Ханлиг - Илч ХХК нарын хооронд байгуулагдсан №ЗГ/СС180912005-1 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиололд баталгаа гаргагчийн хөрөнгөнөөс төлөгдөөгүй зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг барагдуулах зорилгоор нэхэмжлэгч ХХБ ХХК, хариуцагч Х ХХК, Б.Б нарын хооронд №БГ/СС180912005-1 дугаартай Баталгааны гэрээ, ХХБ ХХК, В ХХК, Х ХХК нарын хооронд №БГ/СС180912005-2 дугаартай Баталгааны гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 37-40-р хуудас/
Дээрх гэрээнүүд нь Баталгааны гэрээ гэсэн нэршилтэй боловч утга агуулгын хувьд Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан Батлан даалтын гэрээ гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”,
460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Батлан даалтын гэрээ /баталгааны гэрээ/-нүүдийн 5.1.1., 5.1.2. болон Иргэний хуулийн дээрх заалтууд, зээлийн гэрээний 7.1.3., 7.1.9.-д зааснаар ХХБ ХХК нь зээлдэгч Х ХХК-иас гадна батлан даагч иргэн Б.Б , В ХХК нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Тодруулбал: Батлан даалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч ХХБ ХХК нь зээлийн төлбөрийг зээлдэгч Х ХХК болон батлан даагч Б.Б , В ХХК нараас нэхэмжилж байгааг буруутгах үндэсгүй юм.
ГУРАВ. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 48.000 төгрөгийн тухайд:
Хариуцагч /зээлдэгч/ Х ХХК, нэхэмжлэгч/ зээлдүүлэгч/ ХХБ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2.5-д ... зээлдэгч оршин суух хаяг, ажлын хаяг, холбоо барих утас ... өөрчлөгдсөн тохиолдолд банкинд ажлын 3 өдрийн дотор мэдэгдэж байх үүрэгтэй гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 20-р хуудас/
Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа мэдэгдэж, уг гэрээнд заасан хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахад зээлдэгч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин байрладаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13777 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 57 дугаар хуудас/
Мөн тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2359 дугаартай шийдвэрээр Х ХХК, В ХХК-ийг итгэмлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Б.Б нарыг эрэн сурвалжилж оршин байгаа газрын хаягийг тогтоохыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 58, 59-р хуудас/
Дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс түүнийг эрэн сурвалжилж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Б ийн оршин суугаа хаягийг тогтоожээ. /хх-ийн 60, 61-р хуудас/
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн эрэн сурвалжилж тогтоосон Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт Сөүл Е байрны 44 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь уг хаягт оршин суудаггүй үндэслэлээр тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10945 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 62,63-р хуудас/
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа гаргахдаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 304-р нотариатч Х.Цогзолмаагаар Зээлийн гэрээнүүдийг хуулбарлан баталгаажуулж, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт 23500 /хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 24.500 /хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг, нийт 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь ХХБ ны нэхэмжлэх, Монголын нотариатчийн танхимын 4436, 22387 дугаартай мөнгөний тасалбарын баримтууд, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь шүүхэд татгалзаж буй үндэслэл, түүнийгээ нотолсон холбогдох баримтаа бүрдүүлж өгөөгүйг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэг зөрчигдмөгц 2019 онд шүүхэд өгөхгүй удаасаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихдүүлсэнд гомдолтой байна, нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ буруутай гэж мэтгэлцэж байгаа боловч 2019 оны 11 дүгээр сард хариуцагч /зээлдэгч/-ийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт оршин байрладаггүй үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрэн сурвалжилж байсан байх тул нэхэмжлэгчийг зориудаар 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй.
ДӨРӨВ: Шүүх хуралдаанд хариуцагчаас гаргаж өгсөн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний тухайд:
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Корона вируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх явцад Монгол улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжих, бэлэн байдлын зэргийг бууруулах, бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих гэх мэт тогтоолуудыг гаргаж байсан.
Хариуцагч /зээлдэгч/ Х ХХК-нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхгүй зөрчил гаргаж эхэлсэнд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш батлагдсан Монгол улсын Засгийн газрын тогтоолууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Мөн дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх явцад хариуцагч Х ХХК, В ХХК -иудын гэрчилгээ болон дүрэмд заасан үйл ажиллагаа бүрэн зогсож ямар ч орлого олоогүй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зөвхөн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс хасах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд: хариуцагч Х ХХК, В ХХК, Б.Б нараас үндсэн зээл 4,846,921,373.88 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,451,823,850.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,696,406.05 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 48,000.00 төгрөг нийт 7.343.492.630,25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах, барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч Б.Б болон В ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.3., 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлан, хариуцагч Х ХХК, В ХХК, Б.Б нараас 7.343.492.630,25 /долоон тэрбум гурван зуун дөчин гурван сая дөрвөн зуун ерөн хоёр мянга зургаан зуун гучин төгрөг, хорин таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ХХБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
а.хариуцагч Б.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022882 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 тоот хаягт байрлах 3340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
б.хариуцагч В ХХК-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар,
в. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Автозамын гудамж, 36 дугаартай барилгад суурилагдсан тоног төхөөрөмж, тавилга зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1., 460.2.-т зааснаар /хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд/ баталгаа гаргагч Б.Б болон В ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ХХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.015.798,16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 37.015.798,16 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО