Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2022/0017

 

 

 

 

 

 

2022           06            08                                       123/ШШ2022/0017

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би иргэн Г.Угийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох “Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №33 тоот “Бүс тогтоох тухай” тогтоолын нэг дүгээрт Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсийн зураглалыг 1-р хавсралтаар гэж заасан тул Бөхөг голын энгийн хамгаалалттай бүсийн зураглал 1 дүгээр хавсралтыг захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хариуцагчтай 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 36 тоот тогтоолын 1-р хавсралт Бөхөг голын хамгаалалтын бүсийг өөрчилсөн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.У бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Г.Угийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд нэхэмжлэгч Г.Угаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлд “...төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах ...бүрэн эрхийг олгож байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

 

Мөн тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 123/ШЗ2022/0156 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд шинжээчийн дүгнэлт ирээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба шүүхээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаатай холбогдуулан тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 123/ШЗ2022/0156 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгосноор дээрх шинжээч томилсон захирамжийн үндэслэл үгүй болох тул уг шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Угийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох “Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №33 тоот “Бүс тогтоох тухай” тогтоолын нэг дүгээрт Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсийн зураглалыг 1-р хавсралтаар гэж заасан тул Бөхөг голын энгийн хамгаалалттай бүсийн зураглал 1 дүгээр хавсралтыг захиргааны хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 123/ШЗ2022/0156 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

5. Захирамжийг хэргийн оролцогч болон Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Саранчимэгт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЗОРИГТБААТАР