Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 01

 

Б-н нэхэмжлэлтэй,

  хариуцагч Г-д холбогдох

  иргэний хэргийн талаар

 

 

226/2019/0001/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, шүүгч С, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, өмгөөлөгч  Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаар шийдвэртэй, Б-ннэхэмжлэлтэй, Г-д холбогдох “3255950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-н давж заалдах гомдлоор 2018 оны 12 дугаар сарын сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б нь Г-д 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дансаар 300000 төгрөгийг, 2009 оны 4 дүгээр сард бэлнээр 3500000 төгрөгийг зээлдүүсэн. Г нь 2500000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 1300000 төгрөгөөр надтай хамтарч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт хувиараа жонш олборлоод олсон ашгаас барагдуулахаар харилцан тохирсон. Хамтран ажилласнаас хойш үлдэгдэл зээлээс төлөгдсөөр байгаад  699950 төгрөг үлдсэн. 2009 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Г нь Б-тэй уулзаад Бэрхийн “Хөлийн холбоо” гэх газарт очиж жонш олборлоё” гэхээр нь зөвшөөрч бэлнээр 500000 төгрөг, түлш тосны мөнгө 185000 төгрөг, хоол хүнсний мөнгө 85000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл Г нь Бэрхийн “Хөлийн холбоо” гэх газарт очилгүйгээр Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт хууль бусаар жонш олборлож байгаад баригдаж 850000 төгрөгөөр торгуулсан. Г “торгуулиа төлөхгүй бол машиныг маань хураах гээд байна” гэж утсаар яриад байхаар нь 850000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн баригдах үедээ Б-н нэрийг барьж миний утасны дугаарыг өгснөөс болж Баян-Адарга сум руу 450000 төгрөгийн зардал гаргаж явсан. Г нь Баян-Адарга сумаас жонш ачиж ирэхдээ тээврийн хөлсний урьчилгаа мөнгө гэж 50000 төгрөгийг, өөрийн найз Э-д 50000 төгрөгийг Б-с авч өгсөн. Түүнээс хойш Г-тэй хамтран ажиллахаа больсон. Г-с  зээлсэн болон учруулсан хохирлын мөнгөө нэхэх болгонд хэл амаар доромжилдог байсан. 2014 оны 5 дугаар сард очиж уулзахад хэл амаар доромжилж надтай муудалцаад машины тамхины асаагуурт хийдэг USB хамгаалагч, intelligent nayigation audio system маркийн хөгжим зэргийг эвдэж, машиныг хонхойлгож 386000 төгрөгийн хохирол учруулсан. Г-д дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан боловч Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар удаашруулж байсан болохоор хөөн хэлэлцэх хугацаа дуусч эрүүгийн хэрэг хаагдсан. Г нь 2008 оноос хойш зээлсэн мөнгө болон бидэнд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул түүнээс 3225950 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2008-2009 онуудад Б-тэй хамтран жонш олборлож, худалдан борлуулах ажлыг хийж байсан. Тухайн үед өөрсдийн бололцоогоор хамтран ажиллаж, олсон ашгаасаа тухайн мөнгөө гаргаж авдаг байсан. Энэ нь Б-с мөнгө зээлсэн асуудал биш юм. 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б 300000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн гэдэг нь худал юм. Мөн Б надтай уулзаад “Баян-Адарга сумын “Батын булаг” гэдэг газарт жонш сайн гарч байна. Би холбогдох хүмүүстэй нь утсаар ярьсан, чи ажилчдаа аваад очиж ажилла” гэсний дагуу Г, Ч, Б гэдэг хүмүүсийн хамт тус газарт очиж ажиллаж байгаад Баян-Адарга сумын эрх бүхий хүмүүст баригдаж, 850000 төгрөгөөр торгуулж 150000 төгрөгийг манай эхнэр Э,  700000 төгрөгийг Б төлсөн юм. Торгууийн энэ мөнгийг би төлөхгүй Б надад өөрийн газар мэтээр буруу мэдээлэл өгч, очиж ажиллахыг шаардсаны дагуу тэнд ажилласан юм. Б 770000 төгрөгийг Баян-Адарга сум руу явахад надад өгсөн гэж байна. Би энэ 770000 төгрөгийг аваагүй. Мөн Баян-Адарга сум руу явж 450000 төгрөгийн зардал гаргасан гэж  нэхэмжилж байгаа нь надад хамааралгүй тул би төлөхгүй. Э цагдаад шлжүүлсэн 50000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна, мөн тээврийн хөлсний урьдчилгаа гэж Б-с 50000 төгрөгийг аваагүй  энэ талаар мэдэхгүй байна. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б бид хоёр мөнгө төгрөгийг асуудлаас болж муудалцаж, нэг нэгнийхээ бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд тус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад прокуророос 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хэргийг шалгаж байх хугацаанд намайг Б-н эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн зүйл тогтоогдоогүй бөгөөд тийм зүйл болоогүй юм. Б-с зүгээс намайг болон миний гэр бүлийн хүн рүү дайрч давшилсан, гүтгэсэн зүйл харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчаас нийт 3225950 төгрөгийг нэхэмжилдэг. 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б, Г-н данс руу 300000 төгрөг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан Б энэ 300000 төгрөгийг Г-д зээлдсэн гэж хэлдэг. Гэтэл Г, Б хоёрын хооронд зээл өгсөн авсан зүйл харагддаггүй. Б Г хоёр нь 2008, 2009 оны 9 дүгээр сарыг хүртэл жонш хамтран олборлож, зарах байдлаар ашиг олдог байсан. Хамтран ажиллаж байх хугацаандаа хэн мөнгөтэй нь үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийгээд, ашгаасаа мөнгөө гаргаж авдаг байсан. Нэхэмжлэлд 2009 оны 4 дүгээр сард Б нь Г-д 3500000 төгрөгийг зээлдүүсэн гэдэг. Хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт байдаггүй. 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б 850000 төгрөгийг Г-д шилжүүлсэн байдаг. Б Г-д “Баян-Адарга сумын “Батын булаг” гэдэг газар луу очиж ажиллая. Тус газар нь “Ноён шашир” компанийн эзэмшилд байдаг. Би “Ноён шашир” компанийн захирал Ц ярьж тохиролцсон. Чи ажилчдаа авч яваад ажилла. Ашгаа хувааж авна” гэж хэлсэн байдаг. Анх Б-ийн санаачлагаар Г нь Ч, Г зэрэг хүмүүстэй Баян-Адарга сумын “Батын булаг” гэх газарт очиж жонш олборлоод тус сумын эрх бүхий хүмүүст баригдаж үйл ажиллагаа нь зогссон. Г нь Б руу “чамаас болж бид торгуулж, хохирол амсаад байна, ирж энэ асуудлаа шийдвэрлэ эсхүл 850000 төгрөгийн торгууль төл” гэж утсаар ярьсан бөгөөд Б ирж Баянхутаг сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч Б нартай уулзсан. Энэ замын зардал болох 450000 төгрөгийг Г-с нэхэмжлэх үндэслэлгүй юм. 850000 төгрөгийн хувьд Б нь хадгаламжийн дансаараа шилжүүлсэн мэт харагдаж байгаа боловч 150000 төгрөгийг Г-н эхнэр Э Б-д өгсөн байдаг. Б өөрөө санаачилж олон хүмүүсийг эдийн засгийн хувьд хохироосон учир дээрх мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Э цагдаад өгсөн 50000 төгрөгийг Г-ээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн жонш ачиж ирсэн зардалд Б нь 50000 төгрөгийг өгсөн боловч Г-ээс нэхэмжилсэн. Анх “Батын булаг” гэдэг газар луу явахдаа 185000 төгрөгийн түлш хийж явсан. Тус газраас ирэхдээ том машинаар жонш ачиж ирсэн. Үүнтэй холбоотой мөнгө мөн эсэхийг Г мэдэхгүй байгаа тул хүлээн зөвгөөрөхгүй байна. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б, Д нарын хооронд харилцан зодоон болж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зодоон болж байх явцад машин, түүний эд анги, хөгжим зэргийг эвдсэн гэж 386000 төгрөгийг Г-с нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байдал тогтоогдоогүй тул прокурорын тогтоолд тус мөнгийг Г-с гаргуулахаар, эсхүл иргэний журмаар нэхэмжилэхээр дурдаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус зааснаар нэхэмжлэгч Х овогт Г-н Б-н хариуцагч Б овогт Д-н Г-с нэхэмжилсэн 3255950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э давж заалдах гомдолдоо:  Шүүх хөөн хэлэлцүүлэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг баримтласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг баримтлах нь зүйтэй байсан. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлахдаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2 дахь хэсэгт заагдсан нөхцөл хангагдсан гэдгийг нотлох баримтын хүрээнд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үеийн мэтгэлцээнээр нэхэмжлэгч болон хариуцагч нарт нь 2014 оныг хүртэл сайн харилцаатай байсан нь харагдаж байна. 2014 онд танхайн гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан, нөхцөл нь /ЭХХШТХ-ийн 16.2.1.3, 16.2.1.6/ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөнөөс болсон байгааг шүүх анхаарч үзээгүй. Шүүх дээрх үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө “...зохигч нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шалгагдсан, ... энэ нь тухайн хэрэгт хамааралгүй...” хэмээн дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдсан мөнгөнөөс болж маргалдсан энэ талаарх нотлох баримтуудыг шүүх дутуу үнэлсэн. Шүүх дээрх нотлох баримтуудыг орхигдуулан хөөн хэлэлцүүлэх хугацааг “...2012 оны 11 дүгээр сард дуусчээ...” хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь хэрэгт нэхэмжлэгчийн цуглуулж өгсөн нотлох баримтуудыг ойлгоогүй байгааг харуулж байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгүүдэд заагдсанаар 2014 онд үүсгэсэн эрүүгийн гэмт хэргийн үйл баримт нь тухайн үед хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг үүсгэж байсан. Эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дээд шатны прокурорт гомдол гаргах хугацаа 2015 оны 8 дугаар сард дууссан. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боловч хариуцагч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заагдсан хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн эсэхийг шүүх хянаж чадаагүй бөгөөд үүнд ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагчийн татгалзал хуулийн хүрээнд нотолгоожих чадвараа алдсан байгааг шүүх үнэлээгүй байна. Эрүүгийн хэрэг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үндэслэлээс болж үүссэн байх тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар шүүх үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон буюу шаардлага гаргах эрх бүхий этгээдийн хүсэл зоригоос гадуур болж байгаа нөхцөл тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогсож байгааг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төлбөрийг мэдүүлсэн мэдүүлгийг хэрэгт хавсаргахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. 2015 оны эрүүгийн хэргийн үйл баримтаас хойш 2018 оныг хүртэл хариуцагч Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөх цаг хугацаа, хүссэн баримтыг нэхэмжлэгч тал шүүхийн мэтгэлцээнд гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцүүлэн дурдаж байгааг шүүх анхаарч үзээгүй бөгөөд хууль зүйн тайлбар гаргаагүй юм. Иймд шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар  “... хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба, “шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ “гэжээ.

Нэхэмжлэгч Б, хариуцагч Г нар нь 2008-2009 онуудад хамтран ажиллаж байх хугацааныхаа өр авлагын асуудлаар маргалдан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдож  2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын  тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2018 оны 8 дугаар сарын 20- ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг” хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, мөн хариуцагч Г “Ланд круйзер” 80 маркийн автомашины хөгжим, USB салаалагчийг эвдэж, 386000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн буруугаас гэм хор учирсан гэдгийг нотлох үүрэг нэхэмжлэгчид хуулиар олгогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул  нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй байна.

         Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67045 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй гэж үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 сарын 14 ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67045 /жаран долоон мянга  дөчин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А

                                     ШҮҮГЧИД                                           С

                                                                                                    Б