Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух, З овогт Д-ийн Б /РД:оо00000000/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд орших, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг чөлөөлж өгөхийг даалгах

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ...үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Б 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч О.Б, Н.Б нарт холбогдуулж Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/шш2020/01196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг тогтоож шийдвэрлэсэн. Шүүхээс гарсан дээрх шийдвэрт зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. О.Б, Н.Б нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биөлүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 774 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар Баянгол дүүргиин Иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01196 дугаар шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 774 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсанд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 20260831 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч О.Б, Н.Б нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт тусгагдсан орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/08655 дугаартай захирамж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2020/00831 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд тусгагдсан төлбөр авагч С.Д, төлбөр төлөгч О.Б холбогдох 113,565,000 төгрөг гаргуулах тухай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-222/30708 дугаар албан тоотоор О.Бямбадэлгэрийн бусадтай хамтран өмчлөх эрхийн Ү-0000000000 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэхийг тодруулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасан байна. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тоот хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч Д.Б-д холбогдох төлбөр төлөгч О.Б, Н.Б нартай холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч нараас улсын тэмдэгтийн хураамж болох 950,450 төгрөгийг гаргуулан надад олгож өгсөн. Харин шүүхийн гүйцэтгэх хуудсанд тусгагдсан орон сууцны өмчлөх эрхийг О.Б, Н.Б нарын өмчлөх эрхээс хасалт хийж, төлбөр авагч Д.Б-ийн өмчлөлд бүртгэх гэхээр С.Д гэх төлбөр авагчийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б өмчлөх эрхтэй хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ ажиллагааг хийх боломжгүй, төлбөр авагч С.Д гуайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн учраас С.Д-гийн хүсэлтийг авч байж таны өмчлөх эрхтэй холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой гэдэг. Энэхүү тайлбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас олон удаа надад өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхтэй, миний амьдарч байгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 32А дугаар байрны 38 тоот хаягт байрлах, 90.27 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг С.Д гэх хүний иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжлэхгүй, хураан авахгүй таны өмчлөлд шилжүүлж өгнө, гэхдээ С.Д-ийн материал дээр таны өмчлөх эрхтэй хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн учраас С.Д гуайгаас бичгээр хүсэлтийг авч манай газар түдгэлзүүлсэн хоригоо цуцлаад, тэрний дараа таны өмчлөлд шилжүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой. Учир нь манай байгууллага хуульд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээж авсан дарааллаараа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулдаг төлбөр төлөгч О.Б-т холбогдох 3 нь гүйцэтгэх хуудас манай газарт бий. Таны материал гуравдугаарт, С.Д-ийн материал хоёрдугаарт, мөн Б.У гэж иргэний материал бий, тэрхүү материал нь нэгдүгээрт байгаа. Гэхдээ таны өмчлөх эрхтэй байрыг С.Д гэх хүний материалд хамааруулж захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. С.Д гуайгаас хүсэлтийг авч байж бид таны материал дээр ажиллагаа хийх боломжтой болоод байна. С.Д гуай хүсэлт бичиж өгөхөөсөө татгалзаад байна. Эсхүл та хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргаад шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж энэхүү нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч С.Д-гийн материал дээр авсан арга хэмжээ болох О.Б-ийн бусадтай хамтран өмчлөх эрхийн Ү-00000000 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот  хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнийг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102ШШ202/01196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б ньБаянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1483 дугаар шийдвэрээр О.Б-ээс 32,158,975 төгрөгийг гаргуулж Б.У-т олгох, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32020/08655 дугаар захирамжаар О.Б-ээс 113,550,000 төгрөгийг гаргуулж С.Д-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр авагч Б.У тус газарт 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3331 дугаартай зардлын гэрээ байгуулсны дагуу 202060694 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор, төлбөр авагч С.Д-гийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4017 дугаартай зардлын гэрээ байгуулсны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20291009 дугаартай тогтоолоор, дарааллын 3-т буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20260831 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйл 112.3-т хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасны гүйцэтгэх баримт бичгийг бүртгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч О.Б-ийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-222/30758 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20260831 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас эрхийн улсын Ү-000000000 дугаар бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 20260694 тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, 20291009 тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, 20250831 тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/гх2020/00799 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/шш2020/01483 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Төлбөр авагч Б.У-тэй байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3331 тоот Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/гх2020/00831 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32020/08655 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Төлбөр авагч С.Д-тэй байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4017 тоот Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20291009 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан 4-222/30708 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 774 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102ШШ202/01196 дугаар шийдвэр, Төлбөр авагч Д.Б-той байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4192 тоот Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20260831 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-уудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах шүүхийн шийдвэр, захирамжууд авагджээ. Үүнд:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102ШШ202/01196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Б нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоожээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 774 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20260831 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

2. Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 184/шш2020/01483 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж авагджээ. Уг захирамжаар О.Б-ээс нийт 32,158,975 /32,000,000 төгрөг+УТХ 158,975/ төгрөгийг гаргуулж Б.У-т олгохоор шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/гх2020/00799 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20260694 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32020/08655 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж авагджээ. Уг захирамжаар О.Б-ээс 113,550,000 төгрөгийг гаргуулж С.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/гх2020/00831 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20291009 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү 4-222/30708 дугаартай албан бичгийг явуулжээ. Уг албан бичгээр төлбөр төлөгч О.Б-ийн өмчлөх эрхийн Ү-2205067709 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 0 м2 талбайтай, 0 өрөө  үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгасан байна.

 

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж дараах шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:

1/ Эрхийн улсын Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ... 32а дугаар байрны 38 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.Б болсон. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамааралгүй этгээд буюу төлбөр авагч С.Д-тэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б-ийн өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг чөлөөлүүлэх хүсэлтэй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байна.

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйл 112.3-т хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг бүртгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч О.Б-ийн хамтран өмчлөлийн ...3 өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-222/30758 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.

 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг баталгаатай биелүүлэх үүднээс шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан арга хэмжээнүүдийг авах эрхтэй. Харин авагдах арга хэмжээнүүд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байх учиртайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт заажээ.

 

Хэрэгт авагдсан буюу дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу төлбөр төлөгч О.Б нь гуравдагч этгээдүүдэд төлөх төлбөртэй байна. Хариуцагч байгууллага гүйцэтгэх хуудас ирж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн дарааллаар хуульд заагдсан ажиллагааг хийж, улмаар төлбөр төлөгч /О.Б/-ийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг шүүхээс тогтоосон явдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааг хүчингүй болгох буюу түдгэлзүүлснийг чөлөөлөх үндэслэл болохгүйИргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт  байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг чөлөөлж өгөхийг даалгах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ